Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Доор PDF файл байдлаар татаж авах хаяг байна. Хэмжээ нь 1,3MB.

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн рашаан

(Нэгдүгээр хэсэг)

 

Вриндаванагийн зургаан Госвамид  өргөсөн залбирал

нана-шастра-вичаранаика-нипунау сад-дхарма-самстхапакау

локанам хита-каринау трибхуване манйау шаранйакарау

радха-кришна-падаравинда-бхаджананандена матталикау

ванде рупа-санатанау рагху-йугау шри джива гопалакау

 

“Зургаан Госвами— Шри Санатана Госвами, Шри Рупа Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Рагхунатха даса Госвами, Шри Джива Госвами болон Шри Гопала Бхатта Госвами нарын өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм би. Тэд бүхий л хүмүүсийн сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө шашны  мөнхийн зарчмуудыг тогтоох гэж  бүхий л ариун гэгээн бичээсүүдийг маш нарийн тодорхойгоор судалсан билээ. Энэ учраас тэдний  алдар цуу нь  бүхий л гурван ертөнц даяар түгэн тархсан бөгөөд тэд үргэлжид гопи нарын зан төлөвт автан умбадаг хийгээд Радха болон Кришнагийн трансцендент хайрын албанд үйлчлэн зүтгэж байдаг учраас бид тэднээс аврал ивээлийг эрэх ёстой.”

Өмнөх үг

 

            “Чин бишрэлийн рашаан” бол  Шрила Рупа Госвами Прабхупадагийн санскрит хэл дээр  бичсэн Бхакти-расамрита-синдху номын хураангуйлал юм. Шрила Рупа Госвами бол Бурхан Чаитанйа Махапрабхугийн шууд шавь нар болох зургаан Госвами нарыг тэргүүлж байсан. Бурхан Чаитанйатай анх удаагаа уулзах үедээ тэр Бенгалийн мусульманы засгийн газарт сайдын алба хашиж байлаа. Тэр үед түүнийг Дабир Кхас, харин дүүг нь Сакар Маллик гэж нэрлэдэг байв, тэд хоёулаа Набаб Хуссейн Шахын засгийн газарт сайдын өндөр  албан тушаалд ажилладаг байсан. Тэр үед буюу 500 жилийн тэртээ өмнө, хиндугийн нийгэм нь маш хатуу чанд хуулийн дагуу амьдарч байсан ба брахманы кастын хүн мусульманы засгийн газарт алба хаших аваас түүнийг брахмана гэж үзэж, тооцохоо больдог байв. Ах дүү хоёр Дабир Кхас болон Сакар Маллик нар ч гэсэн ийм байдалд орсон байлаа. Тэд сарасвата-брахмана-уудын маш өндөр кастад хамаарагддаг байсан ч Хуссейн Шахын сайдууд болсныхоо улмаас онцгой эрх дархаа алдсан байв. Харин Бурхан Чаитанйагийн өршөөл нигүүлслээр энэхүү эрхэм дээд хүмүүс маань Түүний шавь нар болцгоосон ба зөвхөн брахманы соёлын хүн л эзэлж болдог хамгийн өндөр дээд байр суурь болох госвами-гийн  байр сууринд дээшлэн хүрсэн. Үүнтэй адилаар, Бурхан Чаитанйа мусульманы гэр бүлд төрсөн Харидас Тхакураг мөн шавиа болгож байсан билээ. Түүний өршөөл нигүүлслээр хожим нь тэрээр Бурханы ариун гэгээн нэр: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-г магтан дуулж давтан уншихын ачарйа болсон.

            Бурхан Чаитанйагийн удирдлага болгож байсан зарчим бол өргөн хүрээтэй, нийтлэг буюу универсаль. Түүний дагуу бол Кришнагийн эрдэм ухааныг мэддэг хийгээд  Бурханд үйлчлэн зүтгэдэг хэн бүр брахманы гэр бүлд төрөгсдөөс илүү дээд байр суурийг эзэлдэг. Энэ бол Ведийн бүхий л бүтээлүүдэд, ялангуяа Бхагавад Гита болон Шримад Бхагаватамд хүлээн зөвшөөрөгдсөн ведийн философийн анхдагч зарчим. Бурхан Чаитанйагийн хөдөлгөөний үндэс нь болдог зарчим бол хэн бүрийг сургалтын явцад госвами-гийн эрхэм дээд байр сууринд дээшлүүлэн хүргэхэд оршдог бөгөөд “Чин бишрэлийн рашаан”-д энэхүү зарчмыг номлодог.

            Бурхан Чаитанйа ах дүү хоёр буюу Дабир Кхас болон Сакар Маллик нартай  Малдах мужийн Рамакели тосгонд уулзалдсан ба энэхүү уулзалтын дараа  ах дүү хоёр засгийн газрын ажил албанаасаа гаран Бурхан Чаитанйатай нэгдэхээр шийдсэн. Хожим нь Рупа Госвами болсон Дабир Кхас алба хашиж байх хугацаандаа  хурааж хуримтлуулсан  бүх мөнгөө аваад ажлаасаа гарсан. Чаитанйа-чаритамрита-д өгүүлсэн байдагчлан, түүний хуримтлуулсан мөнгө нь хэдэн сая долларын үнэтэй тэнцэхүйц тийм их алтан зоос  байсан бөгөөд том завийг дүүргэж байлаа. Тэрээр мөнгөө хэрхэн хуваасан нь үлгэр жишээ болохуйц маш сургамжтай бөгөөд түүний үлгэр жишээг бүх хүмүүс, ялангуяа чин бишрэлтэнгүүд даган баримтлах ёстой. Тэр баялгийнхаа тэн хагасыг Кришнаг ухамсарласан хүмүүст буюу брахманууд болон  вайшнавуудад, дөрөвний нэгийг нь төрөл төрөгсөддөө тараан өгсөн, харин үлдсэн дөрөвний нэг хэсгийг нь урьдаас хараагүй болон зайлшгүй чухал шаардлага гарсан үед хэрэглэхээр хувийн хэрэгцээндээ үлдээсэн. Хожим нь Сакар Маллик мөн албаа орхих хүсэлтээ гаргахад нь  Набоб маш ихээр хилэгнэн түүнийг шоронд хийсэн. Гэвч хожмоо Шрила Санатана Госвами болох ёстой Сакар Маллик ахынхаа хувийн хэрэгцээндээ үлдээн тосгоны мөнгө солигч хүнд  хадгалуулсан байсан мөнгийг нь ашиглан Хуссейн Шахын шоронгоос  зугатсан. Ах дүү хоёр Бурхан Чаитанйатай ингэж л нэгдсэн.

            Үүний дараагаар Рупа Госвами Бурхан Чаитанйатай Прайага (одоогийн Аллахабад)-д уулзсан. Энэ ариун дагшин хотын Дашашвамедха гхата-гийн (угаал үйлдэхэд зориулан тусгайлан төхөөрөмжилж бэлтгэсэн газар) дэргэд Бурхан түүнд арав хоногийн туршид сургаал номлолоо айлдан хүртээсэн. Бурхан түүнд хамгийн гол нь Кришнагийн ухамсрын эрдэм ухааны талаар номлосон. Шрила Рупа Госвами Прабхупадад Бурхан Чаитанйагийн хүртээсэн энэхүү сургаал номлолыг “Шри Чаитанйагийн сургаал номлол” гэдэг манай номонд толилуулдаг.

            Хожим нь Шрила Рупа Госвами Прабхупада ариун гэгээн бичээсүүдийн гүн гүнзгий мэдлэг  дээрээ түшиглэж тулгуурлан Бурханы сургаал номлолыг, янз бүрийн бичээсүүдээс иш татан нэмж оруулсан эх сурвалж зүйл заалтуудаар баяжуулж хөгжүүлсэн. Зургаан Госвами нарт хандан өргөсөн залбиралдаа Шрила Шриниваса Ачарйа: Тэд нар бүгдээрээ эрдэм төгс мэргэд хийгээд зөвхөн санскрит хэлийг төдийгүй мөн гадаад хэлүүдийг, тухайлбал перс болон араб хэлүүдийг бүрэн төгс мэддэг байсан гэдгийг тодорхойлон өгүүлдэг. Бурхан Чаитанйагийн шүтлэг бишрэлийг Ведийн эрдэм ухааны эх сурвалж зарчмуудын үндсэн дээр батлан тайлбарлахаар тэд ведийн бүхий л бичээсүүдийг сайтар судалсан. Кришнагийн ухамсрын манай хөдөлгөөн бол  Шрила Рупа Госвами Прабхупадагийн  эх сурвалж дээр үндэслэсэн, иймээс ер нь бол биднийг рупануга-чууд буюу Шрила Рупа Госвамигийн зам мөрийг дагагчид гэж нэрлэдэг. Шрила Рупа Госвами бидний замыг заагч болгон Бхакти-расамрита-синдху-г (бидний одоо “Чин бишрэлийн рашаан” хэлбэрээр толилуулан байгаа) туурвисан. Кришнагийн ухамсрын хөдөлгөөнд оролцогчид Кришнагийн ухамсартаа батжин бэхжихийн тулд энэхүү аугаа номыг ашиглаж болно.

            Бхакти гэж “чин бишрэлийн үйлчлэл зүтгэл” гэсэн утгатай үг. Аливаа алба, үйлчлэл зүтгэл нь  тэрхүү албанд үйлчлэн зүтгэж байгаа хүнийг тэрхүү үйлчлэл зүтгэлээ цааш нь өргөжүүлэхийг өдөөн шамдуулдаг өөрийн гэсэн дур булааж сэтгэл татсан шинж төрхтэй байдаг. Энэ дэлхий дээрх бидний хэн бүр  байнгад л хэн нэгэнд  эсвэл ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэдэг бөгөөд ийнхүү үйлчлэн зүтгэхэд урамшуулдаг түлхэц нь түүнээс амсаж эдэлдэг бидний  баясал ханамж. Гэр бүлтэй хүн эхнэр хүүхдүүддээ татагдах дурлан татагдалдаа хөтлөгдөн өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг. Филантропч буюу энэрэн туслагч нь “өнөр өтгөн том гэр бүл”-ийнхээ төлөөнөө мөн л  гар хумхилгүйгээр ажилладаг бол  националистууд буюу үндэсний үзэлтэнгүүд  нь эх орон болон эх орон нэгтнүүдээ хайрлах хайрандаа хөтлөгдөн зүтгэдэг. Гэр бүлтэй хүмүүс, филантропчууд болон националистуудыг өдөөж урамшуулан хөдөлгөдөг хүчийг раса гэж нэрлэдэг. Энэ бол маш сайхан амттай тодорхой харьцаануудын төрөл юм. Бхакти-раса нь материалист хүмүүсийн таашаан ханамж эдэлж байдаг ердийн раса-наас ялгаатай. Мэдрэхүйн таашаал ханамж байдлаар амсаж эдэлдэг раса-гийн тодорхой төрлийг таашаах гэж материалистууд өдөр шөнөгүй ажилладаг. Материаллаг раса-гаас эдлэх таашаал ханамж бол зуурдын байдаг, иймээс материалист хүмүүс  таашаал ханамжийнхаа төрлийг өөрчлөх болон олон янз болгох гэж цаг ямагт эрмэлздэг. Бүтэн долоо хоногийн туршид ажиллаж байгаа бизнесмен ажил хөдөлмөрөөсөө ханамжийг олохоо больж эхэлдэг, иймээс тэрээр хийж үйлдэж байгаагаа сольж өөрчлөхийг хүсэн долоо хоногийн эцсээр ажил хэргийнхээ талаар мартаж болох өөр хаа нэг тийшээ явдаг. Тэгээд долоо хоногийн эцсийг элдэв юм бодолгүйгээр өнгөрөөснийхөө дараагаар тэр байдлаа дахин өөрчилж ажил хэрэгтээ буцан ордог. Материаллаг үйл ажиллагаа гэж хүн ямар нэгэн цаг хугацааны туршид тодорхой байдалд, түүнийгээ дараа нь өөрчлөх гэж байхыг хэлдэг. Энэхүү дахин давтагдах өөрчлөлт сэлгэлтэн зориулагдсан бхога-тйага гэсэн санскрит нэр томъёо байдаг бөгөөд энэ нь мэдрэхүйн таашаал ханамж эдлэхүй болон түүнээс огоорох огоорлыг байнгад сольж сэлгэх гэсэн утгатай. Мэдрэхүйн таашаал ханамж эдлэх явдал ч тэр, мөн түүнээс огоорох огоорол ч тэр амьд оршнолын байнгын төлөв байдал байж чаддаггүй. Нэг нь нөгөөгөө байнгад  өөрчилж сэлгэн солигдож байдаг. Эдгээр төлөв байдлуудын аль нь ч  бидний мөнхийн, анхдагч жинхэнэ төлөв байдалтай давхцдаггүй буюу түүнээс өөр, ялгаатай учраас бид тэдгээрийн алинд нь ч  аз жаргалтай байж чаддаггүй. Мэдрэхүйн таашаал ханамж нь удаан үргэлжилдэггүй, иймээс түүнийг чапала-сукха буюу “анивалзсан аз жаргал” гэж нэрлэдэг. Тухайлбал, гэр бүлтэй эгэл жирийн хүн  өдөр шөнөгүй ажиллаж зүтгэснээр гэр бүлийнхээ гишүүдийг тав тухтай байлгаж чадах бөгөөд тэр үүнээсээ тодорхой таашаал ханамжийг амсаж эдэлдэг. Гэвч бие махбодь нь үхснээр  түүний бүхий л материаллаг аз жаргал агшин зуурын төдийд л төгсгөл болдог. Иймээс үхлийг атейст буюу бурхангүйн үзэлт хүмүүст зориулагдсан Бурханы төлөөлөгч гэж үздэг. Чин бишрэлтэнгүүд Бурханы залран байгааг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн явцдаа ухаардаг, харин атейстуудад Бурхан үхэл дүрээрээ ирдэг. Үхэлтэй хамт бүх зүйлд нь төгсгөл ирж эцэс болдог бөгөөд амьд оршнол амьдралынхаа шинэ бүлгийг  одоо байгаагаасаа нэг бол  илүү дээр эсвэл бүр дор муу нөхцөл байдалд  эхлэхээс өөр аргагүй байдалд тулгагдан ордог. Улс төрийн, нийгмийн, үндэсний эсвэл олон улсын гээд үйл ажиллагааны аливаа салбар хүрээнд хүрсэн бидний бүхий л үйлийн үр дүнгүүдийг үхэл юу ч үгүй болгодог. Энэ бол маргашгүй баримт.

            Харин бхакти-раса буюу Бурханд трансцендент хайраар үйлчлэн зүтгэх үйлчлэл зүтгэлээс амталж эдэлдэг цэнгэл жаргал үхэлтэй хамт зогсон больж тасран арилдаггүй. Ийм цэнгэл жаргал мөнхөд үргэлжилдэг бөгөөд иймээс амрита буюу зуурдын бус, мөнхөд оршдог гэж нэрлэгддэг. Үүнийг ведийн бүх бичээсүүд баталдаг. Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, бхакти-раса дахь их бус хөгжил дэвшил ч гэсэн чин бишрэлтэнг хамгийн аймшигтай аюул— дахин хүн болж төрөх боломжийг алдуулдаг аюулаас ангижруулдаг.

            Нийгмийн амьдралдаа, гэр бүлийн амьдралдаа эсвэл  альтриузм, филантроп, национализм, социализм, коммунизм гэх мэт болон өөр бусад илүү өргөн хүрээний гэр бүлийн амьдралдаа  бидний амсаж эдэлдэг раса нь бид дараа төрөлдөө хүн болж төрнө гэдгийн баталгааг өгдөггүй. Бид энэ амьдрал дахь үйл ажиллагаагаараа дараагийн амьдралаа зэхэж бэлтгэдэг. Амьд оршнолын дараагийн амьдралдаа авах бие махбодийн төрлийг энэ амьдралдаа буюу одоогийн энэ бие махбодьдоо хийж үйлдсэн үйл ажиллагаа нь тодорхойлдог. Амьд оршнолын бүхий л үйл ажиллагааны бүртгэлийг даива буюу Бурханы засаг захиргаа гэж нэрлэгддэг дээд хүч хийдэг. Оршин байгаа бүгдийн анхдагч шалтгааныг Бхагавад Гита-д даива гэж нэрлэдэг, харин Шримад Бхагаватамд даива-нетрена  буюу өөрөөр хэлбэл хүн дараагийн амьдралдаа ямар бие махбодь авах ёстойг тодорхойлдог Бүхний Дээдийн таалал хүслийн талаар өгүүлдэг. Өдөр тутмын хэрэглээнд даива нь хувь тавилан гэсэнтэй ойролцоо утгыг илэрхийлдэг. Даива-гийн засаглал эрх мэдлийн дагуу бид 8 сая 400 мянган хэлбэрүүдээс сонгогдсон тодорхой нэгэн бие махбодийг авдаг. Энэхүү сонголт нь бидний хүслээс хамаардаггүй, бидний хувь тавилангаар л урьдаас тодорхойлогдчихсон байдаг. Одоогийн энэ бие махбодидоо оршин байхдаа бид Кришнагийн ухамсрын үйлэнд зүтгэх аваас  дараагийн амьдралдаа ядаж л хүний бие махбодийг аван төрөх болно гэдэг нь баталгаатай. Кришнагийн ухамсрын үйлэнд зүтгэж байгаа хүн  бхакти-йогын зам мөрөө  эцэс төгсгөлд нь хүргэж амжаагүй байсан ч  дараагийн амьдралдаа хүний нийгмийн дээд давхаргуудад төрөх бөгөөд тэгснээрээ Кришнагийн ухамсартаа цаашид үргэлжлүүлэн төгөлдөржих боломжоо хэвээр хадгалан үлддэг. Иймээс Кришнагийн ухамсар дахь эх сурвалжуудын сайшаан зөвлөсөн аливаа үйл ажиллагаа нь амрита буюу мөнх юм. Энэ бол “Чин бишрэлийн рашаан”-ы үндсэн сэдэв.

            “Чин бишрэлийн рашаан”-ыг үзэж судалснаараа нухацтай шавь бхакти-раса дахь энэхүү мөнхийн үйл ажиллагаа гэж юу байдгийг ойлгож чадна. Бхакти-раса-г, өөрөөр хэлбэл Кришнагийн ухамсрыг хүлээн авч байгаа хүний амьдрал дорхноо аз жаргалтай болдог, тэрээр бүх түгшүүр зовиураасаа салан ангижирдаг бөгөөд Кришнагийн ухамсар түүнд трансцендент ахуйг хүртээдэг, ингэснээр ангижрал түүний нүдэнд буюу түүнд үнэгүй, үнэ цэнэгүй болдог. Бхакти-раса нь Бүхний Дээд Бурхан Кришнагийн анхаарлыг татдаг учраас энэ раса  нь өөрөө ангижралын мэдрэмжийг хүнд хэдийнээ өгчихдөг. Ерөнхийдөө бол шинээр эхэлж байгаа чин бишрэлтэнгүүд  Бурханыг, Кришнаг харахыг маш ихээр хүсдэг, гэхдээ Түүнийг бүдүүн материаллаг мэдрэхүйнүүдийн тусламжтайгаар харах эсвэл таньж мэдэх нь боломжгүй. “Чин бишрэлийн рашаан”-д тодорхойлон өгүүлэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрөөр замнаснаар хүн аажим аажмаар материаллаг оршихуйгаас дээшлэн гарч  бүхий л гадаад адилтгалуудаасаа салан ангижирдаг бурханлаг төлөв байдалд хүрдэг. Тэгсэн цагт, бхакти-раса-тай байнгад холбоотой байснаар түүний мэдрэхүй бүх бузраасаа ариусдаг. Ариуссан мэдрэхүйнүүд нь Бурханы албанд үйлчлэн зүтгэж байгаа цагт чин бишрэлтэнгийн амьдрал бхакти-раса-д автан орох бөгөөд Кришнаг цэнгүүлэхээр үйлдэж байгаа энэхүү трансцендент түвшин дэх үйл бүр нь барагдашгүй цэнгэл жаргалыг эдлүүлдэг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд  ийнхүү зүтгэж байх аваас  раса-гийн бүхий л хэлбэрүүд нь биднийг мөнх байдалд  хүргэж өгнө. Эхлээд чин бишрэлтэн нь тодорхой зохицуулах зарчмуудыг баримтлан бурханлаг номын багшийн удирдлага дор сургагддаг. Тэгээд Кришнад чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх явдал түүний хувьд жам ёсны, төрөлхийн хэрэгцээ болдог тийм түвшинд аажмаар дээшлэн хүрдэг. Энэ номонд тайлбарлахчлан, раса-гийн 12 төрөл байдаг бөгөөд Кришнатай холбогдсон голлох буюу  анхдагч 5 раса дахь холбоо харьцаагаа сэргээснээрээ бид мэдлэг болон цэнгэл жаргалын биелэл мөнхийн амьдралдаа хүрч чадна.

            Хайрлах хэрэгцээ буюу хайрлах гэсэн дур хүсэл хэн бүрт байдаг. Энэ бол амьдралын үндсэн гол хууль, хэнийг ч хайрлалгүйгээр амьдрана гэдэг боломжгүй. Энэхүү хэрэгцээ амьд оршнол бүрт байдаг. Хайрлах хэрэгцээ, бүр ядаж л үүрэглэж нойрмоглосон төлөв байдлаараа ч гэсэн хүнд бүү хэл баранд хүртэл байдаг. Харин бидэнд байхгүй, дутагдаад байгаа цорын ганц зүйл бол бүгдээрээ аз жаргалтай болохын тулд хайраа хэн рүү чиглүүлж хандуулах вэ? гэдэг тухай мэдлэг. Манай энэ цаг үе дэх нийгэм нь  хүнийг улс орноо, эсвэл гэр бүлээ, эсвэл өөрийгөө хайрлахыг л сургадаг. Харин бүгдээрээ, хотол даяараа аз жаргалтай байх тийм байдалд хүрэхийн тулд хайрлах хэрэгцээгээ хааш нь хандуулж зориулах вэ гэдэг талаар юу ч ярьдаггүй. Энэхүү дутагдаад байгаа объект бол Кришна бөгөөд “Чин бишрэлийн рашаан” бидэнд Кришнаг хайрлах анхдагч хайраа өөрийн дотооддоо  яаж сэрээх хийгээд амьдралын жинхэнэ цэнгэл жаргалыг амталж эдэлж болдог энэхүү төлөв байдалдаа яаж автан умбасаар байхыг сургана.

            Амьдралынхаа эхэн үедээ хүүхэд эцэг эхээ, дараа нь ах эгч нараа, дараа нь өсөж том болоод гэр бүлээ, нийгмээ, эх орноо, улс үндэстнээ эсвэл тэр бүү хэл бүхий л хүн төрөлхтнийг хайрладаг. Гэхдээ, бүх хүн төрөлхтнийг хайрлах хайр хүртэл хайрлах гэсэн бидний хэрэгцээг хангаж чадахгүй. Хайрын дээдийн дээд объект хэн байдгийг олж мэдээгүй байгаа цагтаа бид хайрлах гэсэн хэрэгцээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, хангаж чадахгүй. Бидний хайр Кришнад хандсан байгаа зөвхөн тэр цагт л  хайрлах гэсэн хэрэгцээ маань бүрэн дүүрэн хангагдана. Энэ бол Кришнаг таван төрлийн трансцендент раса-гаар яаж хайрладгийг сургадаг ном “Чин бишрэлийн рашаан”-ы гол сэдэв.

            Хайрлах гэсэн бидний дур хүсэл, хэрэгцээ гэрэл эсвэл дууны долгион лугаа цаг үргэлжид өргөжин тэлж байдаг ч үнэндээ хэнд хаяглагдсан байдгийг нь бид мэддэггүй. “Чин бишрэлийн рашаан” нь Кришнаг хайрлах хайр гэсэн энгийн аргын тусламжтайгаар бүхий л амьд оршнолуудыг хайрлах төгс төгөлдөр хайрын тухай эрдэм ухааныг бидэнд сургаж номлоно. Хүний нийгэмд энх тайван байдал болон нийцэл зохицлыг тогтоох гэж оролдсон НҮБ-ийг байгуулах зэрэг ийм лут том оролдлогууд хүртэл амжилтанд хүрээгүй. Учир нь юу вэ гэвэл, үүнд  хүрч болох зөв арга замыг хүмүүс мэддэггүй. Энэ арга бол маш энгийн, гэхдээ түүнийг зөвхөн эрүүл ухаантай хүн л ойлгож чадна. Бурханы Дээд Бодьгал Кришнаг хайрлах энэхүү энгийн бөгөөд жам ёсны аргыг хэрхэн яаж хэрэглэдгийг “Чин бишрэлийн рашаан” бүх хүмүүст зааж сургана. Кришнаг хайрлахыг сурах аваас тэр дороо л амьд оршнолуудыг бүгдийг нь нэгэн зэрэг ямар ч төвөггүйгээр хайрлаж чадах болно. Энэ нь модны үндсийг услах эсвэл ходоодоо  хоолоор хангахтай адил юм. Модны үндсийг услах эсвэл ходоодоо хоол тэжээлээр хангах— энэхүү арга нь нийтлэг түгээмэл (универсаль), шинжлэх ухаанч хийгээд бодитой  гэдгийг бид өөрсдийн туршлагаараа мэдэх билээ. Хоол идэж байгаа үед өөрөөр хэлбэл ходоодондоо хоол хийхэд энерги бий болж бүхий л бие махбодиор тэр даруйдаа л тархдаг гэдгийг хэн бүр мэддэг. Яг үүн лугаа, модны үндсийг услахад бий болсон энерги  модоор бүхэлд нь тархдаг, уг мод хичнээн ч том байсан ялгаагүй  мөн л ийн тархдаг. Модны хэсэг, салаа мөчрийг нь тусад нь услах явдал бол  бие махбодийн эрхтэн хэсгийг тусад нь хооллох гэж оролдсонтой адил ямар ч учир утгагүй хэрэг. Товчийг нь эргүүлэх буюу дарах төдийд л эргэн тойрноо бүхэлд нь гэрэлтүүлдэг тийм цорын ганц унтраалга буюу залгуурыг яаж олохыг “Чин бишрэлийн рашаан” бидэнд зааж сургана. Энэхүү аргыг мэдэхгүй хүн амьдралын хамгийн гол зүйлээ алддаг.

            Хүний материаллаг хэрэгцээг хангах болон байж болох бүхий л тав тухтай байдлыг бүтээж бий болгох тал дээр орчин үеийн соёл иргэншил их амжилтыг олсон. Гэлээ ч гэсэн, бид хамгийн гол зүйлээ алдсан болохоор урьдын адилаар аз жаргалгүй хэвээр. Материаллаг тав тух биднийг аз жаргалтай болгох чадваргүй. Үүний хамгийн тод жишээ бол Америк: материаллаг тав тухтай тохилог байдалд зориулагдсан хэрэгцээтэй бүхэн байдаг, дэлхий дээрх хамгийн баян  энэ улс орон амьдралдаа урам хугарч итгэл алдарсан хийгээд бүрнээ будилж самуурсан хүмүүсийн бүхэл бүтэн үеийг төрүүлчихсэн байна. Би тэр бүх будилж самуурсан хүмүүст хандан “Чин бишрэлийн рашаан”-д тодорхойлон өгүүлсэн байгаа чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн урлагт суралцахыг уриалж байна. Тэдний зүрхэнд дүрэлзэж байгаа материаллаг оршихуйн түймэр тэр дороо л унтрана гэдэгт би итгэлтэй байна. Хүмүүс бидний ханамжгүй байдлын гол учир шалтгаан нь, хэдийгээр материаллаг амьдралын хүрээндээ  маш их ололт амжилтанд хүрсэн байгаа ч  дотоодод маань үүрэглэн зүүрмэглэж байгаа хайрлах гэсэн дур хүсэл, хэрэгцээ хэрэгжээгүй, ханамжаа олоогүй байгаад оршдог. “Чин бишрэлийн рашаан” бидэнд, материаллаг ертөнцөд амьдрангаа  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд өөрийгөө яаж бүрнээ зориулах болон ингэснээрээ бүхий л хүслээ  энэ хийгээд дараагийн амьдралдаа хэрхэн биелүүлж болох вэ? гэдэг талын бодит сургаал зааврыг өгнө. “Чин бишрэлийн рашаан”-ы  зорилго бол материаллаг хэлбэрийн ямар нэгэн мэдлэг, илрэл тодролыг буруушаахад биш, харин Кришнаг яаж хайрлахыг шашны зүтгэлтнүүд, философичид болон энгийн хүмүүст тайлбарлахад оршдог. Хүн материаллаг тухтай тохьтой байдлаас татгалзалгүйгээр амьдарч байж болно, гэхдээ үүнийхээ зэрэгцээ Кришнаг хайрлах хайрын урлагт суралцах ёстой. Эдүгээ цагт бид хайрлах гэсэн дур хүсэл, хэрэгцээгээ  хэрэглэх гэж маш олон арга замуудыг нээн олоод байна, гэхдээ  жинхэнэ зорилго— Кришнагаа  үнэндээ бол алдчихсан байна. Бид модны үндсийг нь биш, харин ямар нэгэн хэсэг, салаа мөчрийг нь л усалж байгаа хэрэг. Бид бие махбодио зохих ёсоор байлгах гэж  хамаг хүчээрээ чармайн байгаа ч ходоод руугаа хоол хийхээ мартчихсан байгаа хэрэг. Кришнаг хараанаасаа алдсанаар бид өөрийн “Би”-гээ алдаж байгаа хэрэг. Өөрийгөө жинхэнээр нь ухаарах болон Кришнаг ухаарах хоёр нэгэн зэрэг явагддаг. Өглөө өөрийгөө харна гэдэг бол мандаж байгаа нарыг харна гэсэн үг. Нарны гэрлийг харалгүйгээр өөрийгөө харна гэдэг боломжгүй зүйл. Үүн лугаа Кришнаг ухаараагүй байгаа цагтаа бид өөрийгөө ухаарахуйн тухай яриа гаргаж байж болохгүй.

            “Чин бишрэлийн рашаан” нь юуны өмнө, Кришнагийн ухамсрын хөдөлгөөнд хэдийнээ нэгдэн нийлсэн байгаа хүмүүст зориулагдсан. Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг Барууны орнуудад түгээн дэлгэрүүлэхэд надад тусалж байгаа бүх найз нөхөд болон шавь нартаа баярлаж талархаж байгаагаа би чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Мөн хайрт шавь Шриман Джайананда даса брахмачаригийн оруулсан хувь нэмрийг онцгойлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэхүү аугаа номыг хэвлэн гаргахад үлэмж их хүчин чармайлт гаргасан  ИСККОН-Пресс хэвлэлийн газрын захиралд талархлаа илэрхийлж байна. Харе Кришна.

                                                                                    А.Ч.Бхактиведанта Свами.

1970 оны 4 дүгээр сарын 13.

ИСККОН-ы төв сүм,

Вотсика Авеню 3764,

Лос-Анджелес, Калифорни.

Оршил

 

Эхэлсэн үйл хэргээ амжилттайгаар дуусгах, өндөрлөх тухай залбирал. Бурхан Шри Кришна бол Бурханы Дээд Бодьгал, бүх учир шалтгааны учир шалтгаан; саармаг (нейтрал) байдал (идэвхтэй бус бишрэл хүндэтгэл), үйлчлэл зүтгэл, найз нөхөр, эцэг эхийн хайр, амрагийн хайр, хөгжилтэй наргиантай байдал, энэрэл нигүүлсэл, эмээл сүрдэл, баатарлаг байдал, айдас балмагдал, гайхал хачирхал болон гундал доройтол бүрэлгэл сүйтгэлийн гэж нэрлэгддэг бүхий л раса буюу харьцаануудын сан хөмрөг. Түүний дүр бол дээдийн дээд дур булааж сэтгэл татахуйн биелэл, хувилгаан дүр. Тэрээр Өөрийн орчлонгийн болон трансцендент  дур булаам дүрээрээ  Тарака, Палика, Шйама, Лалита болон эцэст нь Шримати Радхарани нараар тэргүүлүүлсэн бүх гопи нарын сэтгэлийг татсан билээ. Бурханы өршөөлт  Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Прабхупадагийн гэрээслэл болгосны дагуу “Чин бишрэлийн рашаан”-ыг бичих— үүргээ биелүүлэх үйлийн маань явцад учрах бүх саад тотгоруудыг арилган зайлуулах Түүний өршөөл бидэн дээр бууж ирэх болтугай.

            Би Шрила Рупа Госвами Прабхупада болон Шрила Бхактисиддханта Сарасвати Госвами Прабхупада нарын бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм. Бхакти-расамрита-синдху-гийн хураангуй тайлбарыг бичих энэхүү ажлыг өөртөө авахыг тэд нар л надад ойлгуулан итгүүлж урам зориг хайрласан билээ. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эрхэм дээд эрдэм ухаан энд, Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхээр 500 жилийн тэртээ Баруун Бенгальд (Энэтхэг) илрэн тодорсон Шри Чаитанйа Махапрабхугийн номлосон тэр хэлбэрээрээ өргөн баригдаж байна.

            Энэхүү аугаа номоо Шрила Рупа Госвами өөрийн ах хийгээд бурханлаг номын багш Шрила Санатана Госвамид бишрэл хүндэтгэлээ илэрхийлснээр эхэлдэг бөгөөд Бхакти-расамрита-синдху түүний таалалд нийцэх болтугай  гэж залбирдаг. Цааш нь тэрээр, рашааны энэхүү далайд умбаснаараа Шри Санатана Госвами Радха болон Кришнад үйлчлэн зүтгэх үйлчлэл зүтгэлийн трансцендент баяр жаргалыг үргэлжид мэдэрч байх болтугай гэж залбирдаг.

            Би бүхий л аугаа чин бишрэлтэнгүүд болон ачарйа (ариун гэгээн багш) нарын өмнө чин бишрэлтэйгээр мөргөж байнам. Тэднийг ангижралын байж болох гол мөрнүүдэд анхаарлаа үл хандуулдаг, рашааны аугаа их далайн акулуудтай зүйрлүүлдэг билээ. Имперсоналистууд нь далай тийш урсан түүнд цутган орж нийлж байгаа голууд лугаа Бүхний Дээдэд нэгдэн уусахыг хүсдэг. Далайг ангижралтай, харин голуудыг ангижралд хүргэх янз бүрийн замуудтай зүйрлүүлж болно. Имперсоналистууд нь эцэстээ далайд  цутган орж холилддог голын усанд амьдардаг. Гэхдээ далайн ус ч тэр, мөн голын ус ч тэр  тоо томшгүй олон амьд оршнолуудаар дүүрэн байдаг гэдгийг тэд мэддэггүй. Далайн усанд сэлэн байх акулын хувьд далайд цутган нийлэх голын ус хамаагүй зүйл. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн далайд мөнхөд амьдран байдаг чин бишрэлтэнгүүд ангижралын голуудад ач холбогдол өгдөггүй. Өөрөөр хэлбэл, цэвэр ариун чин бишрэлтэнгүүд Бурханд үйлчлэн зүтгэх трансцендент хайрын үйлчлэл зүтгэлийн далайд үргэлжид умбан байдаг бөгөөд зөвхөн аажимдаа л далайд цутгах  голуудтай зүйрлүүлдэг бусад бүх арга замуудыг анхаарч үздэггүй.

            Шрила Рупа Госвами бурханлаг номын багш Шрила Санатана Госвамигаасаа Бхакти-расамрита-синдху— “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн цэвэр ариун рашаан далай”-г Бурханд үйлчлэн зүтгэх эрдэм ухаан руу урилгагүйгээр оролцох ухаан бодлын түвшний  маргаанчдаас хамгаалахыг залбиран гуйж байна. Тэдний дэвшүүлэх учир баримт болон логикыг тэрээр далайн гол дунд оргилон гарах галт уултай зүйрлүүлдэг. Ийм галт уул хэнд ч онцын хор хүргэж чаддаггүй. Иймд  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эсрэг санаа бодолтой  хийгээд дээдийн дээд трансцендент ухаарахуйн зам мөрийн талаар философийн олон тооны сэдвүүдийг дэвшүүлдэг хүмүүс нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн аугаа их далайн тайван дөлгөөн байдлыг алдагдуулах чадваргүй.

            Бхакти-расамрита-синдху-г туурвигч  Шрила Рупа Госвами, Кришнагийн ухамсрыг бүх дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлд  зүтгэхэд таарч тэнцэхээргүй гэж өөрийгөө дорд үзэн байгаа хэдий ч түүнийг ийнхүү дэлгэрүүлэх гэсэн оролдлогыг л хийж байна гэж маш хүлцэнгүйгээр батлан хэлдэг. Шрила Рупа Госвамигийн зам мөрийг даган байгаа, Кришнагийн ухамсрын хөдөлгөөний номлогчид бүгдээрээ өөрсдийнхөө тухай ингэж л бодож байх ёстой. Өөрийгөө аугаа номлогч гэж хэзээ ч бодож болохгүй, өөрийгөө өмнөх үеийн ачарйа нартаа тэдний гар дахь багаж зэвсэг байдлаар нь л үйлчлэн зүтгэх ёстой гэж үзэх хэрэгтэй. Тэдний зам мөрийг зүгээр л дагаснаар бид зовж шаналж байгаа хүн төрөлхтний ач тус, сайн сайхан байдлын төлөө  бага зэргийн зүйл хийх боломжийг хүртэнэ.

            Заримдаа дэлхий дээрх далайг дөрвөн хэсэгт хуваан үздэг шигээр Бхакти-расамрита-синдху мөн дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд тэдгээр хэсэг бүр нь  цааш бие даасан бүлгүүдэд хуваагддаг. Усан далайд байдаг шигээр Бхакти-расамрита-синдху далайд дорнод, өрнөд, умарт болон өмнөт гэсэн хэсгүүд байдаг бөгөөд тэдгээр хэсгүүд дэх бүлгүүдийг давалгаанууд гэж нэрлэдэг. Далайн дорнод, өрнөд, өмнөт эсвэл умарт гээд аль ч хэсгийг аваад үзсэн тэнд давалгаа үргэлж л байж байдаг шигээр Бхакти-расамрита-синдху-д янз бүрийн давалгаанууд мөн л байдаг. Эхний хэсэг нь дөрвөн давалгаанаас бүрддэг: нэгдүгээр давалгаанд нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн ерөнхий тодорхойлолтыг өгдөг, хоёрдугаар давалгаанд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг тодорхойлон өгүүлдэг, гуравдугаар давалгаанд экстаз дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл, харин дөрөвдүгээр давалгаанд дээдийн дээд зорилго буюу  Бурханыг хайрлах хайрын талаар өгүүлдэг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн энэ бүх хэлбэрүүдийг янз бүрийн илрэл тодролуудтай нь  буюу шинж тэмдэгүүдтэй нь “Чин бишрэлийн рашаан”-д дэлгэрэнгүйгээр тодорхойлон өгүүлдэг.

            Өмнөх үеийн ачарйа нарын сургаал заавруудад таарч нийцсэн, бхакти буюу чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эх сурвалж  тодорхойлолт нь  Шрила Рупа Госвамигийн дараахь илэрхийлэлд ерөнхийлөн дүгнэгдсэн болно: “Төгс төгөлдөр чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь Бурханд эерэг байдлаар үйлчлэн зүтгэснээр Кришнагийн ухамсарт бүрэн автах хүний хүсэл эрмэлзэлд илэрдэг.” Кришнад сөрөг байдлаар хандсан хандлагатай байснаар  Кришнагийн ухамсарт мөн байж болдог гэдэг нь эндээс  харагдаж байна. Гэхдээ энэ бол цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл биш. Материаллаг ашиг хонжоо олох эсвэл мэдрэхүйн таашаал ханамж эдлэх гэсэн хүслүүд нь кармын үйл ажиллагаа болон философийн цэцэрхийллийн үйл явцад урган торнидог  учраас цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл ийм хүслүүдээс  бүрнээ ангид байх ёстой. Ерөнхийдөө хүмүүс материаллаг олз ашиг, хонжоо олох гэж янз бүрийн үйл ажиллагаа хийж эрхэлдэг бол философичдын ихэнх хэсэг нь үгэн арга мэх болон таамналуудаа боть боть номуудыг дүүртэл бичин трансцендент мөн чанарын талаар тааж илэрхийлэх гэсэн үйлтэй зууралдан суудаг. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол кармын үйл ажиллагааны болон философийн цэцэрхийллийн хольцоос бүрнээ ангид чөлөөтэй байх ёстой. Кришнагийн ухамсрыг, өөрөөр хэлбэл цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг эх сурвалжуудаас спонтан буюу цаанаасаа  өөрөө аяндаа төрөн гарах хайртайгаар үйлчлэн зүтгэх үйлийн явцад суралцах хэрэгтэй.

            Чин бишрэлийн  үйлчлэл зүтгэл бол нэгэн төрлийн дадлагажих буюу дадуулах үйл юм. Энэ бол юу ч хийхгүй байхыг эсвэл цагийг үг дуугүй бясалган өнгөрөөхийг эрхэмлэдэг хүмүүсийн самбаачлан овжноор ашигладаг байж болох, үйл ажиллагаанаас гаран  холдох арга биш. Ийм зүйлийг хүсэж эрхэмлэдэг хүмүүст зориулсан өөр олон янзын аргууд байдаг. Харин  Кришнагийн ухамсрын дадлагажилт бол тэдгээрээс үндсээрээ өөр, ялгаатай. Үүнтэй холбогдуулан Шрила Рупа Госвамигийн хэрэглэсэн анушилана гэдэг үг нь “өмнөх үеийн багш (ачарйа) нарын зам мөрийг даган баримтлахуй дээр үндэслэж суурилсан дадлага” гэсэн утгыг илэрхийлдэг. “Дадлага” бол үйл ажиллагаа юм. Үйл ажиллагаагүй  ганц ухамсар  бидэнд тусалж чадахгүй. Үйл ажиллаганы хоёр төрөл байдаг: нэг нь— ямар нэг зорилгод хүрэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, харин нөгөө нь ямар нэгэн таагүй нөхцөл байдлаас  зайлж мултрахын төлөө чиглэгдсэн үйл ажиллагаа. Үйл ажиллагааны энэхүү хоёр төрлийг санскрит хэл дээр правритти болон нивритти буюу эерэг болон сөрөг гэж нэрлэдэг. Сөрөг үйл ажиллагаа гэсэн ойлголтыг олон жишээн дээр тайлбарлан харуулж болно. Тухайлбал өвчин туссан хүн өвчнөө хүндрүүлэхгүйн тулд  өөртөө анхаарал тавьж, эм уух ёстой.

            Бурханлаг хөгжлийн зам мөрт орсон хийгээд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд дадлагажин байгаа хүн  үргэлж идэвхтэй байж, үйл ажиллагаа хийж үйлддэг. Энэ нь нэг бол бие махбодийн эсвэл ухааны үйл ажиллагаа байж болдог. Бодох, мэдрэх болон хүсэх— энэ бол ухааны үйл ажиллагаа, харин хүслийг биелүүлэхийн тулд бие махбодийн мэдрэхүйн физик үйл ажиллагаа шаардлагатай. Бидний ухааны үйл ажиллагаа Кришнагийн тухай болон өөрийн бурханлаг номын багш  хийгээд аугаа ачарйа нарын зам мөрийг даган Түүнийг яаж цэнгүүлэх  талаар бодоход чиглэгдсэн байх ёстой. Бие махбодь болон ухааны үйл ажиллагаанаас гадна  үг ярианы үйл ажиллагаа гэж бас байдаг. Кришнаг ухамсарлан байгаа хүн үг яриагаа  Бурханы алдар цууг магтан алдаршуулахад ашигладаг. Үүнийг киртана гэж нэрлэдэг. Кришнаг ухамсарлан байгаа хүний ухаан Бурханы үйлүүдийн талаар, Тэрээр Курукшетрагийн тулааны талбар дээр айлдвараа яаж айлдаж байсан эсвэл Вриндаванад чин бишрэлтэнгүүдийнхээ хамтаар өрнүүлсэн Түүний цэнгээн наадмуудын тухай бодоход үргэлж автан байдаг. Бурханы үйл хийгээд цэнгээн наадмуудын талаар  ингэж  байнгад бодож болдог. Энэ бол Кришнагийн ухамсарт бодохуйн соёл.

            Бие махбодийг янз бүрийн үйл ажиллагаанд мөн ашиглаж болдог, гэхдээ энэхүү үйл ажиллагаа бүр нь  Кришнатай холбогдсон байх ёстой. Энэ холбоо нь багш шавийн  барилдлагааны гинжин хэлхээн дэх Кришнагийн шууд төлөөлөгч болж байдаг жинхэнэ бурханлаг номын багштай холбоо харьцаа тогтоосон тэр цагаас эхэлдэг. Иймээс Кришнагийн ухамсар дахь физик үйл ажиллагааг  бурханлаг номын багш удирдаж байх ёстой бөгөөд  түүний бүхий л сургаал зааврыг  итгэлтэйгээр биелүүлэх хэрэгтэй. Бурханлаг номын багштай тогтоосон холбоо харьцаа гэж бурханлаг номын багшид шавь орж сахил хүртэх буюу түүнтэй багш шавийн барилдлага тогтоохыг хэлдэг. Тухайн бурханлаг номын багштай багш шавийн барилдлага тогтоосон тэр цаг мөчөөс эхлэн Кришнагийн ухамсрыг хөгжүүлж байгаа хүн хийгээд Кришна хоёрын хооронд  холбоо тогтдог. Жинхэнэ бурханлаг номын багштай багш шавийн барилдлага тогтоолгүйгээр Кришнагийн ухамсартай жинхэнэ холбоо тогтон бий болдоггүй.

            Кришнагийн ухамсрын дадлагажилт бол материаллаг үйл ажиллагаа биш. Бурхан дотоод, гадаад болон хязгаарын буюу хилийн гэсэн үндсэн гурван эрчимтэй. Амьд оршнолууд хязгаарын эрчимд хамаарагддаг. Харин материаллаг огторгуйн илрэл тодрол нь гадаад буюу  материаллаг эрчмээс тогтдог. Үүний зэрэгцээ, Бурханы дотоод эрчмийн илрэл тодрол болох бурханлаг ертөнц гэж бас байдаг. Хязгаарын эрчим гэж нэрлэгддэг амьд оршнолууд доод буюу гадаад эрчмийн нөлөөн дор оршин байх үедээ материаллаг үйл ажиллагаа эрхэлдэг. Харин тэд үйл ажиллагаагаа дотоод буюу бурханлаг эрчмийн нөлөөн дор явуулж байгаа бол тэдгээр үйл ажиллагааг Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Энэ нь, аугаа сүнснүүд буюу аугаа чин бишрэлтэнгүүд материаллаг эрчмийн шахалт тулгалтанд захирагддаггүй, харин бурханлаг эрчмийн ивээл хамгаалал дор үйл ажиллагаагаа хийж явуулдаг гэсэн үг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх буюу өөрөөр хэлбэл Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа бүр бурханлаг эрчмийн хараа хяналтан дор байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим бол хүчний нэгэн төрөл бөгөөд энэхүү хүч жинхэнэ бурханлаг номын багш болон Кришнагийн  өршөөл нигүүлслээр төгөлдөрждөг буюу бурханлаг шинжтэй болдог.

            Кришнадас Кавираджа Госвамигийн туурвисан Чаитанйа-чаритамрита-д, зөвхөн маш их зол завшаан тохион учрал нь бүрдсэн хүн л Кришнагийн  өршөөл нигүүлслээр жинхэнэ бурханлаг номын багштай учран золгодог гэж Бурхан Чаитанйа айлддаг. Бурханлаг амьдралд нухацтайгаар хандан байгаа  хүнд Кришна оюуныг хүртээдэг бөгөөд энэхүү оюун түүнийг бурханлаг номын багшид хүргэж өгдөг. Ингээд бурханлаг номын багшийнхаа  өршөөл нигүүлслээр тэрээр  Кришнагийн ухамсартаа амжилт гаргадаг. Иймд Кришнагийн ухамсарт хамаарагддаг бүхэн  бурханлаг эрчмийн буюу Кришнагийн болон бурханлаг номын багшийн шууд хяналтанд оршдог. Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа материаллаг ертөнцтэй ямар ч хамааралгүй. Кришна гэж хэлж ярьж байхдаа бид  Бурханы Дээд Бодьгалын  (Түүний бүхий л олон янзын хувилгаан дэлгэрэл дүрүүдтэй хамтаар) тухай л ярьдаг билээ. Тэрээр Өөрийгөө, Өөрийн бүрэн бүтэн салшгүй хэсгүүд, Өөрийн салангид тусдаа салшгүй хэсгүүд болон Өөрийн олон янз эрчмүүд  хэлбэрүүдээр хувилан дэлгэрүүлдэг. Өөрөөр хэлбэл, Кришна гэж бүх зүйл хийгээд  бүгдийг Өөртөө агуулдаг гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө бол “Кришна” гэдэг үг нь  зөвхөн Кришнад Өөрт нь болон Түүний Бодьгалын хувилгаан  дэлгэрэл дүрүүдэд хамаарагддаг. Кришна Өөрийгөө Баладева, Санкаршана, Ваасудева, Анируддха, Прадйумна, Рама, Нрисимха болон Вараха, мөн тэрчлэн  өөр бусад олон хувилгаан дүрүүд болон Вишнугийн тоо томшгүй олон хувилгаан дэлгэрэл дүрүүдэд хувилан дэлгэрүүлдэг. Шримад Бхагаватамд өгүүлсэнчлэн, Тэд бол далайн давалгаа лугаа тийм олон. Иймд Кришна  Өөртөө энэ бүх хувилгаан дэлгэрэл дүрүүдийг, мөн тэрчлэн Өөрийн цэвэр ариун чин бишрэлтэнгүүдээ агуулж багтаадаг. Брахма-самхита-д өгүүлсэнчлэн, Кришнагийн бүхий л хувилгаан дэлгэрэл дүрүүд нь  мөнх хийгээд цэнгэл жаргал болон мэдлэгийн биелэл болой.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж Бүхний Дээд Бурхан Кришнагийн трансцендент цэнгэл жаргалыг хөгжөөн нэмэгдүүлэх, түүнд таарамж зохилдолтой Кришнагийн ухамсар дахь зөвхөн тийм үйл ажиллагааг хэлдэг. Бурханы трансцендент цэнгэл жаргалыг дэмжин хөгжөөхөд тус нэмэр болдоггүй өөр ямар ч үйлийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж үзэж болохгүй. Жишээ нь, Равана, Камса болон Хиранйакашипу зэрэг аймшигтай демонууд үргэлж л Кришнагийн тухай бодож байсан, гэхдээ өөрсдийн дайсан байдлаар. Бодлын иймэрхүү хэлбэрийг бхакти  буюу Кришнагийн ухамсар гэж үзэж болохгүй.

            Заримдаа, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг буруугаар ойлгосон имперсоналистууд Кришнаг Түүний орчин хүрээлэл болон цэнгээн наадмуудаас нь  тусад нь салгах гэсэн байдал гаргадаг. Жишээ нь, Бхагавад Гита-г Бурхан Курукшетрагийн тулааны талбар дээр айлдсан бөгөөд иймээс имперсоналистууд Кришнад Өөрт нь л анхаарлаа хандуулахаас Курукшетрад бол үгүй гэж ярьцгаадаг. Курукшетрагийн тулааны талбар нь өөрөө бол өөрсдийн нь үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй гэдгийг чин бишрэлтэнгүүд мөн л мэддэг, гэхдээ тэд үүнээс гадна “Кришна” гэж ганцхан Кришна биш гэдгийг мэддэг. Тэр бол Өөрийн дагалдагсад болон Өөрт нь хамаарагддаг Бодьгалын зүйлсээсээ салшгүй билээ. Жишээ нь, хэн нэгэн хүн: “Энэ зэвсэгтэй хүнд идэх юм өг.” гэх аваас энэ нь тэр хүн л өөрөө идэх болохоос зэвсэг нь бол биш гэдэг нь тодорхой. Мөн үүн лугаа, Кришнагийн ухамсарт чин бишрэлтэн Кришнатай холбоотой Түүний Өөрийн нь Бодьгалын зүйлс болон газар орныг (Курукшетрагийн тулааны талбар шиг) сонирхож байж болох, гэхдээ энэ нь тэрээр тулаан болсон ямар ч хамаагүй  талбарыг сонирхдог гэсэн үг биш. Түүнд Кришна— Түүний айлдвар, Түүний сургаал… л сонирхолтой. Энэхүү тулаан болсон талбар дээр Кришна заларч байсан буюу Кришнатай холбогдсон учраас л тэр талбар ийн ач холбогдолтой байгаа юм.

            Энэ бол Кришнагийн ухамсрын мөн чанар, гол утгын товч тодорхойлолт. Үүний учрыг олж мэдэлгүйгээр, чин бишрэлтэнгүүд тулаан болсон Курукшетрагийн талбарыг яагаад ингэж сонирхдогийг зөв ойлгох боломжгүй. Кришнаг сонирхон байгаа хүн мөн Түүний өрнүүлсэн янз бүрийн  цэнгээн наадмууд болон үйлүүдийг сонирхож эхэлдэг.

            Товчоор өгүүлэхэд, Шрила Рупа Госвамигийн Бхакти-расамрита-синдху-д өгсөн цэвэр ариун чин бишрэлтэнгийн талаархи тодорхойлолт нь дараахь дүгнэлтэнд хүргэдэг: Түүний үйлчлэл зүтгэл нь эерэг бөгөөд Кришнатай үргэлж холбогдсон байдаг. Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагааны цэвэр  ариун байдлыг хадгалан байхын тулд  бүхий л материаллаг хүслүүд болон философийн цэцэрхийллээс  ангид чөлөөтэй байх хэрэгтэй. Бурханд үйлчлэн зүтгэх гэхээс  бусад бүх хүслүүдийг материаллаг гэж үздэг. “Философийн цэцэрхийлэл” гэдэг ойлголт нь  эцэс төгсгөлдөө хоосны эсвэл бодьгал бусын дүгнэлтэнд хүргэдэг цэцэрхийллийн төрөлд тийм хамаарагддаг. Кришнагийн ухамсартай хүмүүсийн хувьд  ийм дүгнэлт нь ямар ч  учир утгагүй, шал дэмий зүйл. Философийн цэцэрхийллээр хүн Ваасудева, Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байх хэрэгтэй  гэдэг дүгнэлтэнд маш  ховор тохиолдолд л хүрдэг. Үүнийг Бхагавад Гита-д батлан өгүүлдэг. Иймд, философийн цэцэрхийлэл нь эцэстээ Кришнад, Кришна бол  оршин байгаа бүхэн, бүх учир шалтгааны учир шалтгаан, иймээс Түүнийг бишрэн өөрийгөө Түүнд даатгах хэрэгтэй гэсэн ухааралд хүргэдэг байх ёстой. Хэрвээ философийн цэцэрхийлэл нь энэхүү дээдийн дээд зорилгод хүргэх аваас түүнийг Кришнагийн ухамсартай таарамжтай  тохиромжтой буюу эерэг  гэж үзэж болно. Харин философийн цэцэрхийллийн үр дүнд  хоосны эсвэл бодьгал бусын философийн дүгнэлтэнд хүрч байх аваас  тэр бүх цэцэрхийлэл нь бхакти-тай ямар ч хамааралгүй зүйл болно.

            Карма буюу үр дүнг нь таашаан ханамж эдлэхийн төлөөнөө үйлдэж байгаа үйл ажиллагаа  гэдгийн дор заримдаа  зан үйлийн ёслолуудыг ойлгодог. Ведэд тодорхойлон өгүүлсэн байдаг зан үйлүүд нь  олон хүмүүсийг маш ихээр татдаг. Гэхдээ зан үйлүүдэд, Кришнаг ойлголгүйгээр зүгээр л дурлан татагдаж байгаа хүний үйл ажиллагаа Кришнагийн ухамсарт ямар ч ач тусгүй, таарч нийцэхгүй.  Үнэндээ бол Кришнагийн ухамсар нь  зүгээр л сонсох, давтан хэлэх, санах… үйлүүд дээр үндэслэж тулгуурласан байж болдог. Шримад Бхагаватамд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн есөн аргыг тодорхойлон өгүүлдэг ба тэдгээрээс өөр бусад аливаа үйл ажиллагаа нь  Кришнагийн ухамсарт тохиромжтой биш, таарамжтай бус. Энэ тухай санаж бодон цаг ямагт сонор соргог хийгээд  уналт доройтолд орохоос  зайлсхийхийг чармайдаг байх хэрэгтэй.

            Шрила Рупа Госвами бхакти-гийн тодорхойлолтондоо гйана-кармади гэдэг үгийг хэрэглэсэн байдаг. Кармади (кармын үйл ажиллагаа) гэдгийн дор цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд  хүрэхэд тус нэмэр болдоггүй үйл ажиллагааг ойлгодог. Огоорол гэгддэг зүйлийн  янз бүрийн хэлбэрүүд нь  Кришнагийн ухамсар дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд мөн л тус нэмэр үзүүлдэггүй.

            Цааш нь Шрила Рупа Госвами Нарада-панчаратра-гаас дараахь тодорхойлолтыг иш татдаг: “Хүн бүхий л материаллаг адилтгалуудаасаа ангижрах ёстой бөгөөд Кришнагийн ухамсрын тусламжтайгаар бүхий л материаллаг бузраасаа ариусах хэрэгтэй. Тэрээр, мэдрэхүйнүүд нь  мэдрэхүйн Эзэнд үйлчлэн зүтгэж байдаг өөрийн анхдагч цэвэр ариун төлөв байдалдаа  буцан орох хэрэгтэй.” Иймд, хүний мэдрэхүйнүүд  мэдрэхүйн жинхэнэ Эзэндээ үйлчлэн зүтгэж байх аваас түүний үйл ажиллагааг  чин бишрэлийн үйлчлэл зүтгэж гэж нэрлэдэг. Болзолдож нөхцөлдсөн төлөв байдалд бидний мэдрэхүйнүүд бие махбодийнхоо хэрэгцээг хангахын төлөө л үйлчлэн зүтгэдэг. Харин тэдгээр мэдрэхүйнүүд маань Кришнагийн зааврыг биелүүлдэг болсон байгаа тэр цагт бидний үйл ажиллагааг бхакти гэж нэрлэдэг.

Хүн өөрийгөө ямар нэгэн тодорхой гэр бүл, тодорхой нийгэм хүрээлэл эсвэл тодорхой хүнтэй холбогдсон байна хэмээн үзэж байгаа цагт түүнийг гадаад  материаллаг адилтгалуудын хүлээсэнд оршин байна гэж ярьдаг. Гэхдээ тэрээр өөрийгөө гэр бүлд ч, нийгэм хүрээлэлд ч эсвэл улс оронд ч  хамаарагддаггүй, харин Кришнатай мөнхийн холбоотой байдаг гэдгээ  ухаарснаараа эрч хүчээ гэр бүл, нийгэм хүрээлэл эсвэл улс үндэстэн гэж нэрлэгддэг тэдгээрийн хүсэл сонирхолын төлөө биш, харин Кришнагийн таалал сонирхлын төлөө ашиглах ёстой гэдгийг ойлгодог. Энэхүү зорилго нь  цэвэр ариун бөгөөд Кришнагийн ухамсар дахь цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хүргэдэг.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн

онцгой шинж тэмдгүүд

 

Шримад Бхагаватамын гуравдугаар дууллын (29.12-13)-д Шрила Капиладева эхдээ номлол сургаалаа хүртээж байхдаа  цэвэр ариун чин бишрэлийн  үйлчлэл зүтгэлийн дараахь онцлог шинжийг айлддаг: “Хайрт ээж минь ээ, материаллаг ач тус, сайн сайхныг  болон философийн цэцэрхийллийг хүсэх хүслээс ангид чөлөөтэй байх Миний чин бишрэлтэнгүүдийн  ухаан нь Надад  үйлчлэн зүтгэх боломжоос өөр юуны ч талаар гуйх тухай хэзээ ч бодохооргүйгээр энэ үйлчлэл зүтгэлдээ  тэгж гүн гүнзгий  автсан байдаг. Тэр бүү хэл, тэд Миний  залран байх оронд, Надтай хамт амьдрах тухай ч гуйдаггүй.”

Ангижралын таван хэлбэр байдаг. Үүнд: 1) Бурхантай нэг болох, 2) Бүхний Дээд Бурхантай нэг гариг дээр амьдрах, 3) Бурханых шиг тийм гадаад дүр төрхтэй болох, 4) Бурханых шиг тийм баялгийг таашаан цэнгэх болон 5) Бурханы ойр дотнын хүрээлэлд орох. Чин бишрэлтэн материаллаг мэдрэхүйн таашаал ханамжийн талаар бүү хэл ангижралын эдгээр таван хэлбэрээс хүртэл алиныг нь ч  хүсдэггүй. Бурханд хайраар үйлчлэн зүтгэх үйлчлэл зүтгэл нь өөрөө түүнд дүүрэн ханамжийг өгдөг. Энэ бол цэвэр ариун чин бишрэлийн онцлог шинж.

Шримад Бхагаватамд өгүүлсэн байх Капиладевагийн энэхүү айлдвар нь  цэвэр ариун чин бишрэлтэнгийн ухааны  төлөв байдлыг илэрхийлэн гаргасан хийгээд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эхний тодорхойлолтыг  мөн өгч байна. Рупа Госвами чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг янз бүрийн бичээсүүд дээр үндэслэж тулгуурлан тэдгээрээс иш татан илүү дэлгэрэнгүйгээр тодорхойлж байна. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь зургаан онцлог шинжтэй гэж тэрээр хэлж байна. Үүнд:

  1. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь материаллаг зовлон шаналалын бүхий л хэлбэрүүдээс үтэр түргэн ангижруулдаг.
  2. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл хэн бүхэнд ач тустай.
  3. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь  өөрөө трансцендент цэнгэл жаргалыг авчирдаг.
  4. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь маш ховор хүрэхүйц.
  5. Цэвэр ариун чин бишрэлтэйгээр үйлчлэл зүтгэж байгаа хүн  тэр бүү хэл ангижралын тухайд ч инээд нь хүрдэг.
  6. Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол Кришнаг татах цорын ганц арга.

Кришна бол бүгдийг татагч, гэхдээ цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь  Түүнийг хүртэл татдаг. Энэ нь, Кришнагийн дотоод эрчим мөн болох цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь Түүнээс Өөрөөс нь хүртэл илүү их трансцендент хүчийг агуулдаг гэсэн үг юм.

Материаллаг зовлонгоос ангижрах нь.

 

            Бхагавад Гита-д Бурхан, хүн бусад бүх үйлээ орхин Түүнд өөрийгөө даатгах ёстой гэж айлддаг. Тэнд мөн Бурхан, Түүнд өөрийгөө даатган байгаа сүнснүүдийг тэдний бүхий л нүгэлт үйлүүдийн үр дагавруудаас нь  хамгаална гэж амладаг. Бидний туулж эдэлж байгаа зовлон зүдгүүр бол  бидний энэ болон өнгөрсөн амьдралууддаа хийж үйлдсэн  нүгэлт үйлүүдийн үр дагавар гэж  Шрила Рупа Госвами хэлж байна. Ер нь бол хүмүүс мунхаг байдлаасаа болоод л  нүгэл үйлддэг. Гэхдээ мунхаглал бол зөвтгөл, цагаатгал биш бөгөөд нүгэлт үйлүүдийнхээ үр дагавраас болж  зовж шаналах зайлшгүй байдлаас  биднийг авран ангижруулахгүй. Нүгэлт үйлүүд   боловсорч гүйцсэн болон хараахан боловсорч гүйцээгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Үр дагавраар нь буюу хор уршгаар нь бид одоо зовж шаналж байгаа нүгэлт үйлүүдийг боловсорч гүйцсэн гэж нэрлэдэг. Үр дагаврыг нь одоогоор хараахан туулж эдлэн зовж шаналаагүй байгаа бидний хурааж хуримтлуулсан олон тооны  нүгэлт үйлүүдийг боловсорч гүйцээгүй гэж нэрлэдэг. Хэн нэгэн хүн ямар нэгэн гэм буруутай хэрэг үйлджээ, гэхдээ яг одоо бол баригдаж баривчлагдаагүй байна гэж үзье. Гэмт хэрэг үйлдсэн нь илэрмэгц тэрээр баривчлагдах нь гарцаагүй. Үүнтэй төстэйгээр,  бид үйлдсэн гэм нүгэлт  зарим үйлүүдийнхээ төлөөнөө  ирээдүйд зовж шаналах болдог бол боловсорч гүйцсэн бусад нүгэлт үйлүүдээсээ болоод бид одоо зовж шаналж байдаг билээ.

            Нүгэлт үйлүүдийн гинж  болон түүнийг дагалдах зовлон шаналал  ийнхүү бий болдог бөгөөд болзолдож нөхцөлдсөн сүнс үйлдсэн эдгээр гэм нүглээсээ болж  амьдралаас амьдралдаа  зовж шаналахаар албадан тулгагддаг. Одоо бол тэрээр өнгөрсөн амьдралдаа үйлдсэн нүгэлт үйлүүдийнхээ  үр дагавраар зовж шаналж  байгаагийн зэрэгцээ ирээдүйн амьдралд нь ирэх шинэ зовлонгуудыг бий болгож байдаг. Боловсорч гүйцсэн нүгэлт үр дагаврууд нь жишээ нь, ужиг өвчин, засаг захиргаа эрх мэдэлтэнгүүдийн хяхалт хавчлага, уналт доройтолд орсон дорд гэр бүлд төрөх эсвэл ямар ч боловсролгүй эсвэл маш үзэшгүй муухай эрэмдэг зэрэмдэг бие махбодьтой байх байдлаар илэрч байж болно.

            Одоо бол бид өнгөрсөн үедээ хийж үйлдсэн нүгэлт үйлүүдийнхээ  үр дагавруудаас болж зовж шаналж байгаа, харин ирээдүйд бол одоогийн нүгэлт үйлүүдийнхээ үр дагавруудаар зовж шаналах болно. Гэхдээ бид Кришнагийн ухамсрыг хүлээн авмагц үйлдсэн нүглүүдийн маань бүх үр дагаврууд мөдхөн зайлан арилна. Үүний баталгаа болгон Рупа Госвами Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллаас нэгэн шүлэг (14.19)-ийг иш татаж байна. Энэ бол Бурхан Кришнагийн Уддхавад хүртээсэн сургаалын нэг юм: “Хайрт Уддхава минь ээ, Надад чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх зүтгэл бол  ямар ч хэмжээний мод түлээг залгих чадвартай  аврага том галын дөл лугаа юм.” Кришнагийн ухамсар дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл  бол бидний бүхий л нүглийг, ямар ч хэмжээний  түлшийг үнс нурам болтол шатааж чадах галын дөлтэй  адилаар юу ч үгүй  болтол шатаах чадвартай  гэдгийг хэлж байна. Жишээ нь, Гита-гаас бидний мэдэхчлэн, тулалдах явдал бол нүгэл хэмээн Арджуна үзэж байсан, гэсэн хэдий ч тэрээр Кришнагийн таалал хүслийг биелүүлэн тулалдаанд оролцдог билээ. Тэгснээр тулалдаан  түүний хувьд чин бишрэлийн үйлчлэл зүтгэл болон хувирсан бөгөөд иймээс тэр өөр дээрээ ямар ч нүгэлт үр дагаврыг аваагүй, үүрээгүй билээ.

            Шрила Рупа Госвами Шримад Бхагаватамын гуравдугаар дууллаас бас дахин нэг шүлэг (33.6)-г иш татаж байна. Девахути хүү Капиладевадаа хандан энэ шүлгийг айлтгадаг: “Ай Эзэн минь ээ, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн сонсох болон давтан хэлэх буюу магтан алдаршуулахаас эхэлдэг есөн янзын хэлбэр байдаг. Таны цэнгээн наадмын талаар сонсдог, Таны алдар цууг магтан алдаршуулдаг, Танд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг, Таны тухай боддог буюу чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн есөн хэлбэрийн аль нэгийг ийн хийж үйлдэж байгаа хэн бүр— тэр бүү хэл нохойны махаар хооллогч (хүмүүсийн адаг шаар бологсод)-ын гэр бүлд төрсөн байсан ч  мөдхөн л тахилга өргөл үйлдэхэд зохистой болдог.” Кришнагийн бүрэн ухамсарт чин бишрэлийн албанд үнэхээрийн үйлчлэн зүтгэж байгаа хүн ариусаагүй, цэвэр ариун бус хэвээр байна гэх нь санаанд багтана гэж үү? Энэ бол ердөө ч байж боломгүй, боломжгүй зүйл. Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа болон чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байгаа хүн материаллаг нүгэлт үйл ажиллагааныхаа бүхий л бузраас ариусдаг нь эргэлзээгүй хэрэг. Тэгэхлээр чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь  нүгэлт үйлүүдийн ямар ч үр дагаврыг  устган үгүй хийх үнэхээрийн чадвартай. Тийм хэдий ч  чин бишрэлтэн нүгэлт үйлээс үргэлжид хичээнгүйлэн зайлсхийж явдаг. Энэ бол чин бишрэлтэнгийн онцгой  шинж чанар. Иймээс чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байгаа хүн нохойгоор хооллогчийн гэр бүлд төрсөн байлаа ч Ведүүдэд зааж зөвлөсөн байдаг зан үйлүүдийг үйлдэх эрхтэй болдог гэж Шримад Бхагаватамд батлан өгүүлж байна. Нохойгоор хооллогчийн гэр бүлд төрсөн хүмүүс ер нь бол йагйа буюу тахилга өргөл үйлдэх эрхгүй байдаг гэдэг нь Шримад Бхагаватамын энэ шүлгээс харагдаж байна. Ведэд зааж зөвлөсөн байдаг зан үйлүүдийг хийж үйлдэхийг хариуцдаг тайлгачид нь  брахмануудын ангид хамаарагддаг. Брахмануудын ангид үл хамаарагддаг хүмүүс нь эдгээр зан үйлүүдийг хийж үйлдэх эрхгүй.

            Хүн  брахманы эсвэл нохойгоор хооллогчийн гэр бүлд төрөх нь түүний өмнөх үедээ  хийж үйлдсэн үйлээс хамаардаг. Тэрээр нохойгоор хооллогчийн гэр бүлд төрсөн байх аваас  энэ нь  тэрээр өмнөх амьдралдаа их нүгэл үйлдсэн гэсэн үг. Гэхдээ ийм хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрөөр орж замнан Бурханы ариун гэгээн нэрүүд— Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-г давтан уншиж эхлэх аваас тэр бүү хэл ведийн зан үйлийн ёслолуудыг ч хийж үйлдэх эрхтэй болдог. Энэ нь түүний  өнгөрсөн үедээ хийж үйлдсэн нүглүүдийн бүхий л  үр дагаврууд төдхөн л устан үгүй болдог гэсэн үг юм.

            Нүгэлт үйлүүдийн 1) Үр дагавраа буюу үр жимсээ хараахан үзүүлээгүй буюу өгөөгүй байгаа, 2) Үр хэлбэртээ байгаа, 3) Хэдийнээ боловсорч гүйцсэн болон 4) Бараг боловсорч гүйцэж байгаа гэсэн дөрвөн хэлбэр байдаг гэж  Падма-пурана-д өгүүлдэг. Тэнд мөн өгүүлсэнчлэн, Бурханы Дээд Бодьгал Вишнуд өөрийгөө даатгасан хийгээд  Кришнагийн бүрэн ухамсартайгаар Түүнд чин бишрэлтэйгээр   үйлчлэн зүтгэж байгаа хэн бүхний  хувьд энэ бүх үр дагаврууд мөдхөн л устан үгүй болдог.

            “Бараг боловсорч гүйцэж байгаа” үр дагаврууд гэж  бидний одоо нэрвэгдэн байгаа зовлон шаналалуудыг хэлдэг. Харин “үр хэлбэртээ” байгаа үр дагаврууд гэдгийн дор зүрхний гүнд хуримтлагдсан байгаа үр лугаа  нүгэлт хүслүүдийг ойлгодог. Кутам гэдэг санскрит үг нь  үр жимсээ  өгөхөд бараг бүрэн бэлэн болсон гэсэн утгатай. “Боловсроогүй” үр дагаврууд гэж  үрнээс соёо хараахан гараагүй байгаа үр дагаврууд юм. Падма-пурана-д ийнхүү батлан өгүүлснээс үзэхэд материаллаг бузартал нь маш нарийн хэлбэртэйгээр илэрч тодордог нь  тодорхой харагдаж байна. Түүний эхлэл, түүний  үр жимс, түүний үр дагавар болон хүн эдгээр жимсүүдийг зовлон шаналал хэлбэрээр яаж амсаж хүртэж байгаа байдал— энэ бүгд нь нэгэн маш урт гинжний хэсгүүд юм. Хүн ямар нэгэн өвчний халдвар авсан үед тэр өвчний учир шалтгаан, өвчний халдварыг хаанаас авсныг тогтоох болон өвчлөлийн явц ямар байхыг тодорхойлох нь ихэнх тохиолдолд маш хүнд бэрх байдаг. Мөн тэр өвчний үзүүлэх, учруулах зовлон шаналал гэнэтхэн илрэн гарчихдаггүй. Ийн гарахад цаг хугацаа хэрэгтэй. Өвчний халдварыг тархаахгүйн тулд  урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн практикт эмч нар вакциныг хэрэглэдэг. Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа бол  бидний нүгэлт үйлүүдийн бүхий л үрийн соёололт, ургалтыг саатуулан зогсоож, арилган үгүй болгох тийм хүчтэй вакцин юм.

            Үүнтэй холбогдуулан Шукадева Госвами Шримад Бхагаватамын зургаадугаар дуулалд, амьдралаа  үүргээ ухамсарласан, буянтай сайн брахмана байдлаар эхэлсэн хэдий ч залуу насандаа янхан бүсгүйд сэтгэл татагдан бүрнээ завхарсан Аджамилагийн түүхийг өгүүлдэг. Алдаатай буруу амьдралынхаа эцэс төгсгөлд тэрээр “Нарайана” (Кришна)— нэрийг дууддаг бөгөөд энэ нь өчнөөн их нүгэл үйлдсэн түүнийг аврагдахад хангалттай үйл болдог. Шукадева Госвамигийн тайлбарласанчлан, тэвчил хатамжлал, өглөг буяны үйл ажиллагаа болон зан үйлийн ёслолуудыг хийж үйлдэх явдал нь нүгэлт үйлүүдийн үр дагаврыг устган үгүй болгох чадвартай, гэхдээ энэ бүгд нь Аджамилагийн залуу цагийн тохиолдол батлан харуулж байгаачлан, хүний зүрхнээс нүгэлт хүслүүдийн үрийг арилгадаггүй. Нүгэлт үйлүүдийнхээ үрийг хүн Кришнагийн ухамсартай болсон зөвхөн тийм тохиолдолд л устган үгүй болгож чаддаг.  Шри Чаитанйа Махапрабхугийн сургаал зөвлөгөөг даган Харе Кришна  мантра буюу   маха-мантра-г давтан уншиж эхэлснээр үүнийг огтын төвөггүйгээр, амархан хийж болно. Өөрөөр хэлбэл, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрт ороогүй байгаа цагтаа хүн нүгэлт үйлүүдийнхээ үр дагавраас бүрэн ариусаж чадахгүй.

            Ведийн зан үйлүүдийг хийж үйлдсэнээр, тусламж тэтгэмжийн зорилгоор  мөнгө хандивласнаар эсвэл тэвчил хатамжлал үйлдсэнээр  хүн өнгөрсөн үедээ хийж үйлдсэн нүгэлт үйлүүдийнхээ үр дагавраас  түр зууртаа л  чөлөөлөгдөж байж болох ч дараагийн агшинд дахин нүгэл үйлдэхээс өөр аргагүй байдалд хэдийнээ тулгагдан орчихсон байдаг. Бэлгийн эмх замбараагүй, садар самуун амьдралаасаа болоод өнгөний өвчний халдвар авсан хүнийг жишээ болгон авч үзье. Маш ихээр өвтгөж шаналгасан курс эмчилгээ хийлгэснээр тэр тодорхой  хугацааны дараа  эрүүлжинэ. Гэхдээ л бэлгийн таашаал ханамж эдлэх хүсэл  түүний зүрхэнд үлдсэн хэвээр байгаа болохоор тэрээр нөгөө ажлаа дахин үйлдэж эхлэн нөгөө л өвчнийхөө золиос болно. Өнгөний өвчний зовиур шаналгааг эмчилгээ хийлгэн түр зууртаа хөнгөрүүлж  байж болох ч бэлгийн дур хүслээ хангах үйлийн жигшүүрт муу муухай бүхнийг ухаараагүй байгаа цагт тэрээр ийн дахин давтагдах зовлон шаналалаас салан ангижирч чадахгүй. Үүнтэй төстэйгөөр, Ведэд зөвлөсөн байдаг зан үйл, өглөг хандивын үйл болон тэвчил хатамжлал нь хүнийг мөн ямар нэгэн цаг хугацааны туршид л нүгэлт үйл үйлдэх явдлаас холдуулан барьж байж болох, гэвч  зүрх нь цэвэр ариун бус хэвээр байгаа цагт тэрээр нүглийг дахин дахин хийж үйлдэхээр тулгагдах болно.

            Үүнтэй холбогдуулан Шримад Бхагаватамд бас нэг жишээ татдаг: Заан нуурын ус руу явж орон өөрийгөө нягт нямбайгаар угаадаг. Гэвч эрэг дээр гарч ирэнгүүтээ л хошуугаараа шороо тоос сорж цуглуулан аваад бүх биеэрээ цацчихдаг. Үүнтэй төстэйгөөр, Кришнагийн ухамсарт сургагдаагүй хүн нүгэлт хүслүүдээсээ бүрнээ салан ангижрах чадваргүй. Йогын  үйл ч тэр, философийн цэцэрхийлэл ч тэр, кармын үйл ажиллагаа ч тэр түүнийг нүгэлт хүслүүдийн үрээс хамгаалж чадахгүй. Зөвхөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үйл ажиллагаа л хүнийг тэдгээрээс салган ангижруулдаг.

            Шримад Бхагаватамын дөрөвдүгээр дууллын (22.39)-д энэ талын өөр нэг баталгааг өгүүлдэг. Тэнд Санат Кумар ийн өгүүлдэг: “Эрхэм хаан минь ээ, хүний хуурамч эго бол  материаллаг оршихуйд түүнийг бат бэхээр уяж хүлсэн юм шигээр барьж байдаг тийм хүчтэй. Кришнагийн ухамсрын үйл ажиллагаанд зүтгэж байгаа чин бишрэлтэнгүүд л  энэхүү хатуу чанга уяа зангилааг төвөг бэрхшээлгүйгээр, амархнаар тас цавчиж чаддаг. Бусад нь буюу аугаа ид шидтэн болохыг оролдож байгаа нь ч, эсвэл зан үйлийн ёслолуудыг хийж үйлдэхийн тусламжтайгаар амжилтанд хүрэхийг хүсэж байгаа нь ч тэр ингэж чадахгүй. Үүнээс үзэхэд, хуурамч эго-ны бат бөх, хатуу чанга зангилаанаас салан ангижрах болон материаллаг үйл ажиллагааг үйлдэхээ больж, зогсоохын тулд бүгдээрээ  Кришнагийн ухамсрын үйл ажиллагаанд зүтгэх ёстой.”

            Хуурамч эго-ны бат чанга  зангилаа бол харанхуй мунхаглалын үр дагавар. Өөрийн жинхэнэ “Би”-гээ мэдээгүй байгаа цагт хүн буруу үйлдлүүд хийж үйлдэх нь гарцаагүй бөгөөд ингэснээрээ тэр материаллаг бузарт улам бүр гүн автан баригдана. Гэхдээ Кришнагийн ухамсар  хүнд үнэн зөв мэдлэгийг өгөн энэхүү харанхуй мунхаг байдлыг сарниулан хөөн зайлуулах чадвартай. Үүнийг Падма-пурана-д дараахь байдлаар батлан өгүүлдэг: “Кришнагийн ухамсар дахь цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол дээдийн дээд гэгээрэл. Тэр бол хүслийн хор хөнөөлт бүхий л могойнуудыг шатаан хөнөөдөг ойн дүрэлзэн шатах түймэр лугаа юм.” Энд, ойд амьдарч оршдог могойнуудыг хөнөөдөг ойн түймрийн тухай ярьж байна. Ойд могойнууд олон байдаг. Түймэр гарч эхлэхэд  нэн түрүүнд газарт унасан хуурай навчнууд шатдаг. Үүнээс болоод хамгийн эхлээд могойнуудад аюул гамшиг учирдаг. Дөрвөн хөлтэй амьтад түймрээс зугатаан зайлж чаддаг, ядахдаа л зугатаан зайлахыг оролддог, чармайдаг. Харин могойнууд тэр дороо л шатан үхдэг. Үүн лугаа Кришнагийн ухамсрын дүрэлзэн байгаа галын дөл харанхуй мунхалалын бүхий л могойнуудыг агшин зуурт хөнөөх тийм аугаа.

Кришнагийн ухамсар хэн бүрт ач тустай.

 

            Шрила Рупа Госвами ач тустай байдлын тодорхойлолтыг өгч байна. Жинхэнэ ач тус гэж  дэлхийн бүх хүмүүст ач тусыг авчрах, хүргэх зөвхөн тэр зүйл юм гэж тэрээр хэлж байна. Манай одоогийн энэ цагт өглөг тэтгэмжийн янз бүрийн байгууллагууд нийгмийн, түүний дотор янз бүрийн хүмүүсийн бүлгүүдийн эсвэл үндэстний сайн сайхан байдал, ач тусын тал дээр санаа тавьдаг. Тэр бүү хэл бүхий л дэлхий дахины сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө  үйл ажиллагаа өрнүүлэх оролдлого (НҮБ-ын хэлбэрээр) хийж эхэлсэн. Гэхдээ үндэсний хүрээгээр хязгаарлагдсан иймэрхүү үйл ажиллагаа  угийн л өө сэв, гэм дутагдалтай байх нь  зайлшгүй хэрэг бөгөөд  иймээс нийтийг хамарсан  энэ бүх тусламж тэтгэмжийн хөтөлбөрүүд нь  бодитойгоор хэрэгжин биелшгүй. Харин Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь бүх хүн төрөлхтөнд дээдийн дээд ач тусыг авчрах чадвартай тийм төгс төгөлдөр. Энэ хөдөлгөөнд хэн бүр оролцож болох бөгөөд түүний ач тустай нөлөөг хүн бүр өөр дээрээ мэдэрч болно. Иймээс Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг өргөнөөр номлох явдал бол бүх нийтийн сайн сайхан байдал, ач тусын төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагааны дээдийн дээд хэлбэр гэдэг тал дээр Рупа Госвами болон  эх сурвалж бусад номч мэргэд санал нэгддэг.

            Кришнагийн ухамсрын хөдөлгөөн бүх дэлхийн анхаарлыг өөр дээрээ  яаж татах болон Кришнагийн ухамсрыг хүлээн авснаар ямар ч хүн цэнгэл жаргалыг хэрхэн яаж амталж эдэлдэг талаар Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Кришнагийн бүрэн ухамсартайгаар чин бишрэлийн үйлэнд зүтгэж байгаа хүн  бүхий л дэлхий дахинд хамгийн том алба үйлчилгээг үзүүлдэг хийгээд хэн бүрт сайн сайхан байдал, ач тусыг авчирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрээр зөвхөн хүмүүст л ач тусыг хүргэдэг юм биш. Энэ хөдөлгөөн нь модод болон амьтадыг хүртэл өөртөө татдаг болохоор тийнхүү зүтгэж байгаа хүн мөн тэдэнд ч гэсэн сайн сайхныг, ач тусыг хүргэдэг хэрэг.” Бурхан Чаитанйа Төв Энэтхэгийн Джхарикханда-гийн ой дундуур морилон заларч санкиртаны хөдөлгөөнөө дэлгэрүүлж байх үедээ үүнийг бодит амьдрал дээр батлан харуулсан. Бар, заан, буга болон бусад зэрлэг амьтад өөр өөрийнхөөрөө Харе Кришнаг дуулж бүжиглэн Түүнтэй нэгдэн нийлж байсан.

            Түүнээс гадна Кришнагийн ухамсарт оршин чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэж байгаа хүн сахиулсан тэнгэрүүдэд угийн байдаг бүхий л сайн шинж чанаруудыг өөртөө хөгжүүлдэг. Шримад Бхагаватамын тавдугаар дууллын (18.12)-т Шукадева Госвами ийн өгүүлдэг: “Ай хаан минь ээ, Кришнад хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэдэг чин үнэнч хүмүүс  сахиулсан тэнгэрүүдийн бүхий л шинж чанаруудыг өөртөө хөгжүүлж чаддаг. Чин бишрэлтэнгийн хүрсэн байгаа Кришнагийн ухамсрын өндөр түвшин нь сахиулсан тэнгэрүүдийг хүртэл татдаг бөгөөд тийм чин бишрэлтэнгийн хүрээлэлд амьдрах нь  тэдэнд таалагддаг. Эндээс, сахиулсан тэнгэрүүдийн шинж чанарууд түүний  биед хэдийнээ хөгжсөн байна гэсэн дүгнэлтийг хийж болно.”

            Үүний зэрэгцээ, Кришнагийн ухамсарт үл оршин байх хүн сайн шинж чанаргүй байдаг. Материаллаг шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд өндөр боловсролтой хэмээн тооцогдож байж болох ч бодитойгоор хийж үйлдэж байгаа үйл ажиллагааны хувьд бол тэрээр амьтадаас бага ялгаатай. Хүн ямар ч боловсролтой байсан гэсэн ухааны түвшний үйл ажиллагааны салбар хүрээний чанадад гарах чадваргүй байх аваас  зөвхөн материаллаг үйл ажиллагаатай л  зууралдах нь гарцаагүй хэрэг бөгөөд иймээс үргэлжид цэвэр ариун бус хэвээр байх болдог. Орчин үеийн дэлхий дахинд материалист их сургуулиудад суралцан гайхуулам боловсролтой болж байгаа  хүмүүс олон бий билээ. Гэхдээ тэд Кришнагийн ухамсрын хөдөлгөөнд орж нэгдэх хийгээд сахиулсан тэнгэрүүдийн эрхэм дээд шинж чанаруудыг өөртөө хөгжүүлэх чадваргүй гэдгийг туршлага харуулж байна.

            Жишээ нь, их сургуулийн стандартаар бол  тийм ч сайн боловсролгүй хэдий ч Кришнаг ухааран байгаа залуу ёс бус бэлгийн харьцаа, шунал хөдөлгөсөн мөрийтэй тоглоом, мах болон мансууруулах зүйлсээс мөдхөнөө татгалзах чадвартай. Тэгвэл Кришнагийн ухамсарт үл оршин байх хүмүүс өндөр боловсролтой хэдий ч архичин, махан хоолтон, сексийн донтон болон мөрийтэй тоглоомчин болох нь олонтаа. Энэ бол Кришнаг ухамсарласан хүн  өөртөө бүхий л сайн шинж чанаруудыг хөгжүүлдэг байхад, Кришнагийн ухамсарт үл орших хүн ингэх чадваргүй гэдгийн бодитой баталгаа, нотолгоо. Кришнагийн ухамсарт оршин байгаа залуу хүн кино, шөнийн клуб, тайчих үзүүлбэр, ресторан, бар болон эдгээртэй төстэй өөр бусдад татагдахаа больдог гэдгийг бид өөрсдийн туршлагаараа мэдэх билээ. Тэрээр энэ бүгдэд татагдах дурлан татагдлаас бүрнээ  салан ангижирдаг. Тэрээр үнэ цэнэтэй цаг хугацаагаа  тамхи татах, согтууруулах ундаа уух, театр болон дисконд очих зэрэгт зориулан хий дэмий үрэн таран хийдэггүй.

            Кришнагийн ухамсаргүй хүн ер нь бол хагас цагийн туршид ч гэсэн дуугүй сууж чаддаггүй. Дуугаа хурааснаар хүн өөрийгөө Бурхан гэж ухаардаг хэмээн йогын систем заадаг. Энэ ойлголт төсөөлөл нь материалистуудад бүрнээ таарч тохирч байж болох, гэвч тэд хир удаан дуугаа хураах чадвартай билээ дээ? Тэд ямар нэгэн хугацаагаар бясалгал гэж нэрлэгдэх зүйлдээ  өөрийгөө албадан суулгаж байж болох.Тэгээд йогын дасгалуудаа дуусмагц л нөгөөх л ёс бус бэлгийн харьцаанд орох, мөрийтэй тоглоом тоглох, мах идэх болон өөр бусад олон тэнэг зүйлсээ дахиад л хийж эхэлдэг. Тэгвэл Кришнагийн ухамсартай  хүн үг дуугүй бясалгал гэгчийг хийж үйлдэлгүйгээр, түүний тусламжгүйгээр бурханлаг талдаа аажим аажмаар дэвжин дээшилдэг. Түүнийг энэ бүх тэнэг зүйлсээс  татгалзаж чадах болон өөртөө эрхэм дээд шинж чанаруудыг хөгжүүлэхэд нь Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа нь л хангалттай. Кришнагийн цэвэр ариун чин бишрэлтэн болсноороо хүн өөртөө хамгийн шилдэг сайн шинж чанаруудыг хөгжүүлдэг. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Кришнагийн ухамсрыг өөртөө хөгжүүлээгүй  хүн  жинхэнэ сайн шинж чанаруудтай болж чаддаггүй.

 

Кришнагийн ухамсар дахь аз жаргал.

 

            Шрила Рупа Госвами аз жаргалын янз бүрийн эх булгуудыг шинжилж үзээд тэдгээрийг 1) материаллаг таашаал ханамжаас олох аз жаргал, 2) өөрийгөө дээдийн дээд Брахмантай адилтгаснаас амтлах аз жаргал, 3) Кришнагийн ухамсарт хүртэх аз жаргал гэсэн гурван хэлбэрт хуваасан.

            Тантра-шастра-д Шива бурхан эхнэр Сати-даа ийн өгүүлдэг: “Хайрт гэргий минь ээ, Говиндагийн бадамлянхуа өлмийд өөрийгөө даатгасан хийгээд ингэснээрээ өөртөө Кришнагийн цэвэр ариун ухамсрыг хөгжүүлсэн хүн  имперсоналистуудын ихэд мөрөөдөн байх бүгдэд амархан хүрдэг, мөн түүнээс гадна тэрээр цэвэр ариун чин бишрэлтэнгийн хүртдэг аз жаргалаар цэнгэн жаргадаг.”

            Цэвэр ариун чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэснээр хүрдэг аз жаргал бол  мөнхийн байдаг учраас  аз жаргалын дээдийн дээд хэлбэр юм. Харин материаллаг төгс төгөлдөр эсвэл өөрийгөө Брахмантай адилтгаснаар олж амсаж эдэлдэг аз жаргал түр зуурын байдаг учраас доод хэлбэрийн аз жаргал. Материаллаг аз жаргалаа хүн хэзээ л бол хэзээ  алдаж байж мэднэ. Өөрийгөө бодьгал бус Брахмантай адилтгаснаар хүрдэг бурханлаг аз жаргалын түвшингээсээ ч гэсэн мөн унаж байж болно.

            Өөрийгөө бараг ухаарсан сүнснүүд хийгээд маш өндөр боловсролтой хүмүүс болох майавади-гийн аугаа саннйаси нар (имперсоналистууд) хүртэл улс төр болон  өглөг тусламжийн үйлэнд зүтгэж эхлэх явдал гардаг. Үүний учир шалтгаан нь, бодьгал бус Брахманыг таньж мэдсэнээр тэд дээдийн дээд трансцендент аз жаргалд хүрээгүйд оршдог бөгөөд иймээс  тэд материаллаг түвшин рүү  доройтон унаж материаллаг үйлэнд дахин зүтгэхээс өөр аргагүй байдалд ордог. Ялангуяа Энэтхэгт, майавади-саннйаси нар уналт доройтолд хэрхэн орон материаллаг түвшин рүү дахин бууж ирсэн тухай маш олон жишээ  байдаг. Харин Кришнагийн ухамсарт бүрнээ оршин байгаа хүн  материаллаг түвшин рүү хэзээ ч дахин  буцдаггүй. Материаллаг өглөг буяны үйл ажиллагаа хичнээн ч дур булааж сэтгэл татам харагдаж, санагдаж  байсан ч Кришнагийн ухамсар дахь бурханлаг үйл ажиллагаатай  харьцуулах огтын аргагүй гэдгийг тэрээр мэддэг.

            Йогын төгс төгөлдөрт хүрэгчид ид шидийн найман төгс төгөлдөр чадвартай болдог. Анима-сиддхи— энэ бол чулуунд хүртэл нэвтэрч  орохоор тийм жижиг болдог чадвар. Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт нь  газар доогуур метроны шугам байгуулах, уулыг нүхлэн хонгил зам тавих гэх мэтийн боломжийг өгч байгаа болохоор мөн л чулуунд нэвтэрч  орох чадвартай. Тэгэхлээр, материаллаг шинжлэх ухаан нь  чулуунд нэвтэрч орох ид шидийн чадвар анима-сиддхи-д хэдийнээ хүрчихсэн байна. Үлдсэн бүх йога-сиддхи буюу ид шидийн төгс төгөлдөр байдлууд нь мөн л материаллаг чадварууд. Тухайлбал, йога-сиддхи-нүүдийн нэг нь агаарт хөвөх эсвэл усны гадаргуу дээгүүр гулгаж, явж болохоор  тийм хөнгөн болох чадвар. Орчин үеийн эрдэмтэд үүнд мөн л хүрсэн. Тэд агаараар нисэж, усны гадаргуу дээгүүр хөвөн, усан доогуур аялан байна.

            Энэ бүх йога-сиддхи-нүүдийг материаллаг ололт амжилтуудтай харьцуулах аваас материалист эрдэмтэд өмнөө мөн л адилхан зорилго тавьдаг гэдгийг харж болно. Тэгэхлээр, ид шидийн төгс төгөлдөр байдал болон материаллаг ололт амжилтын хооронд үндсэндээ ямар ч ялгаа байхгүй. Орчин үеийн шинжлэх ухаан нь йогын төгс төгөлдөр гэж нэрлэгддэг зүйлд  хэдийнээ хүрчихсэн, иймээс түүнийг судлах явдал өөрт нь ямар ч сонирхолгүй болсон хэмээн германы нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Тэрээр, хүн Бүхний Дээд Бурхантай холбогдсон мөнхийн харьцаагаа бхакти-йога, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн тусламжтайгаар яаж ухаарч болдгийг сурч мэдэхээр Энэтхэг явахуйц тийм оюунлаг нэгэн байсан.

            Орчин үеийн материалист эрдэмтэд ид шидийн бүхий л  төгс төгөлдөр байдалд хүрч чадаагүй гэдэг нь ойлгомжтой хэрэг. Жишээ нь, ид шидийн йогч нарны туяа цацрагийг ашиглан наран дээр хүрч очиж болдог. Энэхүү төгс төгөлдөр байдлыг лагхима гэж нэрлэдэг. Мөн йогч хуруугаа саранд хүргэж болдог. Орчин үеийн сансрын нисэгчид сар луу сансрын хөлгөөр нисдэг, гэхдээ энэ нь маш их  хүчин чармайлтын үнээр биелдэг. Тэгвэл ид шидийн төгс төгөлдөр чадварыг эзэмшсэн хүн хуруугаа саранд хүргэхийн тулд гараа сунгахад л хангалттай. Энэ сиддхи-г прапти (авах, ашиглах) гэж нэрлэдэг. Прапти-сиддхи нь  төгс төгөлдөрт хүрсэн ид шидийн йогч-д зөвхөн саранд хүрч шүргэх төдийгүй мөн гараа хаа ч хамаагүй, дуртай тийшээ хүссэн газраа хүртэл сунган тэндээс өөрт таалагдаж байгаа зүйлээ авах тийм боломжийг өгдөг. Тэрээр аль нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс мянга мянган километрийн алс  хол зайд оршин байж болох ч хэрвээ тэр хүсэх аваас тэндээс жимс авч чадна. Энэ бол прапти-сиддхи.

            Орчин үеийн эрдэмтэд энэ гариг—дэлхийн бага бус хэсгийг устгаж чадах цөмийн зэвсгийг бүтээсэн. Тэгвэл ишита гэж нэрлэгддэг йога-сиддхи-гийн тусламжтайгаар йогч бүхэл бүтэн гаригийг өөрийн хүслээр бүтээж эсвэл устгаж болдог. Өөр нэг төгс төгөлдөр чадварыг вашита гэж нэрлэдэг. Энэ чадвартай болсон йогч хэн дуртайгаа  өөрийн эрхшээл захиргаанд оруулж чадна. Энэ бол нэгэн төрлийн даван дийлшгүй гипноз буюу ховс юм. Вашита ид шидийн чадварыг бага зэрэг эзэмшсэн йогч олон нийтийн буюу хүмүүсийн дунд орон  элдэв зүйл ярин, тэдний ухаан бодлыг нь өөрийн захиргаанд оруулдаг, тэгээд энэ байдлыг ашиглан тэднийг шулж мөлжин мөнгийг нь аваад алга болчихдог явдал заримдаа гардаг.

            Ид шидийн бас өөр нэг төгс төгөлдөр байдлыг пракамйа (маги) гэж нэрлэдэг. Пракамйа хүчний тусламжтайгаар хүн хүсэж байгаа бүхэндээ хүрч  болно. Жишээ нь нүд рүүгээ ус оруулаад дараа нь нүднийхээ дотроос тэр усыг дахин гадагш гаргаж болно. Энэ бүх гайхалтай байдлууд нь зүгээр л йогчийн хүсэл тааллаар болж явагддаг.

            Ид шидийн дээдийн дээд төгс төгөлдөр байдлыг камавасайита гэж нэрлэдэг. Энэ нь мөн л маги, гэхдээ пракамйа-гийн тусламжтайгаар хүрч болох гайхалтай  үйлдэл нөлөөлөл, үр дүн нь байгалийн хуулиудын хүрээнээс цааш гардаггүй бол  камавасайита нь эдгээр хуулиудыг зөрчсөн эсрэг үйлдэл хийх буюу тэдгээрийг даван дийлэхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл боломжгүйг хийх боломжийг өгдөг. Иймэрхүү материалист-йогын төгс төгөлдөр байдлыг буюу чадварыг эзэмшсэнээр хүн  түр зуурын олон аз жаргалыг амсаж эдэлж чадна гэдэг нь эргэлзээгүй зүйл.

            Орчин үеийн материаллаг ололт дэвшлийн хуурмаг гял цал байдалд харалган бологсод нь Кришнагийн ухамсар бол алсын бодлогогүй, төдийлөн оюунлаг бус хүмүүст л зориулагдсан хэмээн ухвар мөчид байдлаар үздэг. “Би бол өөрийнхөө материаллаг элбэг дэлбэг тал дээр санаа тавьдаг, иймээс тэднээс хавьгүй илүү сайн байр сууринд оршин байгаа. Надад сайн орон байр, гэр бүл болон секс хийхэд боломжтой бүхэн байна.” хэмээн тэд боддог. Материаллаг элбэг дэлбэг байдлаа хэзээ л бол хэзээ  алдчихаж болно гэдгээ  ийм хүмүүс мэддэггүй. Харанхуй мунхагаасаа болоод тэд  жинхэнэ амьдрал бол мөнх гэдгийг ойлгодоггүй. Бие махбодид зориулагдсан түр зуурын тав тух бол амьдралын зорилго байж болохгүй бөгөөд хүмүүс материаллаг тав тухтай байдлын гял цалд татагдан харалган болдог нь  тэдний таг харанхуй мунхаг байдлаас л үүдэлтэй. Материаллаг шинжлэх ухааны ололт дэвшлийн гял цал байдал нь  хүнийг, би үнэн хэрэгтээ хэн бэ? гэдгийг нь мартуулдаг учраас биднийг тэнэг дүйнгэ болгодог гэж Шрила Бхактивинода Тхакур хэлсэн. Энэ нь хүмүүс бидний хувьд жинхэнэ хараал юм. Учир нь юу вэ гэвэл, хүмүүний амьдралын хэлбэр бол  материаллаг бузраас  ариусахад л зориулагдсан байдаг. Материаллаг шинжлэх ухааныг хөгжүүлснээр хүмүүс  энэхүү аюулт гай зовлонгоос аврагдах боломжоо алдан материаллаг оршихуйд улам бүр гүн гүнзгийгээр л уягдан орооцолддог.

            Нрисимхадева (Бурханы хагас арслан-хагас хүн хэлбэртэй хувилгаан дүр)-д хандан өргөсөн Бурханы аугаа чин бишрэлтэн Прахлада Махараджагийн залбирлыг Хари-бхакти-судходайа-д өгүүлдэг: “Ай хайрт Бурхан минь ээ, намайг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд батжин бэхжихийг болгоон соёрхохыг Таны бадамлянхуа өлмий доор дахин дахин мөргөн залбиран гуйя. Кришнагийн ухамсрын болон чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн аз жаргал нь өөрөө  хүнд шашин номын, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн, мэдрэхүйн таашаал ханамжийн бүхий л эрхэм зүйлийг болон тэр бүү хэл материаллаг оршихуйгаас ангижрах ангижралыг хүртэл давхар хүртээдэг учраас миний Кришнагийн ухамсар улам бүр гүн гүнзгий хийгээд улам бүр бат тогтвортой болоосой гэж л залбиран гуйж байна.”

            Кришнагийн ухамсар дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх аз жаргал нь бусад аз жаргалыг түүнтэй  харьцуулах ч аргагүй тийм трансцендент хийгээд хэмжээ хязгааргүй учраас  үнэн хэрэгтээ цэвэр ариун чин бишрэлтэн дээр өгүүлсэн үр шимүүдийн алины нь ч хойноос эрмэлзэн тэмүүлдэггүй, зорьж хөөцөлддөггүй. Кришнагийн ухамсар дахь аз жаргалын дуслын төдий нь хүртэл өөр бусад ямар ч үйл ажиллагааны амсуулж  эдлүүлж байж болох аз жаргалын бүхэл бүтэн далайгаас ч хавьгүй олон дахин давуутай буюу харьцуулах  ч аргагүй гэж ярьдаг. Иймээс цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг өөртөө өчүүхэн төдий ч гэсэн хэмжээгээр хөгжүүлж чадсан хүн шашин ном, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, мэдрэхүйн таашаал ханамж болон ангижралын өгөх аз жаргалаас  маш амархан татгалздаг.

            Бурхан Чаитанйагийн  Кхолавеча Шридхара нэртэй аугаа чин бишрэлтэн Навадвипа-д амьдардаг байсан. Тэр маш ядуу нэгэн байв. Тэрээр бананы навчаар хийсэн аяга худалдаалдаг байлаа. Тэр нь бараг ямар ч орлого оруулахгүй шахам, тийм хэдий ч  тэрээр олсон бага зэргийн мөнгөнийхөө талыг Ганга-д бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхэд зориулдаг байв. Харин үлдсэн хагасаар нь амьдралаа  яаж ийгээд л залгуулна. Нэгэн удаа Бурхан Чаитанйа энэхүү итгэлт чин бишрэлтэндээ Өөрийгөө нээн харуулсан ба хүсэн байгаа дурын баялгаа сонгохыг болгоон соёрхсон. Гэсэн ч тэрээр Бурханд, өөрт нь ямар ч материаллаг эд баялаг хэрэггүй бөгөөд  одоогийн байгаа байдалдаа  бүрнээ ханамжтай байна хэмээн хариу айлтгасан. Түүний хүссэн цорын ганц зүйл бол Бурхан Чаитанйад хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэх итгэл болон Түүний бадамлянхуа өлмийд бишрэх чин бишрэл байв. Цэвэр ариун чин бишрэлтэнгүүд ийм л байдаг. Чин бишрэлийн албандаа бүтэн хоногийн туршид үйлчлэн зүтгэж чадаж л байх аваас тэдэнд өөр илүү юу ч хэрэггүй. Тэр бүү хэл ангижрахын буюу Бүхний Дээдтэй нэгдэн нийлэхийн аз жаргал ч тэр хэрэггүй.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөр дээрээ бага зэргийн ч гэсэн  ахиц дэвшил гаргасан хүн  шашин ном, мэдрэхүйн таашаал ханамж, эдийн засгийн хөгжил цэцэглэл болон ангижралын таван хэлбэрийн амсуулж эдлүүлдэг аз жаргалыг огтхон ч сонирхохоо больдог гэж Нарада-панчаратра-д мөн өгүүлдэг. Шашин ном, эдийн засгийн хөгжил цэцэглэл, ангижрал эсвэл мэдрэхүйн таашаал ханамжийн авчрах аз жаргал нь ямар ч хэлбэртэй байлаа гэсэн цэвэр ариун чин бишрэлтэнгийн зүрхэнд орох гэж зориглож ч чадахгүй. Шашин ном, эдийн засгийн хөгжил цэцэглэл, мэдрэхүйн таашаал ханамж болон ангижралын хүнд өгдөг, амтлуулж эдлүүлдэг баяр хөөр нь Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх үйлчлэл зүтгэлийн хойноос, хатан хааны араас шадар шивэгчид болон хиа нар нь гүн хүндэтгэлтэйгээр бараа болон  явдаг шигээр дагаж байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр ариун чин бишрэлтэн ямар ч хэлбэрийн аз жаргалаар дутагдаж гачигддаггүй. Гэсэн ч тэрээр Кришнад үйлчлэн зүтгэхээс өөр юуг ч хүсдэггүй. Гэхдээ түүнд ямар нэгэн өөр хүсэл санамсаргүйгээр төрөх аваас түүнийг нь Бурхан, чин бишрэлтэн нь Өөрөөс нь энэ талаар гуйж хүсэхийг хүлээлгүйгээр биелүүлдэг.

Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол ховор.

 

            Бурханлаг амьдралын эхлэлийн үе шатанд өөрийгөө ухаарч танин мэдэхэд зориулагдсан тэвчил хатамжлал, гэмшил наманчлал болон эдгээртэй төстэй аргуудын янз бүрийн хэлбэрүүд байдаг. Гэхдээ эдгээр аргуудыг хэрэгжүүлэх явдал нь өөрөө  тухайн хүнийг (тэрээр материаллаг хүслүүдээсээ бүрнээ салж ангижирсан байлаа ч гэсэн) чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэх түвшинд дээшлүүлэн хүргэж чаддаггүй. Кришна чин бишрэлийн албандаа үйлчлэн зүтгэх соёрхлыг хэн дуртай бүхэнд хүртээдэггүй учраас  зөвхөн өөрийн хүч чадалдаа итгэж найдан чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хүрэх гэх нь мөн л магадлал муутай. Материаллаг аз жаргал, тэр бүү хэл ангижралыг хүртэл хүнд хүртээх нь Кришнад юу ч биш, маш амархан хэрэг. Гэхдээ л чин бишрэлийн алба үйлэнд нь үйлчлэн зүтгэх соёрхлыг Түүнээс хүртэх нь тийм ч хялбар хэрэг биш. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд зөвхөн цэвэр ариун чин бишрэлтэнгийн өршөөл нигүүлслээр л хүрч болдог. Чаитанйа-чаритамрита (Мадхйа 19.115)-д өгүүлсэнчлэн: “Чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэх түвшинд зөвхөн Бурханы цэвэр ариун чин бишрэлтэн— бурханлаг номын багшийн өршөөл нигүүлслээр болон Кришнагийн өршөөл нигүүлслээр л хүрч болдог. Өөр зам гэж үгүй.”

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл ховор тохиодог гэдэг талаар мөн тантра-шастра-д батлан өгүүлдэг. Тэнд Шива бурхан Сати-д ийн өгүүлдэг: “Хайрт Сати минь ээ, танин мэдэхүйн янз бүрийн аргуудыг шинжилж байгаа маш сайн философич нь ийн шинжилснээрээ материаллаг боолчлолоос чөлөөлөгдөж байж болох. Ведэд зөвлөсөн байдаг тахилга өргөлүүдийн тусламжтайгаар хүн  буян хураадаг ба үүнийхээ ачаар материаллаг элбэг дэлбэг, аятай таатай байдлыг бүхий л талаар нь таашаан ханамж эдэлдэг. Гэхдээ энэ  бүх оролдлого зүтгэл нь хүнийг Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд хүргэж чадах нь юу л бол.  Тэр бүү хэл тэрээр тэрхүү үйлчлэл зүтгэлд хүрэхээр олон олон мянган амьдралуудынхаа туршид эдгээр аргуудын тусламжтайгаар оролдож чармайж байсан ч тэр ялгаагүй түүнд хүрч чадах нь юу л бол.”

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хүрэхэд дан ганц хувийн хүчин чармайлт эсвэл дээд эх сурвалжуудын сургаал номлол бас хангалттай биш. Ийн хүрэхэд, материаллаг хүслийн бузраас бүрэн ангид чөлөөтэй байх цэвэр ариун чин бишрэлтэнгийн бадамлянхуа өлмийн тоосоор адислагдах нь зайлшгүй чухал гэж Прахлада Махараджа Шримад Бхагаватамд мөн батлан өгүүлдэг.

            Шримад Бхагаватамын тавдугаар дууллын (6.18)-д Нарада  Йудхиштхира хаанд ийн өгүүлдэг: “Ай хаан минь ээ, мөн Мукунда гэж нэрлэгддэг Бурхан Кришна бол Пандавчуудын болон Йадавчуудын байнгын ивээн хамгаалагч. Түүнээс гадна, Тэр бол чиний  бурханлаг номын багш хийгээд бүхий л талаар сургаал заавраа хайрлан хүртээдэг номлогч. Тэр бол чиний хувьд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг цорын ганц Бурхан. Тэр бол чамд маш хайртай, чиний хайрыг татдаг, мөн чиний хувийн болон гэр бүлийн чинь бүхий л үйл хэргүүдийг удирдан залдаг. Түүнээс гадна, Тэрээр заримдаа элч зарлага чинь болж чиний тушаалыг хүртэл биелүүлж гүйцэтгэдэг! Ай хаан минь ээ, чамд ямар амжилт, зол завшаан тохиогоо вэ? Бүхний Дээд Бурханаас та нарт хүртээн байгаа өршөөл нигүүлсийн талаар бусад нь бол тэр бүү хэл мөрөөдөж  ч чадахгүй, тийм биш гэж үү?” Энэ шүлгийн утга бол Бурхан ангижралыг бол амархан хүртээдэг, харин чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол Бурханыг Өөрийг нь хүртэл авч болдог үнэ цэнэ учраас  хэн нэгэн сүнсэнд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг хайрлан хүртээхийг Тэр ховор болгоон соёрхдог гэдэгт оршдог.

Бүхний Дээдтэй нэгдэн нийлэхийн аз жаргал.

 

            Брахмананда буюу  Бүхний Дээдтэй нэгдэн нийлэхүйн аз жаргалыг триллион дахин өсгөн нэмэгдүүлсэн байлаа  ч чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн далайн аз жаргалын өчүүхэн төдий хэсэгтэй ч харьцуулж зүйрлүүлшгүй хэвээр  гэж Шрила Рупа Госвами өгүүлж байна.

            Хари-бхакти-судходайа-д, Прахлада Махараджа Нрисимхадева Бурханд хандан өргөсөн залбирлуудын нэгэндээ ийн өгүүлдэг: “Ай орчлонгийн Эзэн минь ээ, Таныг залран байгаад би трансцендент  цэнгэл жаргалыг мэдэрч, аз жаргалын далайд умбаж байна. Баяр жаргалын энэхүү далайтай брахмананда-гийн аз жаргалыг харьцуулах аваас тэрээр үнээний турууны мөрний хонхорт тогтсон шалбааг уснаас илүүгүй юм байна гэдгийг би одоо ойлголоо.” Шримад Бхагаватамд хийсэн Шридхара Свамигийн тайлбар болох Бхавартха-дипика-д мөн үүнтэй төстэй баталгаа байдаг: “Ай Бурхан минь ээ, Таныг чин бишрэх чин бишрэлийн рашааны далайд умбан байгаа хийгээд Таны өрнүүлсэн цэнгээн наадмуудын тухай яриа хүүрнэлийн рашааныг амтлан цэнгэн жаргаж байгаа аз жаргалтангууд нь шашин ном, эдийн засгийн хөгжил цэцэглэл, мэдрэхүйн таашаал ханамж болон ангижралаас амсаж эдэлдэг аз жаргалыг  үнэ цэнэгүйдүүлдэг экстазыг мэддэг нь эргэлзээгүй. Ийм трансцендент чин бишрэлтэнгүүд  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн аз жаргалаас бусад ямар ч аз жаргалыг гудамжинд хэвтэж байгаа сүрэл мэт хардаг.”

Цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэл Кришнаг татдаг.

 

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл Кришнаг хүртэл татдаг гэж  Шрила Рупа Госвами батлан өгүүлж байна. Кришна бүгдийг татдаг, тэгвэл чин бишрэлийн үйлчлэл зүтгэл тэр бүү хэл Түүнийг Өөрийг нь хүртэл татдаг. Хамгийн төгс төгөлдөр чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн биелэл бол Радхарани. Кришнаг Мадана-мохана гэж нэрлэдэг. Энэ нэр нь Тэрээр бусдыг Өөртөө татах байдлаараа  мянга мянган Купидонуудыг ч даван гардаг, илүүтэй гэсэн утгатай. Тэгвэл Радхарани Кришнаг хүртэл татах чадвартай  учраас бүр ч илүүтэйгээр дур булааж сэтгэл татам. Иймээс чин бишрэлтэнгүүд Түүнийг Мадана-мохана-мохани буюу хайрын бурханы дурыг булааж сэтгэлийг татагч Түүний дурыг булааж сэтгэлийг татагч нэрлэдэг.

            Чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэнэ гэдэг нь Радхаранигийн зам мөрийг дагана гэсэн үг бөгөөд Вриндаванагийн чин бишрэлтэнгүүд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийнхээ  төгс төгөлдөрт хүрэхийн тулд өөрсдийгөө Түүний хамгаалал халамжлалд даатган захируулдаг. Өөрөөр хэлбэл, чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол материаллаг үйл ажиллагаа биш, тэрээр Радхаранигийн шууд мэдэл дор байдаг. Бхагавад Гита-д батлан өгүүлсэнчлэн, махатма-гууд буюу аугаа сүнснүүд нь даиви пракрити, Кришнагийн дотоод эрчим буюу Радхаранигийн ивээл хамгаалал дор оршдог. Тэгэхлээр, чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь  Кришнагийн дотоод эрчмийн шууд мэдэл дор оршин байгаа учраас  Кришнаг хүртэл татах чадвартай байна.

            Үүнийг Кришна Өөрөө Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (14.20)-д батлан айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, чин бишрэлтэнгүүдийн маань чин бишрэлийн үйлчлэн зүтгэл Намайг өөр юутай ч зүйрлэхгүйгээр тэгж  их хүчтэй татдаг гэдгийг мэдэж ав. Ид шидийн йогыг  хэрэгжүүлснээр ч, философийн цэцэрхийлэлд автсанаар ч, тахилга өргөлийн зан үйлийг үйлдсэнээр ч, Веданта-г үзэж судалснаар ч, хүнд хэцүү тэвчил хатамжлалыг үйлдсэнээр ч, өгөөмөр арвин өглөгийг түгээснээр ч Намайг, Надад чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэснээр татдаг шиг тэгж маш ихээр татаж чаддаггүй. Үйлийн эдгээр хэлбэрүүдийг магтах нь зохистой гэдэг нь мэдээжийн хэрэг ч гэсэн тэдгээрийн аль нь ч Намайг Миний чин бишрэлтэнгүүдийн трансцендент хайр дүүрэн үйлчлэл зүтгэл шиг тэгж татдаггүй.”

            Чин бишрэлтэнгүүдийн нь үйлчлэл зүтгэл Кришнаг хэрхэн татдагийг Нарада Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (10.48-49)-д өгүүлдэг. Тэнд, Нарада Прахлада Махараджагийн эрхэм дээд шинж чанаруудыг шагшин  магтан буй Йудхиштхира хаанд ханддаг. Чин бишрэлтэнгүүд өөр бусад чин бишрэлтэнгүүдийн  үйлдлийг үргэлж шагшин магтацгаадаг. Махараджа Йудхиштхира Прахлада Махараджагийн шинж чанаруудыг шагшин магтсан. Энэ бол  цэвэр ариун чин бишрэлтэнгийн шинж чанаруудын нэг. Цэвэр ариун чин бишрэлтэн өөрийгөө аугаа гэж хэзээ ч үздэггүй. Тэд бусад чин бишрэлтэнгүүдийг үргэлж өөрөөсөө дээгүүр үздэг, тавьдаг. Хаан ийн бодож байлаа: “Прахлада Махараджа бол Бурханы жинхэнэ чин бишрэлтэн, харин би бол хэн ч биш.” Гэтэл энэ  бодлыг нь түүнд хандаж байгаа Нарада тасалсан: “Ай Йудхиштхира хаан минь ээ, бүхий л хорвоо даяар та нараас (ах дүү таван Пандавчууд) илүү зол завшаан тохиосон хэн ч үгүй билээ. Бүхний Дээд Бурхан Өөрөө энэ гариг дээр морилон буун  ирж илэрч тодрон та нартай эгэл жирийн хүн лугаа  харьцаж байна. Тэрээр та нараас салж холдолгүй, бүх нөхцөл байдалд та нартай хамт байж байна. Тэр Өөрийгөө бусад хүмүүсийн нүднээс нуун далдалж та нартай  амьдарч байна. Тэр бол Бүхний Дээд Бурхан гэдгийг өөр бусад нь ойлгож чадахгүй, харин тэгэхэд Тэр та нарын үеэл, найз нөхөр, тэр бүү хэл элчийн дүрд чинь  хүртэл тоглон та нартай хамт амьдарч байна. Иймээс энэ хорвоо ертөнц дахинд та нараас илүү аз жаргалтай өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэж ав.”

            Бхагавад Гита-д Кришна орчлонгийн дүрээ илрүүлж тодруулахад Арджуна Түүнд хандан ийн залбирдаг: “Ай Кришна минь ээ, би Таныг өөрийн үеэлээ гэж үзэж байсан, иймээс Таныг “Кришна” эсвэл “найзаа” гэж нэрлэж дуудан Танд зохих хүндэтгэлийг үзүүлдэггүй байсан байжээ. Үнэн хэрэгтээ Та бол, би Таны аугааг ч ойлгож чадахааргүйгээр тийм аугаа ажээ.” Пандавчууд ийм л эрхэм дээд хувь тавилан, байр суурьтай байсан: Аугаачуудын дундах хамгийн Аугаа, Бурханы Дээд Бодьгал Кришна эдгээр ах дүү хан хөвгүүдийн чин бишрэл, найз нөхөрлөл болон хайранд татагдан бүхий л цагаа тэдэнтэй хамт өнгөрүүлж байсан. Энэ бол чин бишрэлийн үйлчлэл  зүтгэлийн аугаа гэдгийн баталгаа, нотолгоо. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл Бурханы Дээд Бодьгалыг хүртэл татах чадвартай. Бурхан бол аугаа, тэгвэл чин бишрэлийн үйлчлэл зүтгэл Бурханыг Өөрийг нь хүртэл  татдаг учраас Бурханаас ч аугаа, Түүнээс ч давуутай. Чин бишрэлийн  алба үйлэнд үйлчлэн зүтгэдэггүй хүмүүс  Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхийн аугааг ойлгох хийгээд түүнийг зохих ёсоор үнэлэх боломжоо алддаг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Чин бишрэлийн эхний үе шатууд

 

            Бхакти-расамрита-синдху-д Шрила Рупа Госвами чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн 1)  дадлагажилтийн түвшин дэх зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэл, 2) экстазын түвшин дэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэл болон 3) Бурханыг  цэвэр ариун  хайраар хайрлах түвшин дэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэсэн гурван хэлбэрийг тодорхойлон өгүүлж байна. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эдгээр хэлбэрүүдийн нэг бүр нь дотроо олон янз төрөл. Ер нь бол дадлагажилтын түвшин дэх чин бишрэлийн зохицуулалт бүхий үйлчлэл зүтгэлийг хоёр төрөлд, экстазын түвшин дэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг дөрвөн төрөлд, харин  Бурханыг хайрлах цэвэр ариун хайрын түвшин дэх  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг зургаан төрөлд хуваан үздэг. Энэ бүх төрөл зүйлүүдийг Шрила Рупа Госвами хойно тодорхойлон өгүүлэх болно.

            Үүнтэй холбогдуулан Шрила Рупа Госвами, Кришнагийн ухамсрыг хүлээн авах, өөрөөр хэлбэл чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх чадвартай хүмүүсийг дур сонирхол, авьяасынх нь дагуу ангилахыг санал болгож байна. Энэ амьдрал дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол  өнгөрсөн амьдралуудынхаа аль нэгэнд эхлүүлсэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үйл явцын үргэлжлэл юм гэж тэрээр өгүүлж байна. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлтэй урьд өмнө огт холбогдож байгаагүй хүн бол  энэ зам мөрт хандан орж чаддаггүй. Жишээ нь энэ амьдралдаа би чин бишрэлийн албанд хандан үйлчлэн зүтгэхэд дадлагажин тодорхой түвшинд хүрлээ гэж үзье. Хэдийгээр би бүрэн төгс төгөлдөрт хүрч чадаагүй байсан ч  хүрсэн бүгд маань надтай хамт үлддэг. Дараагийн амьдралдаа би үйлчлэл зүтгэлээ энэ амьдралдаа хүрсэн тэрхүү түвшингээсээ эхлэнэ. Иймд чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол тасралтгүй үйл явц юм. Гэхдээ, хүн урьд өмнө чин бишрэлийн үйлчлэл зүтгэлтэй ямар ч холбоо хамаагүй байсан байлаа ч  цэвэр ариун чин бишрэлтэнгийн сургаал номлолыг цэвэр тохиолдлоор сонирхох аваас мөн энэ зам мөрт орж чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ хөгжил дэвшил гаргаж чадна. Харин ямар ч байлаа гэсэн, Бхагавад Гита болон Шримад Бхагаватам шиг тийм номуудыг үзэж судлах төрөлхийн дур авьяас бүхий хүн  ухаан бодлын цэцэрхийлэлтэй зууралдах хийгээд логик дүгнэлт хийх зуршилтай хүмүүсийг бодвол чин бишрэлийн албанд хандан үйлчлэн зүтгэх нь амар хялбар байдаг.

            Үүнийг өнгөрсөн үеийн эх сурвалж олон мэргэдийн хэлж өгүүлсэн зүйлс баталж нотолдог. Тэд бүгдээрээ нэг зүйл дээр санаа нэг байдаг: Хүн өөрийн ухаанаар учирлан дүгнэж гаргасан буюу логик дүгнэлт болон шийдвэрийн үндсэн дээр  бүрэлдэн бий болсон тодорхой үнэмшил, үзлээ удирдлага болгон байж болох ч логик дүгнэлт хийх  талдаа илүү хүчтэй өөр нэг хүн гарч ирээд түүний энэ бүх дүгнэлтүүдийг үгүйсгэчихээд өөр шинэ дүгнэлтээр сольчихдог. Тэгэхлээр логик дүгнэлтийн тусламжтайгаар эцсийн дүгнэлтэнд хүрэх огтын боломжгүй байна. Энэ л учраас эх сурвалжуудын зам мөрийг дагахыг Шримад Бхагаватам зөвлөдөг.

            Одоо Шри Рупа Госвами Бхакти-расамрита-синдху-д чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн талаар ерөнхийдөө юу гэж тодорхойлон өгүүлснийг авч үзэцгээе. Дээр өгүүлсэнчлэн, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг  дадлагажих түвшин дэх зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэл, экстазын түвшин дэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэл, Бурханыг хайрлах цэвэр ариун хайрын түвшин дэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэсэн гурван ангид хуваан үздэг. Одоо эндээс эхлээд Шри Рупа Госвами  дадлагажилтын түвшин дэх зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн талаар тодорхойлон өгүүлж байна.

            Дадах, дадлага хийх  гэж  хүний мэдрэхүй тодорхой нэгэн хэлбэрийн үйл ажиллагаанд зүтгэхийг, тийм үйл ажиллагааг хийж үйлдэхийг хэлдэг. Үүнээс үзэхэд дадлагажилтын түвшин дэх зохицуулалт бүхий  чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол  бид мэдрэхүйнүүдээ Кришнад  үйлчлэн зүтгэхэд ашиглах явдал юм. Мэдрэхүйнүүдийн маань зарим нь мэдлэг хүртэхэд, харин өөр бусад нь бодол, сэтгэл хөдлөл болон хүслүүд дээр үндэслэгдсэн бидний шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, гүйцэтгэхэд зориулагдсан байдаг. Тэгэхлээр дадлага хийх гэдэг бол  ухаан болон мэдрэхүйнүүдээ зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд нэгэн зэрэг оролцуулах явдал юм. Гэхдээ энэхүү дадлагын зорилго нь өөртөө  бидний мөн чанарт харь ямар нэгэн зүйлийг хөгжүүлэхэд оршдоггүй. Хөлд орон явахад суралцаж байгаа хүүхдийг жишээ болгон авч үзье. Энэ бол мөн л дадлага хийж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь, жам ёсны байдлынхаа эсрэг, зохиомлоор явж алхана гэсэн үг биш. Явах чадвар хүүхдэд угийн байдаг төрөлхийн заяагдмал зүйл бөгөөд зүгээр л явдаг болохын тулд  бага зэргийн дадлага  хийх нь л түүнд хангалттай. Үүн лугаа, Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх явдал бол амьд оршнол бүрийн төрөлхийн, жам ёсны хэрэгцээ. Тэр бүү хэл соёл иргэншлийн доод түвшний, зэрлэг бүдүүлэг хүмүүс хүртэл байгалийн гайхалтай, хачин жигтэй үзэгдлүүдийг хараад хөсөр унан залбирч мөргөдөг. Энэ бүгдийн цаана ямар нэгэн дээд хүч байна гэдгийг тэд ойлгодог. Тэгэхлээр дээд хүч оршин байдаг гэдэг энэхүү ухамсар амьд оршнол бүрт байдаг. Харин амьд оршнол материар бузартсан байх аваас  түүний энэ ухамсар нь үүрэглэж зүүрмэглэсэн төлөв байдалтай болсон байдаг. Энэ ухамсрын цэвэр ариун хэлбэрийг Кришнагийн ухамсар гэж нэрлэдэг.

            Дотооддоо үүрэглэж зүүрмэглэн байгаа, Кришнаг хайрлах хайрын ухамсраа сэрээхийн тулд  ухаан болон мэдрэхүйгээ хэрхэн яаж зүтгүүлэхийг заасан тодорхой аргуудыг Ведийн бүтээлд  өгүүлсэн байдаг. Энэ нь бага зэргийн дадлага сургуулилт хийсний дараагаар явах чадвар нь  хүүхдэд сэргэдгийг санагдуулам. Алхах явах төрөлхийн авьяас чадвар байдаггүй л бол ямар ч дадлага сургуулилт хийсэн байлаа гэсэн алхаж явж чадахгүй. Үүн лугаа, Кришнагийн ухамсар нь зөвхөн дан ганц дадлага сургуулилтын үр дүн байж мөн чадахгүй билээ. Ийм дадлага сургуулилт гэж байдаггүй. Гэхдээ чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх төрөлхийн чадвараа хөгжүүлэхийг хүсэгчдэд зориулсан тодорхой аргууд байдаг бөгөөд тэдгээрийг хүлээн авч дагаж баримтлан хэрэгжүүлэх аваас  энэхүү үүрэглэж зүүрмэглэн байгаа чадвар сэргэнэ. Үйлчлэл зүтгэлийн ийм дадлагыг садхана-бхакти гэж нэрлэдэг.

            Материаллаг эрчмийн илбэнд орж автсан амьд оршнол бүр түүний хувьд жам ёсны бус болох ухаангүй болсон, галзуурч солиорсон тийм төлөв байдалд оршиж байдаг. Шримад Бхагаватамд өгүүлсэнчлэн, болзолдож нөхцөлдсөн сүнснүүд өөрт нь зовлон бэрхшээл учруулах хийгээд өөрийг нь боолчлох үйлтэй л байнгад зууралдан хөөцөлдөж байдаг учраас ер нь бол ухаангүй, галзуу солиотой юм. Анхдагч төлөв байдалдаа бол  бурханлаг сүнс нь  баяр хөөрөөр дүүрэн, цэнгэл жаргалаар дүүрэн, мөнх бөгөөд мэдлэгээр дүүрэн. Тэрээр зөвхөн материаллаг үйл ажиллагаатай холбогдон орооцолдсоныхоо уршгаар л зовлон шаналалаар дүүрэн, үхэлд өртдөг болон мунхаглалаар дүүрэн ийм төлөв байдалд орсон хэрэг. Энэ бол викарма-гийн үр дагавар буюу хор уршиг. Викарма гэдэг үг нь “хийж үйлдэх ёсгүй үйл” гэсэн утгатай. Иймээс бид садхана-бхакти-д дадлагажих ёстой. Энэ нь мангала-арати-д (Сүмд залсан Бурхан-Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх), материаллаг үйл ажиллагааны тодорхой төрлүүдээс татгалзах, бурханлаг номын багшдаа бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх болон энэ номонд цаашдаа  дэс дараалан авч үзэх өөр бусад дүрэм журмууд хийгээд хорио цээрүүдийг дагаж мөрдөх ёстой гэсэн үг. Амьд оршнолыг ухаан солиорсон, галзуурсан байдлаасаа салан эдгэрэхэд ийм дадлага туслана. Сэтгэл зүйчийн заавар зөвлөгөөг даган баримталснаар сэтгэл мэдрэлийн өвчнөөс салан ангижирдаг шигээр  садхана-бхакти-г даган хэрэгжүүлэх явдал нь болзолдож  нөхцөлдсөн сүнсийг материаллаг хий хуурмаг байдал буюу майа-гийн ид шидийн илбэнд орсны уршгаар ухаан солиотой болгосон тэрхүү галзуу өвчнөөс анагаан эдгээдэг.

            Нарада Муни Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (1.32)-т энэхүү садхана-бхакти-г дурьдсан байдаг. Энэ шүлэгт тэрээр Йудхиштхира хаанд хандан ийн хэлдэг: “Ай эрхэм хаан минь ээ, хүн ухаанаа бүхий л аргаар Кришнад төвлөрүүлэх хэрэгтэй.” Үүнийг Кришнагийн ухамсар гэж нэрлэдэг. Бурханлаг номын багш, ачарйагийн  үүрэг бол ухаанаа Кришнад төвлөрүүлэх арга замыг шавьдаа зориулан тодорхойлж өгөх явдал. Эндээс л садхана-бхакти эхэлдэг.

            Энэ зорилгоор Шри Чаитанйа Махапрабху бидэнд эх сурвалж хөтөлбөрийг хайрлан хүртээсэн бөгөөд энэ хөтөлбөрийн гол ноён нуруу нь Харе Кришна мантра-г давтан унших явдал. Энэхүү мантра-г давтан унших үйл нь  Кришнад татагдах дурлан татагдлыг дорхноо сэргээдэг тийм хүчийг агуулдаг. Энэ бол садхана-бхакти-гийн эхлэл. Хүн ухаанаа Кришнад ямар нэгэн байдлаар төвлөрүүлэх ёстой. Аугаа ариун гэгээнтэн Амбариша Махараджад үүрч тээж байгаа хаан хүний  өндөр их үүрэг хариуцлагууд  нь ухаанаа Кришнад төвлөрүүлэхэд нь саад болж байгаагүй. Ухаанаа энэхүү аргын тусламжтайгаар төвлөрүүлэхийг оролдож байгаа хүн бүр  мөн түүн лугаа  дотооддоо Кришнагийн анхдагч ухамсраа маш хурдан сэргээж чадна.

            Садхана-бхакти-г, өөрөөр хэлбэл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн дадлагажилтыг хоёр түвшинд хувааж болдог. Эхний түвшинг зохицуулах зарчмуудыг даган баримтлахад үндэслэж тулгуурласан үйлчлэл зүтгэл гэж нэрлэдэг. Энэ түвшинд чин бишрэлтэн эх сурвалж бичээсүүдийн болон бурханлаг номын багшийнхаа өгсөн заавруудыг бүгдийг нь ямар ч шалтгаан заалгүйгээр биелүүлэнгээ зохицуулах зарчмуудыг даган баримтлах хэрэгтэй. Үүнийг ваидхи буюу “зохицуулагдсан” гэж нэрлэдэг. Энэ бүх заавруудыг чин бишрэлтэн ямар ч татгалзалгүйгээр үг дуугүй биелүүлэх ёстой. Садхана-бхакти-гийн хоёр дахь түвшинг рагануга гэж нэрлэдэг. Рагануга нь зохицуулах зарчмуудыг баримталж байгаа хүн өөртөө Кришнад татагдах дурлан татагдлыг бага зэрэг хөгжүүлсэн хийгээд чин бишрэлийн албанд Түүнийг хайрлах хайрынхаа улмаас үйлчлэн зүтгэж эхлэх тэр үеэс эхэлдэг. Жишээ нь, чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэж байгаа хүн өглөө эрт босох болон сүмд залсан Бурхан-Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийн нэг хэлбэр болох арати-г хийх заавартай байдаг. Эхлэлийн үе шатандаа бол тэрээр бурханлаг номын багшийнхаа зааврыг биелүүлэхээр л эрт босож, арати-г  хийж үйлддэг, харин хожим нь түүнд энэ явдалдаа чин сэтгэлээсээ, жинхэнээсээ дурлан татагдах  татагдал аажмаар хөгждөг. Тэгсэн цагт тэрээр өөрөө аяндаа  л Бурханы мурти-г чимэглэх, Түүнд гоё сайхан хувцас өмсгөл өмсгөхийг чармайдаг, мөн Түүнд  яаж илүү сайн үйлчлэн зүтгэх вэ? гэдэг талаар цаг үргэлж  боддог болчихдог. Энэ түвшин дэх үйлчлэл зүтгэл нь садхана-бхакти-д, зохицуулалт бүхий дадлагад  хамаарагдсан хэвээр байдаг боловч энэхүү хайрын үйлчлэл зүтгэл нь цаанаасаа аяндаа  өөрөө төрөн гарч байгаа хүсэл санаагаар хийгдэж үйлдэгддэг, чин бишрэлтэн үүнийг дотоод өдөөлтөөрөө хийж үйлддэг. Чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх дадлага нь ийнхүү зохицуулагдсан болон цаанаасаа өөрөө аяндаа төрөх  гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

            Чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх дадлагын эхний үе шат ваидхи-бхакти-г Рупа Госвами ийн тодорхойлж байна: “Ваидхи-бхакти бол Бурханд татагдах дурлан татагдал байхгүй эсвэл Түүнд хайртайгаар үйлчлэн зүтгэх дотоод  өдөөлт, хүсэл төрөөгүй хийгээд зөвхөн бурханлаг номын багшийнхаа таалал эсвэл ариун гэгээн бичээсүүдийн заавруудыг биелүүлэх үүднээс л үүрэг хүлээсэн сэтгэл, мэдрэмжээсээ хийж үйлдэж байгаа үйлчлэл зүтгэл.” Ваидхи-бхактийн зарчмуудыг Шримад Бхагаватамын хоёрдугаар дууллын (1.5)-д мөн тодорхойлон өгүүлсэн байдаг. Тэнд Шукадева Госвами үхлийн босгон дээр тулж ирээд байгаа Махараджа Парикшит-д сургаал номлолоо хүртээдэг. Махараджа Парикшит үхэхээсээ нэг долоо хоногийн өмнө Шукадева Госвамитай учирдаг. Тэрээр үхэх хүртлээ үлдсэн цаг хугацаагаа юунд зориулах болон юу хийх ёстойгоо мэдэхгүй байв. Өөр бусад олон мэргэд ч түүн дээр мөн л ирсэн байсан боловч тэдний хэн нь ч түүнийг зөв зам руу хандуулж чиглүүлж чадахгүй байлаа. Зөвхөн Шукадева Госвами л зөв зөвлөгөөг өгч чадсан: “Ай хаан минь ээ, та долоо хоногийн дараа ирэх үхэлтэйгээ айдас хүйдэсгүйгээр (үхэх агшин хэн бүхнийг айдас хүйдэс нөмрөн авдаг учраас) учрахыг хүсэж байгаа бол нэн даруй Бурханы тухай  сонсож, Бурханы нэрийг магтан дуулж, Түүний талаар байнгад санаж бодож эхлэх ёстой.” Харе Кришна-г давтан уншиж, сонсож мөн Бурхан Кришнагийн талаар үргэлж санаж бодож  байх аваас хэзээ л бол хэзээ ирж мэдэх үхлээс айхаа болино.

            Кришна бол  Бурханы Дээд Бодьгал гэж Шукадева Госвами энэ шүлэгт батлан өгүүлж байна. Иймээс тэрээр Кришнагийн тухай яриа хүүрнэлийг байнгад сонсож байхыг бүгдэд зөвлөж байна. Сахиулсан тэнгэрүүдийн үйлүүдийн талаар сонсох болон тэднийг магтан дуулахыг тэр зөвлөөгүй. Хэний нэрийг давтан хэлж уншиж байгаа нь чухал биш, тэр нь  Кришна юу эсвэл ямар нэгэн сахиулсан тэнгэр үү гэдэг нь ялгаагүй,  үр дүн нь нэг адил гэж майавади нар (имперсоналистууд) ярьцгаадаг. Гэхдээ энэ нь үнэнд нийцдэггүй. Шримад Бхагаватамд  өгүүлж байгаа Шукадева  Госвамигийн эх сурвалж  санал бодлын дагуу бол зөвхөн Бурхан Вишну (Кришна)-гийн талаар сонсох болон зөвхөн Түүний нэрийг л давтан унших хэрэгтэй.

            Ийнхүү үхлийн айдсаас салж ангижрахын тулд ямар ч тохиолдолд Бурханы Дээд Бодьгал— Кришнагийн талаар сонсох, Түүний нэрийг давтан унших болон Түүний талаар санаж бодох хэрэгтэй гэж Шукадева Госвами Махараджа Парикшит-д хэлж байна. Мөн, Бурханы Дээд Бодьгал бол сарватма гэж тэр батлан хэлдэг. Сарватма гэдэг үг “хэн бүрийн Дээд Сүнс” гэсэн утгатай. Түүнээс гадна, энэ шүлэгт Кришнаг ишвара буюу бүхий л амьд оршнолуудын зүрхнээ залран байдаг дээд Эзэн захирагч  гэж нэрлэдэг. Иймээс, Кришнад татагдах дурлан татагдлыг дотооддоо ямар нэгэн байдлаар төрүүлж хөгжүүлэх аваас  Тэр биднийг бүхий л аюулаас хамгаалах болно. Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, Бурханы чин бишрэлтэн болсон хүн ялагдах, дийлдэхийг мэддэггүй. Бусад нь бүгдээрээ алхам тутамдаа ялагдалтай учирч байдаг. “Ялагдал” гэдэг нь хүмүүний амьдралын хэлбэрийг аван төрсөн байгаа амьд оршнол  өөрт тохиосон байсан аз завшаантай “алтан боломжоо” алдан төрөлт болон үхлийн торноос мултран гарахгүй  байна гэсэн үг. Ийм хүн байгалийн хууль өөрийг нь хааш нь хаяж чулуудахыг мэддэггүй.

            Хүний амьдралын хэлбэрийг авсан байгаа амьд оршнол  Кришнагийн ухамсрыг өөртөө хөгжүүлээгүй  байна гэж үзье. Тэгвэл тэрээр 8 сая 400 мянган амьдралын хэлбэрийг өөртөө багтаан агуулдаг төрөлт болон үхлийн эргэлдэх хүрдэнд дахин унах бөгөөд түүний бурханлаг мөн чанар илэрч тодролгүйгээр үлдэх болно. Амьдралын хэлбэрийн тоо маш их  учраас  ийм оршнол дараагийн амьдралдаа  хэн болохоо буюу  ургамал, амьтан, шувуу эсвэл өөр юу болохоо мэддэггүй. Иймээс, Кришнагийн анхдагч ухамсраа сэргээхийн тулд  ухаанаа ямар ч үнээр хамаагүй Кришна дээр төвлөрүүлэх ёстой, тэгснээрээ  үхлээс айх айдаснаасаа салан ангижрана гэж Рупа Госвами бидэнд зөвлөж байна. Бид байгалийн хуулиудын эрхшээл захиргаан дор бүрнээ оршин байдаг учраас  үхлийн дараагаар хаашаа одохоо мэддэггүй. Зөвхөн Бурханы Дээд Бодьгал Кришна л эдгээр хуулиудыг захирдаг. Иймээс Кришнагийн ивээл хамгааллыг үг дуугүй хүлээн авснаар бид төрөлт болон үхлийн  хүрдэнд дахин унах айдсаас салан ангижрана.  Чин үнэнч чин бишрэлтэн Кришнагийн залран байгаа оронд хүрч очих нь баталгаатай. Үүнийг Бхагавад Гита-д баталдаг.

            Мөн адил зөвлөгөөг Падма-пурана бидэнд өгдөг. Бурхан Вишнугийн талаар байнгад санаж бодох ёстой гэж тэнд өгүүлдэг. Вишну Бурханы талаар байнгад санаж бодохыг дхйана буюу бясалгал гэж нэрлэдэг. Тэнд өгүүлсэнчлэн, бясалгах үйл явцад ухаан Вишнуд төвлөрсөн байх ёстой. Бясалгахдаа ухаанаа Вишнугийн дүрд байнгад төвлөрүүлэх болон Түүний тухай агшин зуурын төдий хугацаагаар ч мартахгүй байхыг Падма-пурана-д зөвлөдөг. Ухамсрын ийм төлөв байдлыг самадхи буюу транс гэж нэрлэдэг.

            Үйл ажиллагаа бүрээ бид Вишну (Кришна)-гийн талаар  байнгад санаж бодож байхаар тэгж зохион байгуулж байх ёстой. Энэ бол Кришнагийн ухамсар. Энэ үедээ ухаанаа Бурханы ямар дүрд төвлөрүүлэх нь чухал биш, дөрвөн мутартай Вишнугийн дүрд үү эсвэл хоёр мутартай Кришнагийн дүрд үү гэдэг нь ялгаагүй. Ямар ч нөхцөл байдалд байсан гэсэн Вишнугийн талаар марталгүйгээр Түүний тухай байнгад бодож байхыг Падма-пурана зөвлөж байна. Чухамдаа энэ бол хамгийн гол зохицуулах зарчим. Ямар нэгэн зүйлийг хий гэсэн  аливаа тушаал заавар нь  үүнийхээ зэрэгцээ ямар нэгэн үйл ажиллагааг хийхийг хорьсон хоригийг давхар агуулдаг. Кришнаг үргэлж санаж бодох ёстой гэсэн заавар нь Түүнийг хэзээ ч мартаж болохгүй гэсэн хорио юм. Бүхий л зохицуулах зарчмууд нь энэхүү энгийн тушаал заавар болон хорио цээр дээр нэгтгэгддэг.

            Энэхүү зохицуулах зарчим нь  бүх варна болон ашрамуудад буюу анги давхарга  болон амьдралын хэвшлүүдэд хэрэглэгдэж болохуйц. Хүний нийгэм нь  брахманууд (ариун гэгээнтэнгүүд болон оюунлаг хүмүүс), кшатрийа нар (цэрэг, улс төр, төр засгийн зүтгэлтэнгүүд), ваишйа нар (худалдаачид болон тариачид) болон  шудра нар (ажилчид болон албат зарц нар) гэсэн дөрвөн варна-д хуваагддаг. Мөн брахмачарйа (шавийн ёсны амьдрал), грихастха (гэр бүлийн амьдрал), ванапрастха (ажил хэргээсээ холдон хөндийрсөн амьдрал) болон саннйаса (ертөнцөөс огоорохуйн амьдрал) гэсэн дөрвөн ашрама  буюу амьдралын хэвшил байдаг. Зохицуулах зарчмууд нь зөвхөн брахмачари (цэвэр ариун байдлаа сахин хадгалах ам өчиг өгсөн шавь) нарт зориулагдсан байдаг юм биш. Тэдгээрийг зам мөрийнхөө дөнгөж эхэнд байгаа брахмачари байна уу эсвэл маш өндөр түвшинд хүрсэн саннйаси  байна уу, ялгаагүй бүгдээрээ даган баримтлах ёстой. Бурханы Дээд Бодьгалын талаар байнгад санаж бодох болон Түүнийг агшин зуурын төдийд ч гэсэн мартахгүй байх— энэ бол  хэн ч байсан ялгаагүй бүгдээрээ даган баримтлах ёстой зарчим.

            Энэхүү заавар хэрэгжин биелэгдэж байх аваас  бусад үлдсэн бүх дүрэм журам болон зохицуулах зарчмуудын зорилгод хүрсэн байна гэсэн үг. Үлдсэн бусад бүх дүрэм журам болон хорио цээрийг энэхүү  гол зарчмын туслагчид буюу албатууд гэж үзэх хэрэгтэй. Бүхий л дүрэм журам болон хорио цээрийн заавар заалтуудын гарал язгуур болон тэдгээрээс гарах үр дагавруудыг Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (5.2-3)-д тайлбарладаг. Сургаал номлолоо хүртээхээр  Нима хаан дээр ирдэг есөн мэргэдийн нэг Чамаса Муни түүнд хандан ийн өгүүлдэг: “Нийгмийн дөрвөн анги буюу брахманууд, кшатрийагууд, ваишйагууд  болон шудра нар нь Бүхний Дээд Бурханы орчлонгийн дүрийн янз бүрийн хэсгүүдээс үүссэн: брахманууд тэргүүнээс, кшатрийагууд мутраас, ваишйагууд бэлхүүснээс, шудрагууд хөлнөөс нь. Үүн лугаа саннйаси нар тэргүүнээс, ванапрастха нар мутраас, грихастха нар бэлхүүснээс, харин брахмачари нар хөлнөөс нь гарсан.”

            Нийгмийн ямар анги давхарга эсвэл бурханлаг хөгжлийн аль түвшинд харьяалагдах нь  тухайн хүний шинж чанараар тодорхойлогддог. Нийгмийн дөрвөн анги болон бурханлаг дөрвөн үе шатны тогтолцоог хүмүүсийн бодьгалын шинж  чанаруудад нийцүүлж тааруулан Бурхан Өөрөө бүтээсэн гэж Бхагавад Гита-д батлан өгүүлдэг. Бие махбодийн янз бүрийн эрхтэн хэсгүүд өөр өөр үүргийг гүйцэтгэдэг шигээр хүн өөрийнхөө шинж чанар болон бурханлаг хөгжлийн түвшингээсээ хамааран тодорхой  анги давхарга болон амьдралын хэвшилд  хамаарагдан тооцогдох бөгөөд өөрийн байр сууринд таарч нийцсэн үйл ажиллагаануудыг хийж эрхэлдэг. Гэхдээ эдгээр үйл ажиллагаануудын зорилго нь үргэлж нэг буюу  Бурханы Дээд Бодьгал байдаг. Үүнийг Бхагавад Гита-д мөн батлан өгүүлдэг: “Тэр бол дээдийн дээд Таашаан цэнгэгч.” Иймээс хүн  хэн ч байсан— брахмана  эсвэл кшатрийа  байна уу ялгаагүй үйл ажиллагаагаа Бүхний Дээд Бурханы таалалд нийцүүлэн Түүнийг цэнгүүлэх ёстой. Энэ талаар Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (2.13)-д мөн өгүүлдэг: “Бүгд өөрт оноогдсон үүргүүдээ биелүүлэх ёстой. Гэхдээ тухайн хүн өөрийн үүргүүдээ хир сайн биелүүлж байгааг Бурхан түүний үйл ажиллагаанд хир ханамжтай  байгаагаар хэмжих хэрэгтэй.” Хүн бүр өөрийн эзэлж байгаа байр сууриндаа таарч нийцсэн байдлаар хийж үйлдэх үүрэгтэй бөгөөд түүний үйл ажиллагаа нь нэг бол  Бурханы Дээд Бодьгалын таалалд нийцэж Түүнийг цэнгүүлнэ эсвэл тэр өөрийн байр сууриа алдана гэдэг нь эндээс харагдаж байна.

            Бурханы Дээд Бодьгалын тэргүүнээс төрсөн брахманы үүрэг нь тухайлбал, Ведийн трансцендент авиа— шабда-брахма-г номлох явдал. Брахмана нь тэргүүн буюу толгой учраас  тэрээр трансцендент дуу авиаг номлох  хийгээд Бүхний Дээд Бурханыг төлөөлж идэх ёстой. Брахмана хоол идэж байгаа үед  Бүхний  Дээд Бурхан түүгээр дамжуулан Өөрөө тэр хоолыг болгоон таалдаг гэж Ведэд ярьдаг. Гэхдээ энэ нь брахмана Бхагават Гита-гийн сургаалыг бүхий л дэлхий даяар номлон түгээн дэлгэрүүлэлгүйгээр Бурханыг төлөөлж зөвхөн идэх л ёстой гэсэн үг биш. Бхагавад Гита-гийн сургаалыг номлон түгээн дэлгэрүүлэгч нь Кришнад маш эрхэм гэж  Гита-д өөрт нь өгүүлдэг. Ийм номлогч бол  жинхэнэ  брахмана, иймээс түүнд зоог өргөснөөр бид Бүхний Дээд Бурханыг Өөрийг нь дайлж байгаа хэрэг болно.

            Тэгвэл кшатрийа нь хүмүүсийг майагийн дайралт довтолгооноос хамгаалах ёстой. Энэ бол түүний үүрэг. Кшатрийа хүний шилдэг үлгэр жишээ бол Махараджа Парикшит. Үнээ алахыг оролдож байсан хүнийг харангуутаа л тэрээр  Кали (материаллаг байгалийн эвдэн сүйтгэгч хүчний биелэл Каалии сахиулсан тэнгэртэй андуурч болохгүй) нэртэй хар бараан арьстай түүнийг хөнөөхөөр илдээ суга татан гаргадаг. Энэ бол кшатрийагийн үүрэг. Эгэл жирийн хүмүүсийг хамгаалахын төлөө хүч хэрэглэхийг Курукшетрагийн тулааны талбар дээр Бурхан Кришна Өөрөө Арджунад шууд тушаадаг талаар Бхагвад Гита-д өгүүлдэг.

            Ваишйа нарт хөдөө аж ахуйн бүтээгдхүүн үйлдвэрлэх, тэдгээрийгээ худалдаалах болон хуваарилж түгээх тийм ажил үйл оногддог. Харин брахмана, кшатрийа  болон ваишйа нар шиг тийм оюунлаг бус хийгээд иймээс нийгмийн дээд ангиуддаа биеийн хүчний ажил үйлээрээ туслахад зориулагдсан хүмүүс нь шудра буюу ажилчин ангид хамаарагддаг. Бурханлаг хөгжил дэвшилд хүрэхийн төлөөнөө  нийгмийн янз бүрийн анги давхаргууд нь  өөр хоорондоо ийнхүү  хамтран ажилцгаадаг. Нийгэмд ийм хамтын ажиллагаа байхгүй болох аваас түүний гишүүд нь  уналт доройтолд орж эхэлдэг. Энэ бол хэрүүл тэмцлийн цаг үе Кали юга дахь орчин үеийн нийгмийн байр байдал. Хэн ч өөрийнхөө үүргийг биелүүлдэггүй. Бүгд л өөрсдийгөө нэг бол брахмана (оюунлаг хүн) эсвэл кшатрийа (цэрэг эсвэл улс төр, төр засгийн зүтгэлтэн) хэмээн нэрлэцгээж бие биенийхээ өмнө бардамнан омгорхож, сагсуурцгаадаг. Үнэн хэрэгтээ бол эдгээр хүмүүс  нийгмийн бодьтой ямар  ч байр суурьгүй. Тэд Кришнаг ухамсарлаагүй болохоор Бурханы Дээд Бодьгалтай  огт холбогдоогүй. Иймээс л Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь хүн төрөлхтнийг, бүгдээрээ аз жаргалтай хийгээд хэн бүр өөртөө Кришнагийн ухамсрыг хөгжүүлэн ач тусыг нь хүртэж чадах тийм хэвийн төлөв байдалд нь оруулах зорилгыг өмнөө тавьсан байгаа.

            Шри Кришна Уддхавад сургаал номлолоо хүртээж байхдаа, хүн өөрийн варна болон ашрама-ийн заавар зөвлөгөөг дагаж биелүүлснээр Бурханы Дээд Бодьгалын таалалд нийцэн Түүнийг цэнгүүлдэг бөгөөд үүний үр дүнд нийгэм бүхэлдээ амьдралын шаардлагатай бүхнээр элбэг дэлбэг хийгээд хүндрэл бэрхшээлгүйгээр хангагддаг хэмээн айлддаг. Эцсийн дүндээ бол чухамхүү Бурханы Дээд Бодьгал л бусад бүх амьд оршнолуудыг хэрэгтэй бүхнээр  хангадаг. Бүх гишүүд нь өөрт оноогдсон үүргүүдээ биелүүлдэг хийгээд Кришнагийн ухамсарт оршдог байх аваас нийгэмд тайван амгалан байдал хийгээд аз жаргал ноёрхох болно гэдэг нь эргэлзээгүй. Тэгээд хүмүүст хэрэгтэй бүхэн нь бий болох аваас газар дэлхий бурханлаг орон-Вайкунтха болон хувирна. Хүмүүс Шримад Бхагаватамын заавруудыг даган баримталдаг хийгээд өөрсдийн үүргээ Кришнагийн ухамсарт биелүүлдэг байх аваас Бурханы оронд буцан очихоо хүлээлгүйгээр эндээ ч гэсэн аз жаргалтай байж чадна.

            Уддхавад хүртээсэн Шри Кришнагийн үүнтэй төстэй айлдвар сургаал Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (27.49)-д мөн байдаг: “Хайрт Уддхава минь ээ, хүн бүр л нэг бол ариун гэгээн бичээсүүдэд зааж зөвлөсөн байдаг эсвэл ердийн материаллаг— гээд ямар нэгэн үйл ажиллагааг эрхэлж, хийж үйлддэг. Хэрвээ тэд үйл ажиллагааныхаа эдгээр хэлбэрүүдийн аливаа үр дүнг Кришнагийн ухамсарт Надад зориулан өргөх аваас энэ ертөнцөд ч тэр, мөн дараагийн ертөнцөд ч тэр аз жаргалтай байх болно. Үүнд эргэлзээ байхгүй.” Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагаа нь хэн бүхний бүхий л хүслүүд биелэгдэхэд хүргэдэг гэдгийг Кришнагийн энэ айлдвараас харж болно.

            Тэгэхлээр, хүн өөрийгөө брахмана, кшатрийа, ваишйа эсвэл шудра, брахмачари, грихастха, ванапрастха эсвэл саннйаси гэж заавал нэрлэж, үзэхийн хэрэг байхгүй. Үүнд Кришнагийн ухамсрын хөдөлгөөний маргашгүй онцгой давуу тал оршдог. Хүн бүр одоо юу эрхэлж байгаагаа  цааш үргэлжлүүлэн эрхэлж, хийж үйлдэж болно. Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагааныхаа үр дүнгүүдийг  Бурхан Кришнад зориулахад л хангалттай. Ингэж байх нь дэлхий дахины байдлыг засан сайжруулах бөгөөд бүгд аз жаргалтай хийгээд амар амгалан болох болно. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг Нарада-панчаратра-д ийн тодорхойлон өгүүлдэг: “Ариун гэгээн бичээсүүдийн сайшаан зөвшөөрдөг хийгээд Бурханы Дээд Бодьгалыг цэнгүүлэх зорилготой аливаа үйл ажиллагааг ариун гэгээн багш нар  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчимд оруулан тооцдог. Бурханы Дээд Бодьгалд зориулсан үйлчлэл зүтгэлийн ийм үйлд бурханлаг номын багшийн удирдлага доор байнгад зүтгэж байгаа хүн Бурханд цэвэр ариун хайраар үйлчлэн зүтгэх түвшинд аажмаар дээшлэн хүрдэг.”

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Чин бишрэлийн албанд хэн үйлчлэн зүтгэж болох вэ?

 

            Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд бүрнээ автан байгаа аугаа сүнснүүд буюу махатма-гуудтай харьцах нь Шри Кришнагийн дур булааж сэтгэл татам байдлыг зарим нэгэн хэмжээгээр  мэдрэхэд нь хүнд тусалдаг. Энэ үедээ тэрээр кармын үйл ажиллагаа болон материаллаг мэдрэхүйн таашаал ханамжинд маш ихээр татагдсан хэвээр хийгээд огоорохуйн янз бүрийн хэлбэрт  хандахад бэлэн биш байж болно. Гэхдээ ийм хүн Кришнад гуйвалтгүйгээр дурлан татагдах аваас энэ нь түүнийг чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэхэд таарч тохирсон хүн болгодог.

            Цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцсанаар суурь нь тавигдсан Кришнагийн ухамсарт татагдах энэхүү  татагдал нь аугаа их зол завшаан, амжилт урагшийн тэмдэг. Зөвхөн хамгийн их зол завшаан, амжилт урагш тохиосон хүн л  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үрийг бурханлаг номын багш болон Кришнагийн өршөөл нигүүлслээр хүртдэг гэж  Бурхан Чаитанйа мөн батлан айлддаг. Үүнтэй холбогдуулан Бурхан Кришна Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (20.3)-т ийн айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, зөвхөн ер бусын ховор зол завшаан тохиосон хүн л Надад дурлан татагддаг. Тэр бүү хэл тэрээр кармын  үйл ажиллагаанаасаа бүрэн салж ангижраагүй хийгээд чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэхэд маш хүчтэйгээр дурлан татагдаагүй байсан байлаа ч түүний үйлчлэл зүтгэл нь үр дүнгээ хурднаар авчирдаг.”

            Чин бишрэлтэнгүүдийг гурван ангилалд хувааж болно. Нэгдүгээр буюу дээд ангиллын чин бишрэлтэн дараахь шинж чанаруудыг агуулдаг. Тэрээр бүхий л үндсэн бичээсүүдийг төгс төгөлдөр мэддэг хийгээд тэдгээр дээр үндэслэсэн учир баримтуудыг гаргаж чаддаг болсон байдаг. Мөн бичээсүүдийн дүгнэлтүүдийг нөхцөл байдал, учир шалтгаантай нийцүүлж зохилдуулан гайхалтайгаар дэвшүүлэн тавьж, илэрхийлэн гаргах хийгээд тодорхой нөхцөл байдал дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн арга замуудыг итгэл үнэмшилтэйгээр иш үндэстэй болгох чадвартай болдог. Тэрээр Кришнад  трансцендент хайраар үйлчлэн зүтгэхэд хүрэх явдал бол  амьдралын дээдийн дээд зорилго гэдэгт  гүн итгэл үнэмшилтэй болсон байдаг бөгөөд Кришна бол бишрэл хүндэтгэлийн болон хайрын цорын ганц объект гэдгийг мэддэг. Бүхий л дүрэм журам, зарчмуудыг нарийн чанд даган биелүүлэнгээ бурханлаг номын багшийн дэргэд суралцсан хийгээд түүнд  ариун гэгээн бичээсүүдэд заасан заавруудын дагуу чин үнэнээсээ захирагдаж, дуулгавартай сонсож байсан  чин бишрэлтэнгүүд нэгдүгээр ангид хамаарагддаг. Ийм хүн номлол хийх болон өөрөө бурханлаг номын багш байхад шаардлагатай бүхий л шинж чанаруудыг агуулдаг. Ийм хүнийг дээд ангиллын чин бишрэлтэн гэж үздэг. Ийм түвшний чин бишрэлтэн нь дээд эх сурвалжуудын тогтоосон зарчмуудыг огтхон ч зөрчдөггүй бөгөөд бичээсүүдийн учир утгыг логик болон баталгаа нотолгооны тусламжтайгаар гүн гүнзгий ойлгож хүртсэнээр тэдгээрт хэлбэрэлт гуйвалтгүйгээр бат итгэдэг. Логик болон баталгаа нотолгооны талаар ярьж байхдаа бид ариун гэгээн бичээсүүд дээр үндэслэж тулгуурласан логик болон  баталгаа нотолгоонуудын талаар л ярьдаг билээ. Дээд ангийн чин бишрэлтэн нь ухаан бодлын түвшний  философийн цэцэрхийллийн аргыг цаг хугацааг учир утгагүй хий дэмий үрсэн зүйл гэж үзэн түүнд ач холбогдол өгдөггүй буюу түүнийг үл сонирхдог. Өөрөөр хэлбэл, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрийн үнэнд, бодитой гэдэгт хэлбэрэлт гуйвалтгүй итгэж үнэмшсэн хүнийг дээд ангиллын чин бишрэлтэн гэж үзэж болно.

            Хоёрдугаар ангиллын чин бишрэлтэнгүүдийг дараахь  шинж чанаруудаар нь ялган таньж мэдэж болно. Тэрээр өөрийн байр суурь, үзэл бодлоо ариун гэгээн бичээсүүдийн гэрчилгээ нотолгоонуудаар баталгаажуулан учирлан хамгаалж үргэлж чадаад байдаггүй, гэхдээ тэр  зорилгодоо хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл хоёрдугаар ангиллын чин бишрэлтэн Кришнад чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх аргад бат итгэлтэй байдаг, гэхдээ эсрэг талтайгаа маргалдах үедээ заримдаа  шаардлагатай учир баримтыг илэрхийлэн гаргах болон өөрийн  үзэл бодол, байр сууриа ариун гэгээн бичээсүүдийн дүгнэлтүүдээр баталгаажуулж чадалгүй ялагдал хүлээх тохиолдол заримдаа гардаг. Гэсэн ч иймэрхүү явдал хүртэл  Кришнаг чин бишрэн  дээдийн дээд Шүтээн болгосон сонголтынхоо зөвд итгэх  түүний дотоод итгэл үнэмшлийг ганхуулж чадахгүй.

            Шинээр эхлэгч, өөрөөр хэлбэл гуравдугаар ангиллын чин бишрэлтэн бол өөрийн итгэлдээ  хараахан хангалттай баттай бишийн зэрэгцээ ариун гэгээн бичээсүүдийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрдөггүй буюу тодорхой таньж мэдээгүй тийм хүн юм. Шинээр эхлэгчийн итгэлийг өөр хэн нэгний хүчтэйгээр дэвшүүлж гаргасан учир баримт эсвэл татгалзал ганхуулж  мэднэ. Ариун гэгээн бичээсүүдээс баталгаа нотолгоо болон учир баримтуудыг мөн л гаргаж толилуулах чадваргүй хэдий ч  өөрийн зорилгодоо бат итгэлтэй байдаг хоёрдугаар ангиллын чин бишрэлтэнгүүдээс шинээр эхлэгч нь  тийм итгэлгүй байдгаараа ялгаатай. Иймээс  түүнийг шинээр эхлэж байгаа чин бишрэлтэн гэж нэрлэдэг.

            Шинээр эхлэж байгаа чин бишрэлтэнгүүдийн талаарх илүү нарийн ангиллыг Бхагавад Гита-д өгүүлдэг. Зовлон шаналалд нэрвэгдсэн, мөнгөний чухал хэрэгцээтэй болсон, сониуч болон цэцэн мэргэн гэсэн дөрвөн төрлийн хүмүүс өөрт  хангалтгүй, дутагдаж гачигдаж байгаагаа олох, хүртэх  гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Бурханд хандан чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэж эхэлдэг гэж тэнд өгүүлдэг. Тэд Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг газарт очин материаллаг зовлон бэрхшээлийг нь хөнгөвчилж, эдийн засгийн байдлыг нь сайжруулж эсвэл сониуч занг нь хангаж өгөхийг Түүнээс залбиран гуйдаг. Бурханы зөвхөн аугааг ухаарсан цэцэн мэргэн хүн мөн л шинээр эхлэгчдэд хамаарагддаг. Ийм шинээр эхлэгчид нь цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцах аваас  хоёрдугаар эсвэл тэр бүү хэл нэгдүгээр ангиллын чин бишрэлтэнгүүдийн түвшинд хүртэл дээшлэн хүрч чадна.

            Шинээр эхлэгчийн жишээ бол Дхрува Махараджа. Тэрээр эцгийнхээ захирдаг улс гүрнийг авахаар Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэдэг. Гэхдээ эцэстээ бүрэн ариуссанаар Бурханаас материаллаг адислал-шагнал хүртэхээс татгалздаг. Үүнтэй төстэйгээр, зовлон гачаалд орсон Гаджендра ивээл хамгаалал эрэн Кришнагаас залбиран гуйдаг бөгөөд ингэснээрээ тэр цэвэр ариун чин бишрэлтэн болсон. Санака, Санатана, Сананда болон Санат-кумар нар нь ариун гэгээн амьдралаар амьдардаг цэцэд мэргэдийн ангилалд хамаарагддаг байсан, тэднийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэл мөн л татсан. Үүнтэй адил явдал Шаунака Муни тэргүүтэй Наимишаранйа ойн мэргэдтэй бас л болж  тохиолдсон. Мэдэх гэсэн хүсэл, сониуч зандаа хөтлөгдсөн тэд Кришнагийн талаар олон асуултуудыг Сута Госвамид тавьсан. Ийнхүү тэд цэвэр ариун чин бишрэлтэнгийн хүрээлэлд орж түүнтэй харьцсанаар өөрсдөө цэвэр ариун чин бишрэлтэнгүүд болцгоосон. Энэ бол дэвжин дээшлэх зам мөр: хүн ямар ч нөхцөлд байсан гэсэн цэвэр ариун чин бишрэлтэнтэй учран харьцах зол завшаан тохиох аваас  тэрээр маш хурднаар хоёрдугаар эсвэл нэгдүгээр ангиллын чин бишрэлтэн болдог.

            Чин бишрэлтэнгүүдийн эдгээр дөрвөн төрлийн талаар Бхагавад Гита-гийн долоодугаар бүлэгт өгүүлдэг бөгөөд тэднийг бүгдийг нь ариун үйлт хүмүүс гэж үздэг. Ариун үйлтэн болоогүй байгаа цагтаа хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд ирж чаддаггүй. Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, удаан хугацааны туршид ариун үйлийг хийж үйлдсэн хийгээд амьдралд нь өнгөрсөн үеийнх нь нүглүүдийн үр дагавар нөлөө үзүүлэхээ больсон байгаа зөвхөн тийм хүн л Кришнагийн ухамсрыг хүлээн авдаг. Өөр хэн ч ингэх чадваргүй. Шинээр эхэлж байгаа чин бишрэлтэнгүүдийг зовлон шаналалд нэрвэгдэгсэд, мөнгө чухал хэрэгтэй бологсод, сониуч зантангууд болон цэцэд мэргэд хэмээн дөрвөн бүлэгт  хуваадаг явдал нь тэд ачтай буянтай үйл ажиллагаа хир их үйлдсэн бэ гэдгийнх нь  дагуу болж явагддаг. Ачтай буянтай үйл үйлддэггүй хүн хүнд хэцүү байдалд нэрвэгдэн агностик (ертөнцийг ойлгошгүй гэдэг үзэлтэн), эсвэл коммунист, эсвэл иймэрхүү төрлийн хэн нэгэн болдог. Бурханд итгэх бат итгэлгүй  ийм хүн Түүний оршихуйг бүрэн үгүйсгэчих аваас  байр байдлаа засан сайжруулж чадна гэж боддог.

            Бхагавад Гита-д Бурхан Кришна цааш үргэлжлүүлэн тайлбарладагчлан, цэцэн мэргэн хүн Түүнд дурлан татагдсан  байх аваас хариуд нь  материаллаг ямар ч зүйл хүсдэггүй учраас шинээр эхлэгч чин бишрэлтэнгүүдийн дөрвөн төрлөөс  цэцэд мэргэд Түүнд бүгдээс илүү эрхэм. Кришнад татагдсан цэцэн мэргэн хүн  Түүнээс хариуд нь юуг ч хүсэж хүлээдэггүй: өөрийн зовлон шаналалыг хөнгөрүүлэхийг ч, мөнгийг ч тэр. Энэ нь Кришнад татагдах түүний дурлан татагдал нь  бүр эхнээсээ л ямар нэгэн хэмжээгээр хайр дээр үндэслэдэг гэсэн үг. Түүнээс гадна өөрийн цэцэн мэргэн байдал болон ариун гэгээн бичээсүүдийн мэдлэгийн ачаар тэрээр Кришна бол Бурханы Дээд Бодьгал гэж ухаарах чадвартай болсон байдаг.

            Хүн олон олон төрөлтийн дараа үнэхээрийн цэцэн мэргэн болох аваас Кришна (Ваасудева) бол оршин байгаа бүгдийн эх булаг хийгээд бүх учир шалтгааны учир шалтгаан гэдгийг ойлгон Ваасудеваг чин бишрэн Түүнд өөрийгөө даатгадаг. Үүнийг ойлгосноороо тэр Кришнагийн бадамлянхуа өлмийд сөгдөн Түүнийг хайрлах хайранд аажмаар автдаг. Ийм хүн Кришнад бүгдээс эрхэм байдаг хэдий ч гэсэн  шинээр эхэлж байгаа бусад чин бишрэлтэнгүүдийг мөн л аугаа сүнснүүд гэж үздэг. Учир нь юу вэ гэвэл, зовж шаналж, эсвэл мөнгө хэрэгтэй байсан байлаа ч гэсэн тэд тусламж эрэн Кришнад хандсан билээ. Иймээс тэднийг чөлөөтэй, өргөн хүрээнд сэтгэгч хүмүүс буюу махатма-гууд гэж мөн л нэрлэдэг.

            Гйанйа-гийн түвшинд хүрээгүй буюу  цэцэн мэргэн болоогүй байгаа цагтаа хүн Бурханы Дээд Бодгалын чин бишрэлийн зарчмуудад итгэлтэй хэвээр байж чаддаггүй. Төдийлөн оюунлаг бус хүмүүс эсвэл майагийн  илбэнд орж автсанаар оюунаа алдсан хүмүүс нь байгалийн гунуудын нөлөөгөөр янз бүрийн сахиулсан тэнгэрүүдэд татагддаг. Өөрийгөө бие махбодь биш, харин бурханлаг сүнс  гэдгийг тов тодорхой ойлгосон хүнийг цэцэн мэргэн гэдэг. Бурханлаг мөн чанараа ухаарсан хийгээд Кришна бол дээдийн дээд бурханлаг Сүнс гэдгийг ойлгосон учраас  тэрээр бие махбодьтойгоо биш, харин Кришнатай ойр дотны харьцаанд байх ёстой гэдгийг мэддэг. Зовлон шаналал болон дутагдал гачигдал нь  материаллаг бие махбодид л хамаатай болохоор зовлон шаналалд нэрвэгдсэн болон мөнгө чухал хэрэгтэй болсон хүмүүс материаллаг  амьдралын  ойлголт, үзэл бодолтой байдаг хэрэг. Сониуч хүмүүс нь  зовлон шаналалд нэрвэгдсэн эсвэл мөнгөний чухал хэрэгцээтэй бологсдоос илүү дээд түвшинд оршдог, гэхдээ  тэрээр мөн л материаллаг түвшинд байдаг. Харин Кришнаг эрж хайж байгаа  цэцэн мэргэн хүн  өөрөө бол бурхандлаг сүнс, Брахман, харин Кришна бол дээдийн дээд бурханлаг Сүнс, Парабрахман гэдгийг төгс төгөлдөр байдлаар мэддэг. Захирагдсан байр суурьтай хийгээд хязгаарлагдмал сүнс бол  хязгааргүй дээдийн дээд Сүнс— Кришнатай үргэлж холбоотой байх ёстой гэдгийг тэр мэддэг. Энэ бол цэцэн мэргэн хүний Кришнатай холбогдсон харьцаа.

            Тэгэхлээр  бие махбодийн амьдралын үзэл бодол, ойлголт төсөөллөөсөө салан ангижирсан хүн  цэвэр ариун чин бишрэлийн  албанд үйлчлэн зүтгэж чаддаг. Мөн Бхагавад Гита-д батлан өгүүлсэнчлэн, Брахманыг ухааран бүхий л материаллаг зовиур түгшүүрээсээ салан ангижирсан хийгээд бүхий л амьд оршнолуудын нэгдмэл мөн чанарыг буюу амьд оршнол бүрийг ижил түвшинд харах чадвартай болсон зөвхөн тэр цагт нь л чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрд орох үүд хаалга хүнд нээгддэг.

            Дээр өгүүлсэнчлэн, материаллаг, бурханлаг болон чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн гэсэн  гурван төрлийн аз жаргал байдаг. Чин бишрэлийн үйлчлэл үйлчлэл болон түүнтэй холбогдсон аз жаргал нь материйн нөлөөн  оршин байгаа хүний хувьд хүршгүй зүйл. Материаллаг таашаал ханамж эдлэх гэсэн, мөн тэрчлэн Бүхний Дээдэд уусан нэгдэх гэсэн хүсэл нь  материаллаг амьдралын үзэл, ойлголт төсөөллөөс тулгагдан гардаг. Бурханы Дээд Бодьгалтай холбогдон хүрээлэлд нь орох болон Түүнтэй хайрын харьцаагаар харьцахын бурханлаг аз жаргалыг эрхэмлэн үнэлэх чадваргүй учраас  имперсоналистууд нь Бурхантай нэгдэх явдлыг эцсийн зорилгоо болгодог. Тэдний үзэл баримтлал нь ердөө л  материаллаг үзэл бодол, ойлголт төсөөллийн  логик үргэлжлэл. Материаллаг ертөнц дэх хэн бүр өөрийн хүрээлэл, найз нөхөд болон хөршүүдийнхээ дээр гарахыг оролддог, чармайдаг. Амьдралын талаар материаллаг үзэл бодол, ойлголт төсөөлөлтэй хүн өөрийн нийгэмлэг хүрээ, анги давхарга  эсвэл улс орондоо тэргүүлэх байр суурь эзлэхийг үргэлжид тэмүүлдэг. Дээш дэвшин гарах гэсэн энэхүү эрмэлзэл нь эцэс төгсгөлгүйгээр өсөн нэмэгдсээр бүгдийн Аугаа нь болох Бүхний Дээд Бурхантай нэг болох хүсэл болон хувирдаг. Энэ нь хэдийгээр бага зэрэг эрхэм дээд байж болох ч  үнэндээ бол мөн л материаллаг үзэл санаа, ойлголт төсөөлөл.

            Харин амьдралын тухай  төгс төгөлдөр бурханлаг үзэл баримтлал бол Бурханд трансцендент хайраар үйлчлэн зүтгэх үйлчлэл зүтгэлийг хүлээж авахад зайлшгүй чухал хэрэгтэй байдаг өөрийн анхдагч байдлын талаархи бүрэн дүүрэн мэдлэг юм. Хүн өөрөө бол эцэс төгсгөлтэй, харин Бурхан бол эцэс төгсгөлгүй гэдгийг ойлгох ёстой, иймээс үнэн хэрэгтээ бид яаж  ч хүсэж байлаа гэсэн Бурхантай нэг болох нь боломжгүй. Ингэх нь зүгээр л боломжгүй. Иймд бүр илүү дээд байр суурь (бурханлаг эсвэл материаллаг утгаараа) эзлэн мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэх гэсэн хүсэл эсвэл дур сонирхлыг өчүүхэн бага хэмжээгээр ч гэсэн агуулсан байгаа хэн бүр чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн жинхэнэ сайхан амтыг амсах боломжгүй. Иймээс Шрила Рупа Госвами дараахь зүйрлэлийг иш татаж байна, бхукти (материаллаг таашаал ханамж) эсвэл мукти (ангижрал)-г хүсэх нь шулмын хар ид шидийн эрхшээл дор оршин байгаагаас ялгаагүй, өөрцгүй,  аль ч тохиолдол нь байсан гэсэн ялгаагүй хүн хүсээд байхааргүй хүндрэл бэрхшээлтэй байдалд ордог. Бхукти гэж материаллаг таашаал ханамж эдлэх, харин мукти нь материаллаг зовиур, айдас хүйдэснээс ангижрах болон Бурхантай нэгдэх гэсэн утгатай.  Материаллаг таашаал ханамж  эдлэхийг эсвэл Бурхантай нэгдэх бурханлаг нэгдлийн хүслийг агуулсаар байгаа цагтаа хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн жинхэнэ трансцендент амтыг мэдрэх боломжгүй байдаг учраас ийм хүслүүдийг агуулан байх нь хий үзэгдэл эсвэл шулмын хорлолд орсноос өөрцгүй юм.

            Цэвэр ариун чин бишрэлтэн ангижралын тухай огтхон ч боддоггүй. Бурхан Чаитанйа Махапрабху Кришнад хандан ийн залбирдаг: “Ай Нандагийн хүү минь ээ, ямар ч хэлбэртэй байсан гэсэн материаллаг аз жаргал Надад хэрэггүй: Би олон дагалдагчдыг ч, хэмжээлшгүй их баялгийг ч, гоо сайхан эхнэрүүдийг ч хүсэхгүй байна. Надад, тэр бүү хэл материаллаг оршихуйгаас ангижрах ангижрал ч  хэрэггүй— Би дахин дахин төрөхийг ч  зөвшөөрч байна. Харин, Таныг бишрэх Миний чин бишрэл үргэлжид хэлбэрэлт гуйвалтгүй  байгаасай гэдэг л  Танаас гуйх Миний цорын ганц гуйлт.”

            Цэвэр ариун чин бишрэлтэнгийн анхаарал нь Бурханы дүр, шинж чанар, нэр, цэнгээн наадам болон Түүнтэй холбогдсон бүхнийг магтан алдаршуулах тал дээр  өөрт нь мукти-г сонирхох ямар ч сонирхол гарахааргүйгээр тэгж гүн төвлөрсөн байдаг. Шри Билвамангала Тхакур ийн өгүүлсэн байдаг: “Танд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэж байх үед, ай Бурхан минь ээ, Таны залран байгааг хаа сайгүй мэдрэхэд надад огтхон  ч төвөггүй байдаг. Ангижралын тухайд гэвэл тэрээр миний тушаалыг хүлээн үүд хаалганы минь дэргэд гуйж залбирсан байдалтайгаар алгаа хавсраад зогсож байдаг гэж би боддог.” Тэгэхлээр цэвэр ариун чин бишрэлтэнгүүд ангижрал болон бурханлаг чөлөөлөгдөлд онцгой ач холбогдол өгдөггүй.

            Үүнтэй холбогдуулан Шримад Бхагаватамын  гуравдугаар дууллын (25.36)-д Капиладева ээж Девахутидаа хандан ийн  айлддаг: “Хайрт ээж минь ээ, Миний цэвар ариун чин бишрэлтэнгүүд Миний гоо үзэсгэлэнт бие бялдар болон нүүр царайнд  дур булаагдаж сэтгэл татагдсан байдаг. Миний инээмсэглэл, Миний цэнгээн наадам болон Миний харц тэдний  хувьд, ухаан нь  Миний тухай бодолд үргэлж автан, амьдралаа бүхэлд нь Надад зориулж байхаар тийм сэтгэл татам хүчийг агуулдаг. Тэд өөрсдөө ангижралыг ч тэр, ямар ч хэлбэрийн аз жаргалыг ч тэр  хүсдэггүй ч гэсэн Би тэдэнд Өөрийн дээдийн дээд орондоо бараа бологсдынхоо дунд орох эрхийг болгоон соёрхдог.”

            Шримад Бхагаватамын энэ шүлэг цэвэр ариун чин бишрэлтэн нь Бурханы  Дээд Бодьгалын хүрээлэлд орж Түүнтэй шууд харьцдаг гэдгийг баталгаажуулж байна. Үүнтэй холбогдуулан Шрила Рупа Госвами, Шри Кришнагийн  бадамлянхуа өлмийн гоо сайханд хийгээд Түүнд үйлчлэн зүтгэхэд үнэхээрийн татагдан байгаа болон зүрхийг нь  энэхүү дурлан татагдал трансцендент баяр цэнгэлээр үргэлж бялхаан байгаа хүний толгойд  имперсоналистуудын тэгж  их дээдлэн эрхэмлээд байдаг ангижралд хүрэх гэсэн эрмэлзэл  хүртэл ордоггүй гэж тэмдэглэж байна.

            Үүнтэй төстэй санаа Шримад Бхагаватамын гуравдугаар дууллын (4.15)-д байдаг. Тэнд Бурхан Кришнад хандан Уддхава ийн айлтгадаг: “Ай хайрт Бурхан  минь ээ, шашин номын ч, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн ч, мэдрэхүйн таашаал ханамжийн ч, ангижралын ч өгөх аз жаргалд Танд трансцендент хайраар үйлчлэн зүтгэж байгаа  хүмүүс тун  амархан хүрэх боломжтой байдаг ч гэсэн тэдгээр нь тэдэнд юу ч өгдөггүй. Эдгээр бэлгүүдийн алиныг нь ч  хүртэх нь миний хувьд хүнд бэрх хэрэг биш билээ. Ийм боломжууд байдаг хэдий ч гэсэн ай Бурхан минь ээ, би тэдгээрийн хойноос эрмэлздэггүй. Танаас залбиран гуйх миний цорын ганц зүйл бол— Танд хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэх итгэл болон Таны бадамлянхуа өлмийд бишрэх чин бишрэлийг л болгоон соёрхох ажаам уу гэх явдал.”

            Мөн үүнтэй ойролцоо утга санаа бүхий хэсэг Шримад Бхагаватамын гуравдугаар дууллын (25.34)-д байдаг. Капиладева ээждээ хандан ийн айлддаг: “Хайрт ээж минь ээ, Миний бадамлянхуа өлмийд үйлчлэн зүтгэх хүслээр зүрх нь үргэлжид дүүрэн байдаг, Намайг цэнгүүлэхийн төлөөнөө бүхнийг хийхэд бэлэн байдаг чин бишрэлтэнгүүд, ялангуяа тэдгээрээс Миний шинж чанар, цэнгээн наадам, дүрүүдийн талаар санахаар хамтдаа цугларцгаадаг хийгээд иймээс Намайг хамтдаа магтан алдаршуулдаг бөгөөд үүнээсээ трансцендент баяр жаргалыг утган байгаа хамгийн амжилт урагштайчууд нь Надтай нэгдэн нэг болох талаар огт боддоггүй. Надад чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэж байгаа үйлчлэл зүтгэл нь өөрөө тэдэнд дүүрэн ханамжийг өгдөг учраас  тэд Надад уусан нэгдэх тухай ярих нь бүү хэл Миний залардаг оронд Надтай адил байр суурь эзлэхээс, Миний агуулан байгаа баялгаас, тэр бүү хэл Надтай адилхан биеийг аван Надтай биечлэн харьцахаас хүртэл татгалздаг.”

            Шримад Бхагаватамын  дөрөвдүгээр дууллын (9.10)-д Дхрува Махараджа ийн айлтгадаг: “Ай Бурхан минь ээ, өөрийгөө ухаарах үйл явцдаа имперсоналистуудын хүртэх боломжтой байдаг трансцендент баяр жаргалыг цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн хүртэн умбаж байгаа трансцендент баяр жаргалтай огтхон ч харьцуулшгүй. Тийм болохоор хамгийн сайндаа л диваажингийн дээд гаригуудад дээшлэн хүрэхийг хүсдэг, өөрийн үйл ажиллагааныхаа үр дүнд татагддаг хүмүүс Таныг яаж ойлгох билээ дээ? Тэдний амталж эдэлдэг аз жаргалыг чин бишрэлтэнгүүдийн умбан байгаа аз жаргалтай харьцуулж яаж болно гэж?”

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол ангижралын ямар ч

 хэлбэрээс давуутай

 

            Бурханы Дээд Бодьгалд үйлчлэн зүтгэхдээ чин бишрэлттэн хир гүн гүнзгийгээр дурлан татагдсан байдгийг Шримад Бхагаватамын дөрөвдүгээр дууллын (20.24)-д өгүүлдэг Махараджа Притхи (Ади-раджа)-гийн үгнээс харж үнэлж болно. Тэрээр Бурханы Дээд Бодьгалд хандан ийн залбирдаг: “Ай хайрт Бурхан минь ээ, хэрвээ ангижралын дараагаар цэвэр ариун чин бишрэлтэнгүүд тань чин зүрхнийхээ гүнээс Таны бадамлянхуа өлмийн талаар яаж магтан алдаршуулж байгааг сонсох тийм боломж байдаггүй хийгээд хэрвээ трансцендент баяр жаргалын энэхүү балнаас салан хагацдаг байх аваас ангижралыг буюу бурханлаг чөлөөлөгдөл гэж нэрлэгддэг тэрхүү зүйлийг болгоон соёрхооч хэмээн Танаас би ердөө ч гуйхгүй. Таны трансцендент гайхамшигт сайхан байдлын талаар би өөрөө байнгад дуулах болон мөн өөр бусдууд тэр талаар яаж дуулж байгааг сонсохын тулд надад сая сая хэл болон сая сая чих хүртээхийг ай Эзэн минь ээ, Танаас би үргэлжид залбиран гуйх болно.”

            Имперсоналистууд Бүхний Дээдийн ахуйд уусан нэгдэхийг хүсдэг, гэхдээ бие даасан байдлаа алдсанаар тэд Бүхний Дээд Бурханы гайхамшигт эрхэм сайхныг магтан алдаршуулахыг сонсох болон магтан дуулах боломжоо үгүй хийдэг. Бурханы трансцендент дүрийн талаар ямар ч ойлголт төсөөлөлгүй учраас тэд Түүний трансцендент үйлүүдийг магтан алдаршуулах болон тэдгээрийн талаар сонсох боломжгүй. Өөрөөр хэлбэл ангижралын түвшний  чанадад хэдийнээ гарчихсан байгаа  зөвхөн тийм үедээ л хүн Бурханы трансцендент гайхамшигт сайхныг амтлан цэнгэн жаргах эсвэл Түүний трансцендент дүрийг ойлгох чадвартай болдог.

            Үүнтэй төстэй баталгааг Шримад Бхагаватамын тавдугаар дууллын (14.44)-өөс олж болно. Тэнд Шукадева Госвами Махараджа Парикшит-д хандан ийн өгүүлдэг: “Аугаа сүнс Бхарата хаан Кришнагийн бадамлянхуа өлмийд үйлчлэн зүтгэхэд бүх  дэлхийг захирах эрх мэдэл, үр хүүхэд, нийгэм хүрээлэл, найз нөхөд, хаан хүний умбадаг тансаг байдал болон гоо үзэсгэлэнт эхнэрээсээ төвөггүйгээр татгалзахаар тийм хүчтэй татагдаж байсан. Цэцэглэн мандахын охин тэнгэр байж болох бүхий  л материаллаг сайн сайхныг өөрөө түүнд хүртээх нь нэр төрийн хэрэг гэж үзэж байлаа. Тэрээр тийм л зол завшаантай,  амжилт урагштай нэгэн байв. Гэхдээ тэр тэрхүү материаллаг баялгаас юуг ч ашиглаагүй билээ.” Бхарата хааны энэ байдлыг Шукадева  Госвами шагшин гайхдаг. Тэрээр ийн хэлдэг: “Бурханы Дээд Бодьгал Мадхусуданагийн трансцендент шинж чанаруудад зүрх сэтгэл нь булаагдсан хүн  материаллаг баялгын тухай бүү хэл, олон аугаа мэргэдийн эрж хайж байдаг ангижралд ч хүртэл хүрэхийг эрмэлздэггүй.”

            Үүнтэй төстэй хэсэг Бхагаватамын зургаадугаар дууллын (11.25)-д байдаг. Тэнд, Бурханд хандан Вритрасура ийн айлтгадаг: “Ай хайрт Бурхан минь ээ, Танд үйлчлэн зүтгэх трансцендент үйлчлэл зүтгэлийг орхисноор би Дхрувалока (Алтангадас) гэж нэрлэгддэг гаригт хүрч очиж эсвэл орчлонгийн бүхий л гаригуудын системийг захирдаг болж байж болох. Гэхдээ би эдгээрийн алиныг нь ч хүсэхгүй байна. Йогын зам мөрөөр замнаснаар хүрдэг ид шидийн төгс төгөлдөр байдал ч тэр, бурханлаг чөлөөлөгдөл ч тэр надад хэрэггүй. Бурхан минь ээ, миний хүсэж байгаа цорын ганц зүйл бол  Тантай харьцах болон Таны трансцендент албанд мөнхөд үйлчлэн зүтгэх явдал.”

            Үүнийг батлан Шримад Бхагаватамын зургаадугаар дууллын (17.28)-д Шива бурхан Сати-д хандан ийн өгүүлдэг: “Хайрт Сати минь ээ, өөрийгөө Нарайана (Кришна)-д зориулан байгаа хүмүүс  юунаас ч, хэнээс ч айж эмээдэггүй. Дээд гаригуудын системд хүрч очсон ч, материаллаг бузраас ангижирсан ч эсвэл оршихуйн тамын  нөхцөлд орж унасан ч —хаана ч байсан гэсэн— тэд айдас хүйдсийг мэддэггүй. Нарайанагийн бадамлянхуа өлмийд аврал өмгөөллийг олсноор тэд материаллаг ертөнц дэх өөрийн байдлаа үл хайхран чухалд үзэхээ больдог буюу янз бүрийн нөхцөл байдлуудын хооронд ялгаа хийдэггүй.”

            Үүнтэй төстэйг тэнгэрийн хаан  Индра Шримад Бхагаватамын зургаадугаар дууллын (18.74)-д батлан өгүүлдэг. Тэрээр ээж Дити-дээ хандан ийн хэлдэг: “Хайрт ээж минь ээ, бүхий л хүслээсээ салан ангижирсан хийгээд Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд өөрийгөө  бүхэлд нь зориулан байгаа зөвхөн тийм  хүмүүс л өөрсдийн нь хувьд жинхэнэ сайн сайхан, ач тустай зүйл гэж юу  байдгийг мэддэг. Ийм хүмүүс өөртөө сайн сайхан, ач тустайг жинхэнээр нь хийж үйлддэг бөгөөд амьдралын төгс төгөлдөрт яаж хүрэхийг тэднээс илүү сайн мэддэг хэн ч байдаггүй.”

            Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (6.25)-д Махараджа Прахлада ийн өгүүлдэг: “Бурхангүйн үзэлт гэр бүлд төрцгөөсөн эрхэм найз нар минь ээ, Бурханы Дээд Бодьгалыг цэнгүүлж чадах явдал  бол энэ ертөнцөд хүрч болдог хамгийн ховор чухаг, үнэ цэнэтэй зүйл. Өөрөөр хэлбэл, Бүхний Дээд Бурхан Кришна та нарт ханамжтай болох аваас  та нарын зүрхний гүнд  агуулагдан байгаа аливаа хүсэл бүр биелэгдэнэ гэдэг нь ямар ч эргэлзээгүй хэрэг. Тэгэхлээр, материаллаг  байгалийн гунуудын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог хийгээд иймээс бидний хүслээс үл хамааран бидэн дээр ирдэг кармын үйл ажиллагааны  үр дүнд эрмэлзэн тэмүүлэх нь ямар учир утгатай хэрэг байна гэж? Материаллаг боолчлолоос ангижрах ангижрал бурханлаг чөлөөлөгдөл та нарт ямар ашигтай гэж? Бүхний Дээд Бурханы гайхамшигт эрхэм сайхан байдлыг  үргэлжид магтан дуулах хийгээд Түүний бадамлянхуа өлмийн рашаанаар цэнгэн жаргаж байх аваас  тэр бүх зүйлс та нарт ямар ч хэрэггүй  байх болно.” Прахлада Махараджагийн эдгээр үгнээс үзэхэд, Бурханы трансцендент алдар цууны тухай яриа хүүрнэлийг сонсохоос болон Түүнийг магтан алдаршуулахаасаа цэнгэл жаргалыг хүртэн байгаа хүн нь  кармын буянтай сайн үйл ажиллагааны болон тахилга өргөлийн бүхий л үр дагаврууд, мөн тэр бүү хэл материаллаг боолчлолоос ангижран салах ангижралыг хүртэл оролцуулаад ямар ч материаллаг ач тус, сайн сайхантай харьцуулах аргагүй тийм баялагтай болсон байдаг.

            Үүнтэй адил төстэй баталгаа мөн тэрхүү долоодугаар дууллын (8.42)-д байдаг. Бурхан Нрисимхадевад сахиулсан тэнгэрүүд залбирлаа өргөн байх үед тэнгэрийн хаан ийн айлтгадаг: “Ай дээдийн дээд Эзэн минь ээ, эдгээр демонууд тахилга өргөлийн ёслолоос бидэнд оноогдсон хувь руу өнгөлзсөн, гэвч Та Шри Нрисимхадева дүрээрээ зүгээр л илрэн тодорсноороо биднийг бүх айдас хүйдэснээс салган ангижрууллаа. Та бол бүхий л тахилга өргөлийн дээдийн дээд Таашаан цэнгэгч учраас бид тахилга өргөлийн зан үйлийн ёслолоос үнэн хэрэгтээ  зөвхөн Таны ачаар л хувь хүртдэг. Та бол бүхий л амьд оршнолуудын Дээд Сүнс, иймээс үнэндээ бол  бүх зүйлс Танд харьяалагдаж, Таны соёрхолд байдаг. Бидний зүрх удаан хугацааны туршид   Хиранйакашипу демоноос  айсан айдас хүйдсээр дүүрсэн байлаа. Харин Та бидэнд өршөөл нигүүлслээ ийн соёрхож түүнийг хөнөөн бидний зүрхийг тэрхүү айдас хүйдэснээс салган ангижруулсан хийгээд зүрхэндээ Таныг залах боломжийг  бидэнд өгсөн билээ. Танд трансцендент хайраар үйлчлэн зүтгэгчдийн хувьд бол биднээс демонуудын булаан авсан бүх баялаг ямар ч  үнэ цэнэгүй зүйлс билээ. Чин бишрэлтэнгүүд материаллаг баялгийг бүү хэл ангижралыг ч хүсдэггүй. Үнэндээ бол тахилга өргөлийн бүхий л үр дүнгүүд бидний  цэнгэл жаргалд зориулагдсан байдаггүй. Та бол бүхнийг Таашаан цэнгэгч Тэр учраас Танд үргэлжид үйлчлэн зүтгэж байх явдал бол бидний цорын ганц үүрэг.”

            Индрагийн энэ үгийн учир утга нь, Брахмагаас эхлээд өчүүхэн жижиг шоргоолж хүртэлх нэг ч амьд оршнол материаллаг баялгийг таашаан ханамж эдлэхэд зориулагдаагүй гэдэгт оршдог. Амьд оршнолуудын зориулалт нь бүгдийг Дээд Эзэн, Бурханы Бодьгалд өргөхөд байдаг. Ийн үйлдэж байх аваас бүхий л сайн сайхан байдал, ач тус өөрсдөө тэдэн дээр ирдэг. Эцсийн дүндээ ходоодыг хоол хүнсээр хангахын тулд хүнсний зүйл цуглуулан бэлтгэж хоол хийхэд оролцдог бие махбодийн янз бүрийн эрхтэн хэсгүүдийн тухай жишээг дахин  авч үзэх нь зохилтой. Хоол ходоодонд орсны дараагаар тэр хоолны  бие махбодид өгч байгааг биеийн бүх эрхтэн хэсгүүд нэг адил таашаан ханамж эдэлдэг. Үүн лугаа хэн бүрийн үүрэг бол Бүхний Дээд Бурханыг цэнгүүлэх, тэгж байгаа цагт хэн бүр аяндаа л өөрөө ханамжтай, цэнгэл жаргалтай болно.

            Үүнтэй төстэй шүлэг мөн Шримад Бхагаватамын наймдугаар дууллын (3.20)-д байдаг. Тэнд Гаджендра ийн айлтгадаг: “Ай хайрт Бурхан минь ээ, Танд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхийн  трансцендент  баяр жаргалыг амсаж эдлэх завшаан надад урд өмнө нь огт тохиож байгаагүй билээ. Иймээс л би Танаас юм гуйж байсан. Гэхдээ, аугаа сүнснүүдийн бадамлянхуа өлмийд үйлчлэн зүтгэснээр бүхий л материаллаг хүслээсээ ангижирсан, Таны  цэвэр ариун чин бишрэлтэнгүүд  трансцендент баяр жаргалын далайд үргэлж умбаж байдаг хийгээд иймээс Таны ач тустай сайн сайхан шинж чанаруудыг магтан дуулахаасаа л  цэнгэл жаргалыг үргэлж олж байдгийг би мэднэ. Танаас ямар нэгэн зүйлийн талаар гуйх эсвэл өөр ямар нэгэн зүйлийн хойноос эрмэлзэхийн хэрэг тэдэнд байдаггүй.”

            Шримад Бхагаватамын есдүгээр дууллын (4.67)-д Ваикунтха-гийн Эзэн Дурваса Мунид ийн хариу айлддаг: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл Миний  цэвэр ариун чин бишрэлтэнд 1) Надтай нэгдэн уусах, 2) Миний гариг дээр амьдрах, 3) Миний баялгийг эзэмших, 4) Минийх лугаа биетэй болох болон 5) Надтай шууд харьцах гэсэн ангижралын таван үе шатанд хүрэхийг хүртэл үл эрмэлзэх тийм ханамж, цэнгэл жаргалыг өгдөг. Ангижралын эдгээр хэлбэрүүд хүртэл тэднийг огтхон ч татдаггүй гэдгээс үзэхэд тэд материаллаг баялаг эсвэл материаллаг ангижралд ямар бага санаа тавьдаг гэдэг нь тодорхой.”

            Үүнтэй төстэй баталгаа Шримад Бхагаватамын аравдугаар дууллын (16.37)-д байдаг. Тэнд Нага-патни нар (Калийа могойн эхнэрүүд) Бурханаас ийн залбиран гуйдаг: “Ай хайрт Бурхан минь ээ, Таны бадамлянхуа өлмийн тоос гайхамшигтай шинж чанартай билээ. Түүнд хүрч шүргэх зол завшаан тохиосон хэн бүхэн диваажингийн гаригуудад хүрч очих, бүхий л гаригуудын системийг  захирах, йогын ид шидийн төгс төгөлдөрт хүрэх мөн тэр бүү хэл материаллаг оршихуйгаас ангижрах гэсэн тун өчүүхэн хүслээсээ салан ангижирдаг. Өөрөөр хэлбэл, Таны бадамлянхуа өлмийн тоосыг эрхэмлэн бишрэл хүндэтгэлээ  илэрхийлдэг хүн бусад бүх амжилт ололтуудыг огт хайхран үздэггүй.”

            Мөн үүнтэй төстэйг Шримад Бхагаватамын аравдугаар дууллын (87.21)-д өгүүлдэг. Тэнд биелсэн Вед болох Шрути Бурханд ийн ханддаг: “Ай хайрт Бурхан минь ээ, бурханлаг эрдэм ухааныг ойлгож хүртэх маш хүнд бэрх. Бурханлаг мөн чанарын талаарх энэхүү  амар хялбар бус мэдлэгийг бидэнд тайлбарлах гэж тусгайлан Та Өөрийн жинхэнэ дүрээрээ наашаа морилон бууж ирсэн. Иймээс ангижирсан ачарйа (багш)-тай харьцахын төлөөнөө гэр орны  тав тухтай байдлаа орхисон Таны  чин бишрэлтэнгүүд одоо ангижрал гэгчийг сонирхох аливаа сонирхолоо хаяж гээн Танд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд бүрнээ автан байна.”

            Энэ шүлгийг тайлбарлахдаа, бурханлаг мэдлэгийг ойлгож хүртэх гэж  өөрийн “Би” болон Дээд Сүнс, өөрөөр хэлбэл “Дээд Би”-г ухаарахыг хэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Бие даасан сүнс болон Дээд Сүнс хоёр нь шинж чанарын хувьд ижил, иймээс тэднийг хоёуланг нь Брахман буюу бурханлаг оршнолууд гэж нэрлэдэг. Гэхдээ Брахманы тухай эрдэм ухааныг ойлгож хүртэх нь  маш амар хялбар хэрэг биш. Үүнд хүрэхийг олон философичид эрмэлздэг, гэсэн ч тэдний нэг нь ч мэдрэгдэхүйц ахиц дэвшил гаргах чадваргүй. Бурханлаг мэдлэгийг  ойлгохыг оролдох гэсэн хүнийг олон сая хүмүүсийн дундаас ч гэсэн олох нь хүнд бэрх, харин тийнхүү оролдох олон хүмүүсээс магадгүй  зөвхөн нэг хоёр нь л Бурханы Дээд Бодьгалыг үнэхээрийн ойлгож мэддэг гэж Бхагавад Гита-д мөн өгүүлдэг. Бурханлаг мэдлэгийг ойлгож хүртэх нь маш хүнд бэрх бөгөөд түүнийг илүү ойлгомжтой болгохоор  Бүхний Дээд Бурхан Өөрийн анхдагч  дүр— Шри Кришна дүрээрээ морилон бууж ирдэг ба  Арджуна лугаа ойр дотныхоо чин бишрэлтэнгүүдийнхээ нэгэнд сургаал номлолоо Өөрөө хайрлан хүртээдэг. Сургаал номлолоо ийнхүү хайрласнаар бурханлаг мэдлэгийн ач тусыг хүртэх боломжийг бүх хүмүүст болгоон соёрхдог гэж энэ шүлэгт өгүүлж байна. Ангижрал гэж амьдралын материаллаг аятай таатай, тав тухтай байдлаас бүрэн татгалзах явдал гэж  энэ шүлэг мөн тайлбарлаж байна. Имперсонализмыг баримтлагчид нь зөвхөн  материаллаг хүрээнээс чөлөөлөгдөн ангижралд  хүрснээрээ ханамжийг олдог. Харин Бурханыг чин бишрэн байгаа хүмүүст  материаллаг амьдралаас татгалзан огоорох нь  хүндрэл төвөг бэрхшээлийг учруулдаггүй, мөн үүний зэрэгцээ тэд Бурхан Кришнагийн гайхамшигт үйлүүдийн талаар сонсох хийгээд тэдгээрийг магтан дуулснаараа  трансцендент баяр жаргалаар цэнгэн жаргадаг.

            Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (20.34)-т Бурхан Кришна Уддхавад ийн айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, Надад үйлчлэн зүтгэхэд өөрийгөө бүрнээ зориулан байгаа чин бишрэлтэнгүүд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ  өөр ямар ч хүсэл  байхааргүй, төрөхөөргүйгээр тэгж батжин бэхжсэн байдаг. Тэдэнд материаллаг ертөнцийн ямар ч баялгийг  бүү хэл бурханлаг баялгийн бүх дөрвөн хэлбэрийг (Ангижралын тавдахь хэлбэр буюу Бүхний Дээдтэй нэгдэн уусах нь   эцэс төгсгөлгүй  олон янз хэлбэр бүхий бурханлаг ертөнцөд орох сүнсний боломжийг үгүй хийдэг учраас  баялаг гэж үзэж тооцдоггүй.) санал болгож байсан ч тэд тэдгээрэс татгалздаг.”

            Мөн Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (14.14)-д Бурхан Кришна ийн айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, Миний таалал болон Миний үйлүүдэд ухамсар нь бүрнээ төвлөрсөн хүн тэр бүү хэл Брахмагийн байр суурийг эзлэх эсвэл орчлонгийн бүхий л гаригуудыг захирдаг Индра болохыг ч эрмэлздэггүй. Ид шидийн төгс төгөлдөр байдлын найман хэлбэр, тэр бүү хэл ангижрал ч түүнийг татдаггүй.” Шримад Бхагаватамын арванхоёрдугаар дууллын (10.6)-д Шива бурхан  Деви-д ийн ханддаг: “Хайрт Деви минь ээ, энэхүү аугаа брахмана— цэцэн мэргэн Маркандейа нь Бурханы Дээд Бодьгалд хэлбэрэлт гуйвалтгүй итгэлтэй болсон; тэрээр Түүнийг бишрэн Түүнд өөрийгөө бүхэлд нь даатган зориулдаг, иймээс өөрийн хөдөлмөр, үйлчлэл зүтгэлийн төлөөнөө материаллаг ертөнцөөс ангижрах ангижралыг хүртэл оролцуулаад ямар ч хариу шагналыг хүсдэггүй.”

            Падма-пурана-д мөн дээрхтэй төстэй баталгаа байдаг. Тэнд карттика (10-11) сард үйлддэг зан үйлийн ёслолуудын талаар тодорхойлон өгүүлсэн хэсэг байдаг. Энэхүү сарын туршид Вриндаванад, хүн бүрийг Бурхан Кришнад Дамодара дүрд нь өдөр бүр залбирал өргөхийг зөвлөдөг. Кришнаг хүүхэд ахуй үед нь Йашода ээж нэгэн удаа уяагаар уясан учраас Түүнийг мөн Дамодара гэж нэрлэдэг. Дама гэж “уяа”, харин удара нь “”хэвлий, бэлхүүс” гэсэн утгатай санскрит үг. Кришнагийн дүрсгүйтэлд уур нь хүрсэн Йашода ээж  уяагаар Түүнийг бэлхүүсээр нь ороон уясан ба тэр үеэс эхлэн Кришнаг Дамодара гэж нэрлэдэг болсон. Карттика сарын туршид Дамодара-д ийн залбирдаг: “Ай Бурхан минь ээ, Та бол оршин байгаа бүгдийн Эзэн хийгээд бүхий л адислалыг хайрлан хүртээдэг Тэр билээ.” Брахма бурхан, Шива бурхан болон өөр бусад олон сахиулсан тэнгэрүүд нь заримдаа  өөрийн чин бишрэлтэндээ адислалаа мөн л хүртээдэг. Жишээ нь, Шива бурхан Равана-г  олон адислалаар дарж байсан бол Брахма бурхан  адислалаа Хиранйакашипу-д хүртээж байсан. Гэхдээ Шива бурхан болон Брахма бурхан нар нь өөрсдөө Бурхан Кришнагийн  адислалаас хамааралтай байдаг, иймээс Кришнаг  адислал хүртээгч бүгдийн Эзэн гэж нэрлэдэг. Иймд Бурхан Кришна  Өөрийн чин бишрэлтэнгүүддээ тэдний хүсэж байгаа бүгдийг нь хүртээж чадна, гэхдээ тийм  байдаг хэдий ч  чин бишрэлтэнгүүд цааш нь ийн залбирдаг: “Би Танаас ямар ч материаллаг адислалыг, тэр бүү хэл ангижралыг хүртэл хүртээгээч хэмээн гуйхгүй. Танаас шагнал болгон хүртэхийг хүсэж байгаа цорын ганц зүйл бол  Таны, яг одоо өмнө минь залран харагдаж байгаа Дамодара дүрийн тань талаар үргэлжид бодож байх боломж. Та бол  ухаанд минь энэхүү гайхамшигт дүрийг тань  харж ажиж байх  гэхээс өөр ямар ч хүсэл үлдэхээргүйгээр тийм гоо үзэсгэлэнтэй хийгээд тийм дур булааж сэтгэл татам билээ.” Чин бишрэлтэнгийн залбирал цааш ийн үргэлжилдэг: “Хайрт Бурхан Дамодара минь ээ, нэгэн удаа Та Нанда Махараджагийн гэрт дүрсгүй хүүхдийн дүрд тоглож тарагтай савыг хагалсан билээ. Ийнхүү буруу хэрэг үйлдсэнээс тань болоод Йашода ээж Таныг модон ууртай холбож уян шийтгэхээр шийдсэн. Тэр үедээ Та Нанда Махараджагийн хашаан дотор  хоёр арджуна-модны хэлбэр дүртэйгээр зогсож байсан Налакувара болон Манигрива гэсэн нэртэй Куверагийн  хөвгүүдийг чөлөөлсөн билээ. Танаас гуйх миний цорын ганц хүсэл бол Та тэднийг Өөрийн өршөөл нигүүлсэлт цэнгээн наадмаараа чөлөөлдөг шигээрээ намайг чөлөөлөөсэй гэх явдал.”

            Энэ шүлэгтэй ийм нэгэн түүх холбоотой: Сахиулсан тэнгэрүүдийн сан  хөмрөгийг хадгалан хариуцагч Куверагийн хоёр хүү эцгийнхээ баялгаар бардамнах болсон. Нэгэн удаа тэд диваажингийн гаригийн нэгэн нуурын уснаа  хэдэн нүцгэн тэнгэрийн дева нартай зугаацаж байлаа. Энэ үед нь аугаа ариун гэгээнтэн Нарада Муни хажуу дэргэдүүр нь  өнгөрч таарсан. Куверагийн хөвгүүдийн бие авч яваа байдал, гаргаж байгаа зан авир нь  түүний сэтгэлийг маш их зовоож, урмыг нь хугалсан. Хажуугаар нь явж байгаа Нарадаг хараад тэнгэрийн дева нар  нүцгэн биеэ хувцсаараа халхалж байхад, дарсанд мансуурсан ах дүү хоёр тэрхүү ёс зүйг ч дагаагүй. Тэгээд хилэгнэсэн Нарада  тэднийг ийн хараасан: “Та хоёр оюунаа алдан гээж ичихээ мэдэхээ больсон байна, иймээс Куверагийн  хөвгүүд байхаасаа мод байх нь та нарт илүү зохино.” Үүнийг сонсоод залуус тэр дороо л сэхээ орж  өөрсдийг нь уучлахыг Нарадагаас гуйж эхэлсэн. Тэгэхэд нь Нарада ийн хэлсэн: “Тиймээ, та хоёр арджуна модод болон хувирах ёстой, тэгээд Нанда Махараджагийн гэрийн хашаан дотор зогсож байх болно. Гэхдээ зохих цаг нь ирэхээр Кришна Өөрөө Нандагийн өргөмөл хүү болох ба та хоёрыг чөлөөлнө.” Өөрөөр хэлбэл Нарадагийн хараал Куверагийн  хоёр хүүгийн хувьд эцэстээ адислал болон эргэсэн. Учир нь юу вэ гэвэл, тэд Бурхан Кришнагийн ивээлийг хүртэх болно гэдгийг тэрээр шууд бусаар урьдчилан хэлсэн. Тэр цагаас эхлэн Куверагийн хоёр хүү, Нарадагийн хүслийг биелүүлэхээр Бурхан Дамодара Өөрийг нь холбон уясан модон уурыг араасаа чирэн ирж моддын хооронд тээглэлдүүлэн хүчтэйгээр татан унагаах хүртэл Нандагийн гэрийн хашаан дотор хоёр том арджуна-модод болон зогсох болсон. Тэр мөчөөс эхлэн Бурханы аугаа чин бишрэлтэнгүүд болсон Налакувара болон Манигрива хоёр тэрхүү унасан моддын дотроос гарч ирсэн.

            Хайаширша-панчаратра-д мөн ийм мөрүүд байдаг: “Ай хайрт Эзэн минь ээ, ай Бурханы Дээд Бодьгал минь ээ, сүсэг бишрэлтэй байгаагийнхаа төлөөнөө би ямар ч шагнал хүртэхийг хүсэхгүй байна, надад эдийн засгийн элбэг дэлбэг байдал ч, мэдрэхүйн таашаал ханамж ч, мөн ангижрал ч тэр хэрэггүй. Таны бадамлянхуа өлмийд мөнхөд үйлчлэн зүтгэж байх тухай л Танаас гуйя. Надад өршөөл ивээлээ хайрлан хүртээж энэнхүү адислалыг болгоон соёрхооч”

            Мөн тэрхүү Хайаширша-панчаратра-д, Нрисимха-дева Прахлада Махараджад адислалаа хүртээн шагнахыг болгоон хүссэн ч тэрээр Түүнээс ямар ч материаллаг бэлгийг авдаггүй, харин үргэлжид Түүний чин бишрэлтэн байхыг болгоон соёрхооч гэсэн адислалыг л Бурханаас хүсдэг. Энд Прахлада Махараджа бүх чин бишрэлтэнгүүдэд үлгэр жишээ үзүүлж, Бурханаас материаллаг ач тус, ивээлийг хэзээ ч гуйж байгаагүй Бурханы мөнхийн албат Хануманагийн жишээг батлан харуулсан. Тэрээр зөвхөн Түүний албанд л үргэлжид үйлчлэн зүтгэж байсан билээ. Энэ бол Хануманагийн аугаа хариу хардаггүй хайр харамгүй байдал бөгөөд үүнийх нь төлөөнөө түүнийг бүх чин бишрэлтэнгүүд өнөөг хүртэл бишрэн хүндэлдэг. Прахлад Махараджа түүнд мөн л хүндэтгэлээ илэрхийлж байсан. Хануманагийн  айлтгасан  алдартай өөр нэг айлтгал буюу шүлэг байдаг: “Ай Бурхан минь ээ, хэрвээ Та таалж байгаа бол, надад материаллаг оршихуйгаас ангижрах ангижралыг эсвэл Таны ахуйд уусан нэгдэх боломжийг болгоон соёрхож болно, гэхдээ  надад тэдгээрийн аль нь ч хэрэггүй. Тэр бүү хэл ангижралын дараа байсан ч тэр намайг Танд урьдын адилаар Эзэн-албатын харьцаагаар үйлчлэн зүтгэхэд саад болох юуг ч би хүсэхгүй байна.”

            Нарада-панчаратра-гийн дээрхтэй төстэй хэсэгт мөн ийн өгүүлдэг: “Ай хайрт Бурхан минь ээ, шашин номын зан үйлийн ёслолууд, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, мэдрэхүйн таашаал ханамж  эсвэл ангижралын өгч хүртээдэг зүйлсээс би  юуг нь ч хүсэхгүй байна. Би Танаас зөвхөн ганц л зүйлийг буюу  Таны бадамлянхуа өлмий дор хэвээр үлдэн байхыг өршөөнгүйгээр болгоон соёрхооч гэж л залбиран гуйж байна. Би салакйа  буюу Таны гариг дээр амьдрах эсвэл сарупйа буюу  Таньтай төстэй биетэй болох гэх зэрэг ангижралын ямар ч хэлбэрийг хүсэхгүй байгаа бөгөөд Танд үргэлжид хайр дүүрэн үйлчлэн зүтгэж байх боломжийг л надад болгоон соёрхооч гэж залбиран гуйнам.”

Шримад Бхагаватамын зургаадугаар дууллын (14.5)-д Махараджа Парикшит Шукадева Госвамигаас ийн асуудаг: “Ай эрхэм брахмана  минь ээ, Вритрасура демон бол аймшигтай нүгэлтэн хийгээд түүний ухаан нь бүхэлдээ  хүсэл тачаал болон харанхуй мунхагийн гунуудын нөлөөн дор оршин байсан гэж би ойлгодог. Тэр тэгээд Нарайанад үйлчлэн зүтгэх албаны ийм төгс төгөлдөр түвшинд яаж хүрч чадсан юм бол? Бурханы чин бишрэлтэн болохын тулд хүнд бэрх тэвчил хатамжлал үйлдсэн болон бүрэн дүүрэн мэдлэг хүртэн ангижралд хүрсэн аугаа бодьгалууд хүртэл асар их хүчин чармайлт гаргах ёстой гэж би сонссон. Ийм сүнснүүд маш ховор тохиолддог гэдэг нь ойлгомжтой хэрэг, иймээс  л Вритрасура ийм чин бишрэлтэн болсон байгаад би их гайхаж байна!”

            Энэ шүлгийн, бодьгал бус Брахманы ахуйд уусаж нэгдэн ангижирсан хүмүүс олон, харин Бурханы Дээд Бодьгал Нарайанагийн чин бишрэлтэн ховор, маш ховор байдаг гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ангижралд хүрсэн сая сая хүмүүсээс зөвхөн, маш их зол завшаан тохиосон нэгэн нь л чин бишрэлтэн болж байж магадгүй.

            Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (8.20)-д Кунти хатан, явахаар салах ёс гүйцэтгэж байгаа Бурхан Кришнад хандан ийн залбирдаг: “Хайрт Кришна минь ээ, Та бол аугаа хийгээд сахилдаа бат тогтвортой номч мэргэд болон парамахамса (бүрнээ ангижирсан сүнснүүд) нар хүртэл Таныг ойлгож хүрч чадахааргүй тийм аугаа билээ. Материаллаг ахуйн нөлөөнөөс ангид чөлөөтэй тэдгээр аугаа мэргэд хүртэл Таныг таньж мэдэх чадваргүй байх аваас  төдийлөн оюунлаг бус оршнолууд болох эмэгтэйчүүд бидний  тухайд гэвэл юу  ч ярих билээ дээ? Таныг гайхамшигтай  эрхэм сайхныг бид танин мэдэх чадвартай болов уу? Таныг бид яаж ойлгох вэ?” Энэ шүлгийн, Бурханы Дээд Бодьгалыг аугаа ангижирсан бодьгалууд биш, харин зөвхөн Түүний, Кунти хатан шиг тийм хүлцэнгүй чин бишрэлтэнгүүд л ойлгож таньж мэддэг гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэрээр оюунлагийн хувьд эрэгтэйчүүдээс дорд гэж ерөнхийдөө тооцогддог эмэгтэй хүн  байсан ч  гэсэн Кришнагийн аугаа гайхамшигтай байдлыг ухамсарласан байлаа. Үүнд л энэ шүлгийн учир утга, ач холбогдол оршдог.

            Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын өөр нэг маш чухал шүлэг (7.10)-г атмарама-шлока гэж нэрлэдэг. Бурхан Кришнагийн трансцендент шинж чанарууд нь тэр бүү хэл материаллаг бузраас бүрнээ ариуссан хүмүүсийг ч хүртэл татдаг гэж атмарама-шлока-д өгүүлдэг. Энэ шүлгийн учир утга нь, ангижирсан сүнсэнд материаллаг таашаал ханамж эдлэх хүсэл огт байхгүй байдаг гэдэгт оршдог. Тэрээр материаллаг ямар ч хүсэлгүй болдог бөгөөд тийм хэдий ч Бурханы цэнгээн наадмыг ойлгох болон тэдгээрийн талаар сонсох хүслийнхээ эсрэг бол яаж ч чаддаггүй. Эндээс үзэхэд, Бурханы аугаа гайхамшигт байдал болон Түүний цэнгээн наадмууд бол материаллаг бус. Тийм бус бол атмарама гэж нэрлэгддэг ангижирсан хүмүүс  тэдгээрт яаж татагдана гэж? Энэ бол уг шүлгээс ойлгож хүртэх ёстой хамгийн гол зүйл.

            Дээр өгүүлсэн бүгдээс үзэхэд, чин бишрэлтэнгүүд ангижралын аль ч хэлбэрт хүрэхийг эрмэлздэггүй нь тодорхой. Урьд өмнө өгүүлсэнчлэн, ангижралын таван хэлбэр байдаг: 1) Бурхантай нэг болох, 2) Бурхантай нэг гариг дээр амьдрах, 3) Бурхантай төстэй биетэй болох, 4) Бурханд байдаг шиг тийм их баялагтай болох болон 5) Бурхантай байнгад харьцаж байх боломжтой болох. Ангижралын эдгээр таван хэлбэрээс сайуджиа буюу Бурханы ахуйд уусан нэгдэх гэж нэрлэгддэг хэлбэр нь чин бишрэлтэнгүүдийг бүгдээс бага татдаг. Бусад дөрөв нь, хэдийгээр чин бишрэлтэнгүүд тэдгээрт хүрэхийг хүсэж эрмэлздэггүй ч гэсэн чин бишрэлтэнгийн шүтлэг бишрэл, зорилготой зөрчилддөггүй. Эдгээр дөрвөн хэлбэрийн аль нэгний нь түвшинд хүрсэн ангижирсан сүнснүүдийн зарим нь Кришнад  татагдах дурлан татагдлыг өөртөө  хөгжүүлэн бурханлаг тэнгэр дэх Голока Вриндаванад мөн хүрч очдог. Өөрөөр хэлбэл, Вайкунтхагийн гаригууд дээр хэдийнээ дээшлэн очсон хийгээд эдгээр дөрвөн хэлбэрийн ангижралын аль нэгэнд хүрэгсэд зарим тохиолдолд Кришнад дурлан татагдах татагдлыг мөн  өөртөө хөгжүүлэн Кришналока дээр дээшлэн очдог.

            Тэгэхлээр, ангижралын дээрх дөрвөн хэлбэрийн аль нэгэнд хүрэгсэд оршихуйн цаашдын үе шатуудыг дамжин хөгжил дэвшлээ үргэлжлүүлж болдог байна. Эхлээд тэд Кришна шиг үзэсгэлэн төгөлдөр байдал болон баялагтай болохыг хүсэж байж болох ч боловсорч нээгдсэн үе шатанд нь Кришнаг хайрлах Вриндаванад илэрч тодордог, харин одоогоор тэдний дотор үүрмэглэн зүүрмэглэж байгаа хайр зүрхэнд нь сэрдэг. Иймээс Бүхний Дээдэд уусан нэгдэх буюу сайуджйа ангижрал цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийг огт татдаггүй. Гэхдээ ангижралын бусад дөрвөн хэлбэрийг тэд тохиромжтой таарамжтай гэж үзэн хүлээн авч байж болно.

            Бурханы Дээд Бодьгалын чин бишрэлтэнгүүдийн олон ангиллуудаас Бурханы анхдагч дүр Вриндавана дахь Кришнад татагсадыг хамгийн төгс төгөлдөр гэж үздэг. Ийм чин бишрэлтэнг Ваикунтхагийн, эсвэл тэр бүү хэл Кришнагийн эзэнт гүрний нийслэл Дваракагийн баялаг ч хүртэл татдаггүй. Үүнээс Шри Рупа Госвами дараахь дүгнэлтийг хийж байна: Гокула (Вриндавана)-д өрнүүлдэг Бурханы цэнгээн наадамд татагддаг чин бишрэлтэнгүүд бол хамгийн эрхэм дээд.

            Бурханы тодорхой дүрд татагддаг чин бишрэлтэнд Түүний өөр бусад дүрүүдэд дурлан татагдлаа шилжүүлэх хүсэл төрдөггүй. Жишээ нь, Бурхан Рамачандрагийн чин бишрэлтэн Хануман Бурхан Рамачандра болон Бурхан Нарайана хоёрын хооронд ялгаа байхгүй гэдгийг мэддэг, тийм хэдий ч  тэрээр зөвхөн Бурхан Рамачандрад л үйлчлэн зүтгэхийг хүсэж байсан. Үүний учир нь, чин бишрэлтэн бүр Бурханд өөр өөрийнхөөрөө татагддагт оршдог. Бурхан олон дүр, хэлбэртэй ч Кришна бол анхдагч дүр нь. Бурханы янз бүрийн дүрүүдэд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг чин бишрэлтэнгүүд нь нэг түвшинд оршдог хэдий ч Бурхан Кришнагийн чин бишрэлтэнгүүд бүх чин бишрэлтэнгийн жагсаалтыг тэргүүлдэг.

ТАВДУГААР БҮЛЭГ

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн цэвэр ариун байдал

 

            Шрила Рупа Госвамигийн тов тодорхойгоор өгүүлсэн өмнөх бүх сургаалууд дараахь дүгнэлтэнд хүргэж байна: Материаллаг таашаал ханамж эдлэх дур сонирхол эсвэл бурханлаг туяанд нэгдэн уусах хүсэл агуулсаар байгаа хүний хувьд цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрт орох боломж хаалттай байдаг. Цааш нь Рупа Госвамигийн батлан өгүүлж байгаачлан, чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол материаллаг санаа бодолд трансцендент бөгөөд нэг улс орон, анги давхарга, хүмүүсийн бүлэглэл  эсвэл ямар нэгэн материаллаг нөхцөл байдлаар  хязгаарлагддаггүй. Шримад Бхагаватамд өгүүлсэнчлэн, чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол трансцендент бөгөөд учир шалтгаангүй байдаг. Чин бишрэлийн албанд ямар нэгэн ашиг хонжоо  харж хүлээлгүйгээр үйлчлэн зүтгэдэг бөгөөд ямар ч материаллаг нөхцөл байдал түүнд саад тотгор хийх хүч чадалтай байдаггүй. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь хэнийг ч ялгаваралгүйгээр бүх амьд оршнолуудад нээлттэй бөгөөд тэдний анхдагч, жам ёсны үйл зүтгэл юм.

            16 дугаар зуунд, Бурхан Чаитанйагийн аугаа дагалдагч Бурхан Нитйананда-г энэ ертөнцийг орхисны дараагаар ариун гэгээн үйлчлэн зүтгэгчид— брахманууд өөрсдийгөө Нитйанандагийн  залгамжлагчид хэмээн өргөмжилсөн. Тэд өөрсдийгөө госвами-каст гэж нэрлэцгээх болсон. Түүнээс гадна Нитйананда-вамша гэж нэрлэгдэх болсон зөвхөн өөрсдийн нь каст л чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх болон түүнийг түгээн дэлгэрүүлэх онцгой эрхтэй хэмээн тэд зарлан тунхагласан. Гаудийа-вайшнавуудын сампрадайа-гийн хүчирхэг ачарйа Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакура тэдний буруу номлол, ойлголт төсөөллийг  бүрмөсөн бутцохих хүртэл тэд өөрсдийн нэр хүндээ  нийгмийн дунд тодорхой хугацааны туршид зохиомлоор хадгалан барьж чадсан. Эхэндээ бол тэмцэл хатуу ширүүн байсан ч эцэстээ  Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакурагийн  бүрэн ялалтаар төгссөн бөгөөд одоо, чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь ямар нэгэн тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээгээр хязгаарлагддаггүй гэдэг нь  бодит амьдрал дээр баттай тогтоогдсон хийгээд батлагдсан. Түүнээс гадна чин бишрэлээр үйлчлэн зүтгэж байгаа хэн бүр өөрийгөө брахманы өндөр дээд түвшин, байр сууринд  хүрсэн гэж үзэж болно. Ийнхүү Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакурагийн тэмцэл түүний бүрэн ялалтаар өндөрлөсөн.

            Зөвхөн түүний ачаар л  одоо, хэн бүр, дэлхийн хаана ч, тиймээ орчлонгийн аль ч хэсэгт төрсөн байсан гэсэн Гаудийа-вайшнав болж чадах болсон. Цэвэр ариун вайшнавууд  нь трансцендент түвшинд оршдог бөгөөд иймээс энэхүү материаллаг ертөнц дэх хамгийн өндөр дээд байр сууринд байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр ариуны гуна бол тэдний хувьд хэдийнээ туулж өнгөрүүлсэн, хойно нь хоцорсон үе шат. Барууны ертөнцөд бидний эхлүүлсэн байгаа Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь  бидний бурханлаг номын багш  Шрила Бхактисиддханта Госвами Прабхупадагийн дээр дурьдсан зарчим дээр үндэслэгдсэн. Түүний эх сурвалж байдал дээр түшиглэн бид  барууны орнуудын бүхий л анги давхаргын хүмүүсийг  хөдөлгөөнийхөө гишүүнээр нэгдэхийг уриалдаг. Брахманы гэр бүлд төрөөгүй хүн ариун гэгээн уяаг хүртэх болон жинхэнэ вайшнава болж чадахгүй хэмээн брахманууд гэгдэгчид мэдэгддэг. Гэвч энэ онолыг Рупа Госвами ч тэр, ариун гэгээн бичээсүүд ч тэр баталгаажуулдаггүй учраас бид түүнийг хэрэгсэж үздэггүй, хүлээн авдаггүй.

            Хүн бүр чин бишрэлээр үйлчлэн зүтгэх болон Кришнаг ухамсарлагч болох төрөлхийн эрхтэй гэж Шрила Рупа Госвами онцгойлон тэмдэглэж байна. Тэрээр, янз бүрийн бичээсүүдээс олон тооны баталгаа нотолгоог дурьдан харуулж байна, ялангуяа Падма-пурана-гаас нэгэн хэсгийг онцгойлон тэмдэглэж байна. Тэнд Васиштха Муни Дилипа хаанд ийн өгүүлдэг: “Эрхэм хаан минь ээ, чин бишрэлээр үйлчлэн зүтгэх эрх, Магха (12-1) сард өглөө эрт угаал үйлдэх эрх шиг хэн бүрт байдаг.” Энэ талын бас нэг баталгаа Сканда-пурана-гийн Каши-кханда хэсэгт байдаг: “Майурадхваджа оронд шудра-гаас дорд гэж тооцогддог доод кастын хүмүүс мөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн вайшнава-гийн шүтлэг бишрэлийн зам мөрд орж, түүнд өөрийгөө зориулж болдог. Зохих хувцас өмсгөлийг өмсөн бие дээрээ тилака-тэмдэг тавьж, хүзүүндээ чимэг зүүж, гартаа эрих барьсан үедээ тэд Ваикунтхагаас бууж ирсэн юм шиг харагддаг. Тиймээ тэд, эгэл жирийн брахмануудтай ч харьцуулахын аргагүй тийм үзэсгэлэнтэй сайхан харагддаг.”

            Иймээс вайшнава  бол шууд брахмана болдог юм. Энэ санааг вайшнавуудын удирдлагаа болгодог Хари-бхакти-виласа-даа  Санатана Госвами мөн батлан өгүүлдэг. Вайшнавын шүтлэг бишрэлийн замд бүхий л дүрэм  журмын нь дагуу шавь орж сахил хүртсэн хүн бүр камса (хонхны металл хайлш)-г мөнгөн устай холиход алт болон хувирдаг шигээр брахмана болдог нь гарцаагүй хэрэг. Эх сурвалжуудын сургаал заавруудыг  биелүүлж байгаа жинхэнэ бурханлаг номын багш бол хүн бүрийг вайшнавын шүтлэг бишрэлд хандуулж чадах бөгөөд ингэснээр тухайн тэр хүн  хамгийн дээд байр суурь болох брахманы байр сууринд зүй ёсоороо хүрдэг.

            Гэхдээ, хүн жинхэнэ бурханлаг номын багшид бүх дүрэм журмуудын дагуу шавь орж сахил хүртсэн байсан ч үүгээр түүний мисс буюу үүрэг даалгавар биелэгдчихлээ, болчихлоо гэж бодох ёсгүй гэж Шрила Рупа Госвами болгоомжлуулж, сэрэмжлүүлж байна. Шавь орж сахил хүртсэний дараа тэрээр бүхий л заавар журам болон хорио цээрүүдийг гажуудуулалгүйгээр даган баримтлах ёстой. Бурханлаг номын багшид шавь орон сахил хүртэх буюу багш шавийн барилдлагаа тогтоох ёслолын дараагаар ийм хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн дүрэм журам болон зохицуулах зарчмуудыг дагахаа болих аваас  дахин уналт доройтолд орох болно. Бид бол Кришнагийн трансцендент биеийн салшгүй, бүрэлдхүүн жижиг хэсгүүд мөн хийгээд салшгүй, бүрэлдхүүн жижиг хэсгүүд болох бидний  үүрэг бол Бүрэн Бүтэндээ, Кришнад үйлчлэн зүтгэх явдал гэдгийг байнгад санаж байх хийгээд цаг үргэлж бэлхэн байх хэрэгтэй. Кришнад үйлчлэн зүтгэхээ зогсоон больж орхих аваас  бид дахин унах болно. Өөрөөр хэлбэл, зүгээр л багшид орон сахил хүртэх нь жинхэнэ брахманы түвшинд хүрчихлээ гэсэн үг хараахан биш. Тийнхүү хүрэхийн тулд өөрийн үүргээ биелүүлэх болон бүхий л зохицуулах зарчмуудыг маш нарийн чанд даган баримталж байх шаардлагатай.

            Чин бишрэлийн албанд системтэйгээр үйлчлэн зүтгэж байгаа хүнд уналт доройтолд орох аюул нүүрлэдэггүй гэж Шри Рупа Госвами мөн өгүүлж байна. Гэсэн хэдий ч вайшнава тохиолдлоор уналт доройтолд орчих аваас  тэрээр прайашчитта буюу ариусгалын зан үйлүүдийн ёслолуудыг хийж үйлдэхийн хэрэггүй. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг зөрчигч нь үүнийгээ наманчлан цайруулахын тулд прайашчитта зан үйлийг хийх хэрэггүй байдаг. Өөрийн байдлаа сэргээхэд буюу хуучин түвшиндээ буцан дээшлэн хүрэхэд түүнд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн дүрэм журам болон зохицуулах зарчмуудыг зүгээр л дахин үргэлжлүүлэн даган баримтлах нь хангалттай. Энэ бол вайшнавын шүтлэг бишрэлийн буюу чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн нууц.

            Чухамдаа бол бурханлаг ухамсрын түвшинд хүрэх гурван зам мөр байдаг бөгөөд тэдгээрийг карма, гйана болон бхакти гэж нэрлэдэг. Зан үйлийн ёслолуудыг үйлдэх нь карма-гийн үндсэн хэсэг. Эмпирик тунгаан бодолт шүүн хэлэлцэл нь гйана-гийн бүрэлдхүүнд ордог. Бхакти-гийн буюу Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх замаар замнагчид нь карма болон гйана-гийн үйлийг эрхлэхийн хэрэг байхгүй. Урьд өмнө тайлбарласанчлан, цэвэр чин бишрэлийн үйлчлэл зүтгэл карма-гийн  эсвэл гйана-гийн өчүүхэн төдий ч толбо, ул мөрийг агуулдаггүй. Бхакти нь философийн цэцэрхийлэл болон  зан үйлийн ёслолчлын хольцоос бүрэн ангид чөлөөтэй байх ёстой. Үүнтэй холбогдуулан Шрила Рупа Госвами Шримад Бхагаватамын арваннэгдүгээр  дууллын (21.2)-оос дараахь баталгаа нотолгоог иш татаж байна. Тэнд Бурхан Кришна Уддхавад хандан ийн айлддаг: “Ач тустайн болон ач тусгүйн хоорондын ялгааг ийн тодорхойлон өгүүлж болно: Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өндөр түвшинд нэгэнт хүрчихсэн хүн кармын  үйл ажиллагааны эсвэл философийн цэцэрхийллийн зам мөрд дахин хэзээ  ч буцан ордоггүй. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрийг хэлбэрэлт гуйвалтгүйгээр дагах хийгээд  эх сурвалж ачарйа нарын батлан тогтоож өгсөн зохицуулах зарчмуудыг нарийн чанд баримтлах аваас энэ бол хамгийн сайн ач тустай үйл.”

            Энэ санааг Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (5.17)-д баталгаажуулдаг. Тэнд Шрила Нарада Муни Вйасадевад ийн өгүүлдэг: “Хари (Кришна)-гийн бадамлянхуа өлмийн дэргэдээс аврал ивээлийг шууд эрж хайснаараа хүн, өөрт оноогдсон үүргүүдээ биелүүлэхгүй байсан ч энэ нь алдаатай буруу хэрэг биш бөгөөд  тэрээр бүхий л нөхцөл байдалд найдвартай хамгаалагддаг буюу түүний байр суурь баталгаатай. Мөн чин бишрэлээр үйлчлэн зүтгэж байгаа тэрээр  буруу муу харилцааны нөлөөллөөр  уналт доройтолд орох, эсвэл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийнхээ  төгс төгөлдөрт хүрч амжилгүйгээр нас барах аваас  юугаа ч алдаж, хохирдоггүй. Харин Кришнагийн ухамсрыг хөгжүүлэлгүйгээр, зөвхөн л  өөрийн варна болон ашрама-гийн оноогдсон үүргүүдээ биелүүлж байгаа хүн хүмүүний амьдралд л авч хүртэх боломжтой байдаг жинхэнэ ач тусыг чухамдаа бол авч хүртэж чаддаггүй.” Энэ нь, мэдрэхүйн таашаал ханамж эдлүүлэх үйл ажиллагаа бол материаллаг ертөнцийн бузраас ариусахад огт тус болдоггүй гэдгийг ойлголгүйгээр тийм зүйлийн хойноос ухаан солиотой юм шиг л хөөцөлдөн зүтгэж байгаа бүх болзолт сүнснүүд ийнхүү зүтгэснийхээ хариуд дахин давтагдах төрөлт болон үхлийг  л шагнал болгон авдаг гэсэн үг юм.

            Шримад Бхагаватамын тавдугаар дуулалд Ршабхадева хөвгүүддээ хандан ийн тов тодорхой өгүүлдэг: “Кармын үйл ажиллагаа эрхлэн байгаа хүмүүс Ваасудеваг хайрлах хайрын сэтгэлийг өөртөө хөгжүүлэх хүртлээ дахин  дахин төрдөг, үхдэг бөгөөд материаллаг байгалийн хатуу чанга хуулиудын нөлөөн дороос гарах боломж тэдэнд байдаггүй.” Иймээс,  өөрийн варна болон ашрама-гийн оноогдсон бүх  үүргүүдийг идэвх чармайлттайгаар биелүүлдэг хэдий ч Бурханы Дээд Бодьгалыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлээгүй хүмүүсийг хүмүүний амьдралаа хий дэмий, учир утгагүйгээр өнгөрүүлж байна гэж үзэх хэрэгтэй.

            Үүнийг Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (11.32)-т мөн баталгаажуулдаг. Тэнд Бурхан Уддхавад хандан ийн айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, Надад өөрийгөө бүрнээ даатган, Надаас аврал ивээлийг олсон хийгээд оноогдсон бүхий л үүргээ мартаж умартан Миний сургаал зааврыг даган байгаа хэн бүрийг хүмүүсийн дундхи  хамгийн шилдэг нь гэж үзэх хэрэгтэй.” Энэрэн тэтгэхүйн, ёс суртахууны, нигүүлсэнгүйн, улс төрийн болон нийгмийн үйл ажиллагаанд татагдан байгаа хүмүүс нь  зөвхөн материаллаг байр сууринаас харж байгаа  тийм тохиолдолд л сайн гэж тооцогдож болох юм гэдгийг Бурханы Дээд Бодьгалын  энэхүү айлдвараас ойлгож болно. Түүнээс гадна, ажил үйлээ Кришнагийн ухамсарт зүгээр л хийж үйлдэх хийгээд чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байгаа хүн бол энэрэн тэтгэхүйн, ёс суртахууны, сэтгэл санааны нигүүлсэхүйн болон өглөг буяны үйлэнд зүтгэж байгаа хүнээс хавьгүй илүү ач тустай байр сууринд  оршдог гэж Шримад Бхагаватам болон ведийн эх сурвалж өөр бусад бичээсүүдэд батлан өгүүлдэг.

            Энэхүү санаа Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (5.41)-д буюу Нима хаанд хандан хэлсэн  Карабхаджана Мунигийн үгэнд  бүр илүү онцгой чухлаар илэрдэг: “Ай хаан минь ээ, Бурханы бадамлянхуа өлмийд өөрийгөө даатган, бүрнээ зориулснаар харьяалагддаг варна  болон ашрамынхаа дагуу оноогдсон үүргүүдээ орхин байгаа   хүн буруутан болдоггүй буюу тэрээр бүх үүргүүдээсээ салдаг. Тэрээр аугаа мэргэдийн ч өмнө, өвөг дээдсийнхээ ч өмнө, амьд оршнолуудын ч өмнө, гэр бүлийнхээ гишүүдийн ч өмнө, нийгмийн ч өмнө үүрэггүй болдог. Мөн нүглээсээ ариусахын тулд таван хэлбэрийн тахилга өргөл буюу йагйа үйлдэх хэрэггүй болдог. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл түүнийг бүх үүргүүдээс нь чөлөөлдөг.” Хүн хорвоод мэндлэнгүүтээ л маш олон бодьгалуудын өмнө  үүрэг хүлээх өртэй болдог гэдэг нь энэ шүлгээс тодорхой харагдаж байна. Тэрээр аугаа мэргэдийн туурвисан эх сурвалж бичээсүүд болон номуудыг уншин ач тусыг нь хүртэх боломжийнхоо төлөөнөө тэдэнд өртэй болдог. Жишээ нь, бид Вйасадевагийн туурвисан номуудыг уншиж ач тусыг нь хүртдэг. Вйасадева бүх Ведүүдийг бидэнд үлдээсэн. Түүнийг Ведийн бүтээлүүдийг  бичихээс өмнө тэдгээрийг зөвхөн л сонсдог байсан. Шавь нар мантра-г номноос уншиж биш, харин сонсож сурдаг байв. Энэ цаг үеийн хүмүүс ой санамж муутай хийгээд бурханлаг номын багшийн бүх сургаалыг санаж тогтоох чадваргүй учраас хожим нь Вйасадева Ведүүдийг бичих нь зүйтэй, хэрэгтэй гэж үзсэн. Иймээс Тэр ведийн бүхий л цэцэн мэргэн мэдлэг ухааныг Пурана-ууд, Веданта, Махабхарата болон Шримад Бхагаватам зэрэг ном хэлбэрээр бидэнд үлдээсэн болой.

            Шанкарачарйа, Гаутама Муни, Нарада Муни болон өөр олон цэцэд мэргэд байдаг ба бид тэдний мэдлэгийг нь ашигладаг учраас тэдний өмнө өртэй. Үүнээс гадна бид тодорхой гэр бүлд төрсөн бөгөөд гэр бүлдээ угийн бэлэн байгаа олон зүйлийг нь ашиглаж, мөн эд  баялгийг нь өвлөн авсан болохоор өвөг дээдсийнхээ өмнө өртэй болж, үүрэг хүлээдэг. Өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс нас барсных нь дараагаар тэдэнд зориулан бид пинду (прасада) өргөж байх ёстой. Үүнээс гадна бид мөн бүхий л хүмүүсийн өмнө, төрөл төрөгсдийнхөө өмнө, ялангуяа бидэнд үйлчлэн зүтгэдэг үнээд болон нохойны өмнө өртэй болдог, үүрэг хүлээдэг.

            Иймд, бид сахиулсан тэнгэр, өвөг дээдэс, цэцэд мэргэд, амьтад болон нийгэмд өртэй болдог бөгөөд бидний үүрэг бол  үйлчлэл зүтгэлээрээ тэдэнд өрөө төлөх явдал. Гэхдээ хүн өөрийн бүхий л үүргүүдийг орхиж мартан, өөрийгөө Бурханы Дээд Бодьгалд даатган  Түүнд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх зам мөрөөр орон замнах  аваас тэр даруйдаа л, нэг амьсгаагаар бусад бүгдийн өмнө хүлээсэн өр болон үүргүүдээсээ салдаг. Өөрөөр хэлбэл, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн ганц энэ үйлээрээ л өөрийн бүхий л өрөө  төлж барагдуулдаг бөгөөд эсэн мэнд, элбэг дэлбэг байлгаж ач тусаа хүртээсэн бусад бүгдийн өмнө цаашид үүрэг хүлээх хэрэггүй болдог.

            Бхагавад Гита-д Бурхан мөн ийн айлддаг: “Бүхий л үйлээ орхин Надад зүгээр л өөрийгөө даатга. Нүглийн чинь бүхий л үр дагавруудаас  чамайг хамгаална гэдгээ Би амлаж байна.” Бурханы Дээд Бодьгалд өөрийгөө даатган зориулснаар бусад бүх үүргүүдээ биелүүлэх боломжуудаа  алдчих юм биш үү гэж хэн нэгэн нь бодож байж болох. Гэхдээ Бурхан дахин дахин ийн айлдаж байна: “Бүх эргэлзээгээ орхи, хая! Бусад бүх үйлүүдээсээ татгалзсанаар чи амьдралынхаа  ямар нэгэн зүйлээ алдан үгүй хийх эсвэл  ямар нэгэн зүйлдээ хүрч чадахгүй болох байх гэж бүү бод! Ингэж бүү бод! Би чамайг бүх гай гамшгаас хамгаална.” Бхагавад Гита-д Бурхан Кришна Өөрөө ийн батлан айлдаж байна.

            Энэ талын бас өөр нэг баталгаа нотолгоо  Агастйа-самхита-д байдаг: “Ангижрсан хүний хувьд бичээсүүдэд заасан зохицуулах зарчмуудыг заавал баримтлах албагүй байдаг шигээр  Бурхан Рамачандра-д үйлчлэн зүтгэж байгаа хүн Ведийн нэмэлт бичээсүүдэд тодорхойлон өгүүлсэн зан үйлүүдийг хийж үйлдэх хэрэг байдаггүй.” Өөрөөр хэлбэл, Бурхан Рамачандрагийн болон Бурхан Кришнагийн чин бишрэлтэнгүүд хэдийнээ ангижралд хүрсэн байдаг бөгөөд Ведийн бичээсүүдийн зан үйлийн хэсгүүдэд дурьдсан бүхий л зохицуулах зарчмуудыг заавал даган баримтлахын хэрэг тэдэнд байдаггүй.

            Үүнтэй төстэй баталгаа нотолгоог Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (5.42)-оос олж үзэж болно. Тэнд Карабхаджана Муни Нима хаанд хандан ийн өгүүлдэг: “Ай эрхэм хаан минь ээ, сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээ больж зогсоосон хийгээд бүхий л эрчмээ Бурханы Дээд Бодьгалд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд төвлөрүүлсэн хүн Бурханд маш, маш эрхэм болой. Иймээс хориотой, цээртэй ямар нэгэн зүйлийг тохиолдлоор эсвэл андуу эндүүгээр хийчих аваас ариусгах ямар ч зан үйлүүдийг хийж үйлдэхийн хэрэг түүнд байдаггүй. Түүний зүрхэнд залран байгаа Бурхан  тохиолдлоор алдаа гаргасан чин бишрэлтэнгээ энэрэн нигүүлсэж, түүнийг дотроос нь засан залруулдаг.” Үүнийг Бхагавад Гита-д мөн нэг бус удаа баталгаажуулдаг. Тэнд өгүүлсэнчлэн, Бурханы Дээд Бодьгал Кришна Өөрийн чин бишрэлтэнгүүддээ онцгой халамж санаа тавьдаг. Түүний чин бишрэлтэнгүүдийг юу ч уналт доройтолд оруулж чадахгүй гэж Тэрээр дахин дахин онцлон айлддаг. Тэрээр тэднийг үргэлжид хамгаалж байдаг.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд яаж зүтгэдэг вэ?

 

            Шрила Рупа Госвамигийн ах (Санатана Госвами) нь вайшнавуудад зориулан удирдамж болгон Хари-бхакти-виласа-г бичсэн бөгөөд  вайшнавуудын дагаж мөрдөж байх ёстой олон тооны дүрэм журам болон хорио цээрийг тэнд тоочсон гэж тэр хэлж байна. Тэдгээрийн зарим нь маш чухал хийгээд нэн хэрэгтэй, иймээс Шрила Рупа Госвами бидний төлөө санаа тавин тэдгээрийн хамгийн чухлуудыг энд точиж байна. Рупа Госвами нарийн зүйлүүдэд хүрэлгүйгээр зөвхөн үндсэн зарчмуудыг л нэрлэхийг зорьсон гэдэг нь харагдаж байна. Жишээ нь, бурханлаг номын багшид шавь орох ёстой гэж  үндсэн зарчмуудын нэг нь хэлдэг. Харин бурханлаг номын багшийнхаа  сургаал зааврыг  яаж бодитой, тодорхойгоор дагаж мөрдөх хэрэгтэй вэ? гэдэг тухай асуулт бол нарийн ширийн зүйл. Тухайлбал, чин бишрэлтэн бурханлаг номын багшийнхаа ямар нэгэн сургаалыг даган биелүүлж байгаа хийгээд гэхдээ энэхүү сургаал заавар нь  бурханлаг номын өөр  нэг багшийнхаас  ялгаатай байх аваас энэ нь нарийн ширийн зүйлд хамаарагдана. Хэдийгээр нарийн ширийн зүйлүүд нь ялгаатай  байдаг ч бурханлаг номын багшид шавь орох буюу  бурханлаг номын багштай болох талын асуудлыг өөртөө багтаасан үндсэн зарчим бол бүх нийтийн хувьд адилхан үйлчилдэг. Шрила Рупа Госвами бидэнд бүхий л нарийн ширийн зүйлийн гүнд орж нарийвчлан дэлгэрэнгүйгээр тайлбарлах биш, харин зөвхөн зарчмуудыг л танилцуулахыг хүсэж байна.

            Тэрээр дараахь үндсэн зарчмуудыг тоочиж байна: 1) Жинхэнэ бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийн ивээл хамгааллыг авах, 2) Бурханлаг номын багшдаа шавь орон сахил хүртэх болон чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг яаж хийж үйлддэгийг түүнээс суралцах, 3) Бурханлаг номын багшийнхаа сургаал номлолд итгэлтэй хийгээд чин бишрэлтэйгээр даган захирагдах, 4) Аугаа ачарйа нарын  үлгэр жишээ, зам мөрийг бурханлаг номын багшийнхаа удирдлага дор даган замнах, 5) Кришнагийн ухамсарт хөгжил дэвшлийг яаж гаргах тухай асуултуудыг бурханлаг номын багшдаа тавих, 6) Бурханы Дээд Бодьгал Шри Кришнаг цэнгүүлэхийн төлөөнөө ямар ч материаллаг дурлан татагдлаа золиослох буюу гаргуунд гарган хаяж орхиход бэлэн байх, (Энэ нь Кришнад  чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх үйлийн зам мөрт орсноороо бид хаяж орхихыг хүсэхгүй байж  болох зүйлээсээ салахад эсвэл таалагддаггүй  зүйлээ хүлээн авахад бэлэн байх ёстой гэсэн үг.) 7) Эргэл мөргөлийн  ариун дагшин газар оронд амьдрах, тухайлбал Дварака-д, эсвэл Вриндавана-д, 8) Материаллаг ертөнцтэй холбоо тогтоохыг шаардлагатай хамгийн бага хэмжээнд байлгах болон зайлшгүй чухал хэрэгцээтэй зүйлийг л авч байх, 9) Экадашийн өдөр мацаг барьж байх, 10) Баньян зэрэг ариун гэгээн модонд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байх.

            Эдгээр арван зүйл бол урьдчилсан шаардлагууд бөгөөд зохицуулалт бүхий чин бишрэлийн  үйлчлэл зүтгэлд орохын тулд  эдгээрийг биелүүлэх хэрэгтэй. Шинээр эхэлж байгаа чин бишрэлтэн эдгээр арван зарчмуудыг баримтлан байх аваас  Кришнагийн ухамсарт хөгжил дэвшлийг хангалттай хурднаар гаргах нь баталгаатай хэрэг.

            Дараагийн түвшний заавруудыг дор дурьдаж байна: 1) Чин бишрэлтэн бусчуудтай харьцахаас хичээнгүйлэн зайлсхийж байх, 2) Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрөөр орон замнах хүсэлгүй байгаа хүнд сургаал заавар өгөхгүй байх, 3) Үнэтэй сүм барьж байгуулахаар ихэд чармайхгүй байх, 4) Хэтэрхий олон ном уншихыг үл эрмэлзэх, мөн Шримад Бхагаватамын болон Бхагавад Гита-гийн талаарх лекцээр эсвэл эдгээр бүтээлүүдийг уран яруугаар уншихыг мэргэжил болгосноороо амьдралаа залгуулна хэмээн төлөвлөж байж болохгүй, 5) Өөрийн материаллаг үүргүүддээ хайхрамжгүй тоомсоргүй хандахгүй байх, 6) Гарз хохиролд гаслан харамсахгүй байх хийгээд ямар нэгэн зүйлтэй болсондоо баярлаж хөөрөхгүй байх, 7) Сахиулсан тэнгэрүүдэд хайхрамжгүй, тоомсоргүй хандахгүй байх, 8) Нэг ч амьд оршнолд ямар ч хэрэггүйгээр төвөг учруулж, тавгүйтүүлэхгүй байх, 9) Бурханы ариун гэгээн нэр алдрыг  давтан унших эсвэл сүмд залсан Бурхан-Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх үйл явцдаа алдас хийхээс хичээнгүйлэн зайлсхийж байх, 10) Бурханы Дээд Бодьгал Кришна эсвэл Түүний чин бишрэлтэнгүүдийг муучилж, доромжлохыг үл зөвшөөрөх.

            Дээр дурьдсан арван зарчмыг баримтлалгүйгээр садхана-бхакти, өөрөөр хэлбэл дадлагажилтын түвшин дэх зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд жинхэнэ ёсоор хүрэх боломжгүй. Шрила Рупа Госвамигийн  тоочин дурьдаж байгаа эдгээр хорин зарчмууд  нь бүгдээрээ чухал. Гэхдээ эдгээр хорин зарчмуудаас хамгийн чухал нь эхний гурван зарчим: жинхэнэ бурханлаг номын багшийн ивээл хамгааллыг хүртэх, түүнд шавь орж сахил хүртэх болон түүнд гүн хүндэтгэлтэйгээр үйлчлэн зүтгэх.

            Дээр дурьдсан зарчмуудын араас мөн дөчиндөрвөн зарчим дагалддаг. Үүнд 1) Биеэ вайшнавуудын онцлох тэмдэг— тилакагаар чимэглэх, (Энэхүү ёс заншлын учир утга нь хүмүүст  Кришнагийн тухай сануулахад оршдог. Вайшнава-гийн бие дээрх эдгээр тэмдгүүдийг хүн  хараад Кришнагийн тухай шууд санадаг. Бурхан Чаитанйа ийн айлддаг: Вайшнава бол хүмүүс түүнийг хараад л Кришнагийн тухай санадаг тийм хүн. Иймээс Кришнагийн тухай бусдад сануулдаг тэмдэг— тилака вайшнавын  бие дээр байх нь  ийм чухал болой.) 2)Тилака тавьснаар бие дээрээ “Харе Кришна”-г бичиж болно, 3) Сүмд залсан Шүтээнд эсвэл бурханлаг номын багшид өргөсөн байсан гирлянд болон цэцгийг хайр хишиг байдлаар хүлээж авах болон түүгээр биеэ чимэх, 4) Шүтээний өмнө бүжиглэж сурах, 5) Сүмд залсан Шүтээнд болон бурханлаг номын багшид бишрэл хүндэтгэлээ илэрхийлж сурах, 6) Бурхан Кришнагийн сүмд ирээд Шүтээний өмнө босох, 7) Шүтээнийг зугаалуулахаар сүмээс гадагш залах үед  чин бишрэлтэн уг үйл явцад нэн даруй нэгдэх ёстой, (Үүнтэй холбогдуулан тэмдэглэж хэлэхэд, Энэтхэгт, ялангуяа Вишнугийн сүмүүдэд, байнгад сүмдээ залран байдаг хэмжээгээр том мурти-гаас гадна орой  тийшээ зугаалуулахаар гадагш залдаг овор хэмжээний хувьд жижиг мурти-тай байх тийм ёс заншил байдаг. Зарим сүм орой бүр Шүтээнийхээ дээр нарны маш гоё том халхавч барин гадагш залж хөгжмийн оркестр дагалдсан том ёслол хийдэг заншилтай. Шүтээнээ тэрэг эсвэл дамжуурга жуузан дээр  байрлуулсан маш гоёмсгоор чимэглэсэн сэнтийд залаад чин бишрэлтэнгүүд дамжлан ойр зэргэлдээх гудамжаар явдаг. Энэ үед  оршин суугчид гэр орноосоо гарч ирэн прасада  тараадаг. Сүмийн хөрш зэргэлдээ амьдардаг бүх хүмүүс үүнд нэгддэг ба  ёслол үйл маш гоёор болж явагддаг. Шүтээнийг гадагш залах үед  сүмийн үйлчлэн зүтгэгчид Түүнд хандан: өдрийн туршид хичнээн зүйл орж ирсэн, хичнээн зүйл зарлагадсан гэх зэргээр өдөр тутмынхаа тайланг танилцуулдаг Энэхүү ёс заншлын учир утга нь  уг сүм бол  Шүтээнд хамаарагддаг, Түүний соёрхолд байдаг, харин ариун гэгээн үйлчлэн зүтгэгчид  болон сүмд санаа тавьж хүчин зүтгэдэг бусад хүмүүс бол Түүний албатууд гэдэг тухай  үзэл, ойлголтыг илэрхийлэхэд оршдог. Энэ бол маш эртний ёс заншил, гэсэн ч үүнийг одоо хүртэл баримталдаг. Иймээс Шүтээнийг зугаалахаар гадагш морилоход чин бишрэлтэнгүүд Түүнийг дагалдан үйл явцад нэгдэн орох ёстой гэж энд өгүүлж байна.) 8) Вишнугийн сүмд өдөрт доод тал нь хоёр удаа, өглөө болон оройд очиж байх, (Вриндаванад энэхүү ёс заншлыг маш нарийн чанд баримталдаг. Өглөө бүр болон орой бүр хотын бүхий л чин бишрэлтэнгүүд янз бүрийн сүмүүдэд очдог. Энэ үеүдэд гудамжнууд маш их хүнтэй болдог. Вриндаванад ойролцоогоор 5000 сүм байдаг. Тэр бүх хүмүүс  бүх сүмүүдээр нэг бүрчлэн тойрон орно гэдэг мэдээжийн хэрэг боломжгүй зүйл. Гэхдээ, Госвами нарын үндэслэсэн 12 маш том бөгөөд чухал сүмүүд байдаг бөгөөд хүмүүс наад зах нь л гэхэд тэдгээрт очих хэрэгтэй.) 9) Сүмийг доод тал нь гурван удаа тойрох.(Сүмүүд наад зах нь 3 удаа тойрч болохоор тэгж баригддаг буюу өөрөөр хэлбэл энэхүү зарчмыг хүмүүс дагаж мөрдөж чадахаар сүмийн зүгээс тэгж зохион байгуулдаг. Ямар андгай өргөснөөсөө хамаараад зарим чин бишрэлтэнгүүд сүмийг илүү олон удаа буюу 10, 15 удаа тойрдог. Госвами нар ер нь  бол Говардхана толгойг тойрдог.) Мөн Вриндаванагийн газар нутгийг бүхэлд нь тойрохыг зөвлөдөг,10) Сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ зохицуулах зарчмуудын дагуу (арати болон прасада өргөх, Шүтээнийг чимэглэх… гэх мэт) илэрхийлэх хийгээд үүнийг тогтмол хийж байх, 11) Шүтээнд биечлэн үйлчлэн зүтгэх, 12) Шүтээний өмнө дуулах, 13) Санкиртана-д оролцох, 14) Мантра унших, 15) Залбирал өргөх, 16) Алдартай залбирлуудыг давтан хэлэх, 17) Маха-прасада (Шүтээнд өргөсөн зоог)-аас амсаж хүртэх, 18) Чаранамрита  (Шүтээнийг угаасан хийгээд дараа нь зочдод түгээхээр тавьсан ус.)-аас уух, 19) Шүтээнд өргөсөн цэцэг болон хүжийн үнэрийг үнэрлэх, 20) Шүтээний бадамлянхуа өлмийд хүрч шүргэх, 21) Шүтээнийг аугаа их чин бишрэлтэйгээр ажиглах, 22) Өдрийн янз бүрийн цагуудад  арати (аратрика) явуулах, 23) Шримад Бхагаватам, Бхагавад Гита болон тэдгээртэй төстэй өөр  бусад номуудад тодорхойлон өгүүлсэн байдаг Бурханы  цэнгээн наадмууд болон Түүний талаар сонсох, 24) Шүтээнээс өршөөл нигүүлслээ хүртээхийг гуйж залбирах, 25) Шүтээний тухай санах, 26) Шүтээнийг бясалгах, 27) Ямар нэгэн үйлчлэл зүтгэлийг сайн дураараа хийж үйлдэх,28) Бурханы тухай Найз нөхөр байдлаар бодох, 29) Бурханы төлөө бүхнээ зориулах, 30) Түүнд зориулахаар  дуртай гоё сайхан зүйлээ (хоол, хувцас) өргөх, 31) Кришнагийн таалалд нийцүүлэн Түүнийг цэнгүүлэхийн төлөөнөө ямар ч эрсдлийг өөр дээрээ авах хийгээд Түүнд үйлчлэн зүтгэхэд бүхий л хүчээ зориулах, 32) Ямар ч нөхцөл байдалд орсон байсан чин бишрэлтэй сүнс хэвээр байх, 33) Туласи модыг услах, 34) Шримад Бхагаватам болон түүнтэй төстэй бичээсүүдийг  тогтмол сонсох, 35) Матхура, Вриндавана болон Дварака зэрэг ариун дагшин газар оронд амьдрах, 36) Вайшнавууд (чин бишрэлтэнгүүд)-д үйлчлэн зүтгэх, 37) Өөрийн арга, хэрэгсэлд тааруулж нийцүүлэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээ явуулах, 38) Карттика (10-11) сард онцгой үйлчлэл зүтгэлийг хийж үйлдэх, 39) Джанмаштами (Кришнагийн энэ дэлхий дээр илэрч тодорсон) өдөр онцгой үйлчлэл зүтгэл гүйцэтгэх, 40) Чин бишрэлтэн юу ч хийж байсан бүгдийг Шүтээндээ аугаа их чин бишрэлтэйгээр  болон маш нямбайгаар хийх ёстой, 41) Чин бишрэлтэнгүүдийн хүрээлэлд  (чин бишрэлтэн бусчуудтай биш) Шримад Бхагаватамын уншлагаар цэнгэн жаргах, 42) Илүү их ахиц дэвшил гаргасан буюу  өндөр түвшинд хүрсэн чин бишрэлтэнтэй харьцах, 43) Бурханы ариун гэгээн нэрийг давтан унших, 44) Матхурагийн орчмын нутаг оронд (дүүрэгт) амьдрах.

            Нийтэд нь авч үзвэл 64 зохицуулах зарчим байна. Урьд өмнө өгүүлсэнчлэн, тэдгээрийн эхний  10 нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Тэдний араас хоёрдугаар зэргийн 10 зарчим, мөн түүн дээр үйл ажиллагааны өөр 44 хэлбэр нэмэгдэж байна. Тэгэхлээр, далагажилтын түвшний зохицуулалт бүхий чин бишрэлийн  үйлчлэл зүтгэлд 64 төлөв байна. Эдгээр 64 зохицуулах зарчмуудаас:  Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Шримад Бхагаватамаас сонсох,  чин бишрэлтэнтэй харьцах, санкиртана  хийх болон Матхурад амьдрах гэсэн 5 зарчим нь онцгой чухал.

            Бие махбодь эсвэл ухаанаараа бидний ярьж, хийж байгаа бүхэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн энэхүү 64 төрлийн үйл ажиллагаанд орж багтаж байх ёстой. Энэ номын эхэнд өгүүлж байсанчлан,  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчим нь  хүн мэдрэхүйнүүдээ бүгдийг нь Бурханд үйлчлэн зүтгүүлж байх ёстой гэдгийг хэлдэг. Харин тэднийг чухамхүү яаж  зүтгүүлж болох нь дээр дурьдсан 64 зарчмуудаас тодорхой харагдаж байна. Цааш нь, Шрила Рупа Госвами эдгээр зарчмуудын заримынх нь  эх сурвалж, жинхэнэ байдлыг батлан харуулахаар янз бүрийн бичээсүүдээс гэрчилгээ, нотолгоог жишээ татна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн  зарчмуудын үндэслэл

 

Жинхэнэ бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд ивээл хамгааллыг олох.

 

            Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (3.21)-д Прабуддха Ними хаанд хандан ийн өгүүлдэг: “Ай хаан минь ээ, материаллаг ертөнцөд аз жаргал байдаггүй гэдэгт чи итгэлтэй байж болно. Энд зовлон зүдгүүрээс өөр юу ч байдаггүй учир аз жаргалыг эндээс олно гэдэг бол уучлашгүй алдаа хийж байна гэсэн үг. Жинхэнэ аз жаргалд хүрэхийг үнэхээрийн хүсэж байгаа хүн жинхэнэ бурханлаг номын багшийг эрж олон түүнтэй багш шавийн барилдлагаа тогтоох буюу түүнд шавь орон сахил хүртэж аврал ивээлийг нь хүртэх ёстой. Бичээсүүдийг судлан шүүн тунгааж эрэгцүүлснээр тэдгээрийн учир утгыг гүн гүнзгий ойлгож ухаарсан, тэдгээрийг яаж иш үндэслэлтэй болгохыг мэддэг хийгээд ингэснээрээ бичээсүүдийн дүгнэлт гаргалгааны үнэнд бусдыг итгүүлэх чадвартай болсон хүнийг бурханлаг номын багш гэж үздэг. Жинхэнэ бурханлаг номын багш бол  бүхий л материаллаг бодол санаагаа таягдан хаяж орхин Бүхний Дээд Бурханы  ивээл хамгааллыг олсон аугаа больгалууд юм. Бурханлаг цэнгэл жаргалын түвшинд дээшлэн хүрэхэд оршдог амьдралынхаа мисс буюу үүрэг даалгаврыг  биелүүлэхийн тулд хүн бүр бурханлаг номын ийм багшийг хайж олохыг чармайх ёстой!

            Ийнхүү өгүүлсний учир утга, ач холбогдол нь ариун гэгээн бичээсүүдийн сургаал зааврыг биелүүлдэггүй, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудыг баримталдаггүй эргэлзээтэй шинж чанар бүхий эсвэл мэдрэхүйн таашаал ханамжийн  зургаан дамжуулагчийн эрхшээл дор оршдог тийм тэнэг хүнийг бурханлаг номын багшаа  болгох хэрэггүй гэдэгт оршдог. Мэдрэхүйн таашаал ханамжийн зургаан дамжуулагч буюу  зуучлагчид гэж  хэл, генитал, ходоод, уур, ухаан болон хэл яриаг хэлдэг. Тэдгээрийг эзэмдэж захирсан  зөвхөн тийм хүн л дэлхий дээр хаана ч шавьтай болох эрхтэй. Бурханлаг номын ийм багштай болох явдал бол  бурханлаг амьдралдаа хөгжил дэвшил гаргахын үндсэн нөхцөл. Жинхэнэ бурханлаг номын багшийн ивээл  хамгааллыг хүртэх зол завшаан тохиож учрал нь бүрдсэн  хүн бурханлаг аврагдлын зам мөрийнхөө төгсгөл хүртэл  явах нь гарцаагүй хэрэг. Үүнд эргэлзэж байж болохгүй.

Бурханлаг номын багшид шавь орж сахил хүртэх болон түүний сургаал номлолыг сонсох.

 

            Аугаа мэргэн Прабуддха цааш ийн үргэлжлүүлсэн: “Ай хаан минь ээ, шавь болсон хүн бурханлаг номын багшийгаа зөвхөн  бурханлаг номлогч байдлаар биш, мөн Бурханы Дээд Бодьгал болон Дээд Сүнсний төлөөлөгч гэж харах ёстой. Өөрөөр хэлбэл, бурханлаг номын багш бол Кришнагийн гадаад  илрэл тодрол учраас түүнийг Бурханыг харж байгаа шигээр харж дээдэлж, түүнд Бурханд хандан байгаа шигээр хандаж байх хэрэгтэй. Үүнийг бүхий л бичээсүүд баталгаажуулдаг бөгөөд иймээс шавь хүн бурханлаг номын багштайгаа зохимжтой  байдлаар харьцаж байх ёстой. Тэрээр Шримад Бхагаватамыг бурханлаг номын багшдаа гүн хүндэтгэлтэйгээр хийгээд хичээнгүйлэн судлах ёстой. Шримад Бхагаватамыг сонсох болон түүний талаар ярих явдал бол хүнийг Бурханы Дээд Бодьгалд үйлчлэн зүтгэх болон Түүнийг хайрлах түвшинд дээшлүүлэн хүргэдэг шашин номын үйлийн хэлбэр юм.”

            Шавь хүн бурханлаг номын багшаа ханамжтай, баяр цэнгэлтэй байлгахыг чармайх ёстой. Тэгж байгаа цагт бурханлаг мэдлэгийг хүртэх нь  түүний хувьд хүнд бэрх биш байх болно. Ведэд үүнийг батлан өгүүлдэг бөгөөд Бурханд болон бурханлаг номын багшдаа  хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэдэг хүнд бүхий л бурханлаг үнэн маш амархан нээгддэг гэдгийг Рупа Госвами цаашид тайлбарлах болно.

Бурханлаг номын багшдаа итгэлтэй хийгээд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх.

 

            Бурханлаг номын багшид шавь орон сахил хүртэх буюу  багш шавийн барилдлагаа тогтоох талаар Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (17.27)-д дурьддаг. Тэнд Бурхан ийн айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, бурханлаг номын багшаа зөвхөн Миний  төлөөлөгч төдийгүй мөн Намайг Өөрөө байна гэж харж байх хэрэгтэй. Түүнийг ямар ч тохиолдолд эгэл жирийн хүн гэж үзэж болохгүй. Бурханлаг номын багштай харьцах харьцаанд эгэл жирийн хүмүүстэй харьцах явцад бидэнд төрж байж болох атаархал жөтөөрхөл болон дайсагналын өчүүхэн төдий ч гэсэн өнгө, аяс байх ёсгүй. Бурханлаг номын багшаа үргэлжид Бурханы Дээд Бодьгалын төлөөлөгч байдлаар харах хэрэгтэй бөгөөд түүнд үйлчлэн зүтгэх нь бүх сахиулсан тэнгэрүүдэд үйлчлэн зүтгэхтэй адил хүчтэй.”

Ариун гэгээн хүмүүсийн мөрийг дагах.

 

            Өмнөх  ачарйа нар болон ариун гэгээнтэнгүүдийн зам мөрийг даган замнаснаар гуниг гутралд орж автах эрсдэлгүйгээр эсвэл бурханлаг  төгс төгөлдөржилтийн зам мөр дээрээ саад тотгортой учирч тулгаралгүйгээр хүсэж байгаа үр дүндээ хүрч болдог учраас чин бишрэлтэн тэдний үлгэр жишээг дагах ёстой гэсэн зөвлөгөөг Сканда-пурана-д өгдөг.

            Брахма-йамала гэж нэрлэгддэг бичээст ийн өгүүлдэг: “Хүн өөрийгөө аугаа чин бишрэлтэн хэмээхийн зэрэгцээ ариун гэгээн  бичээсүүдийн эх сурвалж  байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх аваас тэрээр юу ч хийж байлаа гэсэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ хөгжин дэвжихэд нь тус болохгүй. Тэрээр зөвхөн, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрийг чин үнэнээсээ хүлээн аваад замнаж байгаа хүмүүст л  таагүй байдлыг учруулах болно.” Ариун гэгээн бичээсүүдийн зарчмыг  дагадаггүй хүмүүсийг сахаджийа гэж нэрлэдэг. Өөрийн санаанаасаа зохиосон зүйлээ удирдлага болгодог хийгээд бичээсүүдийн зааврыг дагадаггүй, бүх зүйл маш энгийн хэмээн бодож биеэ тоон сайрхагчдыг тэгж нэрлэдэг. Ийм хүмүүс чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөр дээр зөвхөн л саад тотгорыг бий болгодог.

            Ийнхүү батлан өгүүлсэнтэй холбогдуулан  чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэдэггүй хийгээд ариун гэгээн бичээсүүдийн сургаал зааврыг тоомсорлон үздэггүй хүмүүсийн зүгээс  эсэргүүцэл гаргаж байж болох юм. Энэ талын жишээг буддизмын философид харж болно. Бурхан Буддха хаан буюу кшатрйа-гийн нэр хүндтэй удамд харьяалагддаг гэр бүлээс гаралтай хэдий ч Түүний философи нь Ведийн сургаал номлолтой нийцдэггүй бөгөөд иймээс хүлээн авшгүй юм. Хинду-хаан Махарджа Ашокагийн ивээл хамгааллын ачаар буддизм нь бүхий л Энэтхэг болон хөрш зэргэлдээ орнуудаар түгэн тархсан ч аугаа багш хийгээд эрэлхэг зоримог номлогч Шанкарачарйаг морилон ирсний дараагаар Энэтхэгээс бүрнээ шахагдаж түрэгдэн гарсан.

            Буддистууд болон мөн ариун гэгээн бичээсүүдийн эх сурвалж байдлыг хүлээн зөвшөөрдөггүй өөр шашнуудыг даган баримтлагчид нь заримдаа, Бурхан Буддагийн олон даган баримтлагчид буюу сүсэгтнүүд Түүнд чин бишрэлтэйгээр  үйлчлэн зүтгэж байсан, тэднийг мөн л чин бишрэлтэнгүүд гэж үзэх ёстой гэж ярьдаг. Гэвч үүнд Рупа Госвами: Буддаг даган баримтлагчдыг чин бишрэлтэнгүүдэд хамааруулан үзэж болохгүй гэж хариулж байна. Бурхан Буддаг Кришнагийн хувилгаан дүр гэж үздэг хэдий ч  ийм хувилгаан дүрүүдийг даган баримтлагчид  нь Ведийн мэдлэгээр маруухан байдаг. Ведүүдийг үзэж судлахын учир утга, ач холбогдол нь, Бурханы Бодьгал төлөв нь  бусад төлөвүүдээс илүүтэй, давуутай буюу  Бурханы Бодьгал бол Дээдийн Дээд гэдгийг ойлгоход оршдог. Үүнээс үзэхэд, Бурханы Бодьгалын давуутайг, давамгайг үгүйсгэдэг аливаа шашны онол номлолыг хүлээн зөвшөөршгүй бөгөөд ийм номлолыг атейст онол номлол гэж үздэг. Атейзм гэж Ведийн эх сурвалж байдлыг үгүйсгэдэг хийгээд бүх хүн төрөлхтний ач тусын төлөөнөө ведийн бичээсүүдийг номлон байгаа аугаа ачарйа нарыг нээлттэйгээр, илээр буруушаахыг хэлдэг.

            Шримад Бхагаватамд Бурхан Буддаг Кришнагийн хувилгаан дүр гэж хүлээн зөвшөөрдөг, гэсэн ч мөн тэр л Шримад Бхагаватамд Бурхан Будда бол атейст хүмүүсийг төөрөгдөлд  оруулахаар морилон  ирж илрэн тодорсон гэж өгүүлдэг. Түүний философи нь атейстуудыг төөрөгдүүлж будлиулахад зориулагдсан бөгөөд бид түүнийг хүлээн авах ёсгүй. “Атейст зарчмуудыг номлон дэлгэрүүлэх ямар хэрэг Кришнад байгаа юм бэ?” гэсэн асуултанд, тэр цагт Ведийн нэрийг барин зөвтгөж байсан хүч хэрэглэх үйлүүдэд эцэс төгсгөл тавих явдлыг Бурханы Дээд Бодьгал болгоон хүссэн. Ариун гэгээн үйлчлэн зүтгэгчид гэж нэрлэгдсэн хүмүүс амийг нь таслан хөнөөсөн амьтадынхаа махыг  идэх гэсэн шуналаа зөвтгөхийн тулд Ведээр халхавч хийн түүнийг буруугаар,  хортойгоор ашиглаж байсан ба уналт доройтолд орсон хүмүүсийг Ведийн ийнхүү буруу хуурмаг тайлбараас  болиулж, холдуулах гэж Бурхан Будда морилсон. Түүнээс гадна Бурхан Будда атейстуудыг Өөрийнхөө араас дагуулах гэж атейзмыг номлон дэлгэрүүлсэн. Тэрээр энэхүү арга мэхнийхээ тусламжтайгаар тэднийг Бурхан Буддад, өөрөөр хэлбэл Кришнад үйлчлэн зүтгэхэд татан оруулсан.

Шашны мөнхийн зарчмуудын талаар асууж лавлах.

 

            Нарадийа-пурана-д ийн өгүүлдэг: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд жинхэнээсээ нухацтайгаар хандаж байгаа хүн бүхий л зорилгодоо удаж төдөлгүйгээр хүрдэг.”

Кришнаг цэнгүүлэхийн төлөөнөө материаллаг бүхнээ орхиход бэлэн байх.

 

            Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Материаллаг мэдрэхүйн таашаал ханамж эдлэх явдлаа  орхисон хийгээд  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудыг хүлээн авсан хүнийг  Вишнулока (Бурханы орон)-гийн баялаг хүлээж байдаг.”

Ариун дагшин газар оронд амьдрах.

 

            Дваракад зургаан сар, нэг сар эсвэл хоёр долоо хоног ч гэсэн амьдарч байгаа хүнийг Ваикунтхалока-д дээшлэн хүрэх болон сарупйа-мукти (Нарайнагийн биетэй төстэй дөрвөн гар бүхий биеийг авах боломж)-гийн бүхий л эрхэм зүйлс хүлээж байдаг гэж Сканда-пурана-д батлан өгүүлдэг.

            Брахма-пурана-д ийн өгүүлдэг: “80 квадрат миль талбай бүхий Шри Джаганнатхагийн муж— Пурушоттама-кшетра-гийн трансцендент ач холбогдлыг үгээр тодорхойлон хэлэхийн аргагүй. Дээд гаригуудын системүүдийн сахиулсан тэнгэрүүд хүртэл Джаганнатха-Пури-гийн оршин суугчид нь Ваикунтхагийн оршин суугчид лугаа тийм  биетэй гэдгийг хардаг. Өөрөөр хэлбэл тэд Джаганнатха-Пури-гийн оршин суугчид нь дөрвөн гартайг хардаг.”

            Наимишаранйа-гийн ойд цугларсан аугаа мэргэдэд Шримад Бхагаватамыг ярьж байхдаа Сута Госвами Ганга-ын аугаа сайхныг ийн тодорхойлон өгүүлдэг: “Ганга-ын ус нь Шри Кришнагийн бадамлянхуа өлмийд өргөсөн туласи-гийн навчсын үнэрийг зөөн анхилуулдаг бөгөөд иймээс түүний ус  Бурхан Кришнагийн алдар  цууг түгээж дэлгэрүүлэн мөнхөд урсан байдаг. Ганга урсан байгаа газраа дотроос нь ч тэр, гаднаас нь ч тэр ариусгадаг.”

Зөвхөн чухал хэрэгтэй  зүйлээ л авах.

 

            Нарадийа-пурана-д ийн батлан өгүүлдэг: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд нухацтай хандан байгаа бол өөрт зайлшгүй чухал хэрэгтэйгээс илүү ихийг авах хэрэггүй.” Ийнхүү батлан өгүүлэхийн учир утга нь, чин  бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудыг биелүүлэхийг үл хайхарч, эс тоомсорлохгүй байх, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өөрийнх нь хүч чадал хүрэхгүй дүрэм заавруудыг биелүүлэх гэж оролдох ёсгүй гэдэгт оршдог. Жишээ нь, Харе Кришна мантра-г өдөр бүр эрхин дээрээ доод зах нь 100 мянган удаа давтан унших хэрэгтэй гэж заримдаа ярьдаг. Гэхдээ ийн унших нь боломжгүй байх аваас  энэ тоог өөрийнхөө боломжинд тааруулж нийцүүлэн багасгах хэрэгтэй. Ер нь бол бид шавь нартаа мантра-г өдөр бүр  эрхин дээрээ доод тал нь 16 тойрог уншихыг зөвлөдөг бөгөөд хүн бүр 16 тойргоо бүгдийг нь уншиж амждаг байх ёстой. Харин аль нэгэн өдөр 16 тойргоо гүйцэд уншиж амжаагүй байх аваас  түүнийгээ дараа өдөр нь гүйцээж унших ёстой. Өргөсөн андгай, хүртсэн сахилаа  чанд баримтлах нь чухал. Түүнийг зөрчих аваас энэ нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ хайхрамжгүй, тоомсоргүй байдлаар хандаж байна  гэсэн үг. Энэ бол Бурханд үйлчлэн зүтгэхдээ алдас хийж байгаа хэрэг. Ийн алдас хийж байгаагаа  хуруунуудынхаа завсраар  харах буюу өөгшүүлээд байх аваас  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ хөгжил дэвшил гаргаж чадахгүй. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудад хамааралтай ямар нэгэн андгайг өөрийн боломж, чадварт тааруулж нийцүүлэн өргөх нь илүү дээр бөгөөд тэгээд түүнийгээ чанд баримтлах хэрэгтэй. Энэ нь бидний бурханлаг хөгжлийг хөнгөрүүлдэг.

Экадашид мацаг барих.

 

            Экадашийн өдөр мацаг барьдаг хүн нүгэлт үйлүүдийнхээ бүхий л үр дагавруудаас салан ангижирдаг бөгөөд ариун явдалт амьдралдаа ахиц дэвшил гарган урагшилдаг гэж Брахма-виварта-пурана-д өгүүлдэг. Гэхдээ хамгийн гол нь  зүгээр л мацаг барихад биш, харин Говиндад, Кришнад итгэх итгэлээ болон Түүнийг хайрлах хайраа батжуулахад оршдог. Экадашид мацаг барихын жинхэнэ учир утга, ач холбогдол нь бие махбодийнхоо эрэлт хэрэгцээг хамгийн бага байлгаж, мантра-гаа унших болон чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өөр бусад үйлүүдэд зүтгэх буюу Бурханд үйлчлэн зүтгэхэд цаг хугацаагаа хамгийн ихээр зориулан ашиглахад оршдог. Бурханы өрнүүлсэн цэнгээн наадмын талаар санаж бодох болон Түүний ариун гэгээн нэрийг байнга сонсох үйл бол мацагийн өдөр хийж болох хамгийн сайн үйлүүд.

Баньян модонд хүндэтгэлээ илэрхийлэх.

 

            Чин бишрэлтэн нь туласи болон амалака модонд ус өргөж байх хэрэгтэй гэж Сканда-пурана-д өгүүлдэг. Тэрээр үнээдэд болон брахмануудад хүндэтгэлээ илэрхийлэх болон вайшнавуудад, тэдэнд  бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх болон тэдний талаар бодож бясалган үйлчлэн зүтгэж байх ёстой. Энэ бүгд нь  өмнөх үедээ хийж үйлдсэн нүглийнхээ үр дагавруудыг багасгаж зөөлрүүлэхэд нь чин бишрэлтэнд тусалдаг.

Чин бишрэлтэн бусчуудтай харьцах харьцаагаа зогсоох.

 

            Вайшнава хүн өөрийгөө хэрхэн яаж авч явж байх ёстой вэ? гэж Бурхан Чаитанйагийн чин бишрэлтэн, гэр бүлийн амьдралын хэвшилд амьдардаг нэгэн асуухад Тэрээр, вайшнава  бол чин бишрэлтэн бусчуудтай  харьцдаг харьцаагаа бүрэн таслан зогсоох ёстой гэж хариулсан. Дараа нь Тэрээр, Кришнагийн дээд засаглалыг хүлээн зөвшөөрдөггүйчүүд болон  амьдралын материаллаг талд хэтэрхий их татагсад гэсэн чин бишрэлтэн бусчуудын хоёр төрөл байдаг гэж  тайлбарласан. Өөрөөр хэлбэл, материаллаг таашаал ханамжийн хойноос шунан хөөцөлдөгчид болон Бурханы дээд засаглалыг  хүлээн зөвшөөрдөггүйчүүдийг авайшнавууд гэж нэрлэдэг бөгөөд тэдэнтэй харьцахаас хичээнгүйлэн зайлсхийж байх хэрэгтэй.

            Катйайана-самхита-д өгүүлсэн байдагчлан, Бурханы дээд засаглалыг бүхий л талаараа  сөрөн эсэргүүцэх чин бишрэлтэн бусчуудтай хамт амьдрахаас дүрэлзэн асах галын голд эсвэл  төмөр авдар дотор амьдрахыг илүүд үзэх хэрэгтэй. Утгын хувьд үүнтэй ойролцоо  баталгаа Вишну-рахасйа-д байдаг. Тэнд өгүүлсэнчлэн, материаллаг хүслүүдийнхээ эрхшээлд орсон болон янз бүрийн сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэл илэрхийлж байгаа хүмүүстэй харьцахаас могой, бар эсвэл матрыг тэврэх нь илүү дээр.

             Материаллаг ямар нэгэн зорилгод хүрэхийн төлөөнөө  зохих нэгэн сахиулсан тэнгэрт хүндэтгэлээ илэрхийлж болдог  гэж бичээсүүдэд тайлбарласан байдаг. Тухайлбал, өвчнөөсөө салж илааршихыг хүсэж байгаа хүн Нарны бурханд, үзэсгэлэн гоо эхнэртэй болохыг хүсэж байгаа бол Шива бурханы эхнэр Ума-д, харин сайн боловсролтой болохыг хүсвэл Сарасвати охин тэнгэрт бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг зөвлөдөг. Мөн Шримад Бхагаватамд сахиулсан тэнгэрүүдийн нэрсийг жагсаасан байдаг бөгөөд  материаллаг ямар нэгэн хүслээ биелүүлэх гэж тэдгээрт бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг гэж ярьдаг. Гэхдээ сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ  илэрхийлэгч хэн бүхэн  тэдгээр сахиулсан тэнгэрүүддээ хичнээн ч  их хичээл зүтгэл гарган үйлчлэн зүтгэдэг байлаа гэсэн чин бишрэлтэн бусчуудад хамаарагддаг. Тэднийг ямар ч тохиолдолд чин бишрэлтэн гэж үзэж болохгүй.

            Ямар ч тохиолдолд бүгдээрээ нэг адил зорилгод хүрдэг учраас Бурханы ямар хэлбэрт бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх нь ач холбогдолтой биш гэж майавади нар (имперсоналистууд) ярьдаг. Гэхдээ сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэгчид нь эцэстээ зөвхөн тэдгээр сахиулсан тэнгэрүүдийн гаригт л хүрдэг, тэгвэл Бүхний Дээд Бурханы чин бишрэлтэнгүүд бол Бурханы оронд дээшлэн хүрч очдог гэж Бхагавад Гита-д тов тодорхой өгүүлдэг. Гита сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэгчдийг үндсэндээ бол буруушаадаг. Тэнд өгүүлсэнчлэн, шуналаасаа болоод тэд оюунаа алдан гээсэн бөгөөд иймээс сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг болцгоосон. Вишну-рахасйад, ийм хүмүүстэй харьцаж байснаас хамгийн аюултай араатангуудтай хамт амьдрах нь илүү дээр гэж батлаж өгүүлэн сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ  илэрхийлэгчдийг хатуу ширүүнээр зэмлэн буруушаадаг.

Зохистой бус шавь нарыг авах, олон сүм бүтээн босгох болон олон ном уншихаас зайлсхийх.

 

            Олон шавьтай болж болох ч тэдний хэн нэгний хийж үйлдсэн үйл эсвэл ач тус бүхий үйлчлэл зүтгэлийнх нь төлөөнөө түүний өмнө үүрэг хүлээсэн тийм байдалд орохооргүйгээр ажил үйлээ зохиож авч явах ёстой гэж өөр нэгэн хорио цээр  хэлдэг. Мөн тэрчлэн шинэ сүмүүд барьж байгуулах, бүтээж босгох гэж, мөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөр дээр ахиц урагш, хөгжил дэвшил гаргах чадварыг өгөхөөс өөр бусад янз бүрийн номуудыг унших гэж хэтэрхий их  идэвх чармайлт гаргах  хэрэггүй. Кришнагийн ухамсрын эрдэм ухааныг ойлгож хүртэхэд хэрэгтэй бүхнийг мэдэж авахад Бхагавад Гита, Шримад Бхагаватам, Бурхан Чаитанйагийн  номлол болон энэ ном— Чин бишрэлийн рашааныг анхааралтай уншихад үнэндээ бол бүрэн хангалттай. Өөр бусад номуудыг уншиж өөрийгөө чилээхийн хэрэг байхгүй.

            Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (13.8)-д Нарада Муни Махараджа Йудхиштхиратай нийгмийн амьдралын хэвшлүүдийн янз бүрийн үүрэг функцүүдийн талаар хэлэлцэн байх үедээ материаллаг амьдралаас огоорсон хүмүүс болох саннйаси нарт зориулан тогтоосон дүрэм зааврууд дээр онцгойлон тогтож ярилцдаг. Саннйаса-гийн амьдралын хэвшилд орсон хүн зохистой  бус хүмүүсийг шавь болгон авах хориотой байдаг. Саннйаси хүн ирээдүйн шавь нь  Кришнагийн ухамсартай болох гэж үнэхээрийн чин үнэнээсээ эрмэлзэж  байна уу? гэдгийг эхлээд шалгах ёстой, тийм бус байх аваас  түүнийг шавь болгон авч сахил хүртээхийн хэрэггүй. Гэхдээ Бурхан Чаитанйа учир шалтгаангүй өршөөл нигүүлслээрээ  бүхий л жинхэнэ бурханлаг номын багш нарт Кришнагийн ухамсрын талаар хаа сайгүй ярихыг захин даалгасан билээ. Иймээс Бурхан Чаитанйагийн хөдөлгөөнд саннйаси нар хүртэл Кришнагийн тухай хаа сайгүй ярих хийгээд шавь болохоор үнэхээрийн нухацтайгаар хүсэж байгаа хүнийг үргэлж хүлээн авч багш шавийн барилдлагаа тогтоож болдог.

            Энд бас өөр нэг зүйл байдаг: шавь нарынхаа тоог ихэсгэлгүйгээр Кришнагийн ухамсрын  номлол сургаал, шүтлэг бишрэлийг түгээн дэлгэрүүлэх нь боломжгүй. Иймээс, заримдаа эрсдэлтэй ч гэсэн  Чаитанйа Махапрабхугийн онол номлолд хамаарагддаг саннйаси эрсдэл хийн тэр бүү хэл шавь болоход огтын бэлэн биш  хүнийг хүртэл шавь болгон авдаг. Гэхдээ бурханлаг номын багшийнхаа  өршөөл нигүүлслээр ийм шавь аажмаар хөгжин дэвжиж чаддаг. Харин бурханлаг номын багш зөвхөн алдар нэртэй болох санаагаар эсвэл хуурмаг байдлаар хүндэтгүүлэх гэсэн хүслийн үүднээс  шавь нарынхаа тоог  олшруулах аваас  Кришнагийн ухамсар дахь үйлчлэл зүтгэлдээ  унаж доройтох нь зайлшгүй хэрэг.

            Үүнтэй адилаар, жинхэнэ бурханлаг номын багш зөвхөн, янз бүрийн газруудад лекц уншин олонд танил болох эсвэл их мэдлэгтэй хэмээн гайхуулах гэж олон ном уншихад цаг хугацаагаа үрдэггүй. Энэ бүгдээс зайлсхийж байх хэрэгтэй. Үүнээс гадна, саннйаси хүн сүм барьж байгуулах гэж  дурлан зүтгэх хэрэггүй. Шри Чаитанйа Махапрабхугаас залгамжтай багш шавийн барилдлагааны гинжин хэлхээн дэх ачарйа нарын амьдралын жишээ нь тэд сүм барьж байгуулахад дурлан татагддаггүй байсныг харуулдаг. Гэхдээ хэн нэгэн хүн өөрөө хүрч ирээд сүм барихад үйлчлэн зүтгэхээ илэрхийлэх аваас тэр болтол энэ тал дээр ямар ч идэвх зүтгэл гаргаагүй байсан тэдгээр ачарйа нар үнэтэй сүм барихад нь түүнд урам өгч зоригжуулж байсан. Жишээ нь, Акбара хааны цэргийн ерөнхий жанжин Махараджа Мансингх ийн үйлчлэн зүтгэхээ илэрхийлэхэд Рупа Госвами маш их хөрөнгө мөнгөөр бүтэж боссон Говиндаджи-гийн сүмийг түүгээр бариулсан.

            Иймд, жинхэнэ бурханлаг номын багш сүм барьж байгуулах ажлын хариуцлагыг өөр дээрээ биечлэн авах ёсгүй, гэхдээ хэн нэгэнд мөнгө хөрөнгө байгаа хийгээд тэрээр тэрхүү мөнгөө Кришнад үйлчлэн зүтгэхэд зориулан зарцуулахыг хүсэж байх аваас Рупа Госвами шиг ачарйа Бурханд үйлчлэн зүтгэхэд зориулсан үнэтэй хийгээд гоё сайхан сүм барьж байгуулахад чин бишрэлтэнгийн мөнгийг ашиглаж болдог. Харамсалтай нь бурханлаг номын багш байхад таарч нийцэхгүй, зохисгүй хүн сүм барьж байгуулахад өргөл хандив гуйн баян чинээлэг хүмүүст хандах явдал заримдаа гардаг. Хэрвээ ийм шалгарсан бус, зохисгүй бурханлаг номын багш энэ мөнгөө жинхэнэ  ёсоор номлол хийхэд биш, харин тансаг сүмд тав тухтайгаар амьдрах зорилгоор ашиглах аваас энэ нь хүлцэшгүй, зөвшөөршгүй хэрэг болно. Өөрөөр хэлбэл, бурханлаг номын багш бурханлаг хөгжил дэвшил гэж нэрлэгдэх зүйлийн далбаан доор сүм барьж байгуулах ажилд дурлан татагдах буюу онцгой хичээл чармайлт гаргах ёсгүй. Түүний эн тэргүүний үүрэг болон хамгийн гол үйл ажиллагаа бол номлол хийх явдал. Үүнтэй холбогдуулан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвами Махараджа, бурханлаг номын багш номууд хэвлэх ёстой гэж зөвлөсөн. Хэн нэгэнд мөнгө байгаа бол  түүнийгээ их үнэтэй сүм барьж байгуулахын оронд  Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг сурталчлан таниулахад зориулсан эх сурвалж номуудыг янз бүрийн хэл дээр хэвлэн гаргахад зориулан зарцуулах ёстой.

Өдөр тутмын энгийн амьдралдаа нээлттэй шудрага байх болон гарз хохирол гарах,

ашиг олз орох үед ажиггүй, тайван амгалан байх.

 

            Падма-пурана-д ийн батлан өгүүлдэг: “Кришнагийн ухамсарт зүтгэн байгаа хүнийг материаллаг ололт амжилт, олз ашиг ч тэр, материаллаг гарз хохирол ч тэр амгалан тайван, тэнцвэртэй байдлаас нь гаргах ёсгүй. Хүн материаллаг ямар нэгэн зүйлээ  алдаж гээсэн үедээ гаслаж халаглахын оронд Кришнагийн тухай байнгад бодож байх хэрэгтэй.” Болзолдож нөхцөлдсөн сүнс бүр материаллаг үйл ажиллагааны талаарх бодолд  байнгад автаастай байдаг гэдэг нь эндээс харагдаж байна, ийм бодол санаанаас салж ангижрах  хийгээд Кришнагийн ухамсарт  бүрэн умбах хэрэгтэй. Урьд өмнө тайлбарласанчлан, Кришнагийн ухамсрын үндсэн зарчим бол Кришнагийн тухай байнгад бодох явдал. Материаллаг гарз хохирлоосоо болоод гасалж, халаглахын оронд  ухаанаа Бурханы бадамлянхуа  өлмийд зүгээр л төвлөрүүлэх хэрэгтэй.

            Чин бишрэлтэн гаслал, гомдлол болон хий хуурмаг байдлын эрхшээлд автах ёсгүй. Падма-пурана-д ийм үг байдаг: “Гаслал гомдлол болон уур хилэнгийн  донслолд автан байгаа хүний зүрхэнд Кришна илэрч тодрох боломж байдаггүй.”

Сахиулсан тэнгэрүүд.

 

            Сахиулсан тэнгэрүүдэд хүндэтгэлээ илэрхийлэхийг  үл хайхарч эс тоомсорлох хэрэггүй. Тэдэнд  хүндэтгэлээ  заавал илэрхийлэх албагүй, гэхдээ энэ нь  тэдэнд хайхрамжгүй, тоомсоргүйгээр хандаж болно гэсэн үг биш. Вайшнава нь, жишээлбэл Шива бурхан болон Брахма бурханы чин бишрэлтэн нь  биш хэдий ч  өндөр байр суурь эзэлдэг эдгээр сахиулсан тэнгэрүүдэд хүндэтгэлээ илэрхийлж байх нь түүний үүрэг. Вайшнавуудын  философийн дагуу бол  Шива бурхан болон Брахма бурхан шиг  эрхэм дээд бодьгалуудад бүү хэл шоргоолжинд хүртэл хүндэтгэлтэйгээр хандаж байх ёстой.

            Падма-пураа-д ийн өгүүлдэг: “Мөн Хари гэж нэрлэгддэг Кришна бол бүхий л  сахиулсан тэнгэрүүдийн Эзэн бөгөөд иймээс Тэр бол бүх нийтийн бишрэл хүндэтгэлийн Шүтээн байх ёстой. Гэхдээ энэ нь бид сахиулсан тэнгэрүүдэд хүндэтгэлээ илэрхийлэхийн хэрэггүй гэсэн үг биш.”

Нэг ч амьд оршнолд зовлон учруулж болохгүй.

 

            Маха-бхарата-д ийн батлан өгүүлдэг: “Нэг ч амьд оршнолд зовлон шаналал учруулдаггүй хийгээд тавгүйтүүлдэггүй, амьд оршнол бүрт төрсөн хүүхдүүдээ хайрлан байгаа эцэг лугаа ханддаг хүний зүрх нь ариун байдаг бөгөөд тун удалгүй  Бурханы Дээд Бодьгалын өршөөл нигүүлслийг хүртэх нь эргэлзээгүй.”

            Соёл иргэншилтэй гэгддэг нийгэмд, амьтадтай зэрлэгээр харьцахын эсрэг заримдаа кампанит ажил зохион явуулдаг, гэхдээ үүнтэй зэрэгцээд нядалгааны газруудыг хаах тухай асуудал хэний ч толгойд орж ирдэггүй. Вайшнавууд  бол тийм биш. Тэд зөвхөн, амьтадыг нядалгааны газруудад алж нядлахыг дэмждэггүй юм биш, тиймээ тэд мөн нэг ч амьд оршнолд зовлон шаналалыг учруулдаггүй.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Зайлсхийж байх хэрэгтэй алдсууд

 

            Бурханд үйлчлэн зүтгэх явцдаа зайлсхийж байх хэрэгтэй байж болох 32 алдсуудын жагсаалтыг Ведийн нэмэлт бисээчүүд агуулдаг. 1) Шүтээн залсан сүмд машинаар, эсвэл жууз дамжуургаар эсвэл гуталтайгаа орж болохгүй, 2) Бурханы Дээд Бодьгалыг цэнгүүлэхээр зохион явуулдаг Джанмаштами, Ратха-йатра болон өөр бусад баяруудыг тэмдэглэхгүй өнгөрүүлэх, тэдгээрт оролцохгүй байх, 3) Шүтээнд мөргөхөө мартахгүй байх, 4) Хоол идсэний дараагаар гар хөлөө угаалгүйгээр Бурханы сүмд орж болохгүй, 5) Бузартсан буюу цэвэр ариун бус төлөв байдалтайгаар сүмд орж болохгүй, (Ведийн бичээсүүдийн дагуу бол гэр бүлийн хэн нэгэн нь нас барахад тухайн гэр бүлийнхнийг тэдний нийгмийн байр сууринаас нь хамааруулаад тодорхой хугацааны туршид бузартсан гэж үздэг. Жишээ нь, брахманы  гэр бүлийнхнийг 12 хоногийн туршид, кшатрйа болон ваишйа-гийн гэр бүлийнхнийг 15 хоног, харин шудра-гийн гэр бүлийнхнийг 30 хоног гэж үздэг.) 6) Шүтээнд мөргөхдөө зөвхөн нэг гараараа биш, харин хоёр гараараа газарт шүргэх хэрэгтэй, 7) Сүмийг  тойрон явахдаа Шри Кришнагийн өмнүүр л тойрон яваад байж болохгүй, (Сүмийг тойрохдоо Шүтээний баруун талаас эхлэн цагийн зүүний дагуу явдаг. Өдөрт доод тал нь 3 удаа ийм байдлаар сүмийн барилгыг тойрох хэрэгтэй.) 8) Шүтээний өмнө хөлөө жийж болохгүй, 9) Шүтээний өмнө өвдөг, шагай эсвэл тохойгоо гараар барьж тэврэн   сууж болохгүй, 10) Кришнагийн  мурти-гийн өмнө хэвтэж болохгүй, 11) Шүтээний өмнө прасада  идэж болохгүй, 12) Шүтээний өмнө худлаа ярьж болохгүй, 13)  Шүтээний өмнө чанга дуугаар ярьж болохгүй, 14) Шүтээний өмнө бусадтай яриа хөөрөө өрнүүлж болохгүй, 15) Шүтээний өмнө уйлж эсвэл гиншиж гонгинож болохгүй, 16) Шүтээний өмнө хэрэлдэх болон зодолдож тэмцэлдэж болохгүй, 17)  Шүтээний өмнө хэн нэгнийг зэмлэж загнаж болохгүй, 18) Шүтээний өмнө гуйлгачинд өглөг өгч тарааж болохгүй, 19) Шүтээний өмнө хэн нэгэнтэй бүдүүлгээр ярьж харьцаж болохгүй, 20) Шүтээний өмнө арьсан нөмрөгтэй байж болохгүй, 21) Шүтээний өмнө хэн нэгнийг магтаж эсвэл өргөмжилж болохгүй, 22) Шүтээний өмнө  хараал зүхлийн үг хэрэглэж болохгүй, 23) Шүтээний өмнө хийгээ гаргаж болохгүй, 24) Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх түвшинг эд хэрэгсэл  болон хөрөнгө чинээний олгож байгаа боломжоос доогуур тогтоож болохгүй, (Бхагавад Гита-д өгүүлсэн байдагчлан, Бурхан чин бишрэлтэн Өөрт нь навч эсвэл бага зэргийн ус өргөсөн байсан ч ханамжтай байдаг. Бурханы энэ айлдвар бол өргөн утгатай, түгээмэл хэрэглээтэй буюу универсаль, түүнийг хамгийн ядуу хүн ч гэсэн даган биелүүлэх чадвартай. Гэхдээ энэ нь Бурханд  бишрэл хүндэтгэлээ элбэг дэлбэгээр илэрхийлэх хангалттай эд хэрэгсэл, хөрөнгө чинээтэй хүн мөн энэхүү айлдварыг даган Бурханд ус, навч өргөн Түүнийг цэнгүүлэх гэх  ёстой гэсэн үг биш. Хэрвээ эд хэрэгсэл, хөрөнгө чинээ нь боломжтой байх аваас  чин бишрэлтэн Бурханд үнэ цэнэтэй гоёл чимэглэл, сайн цэцэг, амтат идээ зоог өргөх хийгээд бүхий л ёслолыг хийх ёстой. Бүхний Дээд Бурханыг бага зэргийн ус болон навч өргөснөөр цэнгүүлчихнэ, харин бүх мөнгөө өөрийнхөө мэдрэхүйд  таашаал ханаж эдлүүлэхэд зарцуулж болно гэж бодох ёсгүй.) 25) Эхлээд Кришнад өргөөгүй л бол юуг ч идэж болохгүй, 26) Кришнад тухайн цаг улирлын шинэ жимс болон үр тариа өргөхөө мартаж болохгүй, 27) Хоолоо бэлтгэж хийсний дараагаар түүнийг Шүтээнд өргөхөөсөө өөр хэнд ч өгч, өргөж болохгүй, 28) Шүтээн тийш нуруугаа харуулан сууж болохгүй, 29) Бурханлаг номын багшдаа дуугүй, чимээгүйгээр мөргөж болохгүй. Өөрөөр хэлбэл, бурханлаг номын багшдаа бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх үедээ залбирлуудаа сонсогдохоор  чанга хэлэх ёстой, 30) Бурханлаг номын багшаа залран байгаа үед түүнд магтаал өргөх боломж завшаануудыг алдаж болохгүй, 31) Бурханлаг номын багшийг залран байх үед өөрийгөө магтаж болохгүй, 32) Шүтээний өмнө сахиулсан тэнгэрүүдийг шоолж элэглэн, инээдэм болгож болохгүй.

            Ийм 32 алдсууд байдаг. Мөн Враха-пурана-д тэдгээрээс гадна өөр алдсуудыг дурьддаг. Үүнд: 1) Харанхуй өрөөнд Шүтээнд хүрч шүргэж болохгүй, 2) Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх дүрэм заавруудыг зөрчиж, гажуудуулж болохгүй, 3) Бурханы сүмд дуу чимээ гаргалгүйгээр орж болохгүй, 4) Нохой эсвэл өөр доод амьтан харсан зоогийг Бурханд өргөж болохгүй, 5) Чин бишрэлээ илэрхийлэх цаг үе дэх чимээгүй байдлыг эвдэж, алдуулж болохгүй, 6) Бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх үйл явцын үед их эсвэл бага  хэрэгцээгээр (хөнгөн болон хүндээр бие засахаар) явж болохгүй, 7) Цэцэг өргөлгүйгээр хүж өргөж болохгүй, 8) Үнэргүй цэцэг өргөж болохгүй, 9) Шүдээ өдөр бүр нягт нямбай цэвэрлэж байхаа мартаж болохгүй, 10) Бэлгийн харьцаанд орсны дараа шууд сүмд орж болохгүй, 11) Сарын тэмдэг нь ирсэн байгаа эмэгтэй хүнд хүрч шүргэж болохгүй, 12) Шарилд хүрч шүргэсний дараагаар сүмд орж болохгүй, 13) Улаан болон хөх, эсвэл угаагаагүй хувцастайгаар сүмд орж болохгүй, 14) Үхсэн хүн харсны дараагаар сүмд орж болохгүй, 15) Сүм дотор хийгээ гаргаж болохгүй, 16) Сүм дотор уурлаж болохгүй, 17) Шарил хадгалах газар орсны дараагаар сүмд орж болохгүй, 18) Сүм дотор хэхэрч, огиж, гулгиж болохгүй. Иймд хоол нь бүрэн шингээгүй байгаа хүн сүмд орохын хэрэггүй, 19) Марихуан (ганджа) татаж болохгүй, 20) Опиум эсвэл түүнтэй төстэй мансууруулах зүйлс хэрэглэж болохгүй, 21) Биедээ тос түрхсэний дараагаар Шүтээний өрөөнд орох эсвэл Шүтээнд хүрч шүргэж болохгүй, 22) Бурханы дээд засаглалын талаар өгүүлдэг бичээсүүдэд хүндэтгэлтэй бус байдал гаргаж болохгүй, 23) Дээрхтэй харшилдсан, зөрчилдсөн бичээсүүдийг хэрэглэхгүй байх, 24) Шүтээний өмнө бетель зажлахгүй байх, 25) Бохир саванд хийсэн байсан цэцгийг өргөж болохгүй, 26) Хоосон шалан дээр сууж байгаад Бурханд бишрэл хүндэтгэлээ  илэрхийлж болохгүй. Суухад зориулсан олбог эсвэл хивс хэрэглэх хэрэгтэй, 27) Бүрэн угаал үйлдэлгүйгээр Шүтээнд хүрч шүргэж болохгүй, 28) Духан дээрээ гурван эгнээ шугамт-тилака тавьж чимэглэж болохгүй, 29) Гар хөлөө угаалгүйгээр сүмд орж болохгүй.

             Мөн өөр дүрэм заврууд байдаг: Вайшнава  хүний хийж бэлтгээгүй зоогийг Бурханд өргөж болохгүй, чин бишрэлтэн бусчуудыг байх үед Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхгүй байх эсвэл чин бишрэлтэн бусчуудыг харж байхад Бурханд чин бишрэлээ илэрхийлэн мөргөх хэрэггүй. Чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд саад тотгор болох бүгдийг зайлуулдаг Ганеша сахиулсан тэнгэрт эхлээд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Брахма-самхита-д өгүүлсэнчлэн, Ганапати нь  Бурхан Нрисимхадевагийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ  илэрхийлдэг хийгээд  ийм болохоор  чин бишрэлийн замаас бүхий л саад тотгоруудыг зайлуулахад чин бишрэлтэнд туслах чадвартай. Иймээс чин бишрэлтэнгүүд Ганапатид бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх ёстой. Гарын хуруу эсвэл хумс хүрсэн усанд Шүтээнийг угааж болохгүй. Хөлөрсөн байгаа чин бишрэлтэн Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж болохгүй. Эдгээрээс гадна өөр олон хорио цээрүүд байдаг. Тухайлбал, Бурханд өргөсөн цэцгэн дээгүүр  алхан гарч эсвэл гишгэж болохгүй. Мөн Бурханы нэрийг барин андгай тангараг өргөхгүй байх. Энэ бүгд нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үйл явцад хийчихэж магадгүй хийгээд хичээнгүйлэн зайлсхийж байх шаардлагатай алдсуудын янз бүрийн төрлүүд юм.

            Бурхан Өөрийг нь бишрэн Өөрт нь өөрийгөө даатган байх аваас Тэрээр хамгийн засаршгүй ужгирмал нүгэлтэнг ч  хүртэл хамгаалдаг гэж  Падма-пурана-д өгүүлдэг. Иймд, Бурханыг бишрэн Түүнд өөрийгөө даатгах хэн бүр нүглийнхээ бүхий л үр дагавруудаас салан чөлөөлөгддөг гэдэг бол тогтоогдсон баримт. Тэр бүү хэл Бүхний Дээд Бурханыг Өөрийг нь хүртэл басамжлан доромжилж алдас хийсэн хүн Түүний ариун гэгээн нэр: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-гаас аврал өмгөөллийг эрэх аваас ямар ч л гэсэн аврагддаг. Өөрөөр хэлбэл, Харе Кришна-г давтан унших явдал нь хүнээс бүх нүглийг нь угаан арилгах чадвартай. Гэхдээ Бурханы ариун  гэгээн нэрийн эсрэг алдас хийж байгаа хүн аврагдах эцсийн боломжоо алддаг.

            Ариун гэгээн нэрийг давтан унших үедээ хийчихэж магадгүй дараахь алдсууд байдаг: 1) Бурханы ариун гэгээн нэрийг түгээн дэлгэрүүлэхэд бүхий л амьдралаа зориулж байгаа чин бишрэлтэнгүүдийг муулах, сонжих, харааж доромжлох, 2) Шива бурхан болон Брахма бурхан шиг тийм сахиулсан тэнгэрүүдийн нэрийг Бурхан Вишнугийн нэртэй эн тэнцүү хүч чадлыг агуулдаг эсвэл Түүнээс үл хамаарсан гэж үзэх, (Заримдаа атейст үзэлт хүмүүс нь ямар ч сахиулсан тэнгэр бол Бурханы Дээд Бодьгал Вишнутай эн тэнцүү хэмээсэн бодол санааг баримталдаг. Гэхдээ хичнээн ч аугаа байлаа гэсэн ямар ч сахиулсан тэнгэр Бурханы Дээд Бодьгалтай эн тэнцүү байж чадахгүй, Түүнээс үл хамааралтай ч байж чадахгүй гэдгийг чин бишрэлтэнгүүд мэддэг. Иймээс Кали! Кали! эсвэл Дурга! Дурга! хэмээн давтан хэлэх нь Харе Кришна-г давтан хэлж байгаа шиг тийм үр дүнг авчирдаг гэж бодох нь маш аймшигтай хүнд алдас.) 3) Бурханлаг номын багшийнхаа тушаал зааврыг дагахгүй, тэдгээрт захирагдахгүй байх, 4) Ведийн бүтээлүүдийн болон ведийн үзэл ойлголттой нийцсэн бүтээлүүдийг муучлах, доромжлох, 5) Харе Кришна ариун гэгээн нэрийг алдар цууг санаанаасаа бодож төсөөлсөн төсөөллийн үр дүн гэж үзэх, 6) Бурханы ариун гэгээн нэрт өөрийн санаанаасаа зохиосон тайлбар өгөх, 7) Бурханы ариун гэгээн нэрийн хүчинд дулдуйдан нүгэлт үйл үйлдэх, (Бурханы ариун гэгээн нэрийг давтан хэлснээр хүн нүглийнхээ бүхий л үр дагавраас ангижирдаг, гэхдээ үүнээс, нүглийг хийж үйлдэж болно, тэгээд  тэрхүү үйлдсэн нүглийнхээ үр дагавраас Харе Кришна-г давтан уншаад ариусчихна гэсэн дүгнэлтийг хийж болохгүй. Ийнхүү бодох нь аюултай хийгээд алдас бүхий үйл бөгөөд ийнхүү бодохоос хичээнгүйлэн зайлсхийж байх хэрэгтэй.) 8) Харе Кришнаг давтан уншихыг  Ведийн карма-канда хэсэгт зөвлөмж болгосон байдаг ээл өлзийтэй зан үйлүүдийн үйл ажиллагаануудын нэг хэлбэр гэж үзэх, 9) Ариун гэгээн нэрийн алдар цууг үл итгэгчдэд тайлбарлах, (Ариун гэгээн нэрийг магтан дуулах үйлд хэн бүхэн оролцож болно, гэхдээ Бурханы трансцендент хүч чадлын талаар эхэндээ  ярих хэрэггүй. Маш их нүгэлтэй хүмүүс Бурханы трансцендент аугаа гайхамшигт байдлыг зохих ёсоор үнэлэх чадваргүй байдаг бөгөөд энэ талаар ярьж хэлэхгүй нь илүү дээр.) 10) Ариун гэгээн нэрийг давтан уншихад бүрэн итгэхгүй байх хийгээд энэ сэдвээр өчнөөн сургаал номлолыг ойлгож хүртсэн хэдий ч материаллаг дурлан татагдлаа цаашид хэвээр үргэлжлүүлэн хадгалсаар байх.

            Вайшнава гэж нэрлэгдэхийг горилон эрмэлзэх чин бишрэлтэн бүр хүсэж байгаа амжилтандаа хурдан хүрэхийг хүсэж байгаа бол эдгээр алдсуудыг хийхээс хичээнгүйлэн зайлсхийж байх ёстой.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудыг хэлэлцэхүйн үргэлжлэл

 

Бурханыг болон Түүний чин бишрэлтэнгүүдийг муучлах, хараах, доромжлох.

 

            Бурханыг болон Түүний чин бишрэлтэнгүүдийг муучлах, доромжлох эсвэл харааж байгаа явдлыг хүлцэн тэвчээд байж болохгүй. Үүнтэй холбогдуулан Шримад Бхагаватамын аравдугаар дууллын (74.40)-д Шукадева Госвами Махараджа Парикшит-д ийн хэлдэг: “Ай хаан минь ээ, Бурханыг болон Түүний чин бишрэлтэнг хараан муугаар хэлэхийг сонсмогцоо л тэр газрыг орхин явахгүй байгаа хүн ачтай тустай, буянтай сайн үйлүүдийнхээ бүхий л үр дагаврыг тэр дороо алддаг.”

            Шикшаштака-гийн гуравдугаар шүлэгтээ  Бурхан Чаитанйа ийн айлддаг: “Чин бишрэлтэн модноос илүү тэсвэр тэвчээртэй, өвснөөс илүү хүлцэнгүй байх ёстой. Тэрээр бүгдэд, тэднээс хариу хүндэтгэл хүсэн хүлээлгүйгээр хүндэтгэлтэйгээр хандаж байх ёстой.” Гэхдээ Бурхан Чаитанйа бүгдэд цэвэр ариун чин бишрэлтэнгийн хүлцэнгүй хийгээд даруу зангаар ханддаг байсан хэдий ч  Шри Нитйанандаг шархдуулсан байна гэдгийг сонсонгуутаа Түүнд ийнхүү алдас хийсэн  Джагай, Мадхай хоёрыг хөнөөхөд бэлнээр тэр даруйдаа л тухайн хэрэг болсон газарт  яаран гүйж очсон. Бурхан Чаитанйагийн энэхүү байдал  хэн бүгдийн хувьд үлгэр жишээ болох ёстой. Түүний энэ байдал нь, вайшнава бол өөрт нь хийж байгаа бүхий л  алдсыг тэсвэртэй хийгээд даруугаар хүлцдэг, харин Кришнагийн Өөрийн нь эсвэл Түүний чин бишрэлтэнгийн нэр төр хөндөгдөж байх аваас  ямар ч алдсыг хүлцэж тэсвэрлэн өнгөрөөдөггүй гэдгийг гэрчлэн харуулж байна.

            Иймэрхүү алдсуудад хариу үйлдэл хийх гурван янзын арга байдаг. Бурханыг болон Түүний чин бишрэлтэнгүүдийг хэл амаар буюу үгээр хэрхэн хараан зүхэж, муучлан доромжилж байхыг сонсох аваас жинтэй, төгс сайн учир баримт гарган эсрэг талаа няцаах ёстой. Хэрвээ эсрэг талаа ялах чадваргүй байгаа бол хараал доромжлолыг хүлцэнгүйгээр сонсож байхын оронд  тухайн тэр газар дээрээ өөрийгөө үгүй хийх ёстой. Гуравдахь аргыг эхний  хоёр аргыг даган хэрэгжүүлэх чадваргүй байгаа тийм үед хэрэглэдэг, өөрөөр хэлбэл тухайн тэр газрыг нэн даруй орхин явах ёстой. Энэ зөвлөмжийн дагуу хийж үйлдэхгүй байгаа хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшингээсээ унадаг.

Тилака болон туласи-гаар  хэлхэж хийсэн эрхин зүүлт.

 

            Вайшнава  биеэ тилака болон эрхин зүүлтээр яаж чимэглэх ёстой талаар Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Туласи-гаар  хэлхэж хийсэн эрхин зүүлт хүзүүндээ зүүдэг, биеийнхээ 12 хэсэгт Вишнугийн сүм байдлаар Вишнугийн тэмдгийг (Вишну Бурхан дөрвөн мутартаа барьж байдаг дөрвөн зүйл: дун, шийдэм, хүрд болон бадамлянхуа цэцэг) тэмдэглэдэг хийгээд духан дээрээ Вишну-тилака-г тавьдаг хүмүүсийг Вишну Бурханы энэ дэлхий дээрх  чин бишрэлтэнгүүд гэж үзэх хэрэгтэй. Тэдний оршин байгаа нь энэ дэлхийг ариусгадаг бөгөөд тэд хаана ч амьдарч байсан гэсэн тэр газар орноо Ваикунтха болгон хувиргадаг.”

            Үүнтэй төстэй баталгаа мөн Сканда-пурана-д байдаг: “Тилака  буюу гопи-чандана-гаар (Вриндаванагийн тодорхой хэсэг газруудад байдаг нэгэн төрлийн шавар.) өөрийгөө чимсэн, бүх бие дээрээ  Бурханы ариун гэгээн нэрийг бичсэн, хүзүү болон цээжиндээ  туласи-гаар хэлхэж хийсэн эрхин зүүлт зүүсэн хүмүүст Йамадута нар хэзээ ч ойртдоггүй.” Йамадута нар бол нүгэлтнүүдийг шийтгэдэг Йама хаан (үхлийн эзэн)-ий албатууд. Йамараджагийн эдгээр элч нар вайшнавуудыг хэзээ ч  авч явдаггүй. Шримад Бхагаватамд, Аджамилагийн  ангижралын тухай түүхэнд, вайшнавуудад ойртон очихыг өөрийн туслагч нартаа Йамараджа маш хатуу чангаар хориглосон гэж өгүүлдэг. Вайшнавууд нь Йамараджагийн эрх мэдэл, засаглалын гадуур байдаг.

            Падма-пурана-д мөн ийн өгүүлдэг: “Биедээ зандан модны оо түрхсэн хийгээд Бурханы ариун гэгээн нэрийг бичиж чимэглэсэн хүн  нүглийнхээ бүхий л үр дагавраас ангижран чөлөөлөгддөг бөгөөд үхлийн дараагаар Бурханы Дээд Бодьгалтай хамтран амьдрахаар Кришналока дээр шууд хүрч очдог.”

Цэцгийн гирлянд.

 

            Дараагийн зарчим бол Бурханд өргөсөн цэцгийн гирляндыг зүүх. Үүнтэй холбогдуулан Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (6.46)-д Уддхава ийн өгүүлдэг: “Хайрт Кришна минь ээ, Таны хэрэглэж таашаан цэнгэж байсан зүйлс: цэцгийн гирлянд, ариун гэгээн зүйлс, хувцас өмсгөл болон чимэглэлүүдийг би олж авдаг. Би бол Таны хүлцэнгүй албат учраас Таны зоогийн үлдсэнийг л иддэг буюу хүртдэг. Энэ нь, материаллаг эрчмийн ид шидийн эрхэнд би орохгүй  гэдэг бат итгэлийг надад өгдөг.” Энэ шүлгийн учир утга, ач холбогдол нь эдгээр зааврыг дагаж баримтлан биеэ гопи-чандана-гаар эсвэл зандан модны оогоор тавьсан тилака  тэмдгээр чимдэг хийгээд Бурханд өргөсөн цэцгийн хэлхээ буюу гирляндыг зүүдэг хэн бүр материаллаг эрчмийн илбийн ид шидийн нөлөөнөөс найдвартай  хамгаалагддаг гэдэгт оршдог. Ийм хүнийг үхэх үед нь  Йамараджагийн элч нар  авч явж чадахгүй. Тэр бүү хэл хүн вайшнавын  бүх зарчмыг даган баримталдаггүй, зөвхөн л Кришнад өргөсөн зоогийн илүү гарч  үлдсэнийг (кришна-прасада) хүртэн хооллож байх аваас  аажмаар жинхэнэ вайшнава байхад зайлшгүй чухал шинж чанаруудтай болдог.

            Үүнтэй төстэй баталгаа мөн Сканда-пурана-д байдаг. Тэнд Брахма бурхан Нарадад хандан ийн өгүүлдэг: “Хайрт Нарада минь ээ, өмнө нь Кришна зүүж байсан цэцгийн гирляндыг хүзүүндээ зүүж байгаа хүн  бүхий л өвчнөөсөө болон нүгэлт үйлүүдийнхээ бүхий л үр дагавраас салдаг ба аажмаар материаллаг бузраас чөлөөлөгдөн ангижирдаг.”

Шүтээний өмнө бүжиглэх.

 

            Шүтээний өмнө бүжиглэх ямар чухал болох талаар Дварака-махатмйа-д Бурхан Кришна ийн айлддаг: “Миний өмнө бүжиглэн  байхдаа баяр хөөрт умбах хийгээд чин бишрэлийн гүн экстаз-д автан байхын зэрэгцээ экстазын янз бүрийн шинж тэмдгүүдийг  бие махбодь дээрээ  илрүүлж тодруулан байгаа хүн  олон, олон мянган жилийн туршид хураасан нүглүүдийнхээ бүх үр дагаврыг үнс нурам болтол шатаадаг.” Мөн тэр номонд Нарадагийн ийм үг байдаг: “Шүтээний өмнө экстазын янз бүрийн шинж тэмдгүүдийг илрүүлж тодруулан бүжиглэх хийгээд алгаа ташиж байгаа хүний  биеэс түүний нүглийн  бүх шувууд нисэн гарч оддог.” Алгаа ташсанаар  бүхэл бүтэн сүрэг шувууг агаарт хөөргөн нисгэж болдог. Яг л үүн лугаа, бие махбодь дээрээ сууж байгаа нүглийнхээ бүх шувуудыг бид Кришнагийн мурти-гийн өмнө  алгаа ташин бүжиглэснээр нисгэн хол хөөн явуулчихаж болно.

Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх.

 

            Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн Түүний өмнө мөргөх талаар Нарадийа-пурана-д дараахь зүйлийг өгүүлдэг: “Зан үйлийн аугаа том тахилга үйлдэн өргөл өргөж байгаа хүнийг Бурханы өмнө мэхийн  Түүнд зүгээр л хүндэтгэлээ илэрхийлж байгаа хүнтэй нэг түвшинд тавьж болохгүй.” Олон аугаа том тахилга өргөл үйлдэж байгаа хүн буянт үйлүүдийнхээ үрийг хүртдэг, гэхдээ тэрхүү үр нь барагдаж дуусахад тэрээр дэлхий дээр дахин төрөх ёстой болно. Харин, сүмд залсан  мурти-ны  өмнө мэхийн мөргөж Бурханд бишрэл хүндэтгэлээ нэг ч удаа гэсэн илэрхийлсэн хүн  Кришнагийн залрах орон тийш шууд одсоноор энэ ертөнц рүү дахин буцаж ирдэггүй.

Шүтээнийг угтаж авахаар босох.

 

            Брахманда-пурана-д ийм үгс байдаг: “Бурханы их тэрэгний баяр— Ратха-йатра-г үзэж байгаа болон Бурханыг мэндчилэхээр босож байгаа хүн нүглийнхээ бүх үр дагавруудаас ариусдаг.”

Шүтээнийг даган баясаж үйл явцад оролцох.

 

            Үүнтэй төстэй илэрхийлэл Бхавишйа-пурана-д байдаг: “Ратха-йатра— их тэрэгний ёслолыг даган баясаж үйл явцад нэгдэн явж байгаа хүний замыг Шүтээнүүд түүний өмнүүр нь эсвэл хойгуур нь хөндлөн гарч байх аваас тухайн тэр хүн доод гаралтай байсан ч гэсэн Бурхан Вишнугийн баялагтай адил тэнцүү баялагтай болдог нь эргэлзээгүй.”

Вишнугийн сүм эсвэл эргэл мөргөлийн ариун дагшин газар оронд очих.

 

            “Вриндавана, Матхура эсвэл Дварака шиг тийм ариун дагшин газар орнуудаар эргэл мөргөл хийхээр аялахыг эрмэлзэн байгаа хүмүүсийг алдаршуулбал үнэхээрийн зохилтой. Энэхүү аялал нь материаллаг оршихуйн цөлийг гэтлэн туулах боломжийг түүнд өгдөг.” гэж Пурануудад өгүүлдэг.

            Бурхан Кришнагийн сүмүүдэд очих нь ямар их  ач тустай, адислал дүүрэн байдаг тухай Хари-бхакти-судходайа-д өгүүлдэг. Бид дээр тайлбарласанчлан, заншил ёсоор бол чин бишрэлтэнгүүд Вриндавана, Матхура болон Дварака зэрэг тийм ариун дагшин газар орнуудад орших янз бүрийн сүмүүдэд очихыг эрмэлздэг. Хари–бхакти-судходайа-д ийн өгүүлдэг: “Кришнагийн ухамсрын цэвэр ариун  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хөтлөгдөн сүмд залсан Кришнагийн мурти-г харахаар явж байгаа хүмүүс эхийн хэвлийн хорионд дахин орох зайлшгүй байдлаас  салан ангижрах нь лавтай.” Болзолдож нөхцөлдсөн сүнс нь төрөлтийн үйл явцдаа эхийн хэвлий дотор эдэлж туулж байсан зовлон зүдгүүрүүдийнхээ талаар мартдаг. Гэхдээ л энэ нь түүний хувьд маш аймшигтай хийгээд зовиуртай түүх болж үлддэг. Ийм байдалд дахин орохгүйн тулд  чин бишрэл дүүрэн ухамсартайгаар Вишнугийн сүмд очих хэрэгтэй. Тэгж байгаа цагт материаллаг ертөнцөд төрөхтэй холбогдсон зовлон шаналалаас хялбархан салан ангижрах болно.

Вишнугийн сүмийг тойрох.

 

            Хари-бхакти-судходайа-д ийн өгүүлдэг: “Вишнугийн мурти-г тойрон явж байгаа хүн энэхүү материаллаг ертөнцөд төрж үхэхийн давтагдан эргэлдэх хүрднээс мултран гарч чаддаг. Материаллаг амьдрал зохион байгаа болзолдож нөхцөлдсөн сүнс дахин давтагдах төрөлт үхлийн хүрдэнд эргэлдэн байдаг, гэхдээ  сүмд залсан Шүтээнийг тогтмол тойрон байх аваас энэхүү хүрднээс төвөггүйгээр мултран ангижрана.”

Чатурмасйа— зан үйлийг Энэтхэгт Шравана сараас эхлэн борооны улирлын дөрвөн сарын туршид (ойролцоогоор 7-10 дугаар сар) баримталдаг. Өөр бусад цагт бол  Кришнагийн ухамсрыг дэлгэрүүлэн нэг газраас нөгөө газарт  аялан явж байдаг ариун гэгээн хүмүүс энэ дөрвөн сарын туршид нэг газар оронд, ер нь бол эргэл мөргөл хийдэг аль нэгэн ариун дагшин газар оронд суурин байдаг. Энэ цаг хугацаанд нарийн чанд баримтлах хэрэгтэй байдаг онцгой дүрэм заавар болон хорио  цээрүүд үйлчилдэг. Сканда-пурана-д өгүүлсэнчлэн, энэ хугацаанд Вишнугийн сүмийг  ядаж л дөрвөн удаа  тойрсон хүнийг орчлонг бүхэлд нь тойрсонтой адилд үздэг. Энэ цаг хугацаанд сүмийг  тойрон явж байгаа хүнийг Ганга мөрөн урсах бүх газрын дагуух бүхий л ариун дагшин газар орноор орж харсан хүнтэй адилд үздэг. Чатурмасйа-гийн зохицуулах зарчмуудыг баримтлан байгаа ийм хүн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд маш хурднаар дээшлэн хүрдэг.

Арчанйа.

 

            Арчанйа гэж сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг хэлдэг. Сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ  илэрхийлж байгаа хүн бие махбодь биш, харин бурханлаг оршнол гэдгээ  бодитойгоор батлан харуулдаг. Кришнагийн ойр дотнын найз Судама нэгэн  брахманы гэрт очих зам зууртаа өөрөө өөртэйгөө  хэрхэн ярьж явдаг талаар Шримад Бхагаватамын аравдугаар дууллын (81.19)-д ийн өгүүлдэг: “Диваажингийн бүхий л таашаал ханамжийг эдлэх, ангижралд хүрэх, орчлонгийн гаригуудын системийг ноёлон захирах, энэ орчлонгийн бүхий л баялгийг эзэмших болон йогын системийг хэрэгжүүлснээр  хүрдэг ид шидийн хүчтэй болохын тулд Кришнад  бишрэл хүндэтгэлээ зүгээр л илэрхийлэх нь хангалттай.”

            Судамын ийнхүү ярихад хүргэсэн зүйл нь дараахь явдал: Шри Кришна  найз Судамагаа хэн нэгэн  брахманы  гэрт очоод бага зэргийн идэх юм гуйгаад  ир гэж явуулсан. Тэр үед брахманууд том хэмжээний тахилга өргөл үйлдэж байсан ба Кришна Судамад: “Кришна болон Баларама нар өлсөөд идэх юм хэрэгтэй байна гэж хэлээд тэднээс шаргуугаар гуй.” гэж хэлдэг. Ийнхүү хүрч ирсэн Судамад брахманууд  юу ч өгөөгүй, харин тэдний эхнэрүүд  Шри Кришна зоог хүртэхийг болгоон хүсэж байна гэж сонссон даруйдаа  л амттай зоог идээнээсээ  ихийг аваад  Шри Кришнад өргөн барихаар Түүн рүү яаравчилцгаасан. Вишну-рахасйа-д мөн ийн өгүүлдэг: “Вишнуд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа энэ ертөнцийн ямар ч хүн Бурханы  мөнхийн баясал цэнгэлт орон— Ваикунтхалока-д төвөг бэрхшээлгүйгээр хүрэх болно.”

Бурханд үйлчлэн зүтгэх.

 

            Вишну-рахасйа-д: “Хааны албат хаан эзэндээ үйлчлэн зүтгэж байгаа шигээр тэгж  Бурханд үйлчлэн зүтгэж байгаа хүн  үхлийн дараагаар Кришнагийн залрах оронд дээшлэн  очих нь эргэлзээгүй.” Үнэхээр, Энэтхэгт сүмүүд хааны ордонтой бүх талаараа төстэй байдаг. Тэнд, хаанд түүний ордонд бишрэл хүндэтгэлээ хэрхэн илэрхийлдэг шигээр Бурханд бишрэл хүндэтгэлээ тэгж илэрхийлдэг учраас  тэд бол зүгээр нэг эгэл жирийн байшин барилгууд биш. Дотор нь залсан Шүтээнд, хаанд бишрэл хүндэтгэл илэрхийлж байгаа шигээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг тийм сүмүүд Вриндаванад зуу зуугаараа байдаг. Нарадийа-пурана-д ийн өгүүлдэг: “Бурханы сүм дотор хэдхэн агшины төдий ч гэсэн хугацаагаар  байх хүн Бурханы трансцендент оронд хүрч очих нь гарцаагүй.”

            Үүнээс үзэхэд, нийгмийн баян чинээлэг гишүүд эрхэм тансаг, гойд сайхан сүмүүдийг барьж байгуулах болон тэнд Вишнуд  бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх үйлийг,  ийм сүмүүдэд очих сонирхлыг хүмүүст төрүүлж татах хийгээд ингэснээр Бурханы өмнө бүжиглэх, Бурханы ариун гэгээн нэрийг дуулах эсвэл ариун гэгээн нэрийн дуу авиаг сонсох боломжийг тэдэнд өгөхөөр тэгж зохион байгуулж явуулахад санаа  тавьж байх ёстой гэсэн дүгнэлтийг хийж болно. Тэгснээр хүн бүр Бурханы оронд дээшлэн хүрч очих боломжийг хүртэнэ. Өөрөөр хэлбэл, Кришнагийн бүрэн ухамсартайгаар Бурханд  байнгад үйлчлэн зүтгэж байгаа чин бишрэлтэнгүүд бүү хэл, ийм сүмд очиж байгаа эгэл жирийн хүмүүс хүртэл дээдийн дээд ач тусыг хүртэж чадна.

            Энэ тухай Шримад Бхагаватамын дөрөвдүгээр дууллын (21.31)-д өгүүлдэг. Тэнд Притху хаан албат иргэддээ хандан ийн өгүүлдэг: “Эрхэм иргэд ээ, үнэн хэрэгтээ зөвхөн Бурханы Дээд Бодьгал Хари л уналт доройтолд орон болзолдож нөхцөлдсөн сүнснүүдийг ангижруулагч гэдгийг санаж авцгаа. Сахиулсан тэнгэрүүд нь өөрсдөө  болзолдож нөхцөлдсөн учраас нэг ч сахиулсан тэнгэр болзолдож нөхцөлдсөн сүнсэнд ангижралыг хүртээх чадваргүй. Болзолдож нөхцөлдсөн нэг сүнс нөгөөгөө ангижруулж чадахгүй. Зөвхөн Кришна эсвэл Түүний төлөөлөгч л түүнийг ангижруулж чадна. Бурхан Вишнугийн хөлийн хуруунаас эх авсан Ганга-ын ус Бурханд үргэлжид үйлчлэн зүтгэдэг хүмүүст бүү хэл, бүхий л болзолдож нөхцөлдсөн нүгэлт сүнснүүдэд ангижралыг хүртээн дэлхий болон бусад гаригууд дээр буун урсдаг. Олон олон  амьдралынхаа туршид хурааж хуримтлуулсан нүглийнхээ тээр дарамтанд дарагдсан байгаа хүн ч гэсэн ангижрах нь баталгаатай хэрэг.” Өөрөөр хэлбэл, сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа хүн өнгөрсөн олон амьдралынхаа туршид хийж үйлдсэн нүгэлт үйлүүдийнхээ бүхий л үр дагаврыг хамгийн бага хэмжээнд хүргэж чаддаг. Сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх энэхүү үйл явцын талаар урьд нь тодорхойлон өгүүлсэн бөгөөд энэ бүх дүрэм журам болон заавруудыг аль болох нарийн чанд биелүүлэхийг хичээх хэрэгтэй.

Дуулах.

 

            Бурханы алдар цууг магтах болон алдаршуулан дуулах талаар Линга-пурана-д ийн өгүүлдэг: “Бурханы алдар цууг байнгад дуулж байгаа брахмана  нь Бүхний Дээд Бурхан Өөрөө залран байдаг гаригт дээшлэн хүрэх нь  эргэлзээгүй. Бурхан Кришна ийн дуулахыг Шива бурханаас Түүнд өргөн байгаа залбирлаас хүртэл дээгүүр болгоон үнэлдэг.”

Санкиртана.

 

            Бурханы үйл, Түүний шинж чанар, дүр болон бусдыг чангаар алдаршуулан дуулахыг санкиртана  гэж нэрлэдэг. Бурханы ариун гэгээн нэрийг хамтран дуулахыг мөн  санкиртана гэдэг.

            Ариун гэгээн нэрүүдийг хамтдаа дуулахыг Вишну-дхарма-д ийн магтан өгүүлдэг: “Ай хаан минь ээ, “Кришна” гэдэг энэ үг нь энэхүү ариун гэгээн нэрийг дуулдаг хэн бүхэн олон олон амьдралынх нь туршид хуримтлагдсан нүгэлт үйлүүдийнхээ үр дагавраасаа үтэр түргэн  ангижирдаг тийм хүчийг агуулдаг.” Энэ бол үнэн баримт. Чаитанйа-чаритамрита-д ийн өгүүлдэг: “Кришнагийн ариун гэгээн нэрийг зөвхөн нэг удаа хэлж байгаа хүн хийж үйлдэж чадах нүглээсээ илүү их нүглийг саармагжуулж чаддаг.” Нүгэлтэн маш их  нүглийг үйлддэг байж болох, гэхдээ л “Кришна”-нэрийг нэг л удаа хэлснээр саармагжиж чадахааргүй тийм их хэмжээний нүглийг хэн ч хийж үйлдэх чадваргүй.

            Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (9.18)-д Прахлада Махараджа Бурханд хандан ийн залбирдаг: “Ай Бурхан Нрисимхадева минь ээ, Таны албатын байр сууринд дээшлэн хүрснээрээ би Таны үйлүүдийн тухай сонсох боломжийг хүртэж байна. Та бол дээдийн дээд Найз бөгөөд бишрэл хүндэтгэлийн дээдийн дээд Шүтээн. Таны цэнгээн наадмууд трансцендент бөгөөд тэдгээрийн талаар зүгээр л сонссоноороо хүн нүглийнхээ бүх үр дагавраас ариусдаг. Ийм болохоор Таны цэнгээн наадмуудын талаар зүгээр л сонссоноороо би материаллаг дурлан татагдлын бүхий л бузраасаа салан ангижирч байгаа учраас өнгөрсөн үеийнхээ нүглүүдийнхээ  тал дээр яах гэж санаа зовох гэж?”

            Бурханы үйлүүдийг олон дуунд алдаршуулан дуулдаг. Жишээ нь, Брахма бурханы дуулсан Брахма-самхита, Нарада Мунигийн дуулсан Нарада-панчаратра болон Шукадева Госвамигийн дуулсан Шримад Бхагаватам. Эдгээр дууг сонсох хэн бүхэн материаллаг бузрын дарлалаас амархан чөлөөлөгдөж чадна. Бурханы тухай эдгээр дуунуудыг сонсоход бидэнд юу ч саад болох ёсгүй. Энэ дуунууд олон олон сая жилийн туршид амнаас аманд дамжигдан ирж байгаа бөгөөд хүмүүс одоо хүртэл тэдний ач тусыг нь хүртэж байна. Өнөөдөр тэднийг ашиглан ангижралд хүрэхэд бидэнд юу саад болно гэж?

            Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (5.22)-д Нарада Муни шавь Вйасадева-даа хандан ийн өгүүлдэг: “Хайрт Вйаса минь ээ, тэвчил хатамжлал үйлдэх хийгээд гэм нүглээ наманчлах, Ведийг судлах, тахилга өргөлийн элбэг дэлбэг  ёслол явуулах, ведийн дууллуудыг дуулах, трансцендент мэдлэгийн талаар цэцэрхийлэх болон өглөгийг өгөөмрөөр тарааж түгээж байгаа хүмүүс нь энэ бүх буянтай үйлүүдийг үйлдсэнээрээ Бурханы алдар  цууг магтан дуулж байгаа чин  бишрэлтэнгүүдийн хүрээлэл дотор байх байрыг л эзэлдэг гэдгийг чи ойлгох ёстой.” Өөрөөр хэлбэл, Бурханы үйлийг алдаршуулах болон Түүнийг магтан дуулах нь амьд оршнолын үйл ажиллагааны дээдийн дээд хэлбэр гэдгийг энд батлан өгүүлж байна.

Джапа.

 

            Мантра эсвэл дууллыг аярхан, чимээгүй болон удаан уншихыг джапа гэж нэрлэдэг. Тэрхүү мантра-г чангаар дуулж байх аваас энэ үйлийг киртана гэж нэрлэдэг. Жишээ нь маха-мантра (Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе)-г зөвхөн уншиж байгаа хүн нь л  өөрөө сонсохоор тийм аярхан чимээгүй  уншихыг джапа гэж нэрлэдэг. Харин мөн энэхүү мантра-г орчин тойронд байгаа бүхэнд сонсогдохоор  тэгж чангаар дуулахыг киртана  гэж нэрлэдэг. Маха-мантра-г джапа-д ч, мөн киртана-д ч ашиглаж болдог. Джапа хийх нь мантра-г уншиж байгаа зөвхөн тухайн тэр хүндээ л ач тус үзүүлдэг бол киртаныг, түүнийг сонсож байгаа бүгдийн ач тусын төлөө хийдэг.

            Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Бурханы ариун гэгээн нэрийг чимээгүй эсвэл чангаар уншиж байгаа хэн бүхэнд ангижралд хүргэх зам мөр, мөн тэр бүү хэл диваажингийн аз жаргал баяр цэнгэл ч тэр дороо нээгддэг.”

Бурханд өөрийгөө даатгах.

 

            Бурханы бадамлянхуа өлмийд чин бишрэх талаар өгүүлдэг хэсэг Сканда-пурана-д байдаг. Тэнд өгүүлсэнчлэн, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд нухацтайгаар хандах хүн Кришнаг бишрэн Түүнд өөрийгөө даатган байгаагаа гурван арга замаар  гарган  харуулж байж болдог: 1) Сампрартханатмика— Түүнд маш чин сэтгэлээсээ залбирал өргөдөг, 2) даинйаводхика— Түүний таалал хүсэлд хүлцэнгүйгээр захирагддаг, 3) лаласамайи— төгс төгөлдөр байдлын аль нэгэн түвшинд хүрэхийг хүсдэг. Бурханлаг амьдралын төгс төгөлдөр байдлын тодорхой түвшинд хүрэх гэсэн хүсэл бол мэдрэхүйн таашаал ханамж  эдлэхтэй огтын холбоогүй зүйл юм. Бурханы Дээд Бодьгалтай холбогдсон өөрийн жам ёсны анхдагч  холбоо харьцаануудынхаа аль нэгэн төлөвийг сэргээн хэрэгжүүлж байгаа хүн өөрийн анхдагч төлөв  байдал буюу байр сууриа ухаардаг бөгөөд Кришнагийн найз нөхөр, Түүний албат, эцэг, эх эсвэл амраг хайрт нь дахин болсноор тэрхүү жинхэнэ төлөв байдал, байр сууриндаа эргэж очих хүсэл түүнд төрдөг. Үүнийг лаласамайи буюу өөрийн жам ёсны анхдагч төлөв байдал, байр сууриндаа эргэн буцаж очих гэсэн халуун хүсэл гэж нэрлэдэг. Лаласамайи үе шатны араас  төгс төгөлдөр ангижралын буюу санскрит хэл дээр  сварупа-сиддхи гэж нэрлэгддэг үе шат залгадаг. Энэхүү сварупа-сиддхи үе шатанд амьд оршнол  бурханлаг төгс төгөлдөрт хүрснээрээ  бурханлаг төгс төгөлдөр нээгдлээр Бурхантай холбогдсон өөрийн анхдагч харьцаагаа ойлгодог.

            Бурханд хандан Түүнд өөрийгөө даатгахаар дэврүүн сэтгэлтэйгээр өргөсөн чин бишрэлтэнгийн дараахь залбирал (сампрартханатмика) Падма-пурана-д байдаг: “Ай хайрт Бурхан минь ээ, хөвгүүд охидод аяндаа л татагддаг, мөн охид хөвгүүдэд аяндаа л татагддаг гэдгийг би мэднэ. Ухаан минь Танд үргэлжид тийм л жам ёсны, цаанаасаа аяндаа төрөн гарч байгаа татагдлаар татагдан тэмүүлж байгаасай гэж би Таны бадамлянхуа өлмийд залбирлаа өргөж байнам.” Энэ бол маш оновчтой жишээ. Хөвгүүд эсвэл охидод эсрэг хүйстнийхээ төлөөллийг хараад бие биедээ татагдах жам ёсны татагдал аяндаа л төрдөг. Тэдэнд үүнийг сургаж заах ч хэрэггүй, тачаангуйн дур хүслийнх нь  түлхээсээр өдөөгдсөн татагдал өөрөө аяндаа л үүсэн бий болдог. Энэ бол материаллаг жишээ. Харин чин бишрэлтэн Бүхний Дээд Бурханд татагдах цаанаасаа аяндаа төрөн гарах, ашиг хонжооны аливаа хүслээс ангид хийгээд хувийн ямар ч  сэдэл шалтгаангүй  тийм дурлан татагдлыг өөртөө  хөгжүүлэх гэж залбирдаг. Бурханд татагдах ийм жам ёсны дурлан татагдал бол өөрийгөө ухаарч танин мэдэхүйн төгс төгөлдөр үе шат.

            Бурханыг чин бишрэн Түүнд өөрийгөө даатгахаар чин бишрэлтэнгийн өөрийгөө дорд үзэн хүлцэнгүйгээр өргөж байгаа залбирлыг Падма-пурана-д мөн өгүүлдэг: “Ай хайрт Бурхан минь ээ, нүгэлт амьд оршнолуудын дунд надаас илүү их нүгэлтэй нүгэлтэн гэж байхгүй билээ. Мөн Бурханыг надаас илүүтэйгээр хараан доромжилж алдас хийгч ч тэдний дунд байхгүй. Би бол, гэм нүглээ наманчлахаар Таны өмнө очиход ичмээр тийм их гэм нүгэл болон алдас доромжлолыг Таны бадамлянхуа өлмийд хийсэн билээ.” Ийм зан байдал гаргах нь  чин бишрэлтэнгийн хувьд зүй ёсны  хэрэг. Болзолдож нөхцөлдсөн сүнс туулж өнгөрүүлсэн амьдралдаа нүгэлт үйл үйлдэж байсан гэдэг нь гайхаад хачирхаад байх зүйл огт биш бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч  Бурханы өмнө наманчлан цайруулах хэрэгтэй. Ийн хийж үйлдсэнээр чин үнэнч чин бишрэлтэн Бурханы өршөөл уучлалыг хүртдэг. Гэхдээ энэ нь, Бурханы учир шалтгаангүй өршөөл нигүүлслийг  буруугаар ашиглах болон тэрхүү  нүгэлт үйлүүдээ цаашид үргэлжлүүлэн хийхэд Бурхан биднийг дахин дахин  өршөөн уучилна  гэж найдаж болно гэсэн үг биш. Ичгүүрээ алдсан хүмүүс л ингэж бодож чадна байх. “Гэм нүглээ наманчлахаар Таны өмнө очихдоо би ичсэнээсээ болоод шатаж түлэгдэх шиг болж байна.” гэж энд тов тодорхой өгүүлж байна. Нүгэлт үйлүүдээсээ ичдэггүй хийгээд Бурхан өршөөнө хэмээн бодон тэр нүглүүдээ цааш үргэлжлүүлэн үйлдэхээс доор тийм учир утгагүй тэнэг ойлголт гэж байхгүй. Ведийн бүтээлүүдийн аль ч хэсэгт иймэрхүү зүйлийг өгүүлдэггүй. Бурханы ариун гэгээн нэрийг давтан уншсанаар хүн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа  бүхий л нүгэлт үйлүүдийнхээ үр дагавруудаас ариусдаг. Энэ бол бодит баримт, гэхдээ энэ нь тэдгээрээс нэгэнтээ угаагдан ариуссан болохоор бас л угаагдан ариусах болно гэж  найдан дахиад нүгэл үйлдэж эхэлж болно гэсэн үг биш. Энэ бол чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд байж болохгүй зохисгүй, учир утгагүй тэнэг ойлголт төсөөлөл. “Би бүтэн долоо хоногийн туршид нүгэл үйлдэж болно, харин дараа нь долоо хоногийн эцэс төгсгөлд сүмд очин  хийсэн гэм нүглүүдээ наманчлан, угаагаад цайруулчихна. Тэгээд дахиад нүгэл хийж эхэлж болно.” гэж үздэг хүмүүс байдаг. Энэ бол учир утгагүй, тэнэг хийгээд алдас бүхий хандлага бөгөөд Бхакти-расамрита-синдху-гийн зохиогч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

            Төгс төгөлдөрт хүрэх гэсэн хүслийг хамт агуулан Бурханд өөрийгөө даатгах талаар Нарада-панчаратра-д өгүүлдэг. Тэнд чин бишрэлтэн ийн айлтгадаг: “Ай Бурхан минь ээ, Та Өөрийг тань сэрүүцүүлэхээр дэвүүрээр сэвэхийг надад болгоон соёрхох хийгээд “Зүйтэй, ингээд сэвээд бай.” хэмээн таашаалтайгаар айлдах тэр өдөр хэзээ ирэх бол оо?” Энэ шүлгийн учир утга нь чин бишрэлтэн Бурханы Дээд Бодьгалын биеийг сэвүүрээр сэвэхийг мөрөөдөх буюу өөрөөр хэлбэл Бурханы Дээд Бодьгалын ойр дотнын хүрээлэлд орох хийгээд Түүнтэй биечлэн харьцахыг хүсэж байгаад оршино. Чин бишрэлтэн бүр, Бурханд албат, найз эсвэл амраг хайртын гээд аль ч харьцаагаар үйлчлэн зүтгэж байсан гэсэн Бурхантай үргэлжид  биечлэн харьцаж Түүнтэй хамт байдаг нь мэдээж хэрэг. Гэхдээ чин бишрэлтэн өөрийн бодьгалын дур авьяасын дагуу Бурхантай харьцах харьцааны  тодорхой нэгэн төрөлд татагддаг. Дээрх тохиолдолд чин бишрэлтэн Бурханы албат болж, Түүний дотоод эрчим цэцэглэн мандахын охин тэнгэр Лакшмигийн хийж байдагчлан, Түүнийг сэвүүрээр сэвэхийг хүсэж байна. Мөн тэрээр, Бүхний Дээд Бурхан түүнд Өөрийгөө чухамхүү яаж сэвэхийг зааварлахыг болгоон айлдахыг хүсэж байна. Бурханыг бишрэн Түүнд өөрийгөө даатгах мөн лаласамайи вигйапти гэж нэрлэгддэг трансцендент хүслийг хамт дагалдуулан агуулах энэхүү даатгал бол бурханлаг ухаарахуйн төгс төгөлдөр байдлын  дээдийн дээд үе шат.

            Өөрийгөө даатгахуйн өөр нэг хэлбэрийг энэхүү Нарада-панчаратра-д мөн тодорхойлон өгүүлдэг. Тэнд чин бишрэлтэн ийн айлтгадаг: “Ай Бурхан минь ээ, ай бадамлянхуа Мэлмийт минь ээ, би Йамунагийн эрэг дээр ухаан солиотой хүн лугаа нүднээсээ нулимс тасралтгүй бөмбөрүүлэн  Таны ариун гэгээн нэрийг давтан унших тэр өдөр хэзээ  ирэх бол оо?” Энэ бол  төгс төгөлдөр байдлын өөр үе шат. Бурхан Чаитанйа  мөн ийн хүсэж байсан: “Ай хайрт Бурхан минь ээ,  Таныг харахгүй байх аваас  бүхий л дэлхий ертөнц хоосон болсон юм шиг, ганцхан агшингийн төдий хугацаа бүхэл бүтэн 12 жил мэт урт Надад санагдаж байна.” Чин бишрэлтэн чин сэтгэлээсээ залбирах хийгээд Бурханд зориулан хийж үйлдэх тодорхой хэлбэрийн үйлчлэл зүтгэлдээ идэвх зүтгэлтэй байх ёстой. Аугаа чин бишрэлтэнгүүд бүгдээрээ, ялангуяа Бурхан Чаитанйа ийн номлож сургадаг.

            Эсвэл, чин бишрэлтэн Бурханд хандан уйлж сурах хэрэгтэй. Үүнд чин сэтгэлээ суралцах хэрэгтэй. Ямар нэгэн хэлбэрээр үйлчлэн зүтгэхийг үнэхээрийн уйлах хүртлээ тэгж чин сэтгэлээсээ хүсэн чармайх ёстой. Үүнийг лаулйам гэж нэрлэдэг бөгөөд ийм нулимс бол дээдийн дээд төгс төгөлдөрт хүрэх үнэ, төлбөр. Бурхантай учран золгох эсвэл Түүнд ямар нэгэн байдлаар үйлчлэн зүтгэх гэсэн энэхүү  байж ядсан хүчтэй хүсэл эрмэлзлийг өөртөө хөгжүүлэх явдал бол  Бурханы оронд орох эрхийн үнэ. Бурханы оронд орох үнэ бол материаллаг хэмжүүрээр хэмжигдэж тооцогддоггүй. Бурханы оронд орохын тулд төлөх ёстой цорын ганц төлбөр бол лаулйам лаласамайи буюу тийнхүү орохыг хүсэж байгаа халуун хүсэл эрмэлзэл.

Алдартай онцгой шилдэг залбирлуудыг өргөх.

 

            Аугаа номч мэргэдийн санаа бодлоор бол  эх сурвалжуудын сайшаан зөвшөөсөн олон залбирлууд Бхагавад Гита-д, ялангуяа Бурханы орчлонгийн дүрд хандан Арджуна залбирлаа өргөдөг  тэр хэсэг, арваннэгдүгээр бүлэгт агуулагддаг. Гаутамийа-тантра дахь бүх шүлгүүд бол мөн л залбирлууд. Бурханд хандан өргөсөн зуу зуун залбирлууд Шримад Бхагаватамд байдаг. Чин бишрэлтэн ийм залбирлуудаас хэд хэдийг сонгон аваад давтан хэлж буюу өргөж байх ёстой. Эдгээр залбирлуудын ид шидийн гайхамшигтай шинж чанаруудыг Сканда-пурана-д ийн тодорхойлон өгүүлдэг: “Бурхан Кришнад өргөх залбирлуудаараа хэлээ байнгад чимэглэх чин бишрэлтэнд аугаа ариун гэгээнтэнгүүд болон цэцэд мэргэд хүртэл хүндэтгэл үзүүлдэг. Үнэхээр, ийм чин бишрэлтэнгийн өмнө сахиулсан тэнгэрүүд хүртэл бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг.”

            Тийм ч оюунлаг биш хүмүүс нь Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийн оронд  тодорхой материаллаг олз ашиг хүртэхийн тулд янз бүрийн сахиулсан тэнгэрүүдэд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг. Тэгвэл Бурханд залбирлаа өргөхөд байнгад автан байдаг чин бишрэлтэнд тэдгээр сахиулсан тэнгэрүүд өөрсдөө бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг. Цэвэр ариун чин бишрэлтэнгүүд  сахиулсан тэнгэрүүдээс  юу ч гуйдаггүй, харин эсрэгээр  сахиулсан тэнгэрүүд цэвэр ариун чин бишрэлтэнд залбирлаа өргөх  хүсэлдээ шатаж явдаг.

            Нрисимха-пурана-д ийн өгүүлдэг: “Бурхан Кришнагийн муртийн өмнө ирж залбирлаа өргөн эхэлж байгаа хэн бүр нүгэлт үйлүүдийнхээ бүхий л үр дагавраас үтэр түргэн чөлөөлөгддөг бөгөөд Ваикунтхалока дээр дээшлэн очих гарцаагүй эрхийг хүртдэг.

Прасада хүртэх.

 

            Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Прасада-д хүндэтгэлээ илэрхийлдэг хийгээд түүнийг байнга хүртдэг, гэхдээ Шүтээний өмнө биш, мөн тэрчлэн чаранамрита (Бурханы бадамлянхуа өлмийд өргөсөн, туласи модны үртэй  ус)-г уудаг хүн арван мянган тахилга өргөл үйлдсэнээр хүртдэг тийм ач тусыг хүртдэг.”

Чаранамрита-гийн тухай.

 

            Чаранамрита-г өглөө, Бурханд хувцас өмсгөлийг нь өмсгөхийн өмнө Түүнийг угаах үед гаргаж авдаг. Үнэртэн болон цэцэгс хийж хольсон ус Бурханы биеэр доошлон Түүний бадамлянхуа өлмийнөөс урсахад тосон цуглуулж аваад тарагтай хольдог. Бурханлаг асар их  үнэ цэнэ бүхий чаранамрита  нь ийнхүү мөн тансаг сайхан үнэр, амттай болдог. Падма-пурана-д өгүүлсэнчлэн, хэзээ ч өглөг тарааж, аугаа их тахилга өргөлүүдийг үйлдэж, Ведүүдийг судалж, Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаагүй хүн, өөрөөр хэлбэл ариун үйл огт үйлдэж байгаагүй  хүн сүмд хадгалагдаж байгаа чаранамрита-г зүгээр л уух аваас  Бурханы оронд орох эрхийг хүртэл хүртдэг. Сүмд чаранамрита-г том вааран саванд хадгалдаг. Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирж байгаа чин бишрэлтэнгүүд чаранамрита-гаас гурван дуслыг маш их чин бишрэлтэйгээр хүртдэг бөгөөд ингэснээрээ трансцендент баяр жаргалыг амтлан цэнгэдэг.

Сүмд анхилуун цэцэгс болон хүж үнэрлэх.

 

Сүмд өргөдөг хүжний талаар Хари-бхакти-судходайа-д ийн өгүүлдэг: “Шүтээнд өргөсөн хүжний анхилуун сайхан үнэрийг үнэрлэснээр чин бишрэлтэнгүүд материаллаг бузрын хордуулах нөлөөнөөс, могойд хазуулсан хүн эмийн ургамлын үнэрийг үнэрлэн эдгэрдэг шигээр эдгэрдэг.” Энэ шүлгийг ийн тайлбарладаг: Ой шугуйд эмийн ургамал ургадаг бөгөөд могойд хазуулсан хүнийг сэхээн ухаан оруулахад тэдгээрийг яаж хэрэглэдгийг туршлагатай хүмүүс мэддэг. Могойд хазуулсны хор уршгаас салж илааршихын тулд  тэр ургамлыг үнэрлэхэд л хангалттай байдаг. Энэ тохиолдолд могойн хорны жишээ маш сайн таарч тохирч байна: Сүмд ирэн Шүтээнд өргөсөн хүжний үнэрийг үнэрлэснээрээ хүн  материаллаг бузраас тэр даруйдаа ариусдаг.

            Сүмд ирж байгаа чин бишрэлтэн бүр Шүтээнд ямар нэгэн зүйлийг, тухайлбал ямар нэгэн жимс, цэцэг, хүж … гэх мэтийг өргөж байх ёстой. Мөнгө өргөх нөхцөл боломжгүй байгаа бол өөр ямар нэгэн зүйл өргөх ёстой. Энэ заншлыг Энэтхэгт нарийн чанд баримталдаг: Өглөө сүмд ирж байгаа бүх эрэгтэй болон эмэгтэй хүмүүс янз бүрийн зүйлс авч ирдэг. Энэ нь тэр бүү хэл атга будаа эсвэл бага зэргийн гурил ч байж болдог. Энэ бол чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудын нэг юм. Өргөл болгон өргөх ямар нэгэн зүйлгүйгээр сүмд эсвэл ариун гэгээн хүн дээр хэн ч очих ёсгүй. Бэлэг өргөл нь маш даруухан эсвэл маш хямдхан байж болно. Ямар нэгэн зүйлийг, ядаж л цэцэг, жимс, бага зэргийн ус— гээд хүнд хэрэг болох бүгдийг өргөх хэрэгтэй. Шүтээнд ямар нэгэн зүйлийг өргөхөөр өглөө ирж байгаа чин бишрэлтэн хүжний таатай үнэрийг үнэрлэх болно гэдэг нь лавтай хэрэг бөгөөд ингэснээрээ тэр материаллаг оршихуйн хорноос ариусна.

            Тантра-шастра-д ийн өгүүлдэг: “Шүтээнд өргөсөн гирляндын үнэр хүний хамар луу цоргин ормогц л түүнээс нүгэлт үйлүүдийнх нь хүлээс шууд тэр дороо л сулардаг. Тухайн хүн нүгэлт үйл үйлдээгүй буюу гэм нүгэлгүй байх аваас Шүтээнд өргөсөн цэцэгсийг ийнхүү үнэрлэснээрээ майавади-гаас чин бишрэлтэн болон хувирдаг.” Энэ талын цөөнгүй жишээнүүд байдаг, тэдгээрийн хамгийн алдартай, дууриал болохуйц нь бол дөрвөн Кумарын  дэвшилт, дээшлэлт. Тэд урьд нь имперсоналист-майавади нар байсан, гэхдээ  сүмд өргөсөн цэцэгс болон хүжийн анхилуун сайхан үнэрийг үнэрлэснээрээ чин бишрэлтэнгүүд болцгоосон. Дээр өгүүлсэн шүлгээс үзэхэд, майавади нар (имперсоналистууд) их эсвэл бага ямар нэгэн хэмжээгээр бузартсан байдаг нь тодорхой байна. Тэд бол цэвэр ариун бус.

            Шримад Бхагаватамд үүнийг батлан өгүүлдэг: “Нүгэлт үйлүүдийнхээ бүхий л үр дагаврыг өөрөөсөө угаан арилгаагүй байгаа цагтаа хүн цэвэр ариун чин бишрэлтэн болж чадахгүй. Цэвэр ариун чин бишрэлтэнд Бурханы Бодьгалын дээд эрх мэдэл, засаглалын тал дээр ямар ч эргэлзээ үлдэж хоцорсон байдаггүй бөгөөд иймээс тэрээр үргэлжид Кришнагийн ухамсарт оршдог хийгээд чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байдаг.” Үүнтэй төстэй баталгаа Агастйа-самхита-д мөн байдаг: Үнэрлэх мэдрэхүйгээ ариусгахын тулд сүмд Кришнад өргөсөн цэцэгсийн анхилуун сайхан үнэрийг үнэрлэхийг чармайх хэрэгтэй.

Шүтээнд аяархан хүрэх буюу шүргэх.

 

            Бурханы бадамлянхуа өлмийд хүрч шүргэх талаар Вишну-дхармоттара-д өгүүлсэн байдаг. Тэнд ийн өгүүлдэг: “Вайшнава-гийн сахилыг хүртсэн хийгээд Кришнагийн ухамсарт чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байгаа зөвхөн тийм хүн л Шүтээний биед хүрч шүргэх эрхтэй.” Энэтхэгт, ведийн заншлын дагуу бол доод гаралтай хүмүүсийг, тухайлбал гудамж цэвэрлэгчид болон чандала нарыг сүмд орохыг  зөвшөөрдөггүй. Энэ байдлаас болж Гандигийн улс төрийн хөдөлгөөний үеэр үймээн гарахад хүрч байсан. Ийм хүмүүс ерөнхийдөө цэвэр ариун бус дадал зуршилтай байдгаас болж уг хорио гарсан хэрэг. Гэхдээ үүний зэрэгцээ тэдэнд өөр боломжууд олгогдсон буюу нээлттэй байдаг: цэвэр ариун чин бишрэлтэнгүүдтэй харьцсанаар тэд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн дээдийн дээд  түвшинд дээшлэн хүрч болно. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд орох боломж буюу үүд хаалга гарал язгуураас нь үл хамааран хэн бүхэнд нээлттэй, гэхдээ эхлээд ариусах ёстой. Ариуслын энэхүү аргыг самбаачлан ашиглах ёстой. Ганди нийгмийн доод давхаргын ийм хүмүүст өөрийн санаанаасаа бодож олсон хариджана (Бурханы хүүхдүүд) гэдэг нэрийг дур мэдэн өгснөөр тэднийг ариусчихна хэмээн бодож байсан бөгөөд энэ нь сүмийг эзэмшигчид болон Гандигийн дагалдагчдын хооронд ширүүн мөргөлдөөн нилээд хэдэн удаа гарахын шалтгаан болсон.

            Ямар ч байлаа гэсэн, энд яригдаж байгаа хууль бол бүхий л бичээсүүдийн хууль бөгөөд ариуссан л бол хэн ч байсан гэсэн сүмд орох эрхтэй гэдгийг хэлдэг. Энэ бол юмсын жинхэнэ байдал. Хэн дуртай нэгэн нь сүмд орох хийгээд Шүтээнд хүрч шүргэж болохгүй, харин зохих ёсоор сахил хүртсэн хийгээд бүхий л дүрэм заавар болон зохицуулах зарчмуудыг зөв зүйтэйгээр хэлбэрэлт гуйвалтгүйгээр даган баримталдаг зөвхөн тийм хүн л тэгж болно. Энэ зохицуулах зарчмыг баримтлан Шүтээний биед хүрч шүргэж байгаа хүн материаллаг нүглүүдийнхээ бузраас шууд ангижирдаг бөгөөд түүний бүхий л хүсэл тэр даруйдаа  биелэгддэг.

Шүтээнийг ажиглах.

 

            Сүмд залсан Шри Кришнагийн мурти-г ажиглахыг Вараха-пурана-д магтсан байдаг. Тэнд чин бишрэлтэн ийн өгүүлдэг: “Хайрт Васундхара минь ээ, Вриндаванад ирэн Говиндадевагийн мурти-г харж ажиглах хүн Йамараджагийн шүүлтийн өмнө очдоггүй. Ийм хүн сахиулсан тэнгэрүүдийн амьдарч оршин байдаг дээдийн дээд гаригуудын системд дээшлэн очих эрхийг хүртдэг.” Энэ нь  сониуч зандаа хөтлөгдөн буюу сонирхох үүднээс Вриндаванад ирэн Кришнагийн сүмүүдийн нэгд, ялангуяа энэхүү сүм нь Говиндадевагийн сүм байх аваас, тохиолдлоор орон үзэж харж байгаа эгэл жирийн хүн хүртэл бурханлаг оронд дээшлэн хүрэхгүй байх аваас ядаж л дээд гаригуудын системд хүрч очих боломжийг хүртдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Вриндаванад Говиндагийн дүр-Шүтээнийг зүгээр л харах нь буянт үйлүүдийн хамгийн хүслэн болсон үр дагавруудыг хүртэхэд хангалттай үйл болдог.

Аратиг харж ажиглах  болон Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх

 өөр баяруудад оролцох.

 

            Бурханы мурти-д бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх ёслол буюу арати-г харах, ажиглах нь  хүнд юу өгч болох талаар Сканда-пурана-д ийн өгүүлдэг: “Арати-гийн үед Бурханы нүүр царайг  харж ширтэх хүн олон мянга, сая жилүүдийн туршид хуримтлагдсан нүгэлт үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирч чадах билээ. Брахманыг хөнөөсөн болон өөр бусад иймэрхүү хүнд нүглүүдээс нь ч хүртэл түүнийг уучлан хэлтрүүлдэг.”

            Урьд өмнө тайлбарласанчлан, чин бишрэлтэн янз бүрийн баяруудыг тэмдэглэх ёстой. Тухайлбал, Кришнагийн илэрч тодорсон өдөр, Бурхан Рамачандрагийн илэрч тодорсон өдөр, зарим гарамгай вайшнавуудын мэндэлсэн өдрүүд, Джхулана-йатра (Бурхан дүүжин савлуур дээр суудаг.), Дола-йатра (Бурханы гуравдугаар сард өрнүүлсэн  цэнгээн наадмууд болон үйлүүдийн хүндэтгэлд зориулсан баяр) гэх мэт болон өөр бусад. Эдгээр баяруудын үеэр Бурханыг тэргэн дээр залаад Түүнийг харах боломжийг хүмүүст өгөх гэж  хотын гудамжаар  явдаг. Бхавишйа-пурана-д ийн өгүүлдэг: “Ийм баяр ёслолуудын үеэр тэргэн дээр залран яваа  Бурханыг зүгээр л сониучирхан харж байгаа чандала (нохойгоор хооллогч) хүртэл Вишнугийн ойр дотнын хүрээлэлд орж чадах билээ.”

            Агни-пурана-д ийн өгүүлдэг: “Сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэл илэрхийлэхийг баяр хөөртэйгөөр  харж байгаа хэн бүр Панчаратра-д тодорхойлон өгүүлсэн байдаг крийа-йогын үр дүнгүүдийг хүртдэг.” Крийа-йога систем нь олон талаараа дадлагажилтын түвшин дэх зохицуулалт бүхий  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг маш ихээр санагдуулам байдаг, гэхдээ  энэ нь ид шидийн йогчдод тусгайлан зориулагдсан систем.  Өөрөөр хэлбэл, энэ аргын тусламжтайгаар ид шидийн йогч Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх түвшинд аажмаар дээшлэн хүрч болдог.

АРАВДУГААР БҮЛЭГ

Сонсох болон санах үйлийн техник

 

Сонсох.

 

            Кришнагийн ухамсар болон чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь санскрит хэл дээр шраванам  гэж нэрлэгддэг сонсох үйлээр эхэлдэг. Чин бишрэлтэнгүүдийн цуглаанд ирэх хийгээд тэднийг сонсох боломжийг бүх хүмүүст олгосон байх ёстой. Сонсох явдал бол Кришнагийн ухамсарт хөгжил дэвшил гаргахын зайлшгүй нөхцөл. Трансцендент дуу авиаг хүлээн авахаар чих тавин сонордож байгаа хүн зүрхээ хурдан ариусгаж чаддаг. Сонсохын чухлыг мөн Бурхан Чаитанйа батлан айлддаг. Сонсох үйл нь бузартсан сүнсний зүрхийг ариусгадаг бөгөөд ингэснээр чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд орох зам түүнд нээгддэг хийгээд Кришнагийн ухамсрын учир утгыг ойлгох боломжтой болдог.

            Сонсох үйл явцын талаар Гаруда-пурана-д ийн гайхамшигтайгаар өгүүлдэг: “Материаллаг ертөнцөд болзолдож нөхцөлдсөн амьдралыг зохион байгаа амьд оршнолын төлөв байдал нь  могойд хазуулснаас болоод ухаан санаагаа алдсан хүний төлөв байдалтай төстэй юм. Ухамсаргүй  буюу ухаангүй болсон энэ хоёр төлөв байдлын аль алинаас нь мантра-ны  дуу авианы тусламжтайгаар гаргаж болдог. Могойд хазуулсан хүн шууд тэр дороо үхчихдэггүй, эхлээд тэр ухаангүй байдалд орж юуг ч ухамсарлахаа больдог. Материаллаг ертөнцөд оршин байгаа амьд оршнол  өөрийгөө чухам үнэндээ хэн болох, өөрийн нь жинхэнэ үүрэг юу болох хийгээд Бурхантай ямар холбоо харьцаанд оршдогийг мэдэх талдаа мөн л унтаа байдалд байдаг. Иймд, материаллаг амьдрал бол  майагийн буюу хий хуурмаг байдлын могойд хазуулсан байгаа тийм амьдрал юм. Кришнагийн ухамсраа бүрнээ алдан гээсэн хүн угтаа бол амьгүй юм. Гэхдээ могойд хазуулан, үхсэнээс ялгаагүй болсон хүнийг тусгай мантра-г уншин  амь оруулж дахин амьдруулж болдог. Хүнийг  буцаан амьдруулдаг мантра-г унших урлагийг гарамгай эзэмшин ийм гайхамшгийг хийж чаддаг хүмүүс байдаг. Үүн лугаа, хүнийг материаллаг амьдралын гүн муужралаас Кришнагийн ухамсарт мөн тийм аргаар буюу Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе маха-мантра-ны дуу авианы тусламжтайгаар буцаан авчирч болдог.

            Бурханы өрнүүлсэн цэнгээн наадмуудын талаар сонсох нь ямар чухал болох талаар Шримад Бхагаватамын дөрөвдүгээр дууллын (29.40)-д өгүүлдэг. Энэ шүлэгт, Шукадева Госвами Парикшит Махараджад хандан ийн өгүүлдэг: “Ай эрхэм хаан минь ээ, Бурханы трансцендент үйлүүдийн талаар аугаа ачарйа нарын хүүрнэн байгаа тийм газарт очихыг эрмэлзэх хийгээд эдгээр аугаа хүмүүсийн сар лугаа нүүрнээс урсан гарах рашааны урсгалд сонороо хандуулах хэрэгтэй. Энэхүү трансцендент дуу авиагаар сонороо мялаах буюу сонсох гэсэн халуун хүсэлдээ шатан байх хүн бүхий л материаллаг өлсгөлөн болон цангаа, айдас хүйдэс болон сэтгэлийн ханамжгүй байдал зэрэг болон мөн материаллаг оршихуйн бусад бүх хий хуурмаг байдлаас чөлөөлөгдөн ангижрах нь гарцаагүй.”

            Шри Чаитанйа Махапрабху энэхүү сонсох— аргыг одоогийн энэ цаг үе Кали юга-д өөрийгөө ухаарч танин мэдэхүйд хүрэх арга зам гэж мөн зөвлөдөг. Урьд өмнөх цаг үеүдэд зааж зөвлөсөн байдаг шигээр бүхий л зохицуулах зарчмуудыг нарийн чанд даган баримтлах болон Ведүүдийг үзэж судлах нь энэ цаг  үед маш хүнд бэрх. Гэхдээ аугаа чин  бишрэлтэнгүүд болон ачарйа нарын үгийг анхаарах аваас ийнхүү сонсох нь ганцаараа бүхий л материаллаг бузраас ариусахад хангалттай. Иймээс Бурханы жинхэнэ чин бишрэлтэн— эх сурвалж ачарйа нарыг сонсохыг Чаитанйа Махапрабху хүн бүрт зөвлөсөн болой. Мэргэжлийн уран илтгэгчдийг сонсох нь ямар ч ач тусыг үзүүлэхгүй. Харин өөрийгөө үнэхээрийн ухаарсан хүмүүсийг сонсох аваас  рашааны голууд, мөн саран дээр мөрөн байдлаар урсан байдаг шигээ бидний чих рүү урсан орно. Энэ бол дээрх шүлэгт хэрэглэгдэж байгаа зүйрлэл.

            “Материалист хүн Кришнагийн ухамсарт  автах болсон байгаа зөвхөн тэр цагтаа л материаллаг хүслүүд болон шуналуудаасаа салж ангижирч чадна.” гэж Бхагавад Гита-д өгүүлдэг. Илүү дээд үйлүүдээ олоогүй байгаа цагт хэн ч байсан гэсэн доод үйлүүдээ орхих чадвартай байдаггүй. Материаллаг ертөнцөд бүгд л доод эрчмийн хий хуурмаг үйл ажиллагаанд автан тэдгээртэй зууралдан байдаг. Гэхдээ Кришнагийн нээн илрүүлж тодруулсан буюу үйлдсэн дээд эрчмийн үйлүүдийн хүртээх баяр жаргалыг амтлах боломжийг хүртэх аваас бүхий л доод таашаал ханамжуудын талаар мартдаг. Кришна Курукшетрагийн тулааны талбар дээр айлдвараа айлдаж байгаа нь материалистуудад, Тэрээр зүгээр л бусадтай ярилцаж байгаа мэт санагдаж байж болох ч үнэндээ бол Шри Кришнагийн амнаас рашааны гол урсан гарч байгаа билээ. Энэхүү дуу авиаг анхааран сонссоноор Арджуна  хий хуурмаг материаллаг хүндрэл бэрхшээлтэй асуудлуудаасаа  салан ангижирсан.

            Шримад Бхагаватамын  арванхоёрдугаар дууллын (3.15)-д  ийн өгүүлдэг: “Трансцендент дуу авиагаар магтагдан алдаршуулагддаг  Бурхан Кришнад хольцоогүй, цэвэр ариун чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхийг эрмэлзэх хүн Түүний гайхамшигтай сайхныг хийгээд трансцендент шинж чанаруудыг алдаршуулах яриа хүүрнэлүүдийг үргэлж сонсон байх ёстой. Энэ нь зүрхэн дэх  гэм дутагдал, муу муухай бүхнийг баталгаатай устган үгүй хийдэг.”

Бурханы өршөөл нигүүлслийг хүлээх.

 

            Аравдугаар дууллын (14.8)-д ийн өгүүлдэг: “Ай хайрт Бурхан минь ээ, Таныг учир шалтгаангүй өршөөл нигүүлслээ өөр дээр нь цутган хүртээхийг байнгад хүлээдэг хийгээд өнгөрсөн хар муу үйлүүдийнхээ үр дагавруудаар үргэлжлүүлэн зовж шаналснаар зүрхнийхээ гүнд цаг үргэлжид Таны өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг тийм хүн ангижралыг зүй ёсоороо хүртэх нь зохистой хэрэг гэдэг нь эргэлзээгүй.”

            Шримад Бхагаватамын энэ үг бүх чин бишрэлтэнгүүдийн хувьд удирдлага нь болох, байх  ёстой. Өнгөрсөн үедээ хийж үйлдсэн нүглүүдийнхээ бүх үр дагавраас нэн даруйхан ангижрана гэж бид хүлээж суух ёсгүй. Материаллаг оршихуйн учир утга бол өнгөрсөн үйлүүдээр маань төрөн гарсан зовлон шаналал эсвэл таашаал ханамжийг бидэнд эдлүүлэхэд оршдог учраас болзолдож нөхцөлдсөн нэг ч сүнс үйл ажиллагааныхаа хариу төлөөсийг төлөхөөс зайлж зугатааж чадахгүй. Материаллаг үйл ажиллагаагаа дуусгавар болгож, түүнд төгсгөл тавьсан хүн цаашид төрдөггүй. Гэхдээ энэ нь хүн үйлээ Кришнагийн ухамсартайгаар хийж үйлдэж байгаа зөвхөн тийм үед л боломжтой. Учир нь юу вэ гэвэл, зөвхөн ийм үйл ажиллагаа л үр дагаваргүй байдаг. Иймээс Кришнагийн ухамсар дахь үйл ажиллагааны төгс төгөлдөрт хүрсэн хүн цаашид материаллаг ертөнцөд төрдөггүй. Хийж үйлдсэн үйлүүдийнхээ үр дагавруудаас хараахан бүрэн ангижран салж дуусаагүй байгаа чин бишрэлтэн замнан байгаа зам мөр дээр нь учирч тулгарах саад тотгорт анхаарал хандуулалгүйгээр үйлээ Кришнагийн ухамсартаа бүрэн нухацтайгаар үргэлжлүүлэн хийж үйлдэх ёстой. Иймэрхүү саад тотгор үүсэн бий болж, учирч тулгарч байгаа цагт зүгээр л Кришнагийн тухай бодох хийгээд Түүний өршөөл нигүүлсэлд найдах хэрэгтэй. Энэ бол тайтгарал тайвшралыг авчрах цорын ганц зүйл. Ухаан санааны ийм төлөв байдалд байнга байх хүн ирээдүйд Бурханы оронд дээшлэн хүрэх нь лавтай. Үйлийн ийм хэлбэр нь  түүний өмнө Бурханы оронд орох үүд хаалгыг нээдэг. Дээрх шүлэгт хэрэглэгдсэн дхайа-бхак гэдэг үг нь эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгийг өвлөн авах эрхийг авч байгаа хүүд хамааралтай утгыг заадаг. Яг үүн лугаа, Кришнагийн ухамсар дахь өөрийн үүргээ биелүүлэхийн төлөөнөө ямар ч зовлон зүдгүүр, хүндрэл бэрхшээлийг хүлцэн тэвчиж, даван  гарахад бэлэн байх  цэвэр ариун чин бишрэлтэн трансцендент оронд орох эрхийг хүртдэг.

Санах дурсах.

 

            Хүн  ямар нэгэн арга замаар Кришнатай холбогдсон  тасралтгүй холбоо харьцааг ухаандаа тогтоосон байх аваас энэ холбоо харьцааг санахуй гэж нэрлэдэг. Эргэн санах талаар Вишну-пурана-д ийн маш сайхан өгүүлсэн байдаг: “Бурханы Дээд Бодьгалын талаар амьд оршнол зүгээр л бодож байх аваас ийн бодох нь ганцаараа  түүнийг хаа сайгүй  амжилт ололт, урагш бүтэмж дагалдан байхад хангалттай байдаг. Төрдөггүй хийгээд мөнхөд залран байдаг Бурханы тухай санамж  дурсамж миний дотоодод үргэлжид амьдран байг.” Санаж дурсахын талаар мөн Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Бурханы Дээд Бодьгалын  тухай нэг бол үхэх үедээ эсвэл бүхий л амьдралынхаа туршид санаж бодож, дурсах хүн өнгөрсөн үедээ үйлдсэн нүглүүдийнхээ бүхий л үр дагавруудаас ангижран чөлөөлөгддөг учраас би Түүний өмнө бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөнөм.”

Бясалгах.

            Бясалгах гэж ухаанаа Бурханы дүр төрх, Бурханы шинж чанар, Бурханы үйл болон Бурханд үйлчлэн зүтгэх талаар бодож эрэгцүүлэхэд автуулахыг хэлдэг. Бясалгал бол ямар нэгэн бодьгал бус эсвэл хоосны талаар бодож эрэгцүүлэх явдал биш. Ведийн бичээсүүдийн дагуу бол бясалгалын обьект нь үргэлжид Вишнугийн дүр байдаг.

            Бурханы дүр төрхийг бясалгах талаар Нрисимха-пурана-д ийн өгүүлдэг: “Бурханы бадамлянхуа өлмий обьект нь болж байдаг бясалгал бол материаллаг зовлон шаналал болон таашаал ханамжийн чанадад оршдог буюу трансцендент. Ийм бясалгалын тусламжтайгаар тэр бүү хэл зартай үл бүтэх этгээд хүртэл нүгэлт амьдралынхаа  үр дагавруудаас салан ангижирч чаддаг.”

            Бурханы трансцендент шинж чанаруудыг бясалгах талаар Вишну-дхарма-д ийн өгүүлдэг: “Үйлээ Кришнагийн ухамсарт байнгад хийж үйлдэж байгаа хийгээд Бурханы трансцендент шинж чанаруудын талаар үргэлжид санаж дурсаж байгаа хүмүүс нүгэлт үйлүүдийнхээ  бүхий л үр дагавраас ангижран чөлөөлөгдөх ба ийнхүү ариуссанаараа Бурханы оронд орох эрхийг хүртдэг.” Өөрөөр хэлбэл, нүгэлт үйлүүдийнхээ бүх үр дагавраас ангижран чөлөөлөгдөөгүй байгаа хүн Бурханы оронд орж чадахгүй. Харин Бурханы дүр төрх, Түүний шинж чанар, Түүний цэнгээн наадам болон Түүнтэй холбоотой бүхний  талаар зүгээр л цаг үргэлжид санаж дурссанаар тэдгээр үр дагавруудаас зайлан мултарч болно.

            Бурханы үйлүүдийн талаар санаж дурсахыг Падма-пурана-д ийн тодорхойлон өгүүлдэг: “Бурханы өрнүүлсэн таатай сайхан цэнгээн наадмууд болон гайхамшигтай үйлүүдийн талаар байнгад бодож бясалгах хүн бүхий л материаллаг бузраасаа салан ангижрах нь эргэлзээгүй.” Тэр бүү хэл, зөвхөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үйл ажиллагааны тухай  бясалгах хүртэл  хүссэн үр дүнд хүргэдэг хийгээд Бурханы Дээд Бодьгалтай нүүр нүүрээрээ учран золгох боломжийг хүртээдэг гэж зарим Пурануудад нотлон өгүүлдэг. Үүнтэй холбогдуулан Брахма-ваиварта-пурана-д өмнөт Энэтхэгийн Пратиштханапура хотын нэгэн брахманы түүхийг өгүүлдэг. Тэр брахмана  баян чинээлэг бус нэгэн, тийм хэдий ч ийн хангалттай мөнгө хөрөнгө болон эд баялаггүй байгаа нь өнгөрсөн үедээ хийж үйлдсэн гэм нүглийн нь үр дагавар болон Кришнагийн хүсэл таалал гэж  үзэн амьдралдаа бүрнээ ханамжтай байдаг байлаа. Иймээс  тэрээр ядуу тарчиг материаллаг байдалдаа огтхон ч гутардаггүй хийгээд амгалан тайвнаар амьдарч байв. Тэрээр цэвэр ариун зүрх сэтгэлтэй хүн байсан бөгөөд өөрийгөө ухаарсан аугаа сүнснүүдийн номлолыг сонсохоор үе үе тэдэн дээр очно. Ийм уулзалтын нэгэн дээр, вайшнавын үүргүүдийн талаар ярьж байхыг гүн итгэлтэйгээр анхааран байх үедээ тэр энэ бүх үүргүүдийг тэр бүү хэл бодлоороо буюу бясалгалдаа хийж гүйцэтгэж болно гэдгийг сонссон. Өөрөөр хэлбэл, вайшнавын үйлүүдийг бие махбодиороо үнэхээрийн хийж гүйцэтгэх чадваргүй байх аваас тэдгээр үйлүүдийг бясалгаж болох бөгөөд ингэснээр адилхан үр дүнд хүрдэг. Тэр брахмана төдийлөн чинээлэг бус байсан болохоор бодолдоо чин бишрэлийн элбэг тансаг үйлчлэл зүтгэлийг төсөөлөн зүгээр л бясалгахаар шийдсэн бөгөөд тэр даруйдаа бясалгалаа эхэлсэн.

            Тэр заримдаа Годавара голд угаал үйлддэг байсан. Дараа нь голын эрэг дээр аглаг зэлүүд газарт  суугаад пранайама-гийн йогын дасгалуудын (энгийн амьсгалын дасгалууд) тусламжтайгаар ухаанаа төвлөрүүлдэг байв. Эдгээр амьсгалын дасгалууд нь ухааныг ямар нэгэн зүйл дээр механик байдлаар чиглүүлэн тогтооход зориулагдсан. Амьсгалын дасгалууд болон йогын суудлын байрлалууд нь ийм үр дүнд хүргэдэг. Эртийн цагт эгэл жирийн хүмүүс хүртэл ухаанаа Бурханы тухай бодож санахад яаж төвлөрүүлдэг арга барилыг мэддэг байсан бөгөөд манай брахмана ч мөн л тийн үйлдсэн. Ухаан нь Бурханы дүр дээр төвлөрөхөд тэрээр бясалгалдаа Бурханыг үнэтэй тансаг хувцсаар хувцаслаж, Түүнд гоёл чимэглэл зүүж, тэргүүн дээр нь дуулга тавьж байна гэх мэт болон өөр бусад  байдлыг төсөөлж байлаа. Дараа нь тэрээр Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнө. Бурханд хувцас өмсгөл өмсгөж дууссаны дараагаар тэр сүмийг хичээнгүйлэн цэвэрлэж байгаагаар төсөөлнө. Сүмийг цэвэрлэж янзалж  дуусаад тэрээр бодол төсөөлөлдөө  ус хийхэд зориулагдсан алт болон мөнгөн олон савнуудыг зурна, тэгээд тэдгээрийгээ аван гол руу очиж ариун усаар дүүргэнэ. Тэр зөвхөн Годаварагаас төдийгүй мөн Ганга, Йамуна, Нармада болон Каверагийн уснаас авна. Ер нь бол Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхдээ вайшнава зохих мантра-нуудыг уншин энэ бүх голуудын уснаас  цуглуулан авдаг. Тэр брахмана мантра уншихын оронд энэ бүх голуудын усыг жинхэнээр нь алт болон мөнгөн савнуудад дүүргэж байна гэж төсөөлнө. Дараа нь Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхэд зориулан цэцэг, жимс, хүж болон зандан модны оо зэрэг хэрэгтэй бүхнийг цуглуулж бэлтгэнэ. Тэгээд энэ бүх цуглуулж бэлтгэсэн зүйлсээ Бурханы мурти-гийн өмнө өрж байрлуулна. Дараа нь тэрээр ус, цэцэг болон хүжээ Шүтээнд Түүнийг цэнгүүлэхээр чин бишрэлтэйгээр өргөнө. Үүнийхээ дараагаар тэр арати үйлдэх ба бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх үйл явцаа бүхий л дүрэм журмын дагуу өндөрлөнө.

            Энэ бүхнийг тэр  брахамана өдөр тутмын ажил үйл байдлаар өдөр бүр хийж гүйцэтгэж байсан бөгөөд ийм байдал  олон олон жилийн туршид үргэлжилсэн. Нэгэн  удаа тэрээр бясалгалдаа, сүү болон элсэн чихэртэй будаа бэлтгэн түүнийгээ Бурханд өргөхөөр болсон. Гэхдээ амтат будааг дөнгөж саяхан чанасан хийгээд хөрж амжаагүй халуун хэвээрээ байсан болохоор өргөхөө азнахаар шийдсэн. (Амтат будааг халуунаар нь идэхийг зөвлөдөггүй, хэдийчинээн сайн хөрсөн байх тусмаа төдийчинээн амттай байдаг.) Иймд будаа бэлэн болоод тун удаагүй байсан болохоор уг зоогийг Бурханд өргөхөд тохирч байгаа эсэхийг нь мэдэхээр брахмана түүнд хүрч шалгаж үзэхээр шийдсэн. Тэгээд амтат будаа бүхий саванд гараа хүргэсэн ба час халуун байсан саванд хүрч түлэгдсэн хуруугаа тэр дор нь угз татан авсан. Энэ нь түүнийг бясалгалаас нь гаргачихсан. Тэрээр хуруугаа ажиглаад үнэхээрийн түлэгдсэн байгааг нь мэдээд  яаж ийм юм болдог байнаа хэмээн гайхан бодсон. Тэрээр саванд хүрч байна гэж  ердөө л өөртөө төсөөлж байсан болохоор хуруу нь үнэхээрийн түлэгдсэн байгааг огт ойлгохгүй учрыг нь олж ядан байлаа.

            Түүнийг энэ талаар ийнхүү учрыг нь олж ядан гайхан эрэгцүүлж байхад Ваикунтха-д цэцэглэн мандахын охин тэнгэр Лакшми-тай хамтаар залран байгаа Бурхан Нарайана хөгжилтэйгээр инээсэн. Энэ үед тэнд Бурханд үйлчлэн зүтгэж  байсан цэцэглэн мандахын охин тэнгэрүүд яагаад инээснийг нь Бурхан Нарайанагаас  машид сонирхон асуулаа. Бурхан ямар ч хариулт өгөөгүй, харин хариу өгөхийн оронд брахманыг авчруулахаар тэр дор нь элч илгээв. Ваикунтха-гаас илгээсэн агаарын хөлөг брахманыг Бурханы өмнө нүд ирмэхийн зуурт авчирсан. Брахманыг Бурханы болон цэцэглэн мандахын охин тэнгэрүүдийн өмнө ирэхэд Бурхан бүх түүхийг тайлбарласан. Үүний дараагаар брахмана Ваикунтха дээр Бурхан болон Түүний Лакшми нарын хүрээлэлд мөнхөд үлдэхийг зөвшөөрсөн адислалыг хүртсэн. Энэ нь Бурхан хэдийгээр цаг үргэлж  Өөрийн орондоо залран байдаг хэдий ч мөн үүнийхээ зэрэгцээ бүгдэд нэвчин хаа сайгүй залран байдаг гэдгийг нотлон харуулж байна. Ваикунтха дээрээ залран байхын зэрэгцээ Тэрээр Өөрт нь бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр бясалгаж байсан брахманы зүрхэнд залран байсан. Энэхүү жишээнээс харахад, Бурхан Өөрт нь, тэр бүү хэл бясалгалдаа өргөн байгааг хүртэл таалан хүлээж авдаг хийгээд ийм бясалгал хүнийг хүссэндээ хүрэхэд тусалдаг гэдэг нь тодорхой байна.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Трансцендент үйлчлэл зүтгэлийн төлөвүүд

 

Үйлчлэн зүтгэх.

 

            Карми нарын (хөдөлмөрийнхөө үр дүнгээр таашаал ханамж эдлэхийн төлөө ажилладаг хүмүүс) бодлоор бол үйлчлэл зүтгэл гэж кармынхаа үр дүнг өргөл болгон өргөхийг хэлдэг. Харин Рупа Госвами зэрэг вайшнава-ачарйа нар, үйлчлэл зүтгэл бол Бурханы албанд ямар нэгэн байдлаар байнгад зүтгэх явдал гэж үздэг.

            Сканда-пурана-д өгүүлсэнчлэн, зан үйлийн үйл ажиллагаанд дурлан татагддаг, нийгмийн амьдралын дөрвөн анги давхарга болон бурханлаг амьдралын дөрвөн хэвшлийг баримтлан амьдардаг хүмүүсийг мөн чин бишрэлтэнгүүд гэж үздэг. Харин  шууд Бурханд Өөрт нь үйлчлэн зүтгэдэг чин бишрэлтэнгүүдийг бхагавата нар буюу цэвэр ариун чин бишрэлтэнгүүд гэж нэрлэдэг. Кармын үйл ажиллагаа эрхэлдэг, өөрөөр хэлбэл нийгмийн болон бурханлаг амьдралын дөрвөн анги давхарга болон хэвшлийн систем дэх оноогдсон үүргүүдээ биелүүлж байгаа хүмүүсийг цэвэр ариун чин бишрэлтэн гэж үзэж болохгүй. Гэхдээ үйл ажиллагааныхаа  үр дагавруудыг Бурханд өргөдөг болохоор тэднийг мөн чин бишрэлтэнгүүдэд хамааруулдаг. Далдын ямар ч хүсэлгүй хийгээд үйл ажиллагааных нь цорын ганц сэдэл шалтгаан нь  Бурханыг хайрлах хайр байдаг зөвхөн тийм чин бишрэлтэнг л цэвэр ариун чин бишрэлтэн гэж үздэг.

            Материаллаг ертөнцөд унан ирсэн бүхий л болзолдож нөхцөлдсөн сүнснүүд материаллаг байгалийг ноёлох, захирахыг ямар нэгэн хэмжээгээр хүсдэг. Варнашрама систем болон энэ системийн хүрээн дэх оноогдсон үүргүүд нь болзолдож нөхцөлдсөн сүнсэнд материаллаг ертөнцөд мэдрэхүйгээ ханамжтай болгох гэсэн хүслээ биелүүлэн таашаал ханамж  эдлэх хийгээд мөн үүнийхээ зэрэгцээ бурханлаг амьдралдаа аажмаар дэвжин дээшлэх боломжийг өгдөг. Варнашрама системийн хүрээнд оноогдсон байх үүргүүдийн дунд  Кришнагийн ухамсар дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хүрээнд хамаарагдах олон янзын үйлүүд байдаг. Гэр бүлийн амьдралын хэвшилд амьдардаг чин бишрэлтэнгүүд ведийн зан үйлийн ёслолуудыг хийж үйлдэхийн зэрэгцээгээр чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх өөрт оноогдсон үүргүүдээ мөн биелүүлдэг. Учир нь, эдгээрийн аль аль нь Кришнаг цэнгүүлэхэд зориулагдсан байдаг билээ. Эдгээр чин бишрэлтэнгүүд ведийн зан үйлийн ёслолуудыг Кришнаг ханамжтай болгох буюу Түүнийг цэнгүүлэхийн төлөө л хийж үйлддэг. Урьд өмнө өгүүлсэнчлэн, Бурханы Дээд Бодьгалыг цэнгүүлэх зорилго бүхий аливаа үйлийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж үздэг.

            Чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэхэд зохистой, таарч тохирсон хүнийг Шрила Рупа Госвами тодорхойлон өгүүлж байна. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд шинээр эхлэн орж  Бурханыг хайрлах хайрыг өөртөө бага зэрэг хөгжүүлэн байгаа хүний мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанд татагдах дур сонирхол нь түүний чин бишрэлтэй шууд хамааралтайгаар багасдаг. Гэхдээ мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэх талын үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр ч гэсэн татагдсаар байгаа цагтаа хүн энэ үйл ажиллагааныхаа үр дүнг Кришнад зориулж байх ёстой. Ийн үйлдэхийг мөн Бурханд үйлчлэн зүтгэж байна гэж  үздэг бөгөөд энд Бурхан бол  Эзэний дүрд, харин үйлдэгч Түүний албатын дүрд тоглодог.

            Йим үйлчлэл зүтгэлийн трансцендент мөн чанарыг Нарада-пурана-д тайлбарладаг. Тэнд өгүүлсэнчлэн, ухаан, бие махбодь болон үг яриа нь чин бишрэлийн албанд байнгад үйлчлэн зүтгэх хүнийг ангижирсан гэж үздэг. Түүнээс гадна, чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэдэггүй ч үйлчлэн зүтгэхийг хүсдэг хүнийг хүртэл ангижирсан гэж үздэг.

Найз нөхдийн харьцаан дахь үйлчлэл зүтгэл.

 

            Найз нөхөрлөлийн харьцаан дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хоёр төрөл байдаг. Эхнийхэд нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд баттай итгэн Бурханы ойр дотнын албатын дүрд орж байгаа чин бишрэлтэн, харин  хоёрдахьд нь Түүний сайн санаат найзын дүрд тоглох чин бишрэлтэн хамаарагддаг. Бурханд үйлчлэн зүтгэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд  бат итгэн байгаа чин бишрэлтэн бүхий л дүрэм зааврууд болон зохицуулах зарчмуудыг баримталснаар трансцендент амьдралын түвшинд дээшлэн хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүйгээр тэдгээрийг нарийн чанд даган баримталдаг.  Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх найз нөхөрлөлийн хоёр дахь хэлбэр нь  Бурханы Дээд Бодьгалын сайн сайхныг хүсэгч, сайн санаатай найз болоход оршдог. Бхагавад Гита-д өгүүлсэнчлэн, номлол хийж байгаа чин бишрэлтэн буюу номлогчийг Бурхан Өөрийн хамгийн эрхэм албат гэж үздэг. Гита-гийн эрхэм нандин айлдвар илгээлтийг хүмүүст хүргэж байгаа номлогчоос илүү эрхэм чин бишрэлтэн гэж Кришнагийн хувьд байдаггүй.

            Махабхарата-д Драупади ийн айлтгадаг: “Хайрт Говинда минь ээ, Таны чин бишрэлтэнгүүдийг хэн ч ялж дийлж чадахгүй гэж Та амласан. Би үүнд итгэдэг, иймээс хүндрэл бэрхшээл тохиолдох бүрт  Таны амлалтыг зүгээр л санадаг, би ингэж л амьдарч байна.” Драупади болон  түүний таван эр нөхөр— ах дүү Пандавчуудад тэдний үеэлүүд болох Дурйодхана болон бусдын зүгээс маш их гай тотгор, аюул осол учруулж байсан гэдгийг энэ шүлэгт илэрхийлж байна. Энэхүү хавчлага дарангуйлал, тэр бүү хэл насан туршдаа брахмачари  хэвээр байгаа хийгээд мөн үүний зэрэгцээ аугаа дайчин баатар болох Бхишмадева хүртэл тэдний  тухай бодох үедээ  заримдаа нулимсаа барьж чадахгүй  байдалд ордог тийм хүнд хэцүү байсан. Пандавчууд бүгдээрээ ариун үйлстэнгүүд хийгээд Драупади үнэн хэрэгтээ бол цэцэглэн мандахын охин тэнгэр, мөн Кришна тэдний найз  байсан хэдий ч  тийм хүнд хэцүү  гачигдал бэрхшээлийг тэсвэрлэн туулах ёстой болсныг  Бхишмадева цаг үргэлжид хачирхан гайхаж байлаа. Гэсэн ч энэ бүх хүнд хэцүү сорилт шалгалт болон зовлон зүдгүүр Драупадиг тээнэгэлзүүлж, зоригийг нь мохоож чадаагүй. Кришна тэдний найз  учраас  эцсийн эцэст тэр өөрөө  болон түүний эр нөхрүүд аврагдах болно гэдгийг тэр мэдэж байсан.

            Үүнтэй төстэйг Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (2.53)-д өгүүлдэг. Тэнд Ршабха хааны хүү Хави Махараджа Ними-д хандан ийн өгүүлдэг: “Ай хаан минь ээ, Дээд Бодьгалын бадамлянхуа өлмийд үйлчлэн зүтгэхээ агшин зуурын төдийд ч үл зогсоон больдог (Тэр бүү хэл Индра зэрэг  тийм аугаа сахиулсан тэнгэрүүд хүртэл  ийн үйлчлэн зүтгэхийг эрмэлздэг.) болон Түүний бадамлянхуа өлмийгөөс  илүү хүсүүштэй хийгээд  чин бишрэлээ илэрхийлүүштэй өөр юу ч байдаггүй хийгээд байх ч аргагүй гэдэгт бат итгэлтэй байдаг тийм хүнийг төгс төгөлдөр чин бишрэлтэн гэж үздэг.”

            Бурханыг хайрлах хайрыг өөртөө тодорхой хэмжээгээр хөгжүүлсэн шинээр эхлэгч  бол чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх  ирээдүйн чин бишрэлтэн  гэдэг нь эргэлзээгүй хэрэг гэж Шрила Рупа Госвами өгүүлж байна. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ батжин бэхжсэн цагт түүний хэлбэрэлт гуйвалтгүй байдал нь  үйлчлэл зүтгэлийнх нь эрхэм нандин хэсэг нь болдог. Бурханд ойр дотнын найз байдлаар үйлчлэн зүтгэхээр цэвэр ариун чин бишрэлтэн Түүний сүмд хэвтэж байх нь заримдаа харагддаг. Чин бишрэлтэнгийн найз нөхөрлөлийн харьцааны ийм илэрхийллийг рагануга буюу бхакти-гийн цаанаасаа аяндаа өөрөө төрөн гарах илрэл тодрол гэж үзэж болно. Зохицуулах зарчмын дагуу бол  Бурханы Дээд Бодьгалын сүмд хэвтэх нь  хатуу хориотой, тийм хэдий ч Бурханыг хайрлах аяндаа ундран гарах хайрын ийм илрэл тодролыг найз нөхөрлөлийн харьцаан дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн ангилалд хамааруулж болно.

Бурханд өөрийгөө даатгах.

 

            Бурханд өөрийгөө даатгахыг Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (29.34)-д ийн тодорхойлон өгүүлдэг. Тэнд Бурхан ийн айлддаг: “Намайг чин бишрэн Надад өөрийгөө бүрнээ даатгасан хийгээд аливаа өөр бусад үйл ажиллагаанаасаа бүрмөсөн татгалзан орхисон хүнийг Би Өөрийнхөө ивээлд авдаг ба энэ амьдралд нь ч тэр, мөн дараагийн амьдралд нь ч тэр хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, бурханлаг амьдралдаа хөгжил дэвшил гаргахад нь  түүнд туслахыг Би Өөрөө болгоон чармайдаг. Ийм хүнийг  саришти-д (Бүхний Дээдийн баялагтай адил баялагтай байх) хэдийнээ хүрсэн байна гэж үзэж болно.” Кришнагийн бадамлянхуа өлмийд өөрийгөө даатгасан хүнд Кришна Өөрөө санаа тавьдаг ба түүнийг гэм нүглийнх нь бүх үр дагавруудаас  хамгаалахыг батлан амладаг гэж  Бхагавад Гита-д мөн батлан өгүүлдэг. Тэрээр түүнийг бурханлаг төгс төгөлдөрт хүрэх зам мөр  дээрээ хурднаар хөгжил дэвшил гаргахад нь туслан дотроос нь сургаал заавраа нээн хүртээдэг.

            Бүхний Дээдэд өөрийгөө ийнхүү даатгахыг атма-ниведана гэж нэрлэдэг. Янз бүрийн эх сурвалжууд хүний “Би”-г янз бүрийн байдлаар тодорхойлдог. Заримдаа энэхүү “Би”-г бурханлаг оршнол буюу сүнс гэдэг бол заримдаа түүнийг ухаан эсвэл бие махбодьтой адилтгадаг. Иймээс өөрийгөө бүрнээ даатгах буюу  өгөх гэдэг бол өөрийгөө зөвхөн сүнс байдлаар даатгах биш, мөн өөрийн ухаан болон бие махбодийг Бурханы албанд ямар ч цааргалалгүйгээр өгөх, зориулахыг хэлдэг. Үүнтэй холбогдуулан Шрила Бхактивинода Тхакур гайхамшигтай дуу бичсэн. Тэрээр өөрийгөө Бурханы таалалд зориулан, Түүнд өөрийгөө даатган байгаагаа тэрхүү дуунд ийн өгүүлдэг: “Ухаанаа, гэр бүлийн ажил хэрэг аж ахуйгаа, бие махбодио, эзэмшин байгаа бүхнээ би ай Бурхан минь ээ, Танд, Таны албанд зориулан өгч байна. Одоо Та энэ бүгдээр хүсэж таалж байгаа бүхнээ хийж болно. Та бол оршин байгаа бүгдийн Дээд Эзэн, иймээс Та таалж хүсэж байгаа бол намайг хөнөөж ч болно, эсвэл намайг бүх аюулаас хамгаалж ч болно. Бүх зүйл Таны мутарт, Таны соёрхол мэдэлд байна. Энд минийх гэж  би нэрлэж, хэлж болох юу ч байхгүй.”

            Шри Йамуначарйа Бурханд хандан өргөсөн залбиралдаа мөн ийм санааг илэрхийлсэн байдаг: “Ай хайрт Бурхан минь ээ, ямар ч бие махбодь байсан гэсэн бүгд л  материаллаг байгалийн гурван гунуудын дагалдах бүтээгдэхүүн  учраас би хүний бие махбодид оршин байна уу эсвэл сахиулсан тэнгэрийн  бие махбодид оршин байна уу гэдэг нь эцсийн эцэст ямар ч ач холбогдолгүй, огт чухал биш. Харин энэхүү бие махбодийг эзэмшигч— би өөрийгөө Танд даатгаж байна.”

            Чин бишрэлтэн атма-ниведана— үйл явцын үед  бие махбодио Бурханд хэрхэн зориулж, даатгадаг талаар Хари-бхакти-вивека-д өгүүлдэг. Чин бишрэлтэн ийн айлтгадаг: “Ай Бурхан минь ээ, худалдагдсан амьтан хоол тэжээл болон  асрал хамгааллын талаар бодохын хэрэг байдаггүй шигээр Танд өөрийн бие махбодь  болон сүнсээ даатгаснаараа би өөрийн амьдрал оршихуйнхаа талаар цаашид санаа зовохгүй байна.” Өөрөөр хэлбэл, чин бишрэлтэн өөрийнхөө амьдралыг яаж залгуулах талаар ч тэр, гэр бүлээ хэрхэн тэжээн тэтгэх тухайд ч тэр санаа зовох ёсгүй. Бие махбодь болон сүнсээ  Бурханд үнэхээр л  даатгасан байх аваас  зөвхөн л Бурханы албанд яаж үргэлжид үйлчлэн зүтгэж байх вэ? гэдэг тухайд л санаа тавьж байх хэрэгтэй гэдгийг байнгад санаж байх ёстой.

            Найз нөхөрлөлийн харьцаан дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл болон өөрийгөө бүрнээ даатгахуй дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл— энэ хоёр бол  амар хялбар бус  аргууд гэдгийг  Шри Рупа Госвами хэлж байна. Иймээс Бурхантай тогтоосон ийм харьцаа ховор. Маш их ахиц дэвшилд хүрсэн чин бишрэлтэнгүүд л  энэ хоёр аргыг зөв хэрэгжүүлж чаддаг. Ийм болохоор чин үнэнээсээ экстазын чин бишрэлтэйгээр өөрийгөө Бурханд өгч даатгах нь маш ховор. Ийм түвшинд хүрэхийн тулд хүн өөрийгөө Бурханы таалалд бүрнээ өгч зориулдаг байх ёстой.

Хайртаа зүйлсээ өргөл болгон өргөх.

 

            Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (11.46)-д Бурхан Кришна Уддхавад ийн айлддаг: “Хайрт найз минь ээ, эзэмшин байгаа зүйлээсээ хамгийн сайн, шилдэгийг нь эсвэл өөрт маш их таалагддаг зүйлээ Надад өргөснөөр хүн мөнхийн ач тусыг хүртдэг.”

Бүхий л хүчин чармайлтаа Кришнад зориулах.

 

            Амьдралын аль ч салбар хүрээнд байсан гэсэн Бурханыг цэнгүүлэхээр яаж хийж үйлдэх буюу зүтгэх талаар Нарада-панчаратра-д өгүүлдэг. Тэнд өгүүлсэнчлэн, чин бишрэлийн албанд үнэхээрийн үйлчлэн зүтгэж байгаа хүн  ариун гэгээн бичээсүүдэд заасан байдаг болон мөн өөрийн амьдрал оршихуйгаа тэтгэхэд шаардлагатай гээд олон янзын үйл ажиллагаануудыг  хийж гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, чин бишрэлтэн чин бишрэлийн албаныхаа оноогдсон  үүргүүдийг биелүүлэхийн зэрэгцээ, мөн Кришнагийн ухамсар дахь бодит амьдралд нь шаардагдаж байгаа бүхнийг хийж байх ёстой. Жишээ нь, аж ахуйн томоохон байгууллага эсвэл үйлдвэр эзэмшиж байгаа чин бишрэлтэн өөрийн материаллаг эзэмшлийнхээ үр дүнг Бурханы албанд зориулан өргөж болно.

Ямар ч нөхцөл байдалд чин бишрэлт сүнс хэвээр байх.

 

            Бурханд өөрийгөө даатгах талаар Хари-бхакти-виласа-д ийн өгүүлдэг: “Ай хайрт Бурхан минь ээ, Танд харьяалагддаг гэдэгтээ  бат итгэн Танд өөрийгөө даатган байгаа болон бие махбодь, ухаан, үг хэлээрээ  хийж үйлдэж байгаа бүгдээ Танд бодитойгоор зориулан байгаа хүн жинхэнэ трансцендент баяр жаргалаар цэнгэн жаргаж чадах билээ.”

            Нрисимха-пурана-д Бурхан Нрисимха ийн айлддаг: “Надад залбиран мөргөдөг хийгээд Надаас аврал өмгөөлөл эрдэг хэн бүхнийг Би Өөрийн ивээл өмгөөлөлдөө авдаг хийгээд бүхий л гай зовлонгоос хамгаалдаг.”

Туласи зэрэг тийм моддод үйлчлэн зүтгэх.

 

            Туласи модыг Сканда-пурана-д ийн магтдаг: “Нүгэлт үйлүүдийн уулыг агшин зуурын төдийд устган үгүй болгох чадвартай туласи модны өмнө бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөнөм. Бүхий л өвчин шаналал болон гай тотгороос  салж хагацахын тулд  энэ модыг зүгээр л харах эсвэл түүнд хүрч шүргэхэд л хангалттай. Туласи модонд мөргөснөөр эсвэл түүнийг усалснаар Йамараджагийн (нүгэлтнүүдийг шийтгэдэг үхлийн хаан) шүүлтийн өмнө очих  айдас хүйдэснээс чөлөөлөгддөг. Хаа нэгтээ газар  туласи модыг тарьж суулгаж байгаа хүн Бурхан Кришнагийн чин бишрэлтэн  болох нь лавтай. Харин Кришнагийн бадамлянхуа өлмийд туласи-гийн навчийг чин бишрэлтэйгээр өргөж байгаа хүнд Бурханыг хайрлах хайр бүрэн хөгждөг.”

            Энэтхэгт, хинду шашинтан хүн бүр, вайшнава  биш байсан ч гэсэн ялгаагүй, туласи модыг хүндэтгэдэг. Туласи модыг  ургуулахад маш хүнд бэрх том хотуудад хүртэл энэ ургамлыг маш нямбайгаар арчилж торддог хүмүүс байдаг. Тэд түүнийг усалдаг, туласи-д  бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн гол бүрэлдхүүн хэсэг байдаг болохоор түүнд мөн мөргөдөг.

            Туласи-д хамааралтай бас өөр нэг илэрхийлэл Сканда-пурана-д байдаг: “Туласи бол бүх талын ач тустай. Бид түүнийг зүгээр харсан байсан ч, түүнд хүрсэн байсан ч, түүний тухай бодож санасан байсан ч эсвэл тарьж ургуулсан байсан ч  энэ бүгд  нь бидэнд ач тусыг авчирдаг. Дээр дурьдсан аргуудын аль нэгээр туласи модтой холбогдсон хэн бүр  Ваикунтхагийн ертөнцөд мөнхөд амьдардаг.”

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

Трансцендент үйлчлэл зүтгэлийн төлөвүүд

(Үргэлжлэл)

 

Ариун гэгээн бичээсүүдээс сонсох.

 

            Шрила Рупа Госвамигийн өгүүлсний дагуу бол чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг сайжруулж, улам нарийн болгох буюу төгөлдөржүүлэх зам мөрийн талаар өгүүлдэг аливаа номыг ариун гэгээн бичээс гэж үздэг. Шрила Мадхвачарйа ариун гэгээн бичээсийн тодорхойлолтыг мөн өгсөн. Тэрээр ариун гэгээн бичээсүүдэд Рамайана, Махабхарата, Пуранууд, Упанишадууд, Веданта болон эдгээр ариун гэгээн бичээсүүдтэй нийцэн зохицдог өөр бусад аливаа бүтээлүүд хамаарагддаг гэж хэлсэн.

            Сканда-пурана-д ийн өгүүлдэг: “Вайшнавуудын чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг яаж боловсронгуй нарийн болгох талын агуулга сэдэв бүхий номуудыг байнгад уншдаг хүн хүмүүсийн дунд үргэлжид алдаршин нэрд гардаг бөгөөд Бурхан Кришна түүнд маш таалал ханамжтай байдаг нь эргэлзээгүй хэрэг. Ийм бичээсүүдийг гэр орондоо нямбай хадгалдаг хийгээд тэдгээрт хүндэтгэлээ илэрхийлж байгаа хүн нүглийнхээ  бүхий л үр дагавруудаас салан ангижирдаг бөгөөд эцэст нь сахиулсан тэнгэрүүд хүртэл түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж эхэлдэг.”

            Нарада Мунид ийн хэлсэн байдаг: “Хайрт  Нарада минь ээ, вайшнавын номуудыг бичдэг хийгээд ийм номуудыг гэр орондоо  хадгалдаг хүний гэрт Бурхан Нарайана үргэлжид залран байдаг.”

            Шримад Бхагаватамын аравдугаар дууллын (13.15)-д ийн өгүүлдэг: “Шримад Бхагаватам бол Веданта-философийн охь нь. Шримад Бхагаватамыг уншихад ямар нэгэн байдлаар дурлан татагддаг хүний бусад ямар ч ном зохиулуудыг унших  дур сонирхол, амт нь алга болдог. Өөрөөр хэлбэл, Шримад Бхагаватамын трансцендент цэнгэл жаргалыг мэдэрч, амталж байгаа хүнд материаллаг бүтээлүүд ханамж өгөхөө хэдийнээ больсон байдаг.”

Матхура зэрэг ариун дагшин газар оронд амьдрах.

 

            Матхура-д амьдрахыг Вараха-пурана-д магтан алдаршуулдаг. Бурхан Вараха дэлхийн хүмүүст хандан ийн айлддаг: “Матхурагаас өөр газар оронд татагддаг хүн хий хуурмаг байдлын эрчмийн олз эрхэнд орох нь гарцаагүй.” Гурван ертөнц дэх бүхий л ариун дагшин газар орнуудад эргэл мөргөл хийснээр хүртдэг бүх үр дүнг Матхурагийн ариун дагшин газарт хүрснээр хүртдэг гэж Брахманда-пурана-д батлан өгүүлдэг. Өөрийн бүхий л хүслүүдээ  биелэгдэхэд хүргэхийн тулд Матхурагийн ариун дагшин газар орны талаар зүгээр л сонсох, түүний талаар  бодож санах, магтан алдаршуулах,  харж ажиглах эсвэл хүрч шүргэхэд л хангалттай гэж олон шаструудад (бичээсүүд) байдаг.

Чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэх.

 

            Вайшнава-д (чин бишрэлтэн) үйлчлэн зүтгэхийг Падма-пурана-д маш сайхнаар тодорхойлон өгүүлдэг. Тэнд Шива бурхан Парвати-д ийн өгүүлдэг: “Хайрт Парвати минь ээ, бишрэл хүндэтгэлийн олон хэлбэрүүд байдаг бөгөөд Дээд Бодьгалыг бишрэн хүндэтгэхийг тэдгээрийн хамгийн дээд хэлбэр гэж үздэг. Гэхдээ Бурханы чин бишрэлтэнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх нь Бурханд Өөрт нь  бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээс ч бүр илүү дээш болой.”

            Үүнтэй төстэй баталгаа Шримад Бхагаватамын гуравдугаар дууллын (7.19)-д байдаг: “Чин бишрэлтэнгүүдэд үйлчлэн зүтгэснээр Бурханы бадамлянхуа өлмийд үйлчлэн зүтгэх хольцоогүй чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хүрч болдог учраас би чин бишрэлтэнгүүдийн үнэнч албат болохыг хүсэж байна. Чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэх нь материаллаг амьдралын зовлон зүдгүүрийн тээр дарамтыг хөнгөлдөг хийгээд Бурханыг хайрлах гүн гүнзгий хайр болон Түүнийг бишрэх чин бишрэлийг бидний дотоодод хөгжүүлдэг.”

            Сканда-пурана-д ойролцоо утга бүхий баталгаа байдаг: “Бие  дээрээ дун, хүрд, шийдэм болон бадамлянхуа цэцгийг бэлэгдэх тэмдэг тилака тавьсан, толгой дээрээ  туласи-гийн навч тогтоосон хийгээд биеэ үргэлж гопи-чандана-гаар чимэглэдэг хүнийг ядаж зөвхөн нэгээхэн удаа ч гэсэн харах аваас тэрээр өөрийг нь ийн харж байгаа хүнийг бүхий л нүглээсээ нь чөлөөлөгдөхөд тусалдаг.”

            Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (19.33)-т мөн дээрхтэй төстэй хэсэг байдаг: “Чин бишрэлтэн дээр очиж байгаа, түүний бадамлянхуа өлмийд хүрч шүргэж байгаа эсвэл түүнийг хүндтэй суудалд залан суулгаж байгаа хүн нүглийнхээ бүхий л үр дагавруудаас чөлөөлөгдөн ангижирдаг нь эргэлзээгүй. Өөрийгөө болон гэр бүлийнхнээ  бүгдийг нь ариусгахад ийм вайшнавуудын үйлүүдийн талаар зөвхөн дурсаж,  санаж бодоход л хангалттай. Тэгвэл түүнд үйлчлэн зүтгэх тухайд гэвэл юу ярих билээ?”

            Бурхан Кришнагийн Арджунад  хандан ийн айлдсан  айлдвар Ади-пурана-д байдаг: “Хайрт Партха минь ээ, өөрийгөө Миний чин бишрэлтэн гэж үзэж байгаа хүн бол хараахан тийм биш. Харин өөрийгөө Миний чин бишрэлтэнгийн чин бишрэлтэн гэж нэрлэж байгаа тэр л үнэн хэрэгтээ Миний чин бишрэлтэн.” Бурханы Дээд Бодьгалд шууд ойртох боломжгүй. Түүнд зөвхөн Түүний цэвэр ариун чин бишрэлтэнгүүдээр дамжуулан ойртож болно. Иймээс вайшнавуудын эхний зарчим бол  хэн нэгэн чин бишрэлтэнг бурханлаг номын багшаа болгох, тэгээд түүнд үйлчлэн зүтгэх явдал.

            Бхакти-расамрита-синдху-д янз бүрийн бичээсүүдээс иш татан оруулсан бүхий л ишлэлүүд нь Бурханы чин бишрэлтэнгүүд хийгээд аугаа ачарйа нараар хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг Шри Рупа Госвами онцлон тэмдэглэж байна.

Бурханд өөрийн  боломж чинээний хирээр үйлчлэн зүтгэх.

 

            Хүн санхүүгийнхээ боломжид таарч нийцсэн байдлаар  Бурханд бишрэл хүндэтгэл үзүүлж байх ёстой гэж Падма-пурана-д өгүүлдэг. Гэхдээ ямар ч байдалд байлаа гэсэн хэн бүр Бурханы хүндэтгэлд зориулсан баяр ёслолд оролцох хийгээд янз бүрийн зан үйлүүдийг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

Карттика сар дахь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл.

 

            Хамгийн чухал ёслолуудын нэг бол Урджа-врата юм. Урджа-врата-г Карттика (10-11) сард хийдэг. Энэ үед бүх сүмүүдэд, ялангуяа Вриндаванагийн сүмүүдэд Бурханд Дамодара дүрээр нь бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх онцгой зан үйлүүдийг хийж үйлддэг. Дамодара бол Йашода ээж уяагаар уясан Кришна. Бурхан Дамодара чин бишрэлтэнгүүддээ маш эрхэм байдаг болохоор Дамодара сар ч (Карттика) гэсэн тэдэнд мөн маш эрхэм гэж ярьдаг.

            Карттика сар дахь Урджа-врата-гийн туршид  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээ Матхура-д хийж үйлдэхийг онцгойлон зөвлөдөг бөгөөд энэ заншлыг өнөө хүртэл олон чин бишрэлтэнгүүд даган баримталдаг. Тэд Матхура эсвэл Вриндаванад очиж, тэндээ  онцгойлон чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэхээр Карттика сарын туршид  байдаг.

            Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Бурхан чин бишрэлтэнгүүддээ ангижралыг эсвэл материаллаг аз жаргалыг болгоон хүртээж чадах ч тодорхой  хугацааны туршид чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэсэн, ялангуяа Карттика сард Матхурад ийн үйлчлэн зүтгэсэн чин бишрэлтэн  зөвхөн ганцхан зүйлийг буюу Бурханд цэвэр ариун чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхийг л хүсэн эрмэлздэг.” Эндээс харахад, Бурхан өөрийн үйлчлэл зүтгэлдээ нухацтайгаар ханддаггүй эгэл жирийн хүнд чин бишрэлийн албандаа үйлчлэн зүтгэх эрхийг болгоон хүртээдэггүй нь тодорхой байна. Харин нухацтай бус хүмүүс ч гэсэн Карттика сарын үед Энэтхэгт, Матхурагийн дүүрэгт  зохицуулах зарчмуудын дагуу чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байх аваас тэд  Бурханд биечлэн үйлчлэн зүтгэх эрхийг Түүнээс   шагнал болгон  амархан хүртдэг.

Бурханы янз бүрийн үйлүүдэд зориулсан баяр ёслолуудад оролцох.

 

            Бурханы илэрч тодорсон (Түүний төрсөн) өдөр болон Түүний өрнүүлсэн бусад трансцендент үйлүүдэд зориулсан баяруудын үеэр болдог янз бүрийн ёслолуудад оролцох явдлын талаар Бхавишйа-пурана-д ийн өгүүлдэг: “Ай хайрт Бурхан Джанардана (Кришна) минь ээ, Таны ээж Деваки-деви Таныг ямар өдөр төрүүлснийг мэдэхийг надад болгоон зөвшөөрөөч. Та үүнийг мэдэхийг надад болгоон соёрхох аваас бид энэ өдөр тансаг том баяр хийх болно. Ай Кешиг хөнөөгч минь ээ, бид бол Таны бадамлянхуа өлмийд өөрийгөө даатгасан сүнснүүд билээ, бидний цорын ганц хүсэл бол энэхүү баяр ёслолоороо Таныг цэнгүүлэх явдал.”

            Бхавишйа-пурана-гийн энэ үгс нь Бурханыг бишрэн хүндэтгэхтэй холбогдсон янз бүрийн баяр ёслолуудад оролцсоноороо чин бишрэлтэнгүүд Бурханы таалалд нийцэн Түүнийг цэнгүүлдэг нь гарцаагүй гэдгийг баталж байна.

Шүтээнд аугаа чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх.

 

            Ади-пурана-д ийн өгүүлдэг: “Ариун гэгээн нэрийг байнгад давтан уншиж байгаа болон чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээсээ трансцендент цэнгэл жаргалыг амтлан эдэлж байгаа хүн чин бишрэлийн  үйлчлэл зүтгэлд зориулсан бүхий л боломжуудыг хүртэх нь лавтай. Ийм хүн хэзээ ч зүгээр нэг мукти (ангижрал)-г хүртдэггүй.

            Мукти гэж материаллаг бузраас чөлөөлөгдөх гэсэн утгатай үг. Ангижралд  хүрсэн хүн материаллаг ертөнцөд дахин  төрөх зайлшгүй байдлаас мултран салдаг. Имперсоналистууд бие даасан оршихуйгаа зогсоон болиулахаар бурханлаг ахуйд нэгдэн уусахыг хүсдэг. Гэхдээ Шримад Бхагаватамд өгүүлсэнчлэн, мукти бол  хэвийн төлөв байдалдаа дахин орох  зам мөрийн зөвхөн эхлэл. Амьд оршнол бүрийн хэвийн төлөв байдал бол  Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх явдал. Ади-пурана-д өгүүлсэн дээрх баталгаанаас харахад, зүгээр л чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх нь чин бишрэлтэнг бүрнээ ханамжтай болоход хангалттай гэдэг нь тодорхой байна. Тэрээр материаллаг, болзолдож нөхцөлдсөн амьдралаас  ангижрах ангижралын аль ч хэлбэрт хүрэхийг эрмэлздэггүй. Өөрөөр хэлбэл, чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж байгаа хүн материаллаг амьдралаар амьдран байгаа мэт харагдаж байж болох ч үнэн хэрэгтээ бол тийм биш билээ.

Чин бишрэлтэнгүүдийн хүрээлэл дэх Шримад Бхагаватамын уншлага.

 

            Шримад Бхагаватам бол ведийн цэцэн мэргэн ухааны хүслийн модны боловсорсон жимс. Веда гэдэг үг нь “мэдлэгийн цогц” гэсэн утгатай. Хүн төрөлхтөнд чухал хэрэгтэй бүх мэдлэгийг Шримад Бхагаватам бүрэн төгс хэлбэрээр агуулдаг. Ведийн бичээсүүдэд тухайлбал, нийгэм, улс төр, анагаах ухаан болон цэрэг дайны урлаг гээд янз бүрийн салбарын мэдлэг агуулагддаг. Энэ бүгд болон өөр бусад салбарын мэдлэгийг Ведүүдэд төгс төгөлдөр байдлаар тодорхойлон өгүүлдэг. Бурханлаг мэдлэгийг тэнд мөн л бүрэн төгс хэлбэрээр  өгүүлдэг бөгөөд  Шримад Бхагаватамыг ведийн бүтээлүүдийн хүслийн модны  боловсорсон жимс  гэж үздэг. Модыг жимсээр нь үнэлдэг. Жишээ нь, манго жимс бол жимснүүдийн хаан учраас мангоны модыг маш өндрөөр үнэлдэг. Боловсорч гүйцсэн манго жимс бол мангоны модны хамгийн үнэ цэнэтэй бэлэг. Үүн лугаа Шримад Бхагаватамыг Ведийн модны боловсорч гүйцсэн  жимс гэж үздэг. Боловсорч гүйцсэн жимсэнд эхлээд шука тотьны хошуу хүрч шүргэх аваас тэрхүү жимс улам л амтлаг болдог шигээр Шримад Бхагаватамыг бид Шукадева Госвамигийн трансцендент амнаас хүртсэн болохоор тэрээр улам л амттай болсон билээ.

            Шримад Бхагаватамыг багш шавийн барилдлагааны тасралтгүй гинжин хэлхээнээс хүртэх нь зайлшгүй чухал. Боловсорч гүйцсэн  жимсийг модны салаа мөчрүүд дээр суусан хүмүүсийн гинжин хэлхээгээр гараас гарт дамжуулан газарт буулгах аваас гэмтдэггүй. Үүн лугаа, Шримад Бхагаватамыг парампара-гаар дамжуулан хүртэх аваас бидэн дээр гэмтэлгүйгээр бүрэн бүтнээр ирдэг. Парампара буюу багш шавийн барилдлагааны систем бол трансцендент мэдлэгийг хүртэх цорын ганц арга зам гэж Бхагавад Гита-д батлан өгүүлдэг. Трансцендент мэдлэг бол  багш шавийн барилдлагааны гинжин хэлхээгээр буюу  шаструудын жинхэнэ зорилгод хүрсэн нэр хүндтэй хүмүүсээр дамжин бууж ирэх ёстой.

            Шримад Бхагаватамыг өөрийгөө ухаарч танин мэдсэн хүний амнаас хүртэхийг Шри Чаитанйа Махапрабху бүгдэд зөвлөсөн билээ. Ийм хүнийг бхагавата гэж нэрлэдэг. Бхагавата гэж “Бурханы Дээд Бодьгал (Бхагаван)-тай холбогдсон тэр” гэсэн утгатай. Иймээс чин бишрэлтэнгүүдийг заримдаа бхагаватаууд  Бурханы Дээд Бодьгалын чин бишрэлийн алба зүтгэлийг тодорхойлон өгүүлдэг номуудыг мөн бхагавата гэж нэрлэдэг. Шри Чаитанйа Махапрабхугийн зөвлөсний дагуу бол  Шримад Бхагаватамын жинхэнэ амтыг мэдрэхийн тулд  бхагавата-гийн сургаал зааврыг дагах хэрэгтэй. Шримад Бхагаватам тэр бүү хэл ангижралд хэдийнээ хүрсэн хүнд хүртэл  цэнгэл жаргалыг өгдөг. Шукадева Госвами бүр эхийнхээ хэвлийд байхдаа л угийн ангижирсан бодьгал байсан, гэхдээ зөвхөн Шримад Бхагаватамын амтыг амталсны буюу  сонссоныхоо дараа  л аугаа чин бишрэлтэн болсон гэж тэр өөрөө  хэлдэг. Тэгэхлээр Кришнагийн ухамсарт хөгжил дэвшил гаргахыг хүсэж байгаа бол Шримад Бхагаватамын илгээлтийг эх сурвалж чин бишрэлтэнгүүд түүнийг яаж тайлбарлаж байгааг сонсон хүртэж цэнгэн жаргах ёстой.

            Шримад Бхагаватамын хоёрдугаар дууллын (1.9)-д Шукадева Госвами: бодьгал бус Брахманд татагдах түүний дурлал татагдал маш  хүчтэй байсан, гэхдээ тэр Бурханы өрнүүлсэн трансцендент үйлүүдийн талаар эцэг Вйасадевагийнхаа амнаас сонссоноороо Шримад Бхагаватамд илүү хүчтэйгээр дурлан татагдсан гэж  өгүүлдэг. Вйасадева бол мөн өөрийгөө ухаарч танин мэдсэн сүнс байсан хийгээд трансцендент цэцэн мэргэн ухааны боловсорч гүйцсэн ойлголтоо Шукадева Госвамид дээр заасан аргаар шууд дамжуулсан нь эндээс харагдаж байна.

Урагш хөгжин дэвжсэн чин бишрэлтэнгүүдтэй харьцах.

 

            Шримад Бхагаватамыг цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн хүрээлэлд ярих хэлэлцэх нь ямар чухал болохыг Наимишаранйа-д цугларсан мэргэдийн цуглаан дээр, Сута Госвамиг байх үед Шаунака Муни тайлбарладаг. Бурханы цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн хүрээлэлд агшин зуурын төдий хугацаагаар ч гэсэн орж байх  зол завшаан хүнд тохиох аваас энэ агшин нь тэр бүү хэл, маш хэцүү бэрх материаллаг зовлон шаналалаас чөлөөлдөг эсвэл диваажингийн гаригууд  дээр очих боломж, үүд хаалгыг нээж өгдөг тийм буянтай үйлүүдтэй ч харьцуулшгүйгээр тийм их үнэ цэнэтэй гэж Сута Госвами батлан хэлдэг. Өөрөөр хэлбэл Шримад Бхагаватад дурлан татагдсан хүн дээд гаригууд дээр эдэлдэг таашаал ханамж, мөн тэрчлэн имперсоналистуудын эрмэлзэн тэмүүлдэг ангижрал зэргийг сонирхдоггүй. Тэгэхлээр цэвэр ариун чин бишрэлтэнгүүдтэй харьцах нь материаллаг аз жаргалын нэг ч хэлбэр төрөлтэй харьцуулахын аргагүй тийм трансцендент үнэ цэнэтэй байдаг байна.

            Хари-бхакти-судходайа-д эцэг Хиранйакашипутайгаа өрнүүлсэн Прахлада Махараджагийн  яриа гардаг. Тэнд, Хиранйакашипу Прахладад хандан ийн өгүүлдэг: “Хайрт хүү минь ээ, харьцах хүрээлэл бол маш их чухал ач холбогдолтой. Тэр бол  өмнөө байгаа бүгдийг тусган харуулах болор мэт юм.” Үүн лугаа, Бурханы цэцэг лугаа чин бишрэлтэнтэй харьцах хийгээд зүрх маань болор мэт  цэвэр ариун, тунгалаг байх аваас  бид тэд нарынх шиг тийм шинж чанартай болох нь эргэлзээгүй. Үүнтэй холбогдуулан өөр нэг жишээ өгүүлбэл: нөхөр нь бэлгийн сулралтай биш хийгээд эхнэр нь  үргүйдэлгүй биш буюу эрүүл саруул байх аваас тэд хоорондоо ойр дотнын харьцаанд орсноор эмэгтэй нь жирэмсэлнэ. Үүн лугаа, бурханлаг мэдлэгийг хүртэгч болон  түүнийг дамжуулан хүртээгч— хоёулаа үнэнч хийгээд бүхий л шаардлагад нийцэж тохирсон байх аваас сайн үр дүнг авчирна.

Бурханы ариун гэгээн нэрийг давтан унших.

 

            Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-г давтан уншихын чухлыг Шримад Бхагаватамын хоёрдугаар дууллын (1.11)-д онцгойлон онцлон тэмдэглэдэг. Тэнд Шукадева Госвами Парикшит Махараджад хандан ийн  өгүүлдэг: “Ай хаан минь ээ, Харе Кришна маха-мантра-г уншихад цаанаасаа аяндаа дурлан татагдаж байгаа хүнийг төгс төгөлдөрийн дээдийн дээд түвшинд хүрсэн гэж үздэг.” Үйл ажиллагааныхаа үр дүнг таашаан ханамж эдлэхийг хүсэж байгаа карми, Дээд Бодьгалд нэгдэн уусахаас аврагдлыг эрж байгаа хүмүүс, мөн ид шидийн төгс төгөлдөрт хүрэхийг эрмэлзэж байгаа йогчид маха-мантра-г унших аваас ганцхан ийнхүү унших нь тэднийг үйл ажиллагааныхаа төгс төгөлдөрт хүрэхэд хангалттай гэдгийг онцгойлон дурьдаж байна. Шукадевагийн энэ шүлэгт хэрэглэж байгаа нирнитам гэдэг үг “Энэ бол хэдийнээ бүрэн нотлогдсон, эцэслэн тогтоогдсон.” гэсэн утгыг илэрхийлдэг. Тэр бол ангижирсан сүнс, иймээс эргэлзээтэй зүйлийг  баталж тогтоох гэхгүй. Иймээс л Харе Кришна маха-мантра-г эрс шийдвэртэй хийгээд тасралтгүй уншдаг хүн кармын үйл ажиллагаа, ухаан бодлын цэцэрхийлэл болон ид шидийн йогын бүхий л урхи занганы хажуугаар хэдийнээ өнгөрөн гарсан гэдэгт ямар ч эргэлзээ байхгүйг Шукадева Госвами мөн онцолж байна.

            Энэ байдлыг Кришна Ади-пурана-д баталдаг. Тэрээр Арджунад ийн ханддаг: “Миний трансцендент нэрийг давтан уншдаг хүн  Надтай үргэлж харьцаж байдаг. Ийм чин бишрэлтэн Намайг маш амархан эзэмддэг гэдгийг Би чамд үнэнээр нь шууд хэлэх байна.”

            Мөн Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Ваасудевад олон жилийн туршид бишрэл хүндэтгэлээ илэрхийлсэн зөвхөн тийм бодьгалын амнаас л Харе Кришна мантра-г уншихыг сонсож болдог.” Мөн цааш ийн өгүүлдэг: “Бурханы ариун гэгээн нэр болон Бурхан хоёрын хооронд ялгаа байдаггүй. Иймээс ариун гэгээн нэр бол дүүрэн ханамжтай, цэвэр ариун болон мөнх байдлын хувьд Бурхан Өөрөө лугаа тийм төгс төгөлдөр. Ариун гэгээн нэр бол  материаллаг дуу авиа биш бөгөөд материаллаг бузрын ул мөр түүнд байдаггүй.” Иймээс мэдрэхүйгээ ариусгаж чадаагүй хүн  ариун гэгээн нэрийг алдас хийлгүйгээр унших тийм төлөв байдалд байдаггүй. Өөрөөр хэлбэл, материаллаг мэдрэхүй Харе Кришна маха-мантра-г унших үйл явцад зөв буюу зохих ёсоор оролцож  чаддаггүй. Гэхдээ мантра-г уншиж эхлэх аваас тун удалгүй  алдас хийлгүйгээр уншдаг болох тийм түвшинд хүртэл өөрийгөө ариусгах боломжийг хүртдэг.

            Зүрхээ тоосноос нь цэвэрлэн ариусгахаар Харе Кришна  мантра-г уншихыг Чаитанйа Махапрабху хүн бүрт зөвлөсөн билээ. Зүрх нь ариусаж байгаа цагт хүн ариун гэгээн нэрийн чухлыг жинхэнэ ёсоор ухаардаг. Зүрхээ ариусгах гэхгүй,  хуучин байдлаараа хэвээр байхыг хүсэж байгаа хүн Харе Кришна мантра-г давтан уншихын трансцендент үр дүнг хүртэж чадахгүй. Иймээс Бурханд үйлчлэн зүтгэх эрмэлзлийг өөртөө  хөгжүүлэхийг чармайх нь чухал. Энэ нь ариун гэгээн нэрийг алдас хийлгүйгээр уншихад бидэнд туслана. Иймд, яаж үйлчлэн зүтгэдгийг болон Харе Кришна мантра-г уншдагийг шавь хүн  бурханлаг номын багшийнхаа удирдлага дор нэгэн зэрэг суралцдаг. Тэгээд үйлчлэн зүтгэх жам ёсны цаанаасаа төрөн гарах хүсэл нь хөгжмөгц л тэрээр  маха-мантра-ны  ариун гэгээн нэрийн трансцендент мөн чанарыг шууд ойлгодог.

Матхурагийн дүүрэгт байх.

 

            Ариун дагшин газар оронд, тухайлбал Матхура эсвэл Дваракад байхын чухлыг Падма-пурана-д ийн өгүүлдэг: “Ариун дагшин газар оронд эргэл мөргөл хийнэ гэдэг бол материаллаг боолчлогдлоос чөлөөлөгдөн ангижрана гэсэн үг. Гэхдээ ангижрал бол төгс төгөлдөр байдлын дээдийн дээд үе шат биш. Ангижралд хүрснээр хүн Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх ёстой. Брахма-бхута түвшнээс буюу  ангижралд хүрснийхээ дараа хүн чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэж цаашид хөгжин дэвжиж болдог. Тэгэхлээр, амьдралын зорилго бол  Бурханд трансцендент хайраар үйлчлэн зүтгэх явдал байдаг бөгөөд Матхура-мандала-д хэдхэн секунд ч гэсэн байсан хүн  үүнд хялбархан хүрдэг.”

            Цааш нь ийн өгүүлдэг: “Матхурагийн газар оронд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээс татгалздаг тийм хүн гэж байдаг болов уу? Матхура бол хөдөлмөрийнхөө үр дүнг таашаан ханамж эдлэхийн төлөө ажиллагсадын ч, мөн Дээд Брахманд нэгдэн уусахаас аврагдлыг эрж хайгчдын ч бүхий л хүсэл эрмэлзлийг биелүүлэх чадвартай. Мөн, Матхура нь, зөвхөн ганц л зүйлийг буюу Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхийг  хүсдэг чин бишрэлтэнгүүдийн хүслийг биелүүлдэг гэдэг нь мэдээж хэрэг билээ.” Ведийн бүтээлүүдэд мөн ийн өгүүлдэг: “Бурханы Дээд Бодьгалтай трансцендент хайрын холбоо харьцаатай болохын тулд Матхура-д ганц л өдрийг өнгөрүүлэх нь хангалттай— энэ гайхамшиг биш гэж үү? Энэхүү Матхура газар орон нь Бурханы орон— Ваикунтха-дхама-гаас ч  илүү алдар цуутай нь үнэн болой!”

АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ

Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн онцгой хүчирхэг таван хэлбэр

 

            Матхура-д байх, Бурханы мурти-д бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Шримад Бхагаватамыг унших, чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэх болон Харе Кришна мантра-г давтан унших гэсэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн таван хэлбэр бол  тэдгээрийн аль нэгэнд их бус ч гэсэн дурлан татагдах нь шинээр эхлэж байгаа чин бишрэлтэнд хүртэл чин бишрэлийн экстазыг төрүүлдэг тийм л онцгой хүчирхэг гэж Рупа Госвами батлан өгүүлж байна.

            Бурханы дүрд буюу Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийн тухайд Рупа Госвами дараахь шүлгийг бичсэн: “Найз минь, материаллаг ертөнцөд найз нарынхаа хүрээлэлд таашаал ханамж эдлэх хүсэлтэй хэвээрээ байгаа бол  Йамуна голын эрэгт, Кеши-гхата-гийн (Вриндавана дахь угаал үйлддэг газар) дэргэд зогсож байгаа Кришнагийн дүрийг бүү хар. Түүнийг Говинда гэж дууддаг бөгөөд Түүний мэлмий нь дур булааж сэтгэл татам гоо сайхан. Үсэндээ тогосын өд хатган чимсэн Тэрээр лимбээрээ тоглон байгаа. Харин сарны гэрэл Түүний гайхамшигтай сайхан дүрийг бүхэлд нь гийгүүлж байгаа.”

            Энэ шүлгийн учир утга нь, шри-мурти (Кришнагийн мурти)-д татагдан, гэр орондоо Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа хүн өөрийг нь найрамдал нөхөрлөл, хайр болон нийгэм хүрээлэл гэгдэгчидтэй холбох бүхний талаар мартдаг гэдэгт оршдог. Иймээс гэр бүлийн амьдралын хэвшилд  амьдардаг хэн бүрийн үүрэгт гэр орондоо Бурханы мурти-г залах хийгээд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх үйл ордог. Энэ нь түүнийг клуб, кинотеатр, бүжгийн танхимаар явах, мөн тамхи татах, архи уух гэх мэт болон үл хүсүүштэй өөр бусад үйлүүдээс халхалж хамгаалдаг. Гэр орондоо Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхэд нухацтай хандах аваас хүн энэ бүх тэнэг зүйлүүдийг мартах болно.

            Рупа Госвами цааш нь ийн бичдэг: “Миний хайрт тэнэг найз минь ээ, кармын үйлийн үр дүнгийн хойноос тэмүүлэх эрмэлзэл, эдийн засгийн хөгжил цэцэглэл болон ангижралыг шоолдог— адислал ерөөлт Шримад Бхагаватамаас чи урьд нь хэзээ нэгэн цагт сонсож байсан гэж би бодож байна. Бурханы өрнүүлсэн цэнгээн наадмуудыг тодорхойлон өгүүлдэг Шримад Бхагаватамын аравдугаар дууллын шүлгүүд аажим аажмаар чихэнд чинь орж, зүрхэнд чинь нэвчихэд юу ч саад болж чадахаа хэдийнээ больсон байгаа гэдэгт би итгэлтэй байна.”

            Бүхний Дээдэд нэгдэн уусахыг (өөрөөр хэлбэл, аврагдахыг) эрмэлзэхийн, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн болон зан үйлийн ёслолуудын үр дүнгүүдийг хог мэтээр хаяж чулуудахаар хүч чадал гаргаагүй байгаа цагтаа хүн Шримад Бхагаватамыг ойлгож чадахгүй гэж Шримад Бхагаватамын эхэнд өгүүлдэг. Бхагаватам нь зөвхөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг тодорхойлон өгүүлдэг. Ертөнцөөс огоорохуйн ухаан бодолд чин сэтгэлээсээ автан Шримад Бхагаватамыг үзэж судалдаг зөвхөн тийм хүн л аравдугаар дуулалд тодорхойлон өгүүлдэг Бурханы өрнүүлсэн цэнгээн наадмуудыг ойлгож хүртэх чадвартай. Өөрөөр хэлбэл, Шримад Бхагаватамд татагдах цаанаасаа аяндаа төрөн гарах дурлан татагдлыг өөртөө хөгжүүлээгүй байгаа цагтаа уншигчид аравдугаар дуулалд агуулагддаг раса-лила (хайрын бүжиг) шиг тийм сэдвүүдийг ойлгохыг оролдох ч хэрэггүй. Шримад Бхагаватамын  жинхэнэ амтыг таашаан цэнгэж жаргаж чаддаг болохоосоо өмнө хүн  цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд батжсан байх ёстой.

            Рупа Госвамигийн дээрх хоёр шүлэгт материалист нийгэм хүрээлэл, найрамдал нөхөрлөл болон хайранд татагдах дурлан татагдлыг шууд бусаар буруушаасан хэд хэдэн зүйрлэл байна. Ихэнхдээ бол хүмүүс нийгэм хүрээлэл, найрамдал нөхөрлөл болон хайранд маш  ихээр дурлан татагддаг. Материаллаг бузардалтын эдгээр хэлбэрүүдийг дэлгэрүүлэх, заншил зуршил болгох гэж тэд маш их хүчин чармайлт гаргадаг хийгээд янз бүрийн арга заль хэрэглэдэг. Харин Радха-Кришнагийн шри-мурти-г харна гэдэг бол материаллаг холбоо харьцаагаа хэвээр хадгалахад чиглэгдсэн ийм хүчин чармайлт гаргахаа орхин умартах гэдэгтэй адил хүчтэй буюу утга нэг юм. Эхлээд харахад, Рупа Госвами шүлэгнүүддээ найрамдал нөхөрлөл болон хайранд татагдах материаллаг дурлан татагдлыг магтан өөгшүүлэх хийгээд Говиндатай, шри-мурти-тай нүүр учрахыг буруушаан зэмлээд байгаа юм шиг санагдаж байж болох. Энэ зүйрлэл магтан өөгшүүлж байгаа юм шиг санагдаж байж болох тэр зүйлүүдийг  үнэн хэрэгтээ буруушаан зэмлэж, харин  буруушаан зэмлэж байгаа юм шиг санагдаж байж болох тэр зүйлүүдийг магтан өргөмжилж байгаа тийм байдлаар томъёологдож байна. Шүлгийн жинхэнэ утга нь, материаллаг найрамдал нөхөрлөл, нийгэм хүрээлэл болон хайрын бүхий л учир утгагүй байдлыг мартахыг бага зэрэг ч гэсэн хүсэж байгаа бол Бурханы дүрийг харах ёстой гэдэгт оршдог.

            Кришнатай холбоотой сэдвүүдийг сонссоноор эдлэх цэнгэл жаргалын  трансцендент мөн чанарыг Шрила Рупа Госвами үүнтэй төстэй байдлаар тодорхойлон өгүүлж байна. Нэгэн чин бишрэлтэн ийн хэлсэн байдаг: “Бурханы Бодьгал Кришнаг нүднээсээ урсах нулимсаар угаан харсан тэр цагаас хойш бүх бие минь салганан чичрэх болсон нь маш гайхалтай. Тэрээр бүхий л материаллаг үүргүүдийг минь мартуулчихсан. Бурханыг харснаасаа хойш би гэртээ ч тайван байж, сууж чадахаа болилоо. Түүн рүү очих гэсэн хүсэл цаг ямагт намайг эзэмдээстэй.” Энэ шүлгийн учир утга нь, цэвэр ариун чин бишрэлтэнтэй учран золгох зол завшаан хүнд тохиомогц түүнээс Кришнагийн тухай сонсох, Кришнагийн талаар аль болох ихийг түүнээс мэдэж авахыг, өөрөөр хэлбэл Кришнагийн ухамсартай болох гэсэн хүсэл түүнд тэр даруйдаа л дүрэлзэх ёстой гэдэгт оршдог.

            Махамантра-г сонсох болон давтан уншихтай холбоотой мөн ийм нэгэн илэрхийлэл байдаг: “Бурхан Кришнагийн алдар цууг байнгад  магтан дуулдаг  Нарадагийн хуруун доорхи вина-гийн утасны дуу авиаг цэцэд мэргэд сонсдог гэж ярьдаг билээ. Одоо тэр дуу авиа чихэнд  минь нэвчин орж сонорыг минь мялааж байна, Дээд Бодьгалын залран байгааг би байнгад мэдэрч байна. Материаллаг таашаал ханамжинд  татагдах бүхий л дурлан татагдал намайг аажмаар орхиж байна.”

            Матхура-мандала-г Шрила Рупа Госвами дахин ийн тодорхойлон өгүүлж байна: “Йамунагийн эрэг дээр, тоо томшгүй олон шувууд жиргэх цэцэрлэгт хүрээлэнд, кадамба моддын сүүдэрт зогсох Бурхан ямар сайхан харагддагийг би санаж байна. Энэ дүр зураг ой санамжинд минь  хөвөн гарч ирэхэд гоо үзэсгэлэн болон цэнгэл жаргалын трансцендент мөн чанар надад нээгддэг.” Матхура болон Вриндавана нь Рупа Госвамигийн тодорхойлон өгүүлж байгаа тийм мэдрэмжийг тэр бүү хэл чин бишрэлтэн бусчуудад хүртэл сэрээж, төрүүлдэг. Матхурагийн дүүргийн 84 квадрат миль нутаг дээрх, Йамуна голын эрэгт орших эдгээр газрууд нь тийшээ очсон хэн бүхэн материаллаг ертөнцөд буцахыг хэзээ ч үл хүсэхээр тийм сайхан. Матхура болон Вриндаванагийн эдгээр тодорхойлолтуудыг тэдгээр газар орнуудын жинхэнэ мөн чанарыг таньж мэдсэн хүн хэлж өгүүлж байна. Энэ бүх шинж чанарууд нь Матхура болон Вриндаванаг трансцендент гэдгийг баталж байна. Тийм бус байсан бол тэд бидний трансцендент сэтгэл хөдлөлийг төрүүлж яаж чадна гэж? Ийм трансцендент мэдрэмж Матхура болон Вриндаванад ирж байгаа ямар ч хүнд төрдөг.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хамааралтай ийн өгүүлсэн баталгаа нотолгоонуудад хүнд үзүүлэх үйлчлэл нөлөөллийг нь хэтрүүлсэн, дэгсдүүлсэн юм шиг заримдаа санагдаж байж болох, гэхдээ үнэндээ бол тэдгээрт ямар ч дэгсдүүлэл, хэтрүүлэл байхгүй. Зарим чин бишрэлтэнгүүд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийнхээ  үр дүнг өөр дээрээ тэр даруйдаа мэдэрсэн гэдэг тухай гэрчилгээ нотолгоо ариун гэгээн бичээсүүдэд байдаг. Гэхдээ хэн бүр тэр болгон ингэх чадваргүй. Жишээ нь, Кумарууд сүмд хүжийн үнэрийг үнэрлээд л чин бишрэлтэнгүүд болцгоосон билээ. Билвамангала Тхакур  Кришнагийн тухай зүгээр сонссон нь түүнийг тэр даруйдаа амраг бүсгүйгээ орхин Матхура болон Вриндавана явж, тэнд төгс төгөлдөр вайшнава болоход бүрнээ хангалттай байсан. Иймд, энэ бүх баталгаа нотолгоонууд бол хэтрүүлсэн, санаанаасаа зохиосон зүйлс биш. Тэд бол үнэнийг тольдон харуулдаг, гэхдээ энэ нь  зөвхөн тодорхой чин бишрэлтэнгүүдийн хувьд л үнэн зөв бөгөөд заавал бүгдээрээ тийм байх албагүй. Гэхдээ хэтрүүлэг гэж үзэж байсан ч тэр анхаарлаа материаллаг гоо сайхнаас салган холдуулж Кришнагийн ухамсрын мөнхийн гоо сайхан дээр төвлөрүүлэхийн тулд тэдгээрийг байгаа тэр байдлаар нь хүлээн авах хэрэгтэй. Кришнагийн ухамсартай ямар боловч холбогдчихсон байгаа хүний хувьд тодорхойлон өгүүлсэн үр дүнгүүд бүрнээ бодитой зүйлс.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүхий л үр дүнд аажмаар хүрэхэд варнашрама системийн зарчмуудыг дагах нь ганцаараа хангалттай хэмээн зарим мэргэд батлан өгүүлэх гэдэг. Гэвч аугаа эх сурвалжууд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Бурхан Чаитанйа Рамананда Райа-тай ярилцаж байхдаа чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн аажмаар үе шаттайгаар хөгждөг хөгжлийн талаарх ойлголтыг мөн хэлэлцсэн. Тэрээр варна болон ашрама-гийн хүрээнд хүрдэг хөгжил дэвшил бол өнгөцхөн хэмээн айлдсанаараа Рамананда Райа-гийн дэвшүүлсэн варнашрама дхарма-гийн чухлын талаарх үзэл санааг хэрэгсэн хүлээж аваагүй. Дээд зарчим оршин байдаг. Өөрийгөө төгөлдөржүүлэхийн бусад бүх арга замуудыг хаяж орхиод Кришнагийн ухамсрын  аргыг зүгээр л хүлээн авах ёстой гэж Бурхан Бхагавад Гита-д мөн айлддаг. Энэ нь амьдралын дээдийн дээд төгс төгөлдөрт хүрэх боломжийг  өгдөг.

            Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (11.9)-д Бурхан Өөрөө ийн айлддаг: “Хүн өөрийн варна болон  ашрама-гийн оноогдсон үүргүүдийг Миний өрнүүлсэн цэнгээн наадмууд  болон үйлүүдийн талаар сонсох гэсэн цаанаасаа аяндаа төрөн гарах дурлан татагдлыг өөртөө хөгжүүлээгүй  байгаа зөвхөн тэр үедээ л биелүүлж байх ёстой.” Өөрөөр хэлбэл, варна болон ашрама-гийн  дүрэм журам, үүргүүд нь  эдийн засгаа цэцэглүүлэн хөгжүүлэх, мэдрэхүйн таашаал ханамж эдлэх болон ангижралд хүрэх гэсэн зорилго бүхий  шашны зан үйлүүд л юм. Кришнагийн ухамсрыг өөртөө хараахан хөгжүүлээгүй байгаа хүнд зориулан энэ бүхнийг зөвлөмж болгодог. Үнэн хэрэгтээ, энэ бүх үйл ажиллагааг болзолдож нөхцөлдсөн сүнсийг аажмаар Кришнагийн ухамсарт дээшлүүлэн хүргэхийн тулд л зөвлөмж болгон ариун гэгээн бичээсүүдэд өгүүлсэн байдаг. Харин Кришнад татагдах цаанаасаа өөрөө аяндаа ундран гарах дурлан татагдлыг өөртөө хэдийнээ хөгжүүлчихсэн байгаа хүн шаструудад заасан үүргүүдийг заавал биелүүлэх албагүй.

АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Чин бишрэлтэнгийн шинж чанарууд

 

            Мэдлэг болон огоорохуй нь хүнийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд дээшлүүлэн хүргэх чадвартай чухал хүчин зүйлүүд гэж зарим мэргэд үздэг. Гэхдээ, үнэн хэрэгтээ бол тийм биш. Кришнагийн ухамсарт батжин бэхжихэд тусалж байгаа мэдлэгээ гүнзгийрүүлэх явдал болон огоорохуй хоёр нь эхэндээ ач тустай  байж болох, гэхдээ  чин бишрэлийн үйлчлэл нь түүнийг хийж үйлдэх хүслээс өөр юунаас ч хамаардаггүй учраас эцсийн дүндээ бол тэдэнгүйгээр болж бүтдэг. Чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэхэд үнэн голоосоо байх буюу чин сэтгэлээс өөр юу ч хэрэггүй.

            Мэдлэг ихтэй чин бишрэлтэнгүүдийн бодлоор бол, ухаан бодлын цэцэрхийлэл болон йогын  дадлагажилтын зүйд нийцэхгүй, байгалийн ёсноос гажууд зохиомол  тэвчил хатамжлал нь материаллаг бузраасаа ангижрахад нь хүнд тусалдаг байж болох, гэхдээ үүнийхээ зэрэгцээгээр тэд түүний зүрхийг улам л их хатуу ширүүн болгодог. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд дэвжин дээшлэхэд тэд өчүүхэн төдий ч тус нэмэр болохгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр аргууд нь Бурханд трансцендент хайртайгаар үйлчлэн зүтгэхэд хүрэхэд тус болдоггүй. Үнэндээ бол Кришнагийн ухамсар —чин бишрэлийн үйлчлэл зүтгэл— нь өөрөө чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ хөгжил дэвшил гаргах цорын ганц зам. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл бол үнэмлэхүй: тэр бол нэгэн зэрэг учир шалтгаан хийгээд үр дагавар. Бурханы Дээд Бодьгал бол оршин байгаа бүгдийн учир шалтгаан хийгээд үр дагавар бөгөөд Түүнд буюу Үнэмлэхүйд ойртохын тулд мөн л үнэмлэхүй байдаг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрөөр орон замнах хэрэгтэй.

            Үүнийг Бурхан Өөрөө Бхагавад Гита-д батлан айлддаг: “Намайг зөвхөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн тусламжтайгаар ойлгож болдог.” Бурхан Бхагавад Гита-г номлож эхлэхийн өмнө Арджунад ийн айлддаг: “Чи Миний чин бишрэлтэн учраас Би чамд эдгээр нууцуудыг нээн хүртээе.” Ведийн мэдлэг хүртэх нь эцэстээ Бүхний Дээд Бурханыг ойлгож ухаарахад хүргэдэг, харин Түүний залардаг оронд хүргэдэг зам бол чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам. Үүнийг бүхий л ариун гэгээн бичээсүүд хүлээн зөвшөөрдөг. Эмпирик философичид буюу ухаан бодлын түвшний цэцэрхийлэгчид нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн аргыг үл тоон эс хайхардаг ба бусад бүгдийг философийн мэдлэгээрээ даван гарахыг л оролддог болохоор чин бишрэлийн экстазыг амталж эдлэх боломжуудаа алддаг.

            Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (12.31)-д Кришна ийн айлддаг: “Хайрт Уддхава минь ээ, Надад нухацтайгаар үйлчлэн зүтгэдэг хүнд ухаан бодлын цэцэрхийлэл ч тэр, зохиомол огоорохуй ч тэр  ач тус хүргэдэггүй. Миний чин бишрэлтэн болсон цагтаа  тэрээр материаллаг таашаал ханамжаас огоорохуйн болон Үнэмлэхүй Үнэнийг ойлгоход  чухал хэрэгтэй байдаг мэдлэгийн бүхий л үр дүнг ямар ч нэмэлт хүчин чармайлт гаргалгүйгээр хүртдэг.” Энэ бол  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ  хөгжил дэвшил хир зэрэг гаргаж байгааг буюу ямар түвшинд хүрснийг үнэлж болох шалгуур. Бурхан чин бишрэлтэндээ онцгой өршөөл нигүүлслээ соёрхон хүртээдэг хийгээд түүнийг дотроос нь гэгээрүүлдэг учраас тэрээр харанхуйд  үлдсэн хэвээр  байдаггүй.

            Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (12.32-33)-д Бурхан Уддхавад сургаалаа үргэлжлүүлэн ийн айлддаг: “Хайрт найз минь ээ, кармын үйл, тэвчил хатамжлал, философийн мэдлэгээ хөгжүүлэх үйл, ид шидийн йогын дадлагажилт, өглөг тэтгэмжийн үйл болон эдгээртэй төстэй буянт үйл ажиллагааны авчирдаг бүхий л ач тус бол хайрын үйлчлэл зүтгэлийн уяагаар Надтай холбогдсон Миний чин бишрэлтэнд өөрсдөө хүрч ирдэг. Эдгээр чин бишрэлтэнгүүд юу л хүсэж байна тэр бүгдтэйгээ болж болно, гэвч тэд Надад  чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхээс өөр юуг ч хүсдэггүй. Хэрвээ Миний чин бишрэлтэн ямар ч материаллаг ач тусыг, жишээлбэл диваажингийн гаригууд дээр дээшлэн очих, эсвэл ямар нэгэн бурханлаг ач тусыг, жишээлбэл Ваикунтха дээр очихыг хүсэж байна гэж үзэхэд Миний учир шалтгаангүй өршөөл нигүүлслээр түүний хүсэл нь ямар ч төвөггүйгээр биелэгдэх болно.”

            Кришнагийн ухамсрыг өөртөө хөгжүүлж байгаа ч гэсэн үүнийхээ зэрэгцээ материаллаг таашаал ханамж эдлэхэд зарим талаар дурлан татагдсан хэвээр байгаа хүн жинхэнэ бурханлаг номын багшийн удирдлага дор чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх явцдаа тэрхүү татагдлаасаа маш хурднаар салан ангижирдаг.

            Шри Рупа Госвами цааш нь, материаллаг мэдрэхүйн таашаал ханамж эдлэхэд дурлан татагдахгүй  байхыг, гэхдээ үүний зэрэгцээ Кришнатай  холбоотой бүхнээр цэнгэн жаргахыг зөвлөж байна. Жишээ нь бид хоол идэхээс бүрмөсөн татгалзаж болохгүй бөгөөд хүн хоол идэх хэрэгцээгээ хангахын тулд амтат хоол идэхийг хүслээ гэж бодьё. Энэ тохиолдолд, хэлнийхээ таашаал ханамжийг хангахын төлөө биш, харин Кришнаг цэнгүүлэх гэж амтат зоог бэлтгэж, түүнийгээ Кришнад өргөж болно. Энэ бол жинхэнэ огоорохуй байх болно. Амтат идээ зоогийг бэлтгэж хийж болно, гэхдээ Кришнад өргөх хүртлээ  түүнд ам хүрэх ёсгүй. Кришнад өргөөгүй бүхнээс татгалзах явдал бол жинхэнэ огоорол. Мөн үүний зэрэгцээ ийм огоорол нь мэдрэхүйнхээ хэрэгцээг хангах боломжийг хүнд өгдөг.

            Материаллаг бүхнээс зайлсхийхийг оролдож байгаа имперсоналистууд заримдаа хүнд хэцүү тэвчил хатамжлалыг хийж үйлддэг боловч энэ үедээ Бурханд үйлчлэн зүтгэх боломж завшааныг алддаг. Иймээс тэдний огоорохуй бол төгс төгөлдөрт хүрэхэд хангалттай биш. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлтэй ямар ч холбоогүй иймэрхүү зохиомол огоорохуйг дадуулан байгаа имперсоналистууд уналт доройтолд орон материаллаг бузарт дахин дурлан татагдсан жишээнүүд олон байдаг. Өнөө үед ч гэсэн ертөнцөөс хэлбэр төдий огоорсон болон бурханлаг ахуйн үнэн хийгээд материаллаг ахуйн  хуурмагийг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг хүмүүс олон байдаг. Тэд материаллаг ертөнцөөс огоорсон нүд хуурсан үзүүлбэр төдий огоорлоо ийм байдлаар харуулдаг. Гэвч чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд дээшлэн хүрэх чадалгүй болохоор тэд зорилгодоо  хүрч чадахгүй бөгөөд материаллаг үйл ажиллагаанд дахин буцан орж энэрэнгүйн өглөг тусламжийн үйлс, улс төр гэх мэт болон өөр бусад  үйлд зүтгэхэд өөрийгөө зориулдаг. Материаллаг ертөнц бол  хий хуурмаг   хэмээн  зарлаад  түүнийг үл хэрэгссэн байдал гарган байсан ч  Бурханы бадамлянхуа өлмийн дэргэд жинхэнэ амар амгаланг олохыг эрмэлзээгүй учраас түүн рүү дахин буцаж орсон саннйаси гэгдэгчдийн олон  жишээ байдаг.

            Бурханд үйлчлэн зүтгэхэд ашиглаж болох зүйлийг бид  үл хэрэгсэх ёсгүй. Үүнд л чин бишрэлийн үйлчлэн зүтгэлийн нууц нь байдаг. Кришнагийн ухамсарт хэрэглэж ашиглаж болох хийгээд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ төгөлдөржихөд тус нэмэр  болох, биднийг чадваржуулах бүхнийг хэрэглэх хэрэгтэй. Кришнагийн ухамсрын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх үйл явцдаа  бид жишээ нь диктофон, бичгийн машин, магнитфон, микрофон болон нисэх онгоц гээд янз бүрийн  техник хэрэгслүүдийг ашигладаг, хэрэглэдэг. Заримдаа биднээс: “Материаллаг соёл иргэншлийн хөгжил дэвшлийг буруушаан зэмлэж байх аваас та нар өөрсдөө материаллаг зүйлийг яагаад хэрэглээд байдаг юм бэ?” гэж асуудаг. Үнэндээ бол бид буруушаадаггүй. Бид зөвхөн л, хүмүүсийг хийж байгаа бүхнээ  Кришнагийн ухамсарт хийгээ ч гэж л гуйдаг. Энэ бол, Бхагавад Гита-д Кришна Арджунад хандан дайчин баатар эрийн байлдах чадвараа  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хэрэглэхийг зөвлөдөг тэр зарчимтай адил зарчим юм. Кришнад үйлчлэн зүтгэхдээ  техник хэрэгслүүдийг ашиглахдаа бид энэ л  зарчмыг удирдлага болгодог. Ийм хандлагатайгаар бид Кришнад зориулан, өөрөөр хэлбэл Кришнагийн ухамсарт аливаа бүхнийг ашиглаж болно. Бичгийн машиныг Кришнагийн ухамсрыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж болох аваас түүнийг хэрэглэж, ашиглах нь бидний үүрэг. Үүн лугаа бид диктофон болон өөр ямар ч зүйлийг ашиглаж  болно. Кришна бол бүх зүйл гэдгийг бид үндэс болгодог. Тэр бол учир шалтгаан болон үр дагавар. Энэ ертөнцөд бидэнд юу ч  хамаарагддаггүй. Бүх зүйлс Кришнагийнх бөгөөд бүгдийг Түүнд үйлчлэн зүтгэхэд  ашиглах ёстой. Бид юмсыг ингэж л хардаг.

Гэхдээ энэ нь бид чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудыг зөрчих эсвэл  заасан дүрэм журам болон хорио цээрүүдийг үл хайхарч эс тоомсорлож  болно гэсэн үг биш. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эхлэлийн үе шатандаа бид бурханлаг номын багшийн зүгээс бидэнд зориулан тогтоож өгсөн бүхий л зарчмуудыг нарийн чанд даган мөрдөх нь зайлшгүй чухал. Ямар нэгэн зүйлийг хүлээн авах эсвэл  үл хэрэгсэн хүлээж авахгүй байхыг зөвхөн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмууд дээр үндэслэх хэрэгтэй. Юуг хүлээж авах, юуг эс хүлээж авахаа өөрөө санаачлан бодож олдог байж болохгүй. Эндээс, Бурханы Дээд Бодьгалын нэрийн өмнөөс  чин бишрэлтэнгүүдийг удирдан залдаг, Кришнагийн гадаад буюу ил харагддаг илрэл тодрол болох бурханлаг номын багш чухал хэрэгтэй  гэдэг нь харагдаж байна.

            Бурханлаг номын багш эд баялаг, мөнгө хөрөнгө хурааж хуримтлуулах эсвэл даган баримтлагчдынхаа тоог  олшруулахад сонирхол татагдах ёсгүй. Жинхэнэ бурханлаг номын багш бол ийм зүйл огт хийдэггүй. Гэвч хүн зохих үндэс суурь, шинж чанаргүй  байж өөрийгөө бурханлаг номын багш хэмээн зарлах тийм явдал байдаг. Тийм “бурханлаг номын багш” хялбар аргаар амьдрах эсвэл шавь нарынхаа тоог олшруулах эрмэлзлийг агуулж байж болох. Энэ нь түүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь маш өндөр түвшинд биш байна гэдгийн гэрчилгээ нотолгоо юм. Иймэрхүү ололтонд  дурлах, татагдах хүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл зогсонги байдалд ордог. Иймээс багш шавийн барилдлагааны зарчмуудыг нарийн чанд баримтлах нь маш чухал

            Кришнаг ухамсарлаж байгаа хүн жам ёсоороо ариусдаг учраас бодол санаа болон үйлээ ариусгахаар өөр ямар ч аргад хандах хэрэг түүнд байхгүй. Түүний хүрсэн байгаа Кришнагийн ухамсрын өндөр түвшин нь өөрөө тэрээр  бүхий л сайн шинж чанаруудыг өөртөө хэдийнээ хөгжүүлсэн хийгээд  ид шидийн йогын үйл явцад зааж зөвлөдөг бүх дүрэм журам болон хорио цээрүүдийг баримталдаг гэдгийн баталгаа болдог. Чин бишрэлтэнгүүд эдгээр дүрэм журмуудыг аяндаа л өөрсдөө баримталдаг гэдэг нь мэдээжийн хэрэг юм. Үүний тодорхой жишээ бол амьд оршнолуудад хор хөнөөл үл учруулахуйн зарчмыг баримталдаг явдал бөгөөд энэ нь сайн шинж чанаруудын  буюу сайн үйлүүдийн нэгэнд тооцогддог. Чин бишрэлтэнгүүд мөн чанарын хувьд  угаасаа л хүч үл хэрэглэмтгий байдаг, иймээс энэ зарчмыг баримтлах гэж илүү нэмэлт хүчин чармайлт гаргах ямар ч хэрэг түүнд байдаггүй. Ариусах гэж зарим нь цагаан хоолтон болдог, харин чин бишрэлтэн бол угийн л цагаан хоолтон. Үүнийг өөртөө  тусгайлан дадуулах эсвэл цагаан хоолтнуудын ямар нэгэн нийгэмлэгт нэгдэх гэхийн шаардлага  түүнд байхгүй.

            Энэ болон өөр олон жишээнүүд чин бишрэлтэнд Кришнагийн ухамсраас  өөр юуг ч дадуулах гэхийн хэрэг байдаггүй гэдгийг харуулдаг. Сахиулсан тэнгэрүүдийн бүхий л эерэг сайн шинж чанарууд өөрсдөө  түүнд хөгждөг. Цагаан хоолны зарчмуудыг ухамсартайгаар баримталдаг эсвэл амьтдад хор хөнөөл үл учруулдаг хүмүүс материаллаг байр сууринаас харахад сайн шинж чанаруудыг агуулдаг байж болох юм, гэхдээ энэ нь тэд чин бишрэлтэн болоход хангалттай бус. Цагаан хоолтон эсвэл амьтдад хор хөнөөл үл учруулдаг хүн заавал чин бишрэлтэн байдаггүй. Харин чин бишрэлтэн цагаан хоолны болон хүч үл хэрэглэхүйн зарчмуудыг баримталдаг гэдэг нь мэдээж хэрэг ойлгомжтой зүйл. Үүнээс үзэхэд, цагаан хоол ч тэр, амьтдад хор хөнөөл үл учруулахуй ч тэр дангаараа чин бишрэлд хүргэдэггүй.

            Үүнтэй холбогдуулан, Нарада Мунигаас сургаал хүртээд аугаа чин бишрэлтэн болсон нэгэн анчны талаар Сканда-пурана-д өгүүлдэг. Төгс төгөлдөр чин бишрэлтэн болсноороо тэрээр тэр бүү хэл шоргоолж хүртэл хөнөөхөө больсон. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн нөлөөгөөр анчинд гарч байгаа гайхамшигтай өөрчлөл хувиралтыг хараад Нарадагийн найз Парвата Муни ийн тэмдэглэн хэлдэг: “Ай эрхэм анчин минь ээ,  шоргоолжийг хүртэл хөнөөхийг үл хүсэж байгаад чинь гайхаж хачирхаад байх зүйл огт байхгүй. Өөртөө бхакти-г хөгжүүлэн байгаа хүнд  бүхий л сайн шинж чанарууд аяндаа өөрсдөө хөгждөг. Чин бишрэлтэн хэзээ ч хэнд ч зовлон бэрхшээлийг учруулдаггүй.”

            Чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэдэг хүний ухамсар  болон бие махбодийн үйл ажиллагаа нь  түүний зүгээс ямар ч нэмэлт хүчин чармайлт гаргуулалгүйгээр аяндаа өөрсдөө ариусдаг, тэрээр тэвчил хатамжлалтай, дотоод амар амгалантай гэх мэт… болдог гэдгийг Шри Рупа Госвами энд батлан өгүүлж байна.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн сонсох, давтан хэлэх, санаж дурсах, үйлчлэн зүтгэх, сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, залбирлаа өргөх, тушаалыг нь биелүүлэх, Кришнад Түүний найз байдлаар үйлчлэн зүтгэх болон бүхнээ Түүнд өргөл болгон өргөх гэсэн есөн хэлбэр байдаг гэж Шри Рупа Госвами хэлж байна. Эдгээр үйлүүдийн нэг бүр нь, тэдгээрийн зөвхөн  нэгийг нь ч гэсэн хийж үйлдэж байгаа хүн хүсэж байгаа төгс төгөлдөр байдалдаа баталгаатай хүрдэг тийм хүчийг агуулдаг. Жишээ нь, хэн нэгэн нь Бурханы тухай сонсоход, харин өөр нэгэн нь Түүний нэрийг давтан уншихад дурлан татагдаж байвал тэр хоёр хоёулаа л чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх хүсэж байгаа зорилгодоо хүрнэ. Үүнийг Чаитанйа-чаритамрита-д тайлбарладаг. Эцэстээ хүсэж байгаа зорилгодоо хүрэх буюу чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ батжин бэхжихийн тулд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн нэг, хоёр, гурван төрлөөр эсвэл шууд бүгдээр нь үйлчлэн зүтгэж болно.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн ямар нэгэн төрлөөр үйлчлэн зүтгэснээр төгс төгөлдөрт хүрсэн тодорхой жишээнүүд  байдаг. Парикшит хаан Шримад Бхагаватамыг сонссоноороо хүссэн зорилгодоо хүрсэн. Шукадева Госвами Шримад Бхагаватамыг зүгээр л дуулаад амьдралынхаа зорилгод хүрсэн. Бурханы тухай байнгад санаж бодсоноороо Прахлада Махараджа чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ амжилтыг олсон. Цэцэглэн мандахын охин тэнгэр Лакшми Бурханы бадамлянхуа өлмийд байнгад иллэг хийснээрээ зорилгодоо хүрсэн. Притху хаан сүмд залсан Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлснээрээ, харин Акрура Бурханд залбирал өргөснөөрөө амжилтанд хүрсэн. Рамачандра Бурханд үйлчлэн зүтгэснээрээ Хануман амжилтанд хүрсэн. Арджуна Кришнагийн найз байсан учраас  түүнд амжилт ирсэн. Мөн эцэст нь Бали Махараджа өөрт байсан бүхнээ  Кришнад өргөснөөрөө амжилтанд хүрсэн.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүх төрлөөр шууд үйлчлэн зүтгэж байсан чин бишрэлтэнгүүдийн жишээ ч гэсэн мөн байдаг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүх төрлөөр зүтгэж байсан Амбариша Махараджагийн талаар Шримад Бхагаватамын есдүгээр дууллын (4.18-20)-д өгүүлдэг. Эдгээр шүлгүүдэд Шукадева Госвами түүний талаар ийн өгүүлдэг: “Юуны өмнө Амбариша хаан ухаанаа Бурхан Кришнагийн бадамлянхуа өлмийд төвлөрүүлсэн, харин дараа нь үг яриагаа Бурханы өрнүүлсэн цэнгээн наадмууд болон үйлүүдийг тодорхойлон өгүүлэхэд, гараа  Бурханы сүмийг угаахад, чихээ Бурханы трансцендент үйлүүдийн талаархи яриа хүүрнэлүүдийг сонсоход, нүдээ сүмд залсан Шүтээний үзэсгэлэнтэй сайхан дүрийг харж ажиглахад, биеэ Бурханы чин бишрэлтэнгүүдтэй харьцахад зориулан зүтгүүлсэн. (Харьцах гэж хүмүүс хамтдаа сууцгаах, хамтдаа хоол унд  идэж ууцгаах гэх мэт…— энэ үед тэдний  бие махбодиуд өөр хоорондоо хүрч шүргэхийг хэлдэг. Махараджа Амбариша зөвхөн цэвэр ариун чин бишрэлтэнгүүдтэй л харьцаж байсан ба өөрийн бие махбодиороо өөр хэн нэгний бие махбодид хүрч шүргэхийг зөвшөөрдөггүй байсан.) Тэрээр хамраараа Кришнад өргөсөн туласи болон цэцэгсийн анхилуун сайхан үнэрийг үнэртэж, харин хэлээрээ кришна-прасада-г  амтлан байсан. (Кришнад өргөхөөр тусгайлан бэлтгэсэн идээ зоогийн үлдсэнийг нь чин бишрэлтэнгүүд хүртдэг.) Махараджа Амбариша бол ядуу хүн биш, харин хаан хүн байсан учраас Кришнад тансаг зоог өргөдөг байв. Тэрээр Кришнад хамгийн амттай идээ зоогийг өргөөд, илүү гарч үлдсэнийг нь кришна-прасада байдлаар амтархан хүртдэг байсан. Хаан хүн мөн болохын хувьд түүнд дутагдаж гачигдах зүйл гэж байхгүй байсан бөгөөд иймээс гоё сайхан сүмтэй байв. Түүн дотроо Бурханы мурти-г залаад Түүнд тансаг гоё хувцас өмсгөл, гоёл чимэглэл өмсгөж зүүлгэж, хамгийн амттай сайхан зоогийг өргөдөг байсан. Түүнд шаардлагатай бүх зүйл байсан бөгөөд тэрээр юу ч хийж байсан үргэлж зөвхөн Кришнагийн ухамсарт хийж үйлддэг байв.” Бид аугаа чин бишрэлтэнгүүдийн зам мөрийг дагах ёстой гэдэг нь ийн харагдаж байна. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүх төрлөөр зүтгэх чадваргүй байх аваас тэдгээрийн ядаж аль нэгнээр нь өмнөх үеийн ачарйа нарын үлгэр жишээг даган  үйлчлэн зүтгэхийг чармайх ёстой. Хэрвээ бид Махараджа Амбариша шигээр чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүх төрлөөр үйлчлэн зүтгэх аваас тэдгээрийн нэг бүр нь  биднийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн төгс төгөлдөрт баталгаатай хүргэх болно. Аль нэгэн үйлчлэл зүтгэлд  өөрийгөө бүрнээ зориулснаар хүн бүхий л материаллаг бузраасаа ариусдаг, харин ангижрал ийм чин бишрэлтэнгийн зарц эмэгтэй буюу шивэгчин болдог. Энэ санааг Билвамангала Тхакур баталгаажуулдаг.  Бурханыг чин бишрэх юугаар ч харлаагүй цэвэр ариун чин бишрэлийг хөгжүүлсэн хүний араас ангижрал мөрийг нь даган шивэгчин шиг явах болно.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг заримдаа эх сурвалжуудын зүгээс “Бурханд Түүний үзэсгэлэнтэй хийгээд тансаг гоё сайхан төлөвт нь үйлчлэн зүтгэх зам мөр” хэмээн нэрлэдэг гэж  Шрила Рупа Госвами хэлж байна.

АРВАНТАВДУГААР БҮЛЭГ

Цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах чин бишрэлийн үйлчлэл зүтгэл

 

            Цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарч байгаа чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн жишээ Кришнагийн Вриндавана дахь ойр дотнын хүрээлэл дотроос амархан олдоно. Вриндаванагийн оршин суугчдын Кришнаг хайрлах цаанаасаа өөрөө аяндаа ундран гарах хайрын илрэл тодролыг рагануга гэж нэрлэдэг. Вриндаванагийн оршин суугчдад чин бишрэлийн үйчлэл зүтгэлийг зааж сургахын хэрэг байхгүй. Тэд зохицуулах зарчмуудыг даган баримтлахын төгс төгөлдөрт болон Бурханы Дээд Бодьгалд цаанаасаа өөрөө аяндаа  ундран гарах хайраар үйлчлэн зүтгэх түвшинд хэдийнээ хүрчихсэн. Жишээ нь, Кришнатай тоглож наадаж байгаа малчин хөвгүүд Түүнтэй ийн тоглож наадахын тулд  тэвчил хатамжлал болон наманчлал үйлдэх эсвэл йогын дасгалуудад суралцахын хэрэг байхгүй. Зохицуулалт бүхий үйлчлэл зүтгэлийн бүхий л сорилт шалгалтуудыг тэд урьд өмнөх амьдралууддаа хэдийнээ даван гарчихсан бөгөөд үүнийхээ үрээр Кришнатай, Түүний ойр дотнын найз нар байдлаар шууд харьцах боломжийг хүртсэн. Тэдний цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах үйлчлэл зүтгэлийг рагануга-бхакти гэж нэрлэдэг.

            Шрила Рупа Госвами рагануга-бхакти-г ямар нэгэн зүйлд татагдах аяндаа өөрөө үүсэн гардаг дурлан татагдал лугаа гэж тодорхойлсон билээ. Гэхдээ энэ үед хүний бүх бодол санаа нь тэрхүү  дурлан татагдаж буй обьектодоо бүрэн төвлөрөн автсан байх ба тэрээр түүнийгээ зогсоо жолоогүй хайрлах хайрын цөхрөлтгүй хүсэлтэй байдаг. Цаанаасаа аяндаа өөрөө ундран гарах ийм хайраар хийгддэг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг рагануга-бхакти гэж гэж нэрлэдэг. Раганугын хүрээнд хамаарагддаг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг сэтгэлийн дотносол болон хоорондын харилцаа гэсэн хоёр ангилалд хувааж болдог.

            Үүнийг Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (1.30)-д тодорхой тайлбарладаг. Тэнд Нарада Муни Йудхиштхара-д хандан ийн өгүүлдэг: “Ай хаан минь ээ, олон чин бишрэлтэнгүүд Бурханы Дээд Бодьгалд, эхлээд мэдрэхүйн таашаал ханамж эдлэхийг хүсдэг, Түүнд атаархдаг, Түүнээс айдаг эсвэл Түүнтэй ойр дотноор харьцахыг  эрмэлздэгээсээ болоод татагддаг. Гэхдээ эцэстээ Түүнтэй холбогдсон тэдний  харьцаанууд материаллаг бузраасаа ариусдаг бөгөөд Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн байгаа хүн өөртөө бурханлаг хайрыг аажмаар хөгжүүлдэг хийгээд цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн эрмэлзэн тэмүүлдэг амьдралын дээдийн дээд зорилгод хүрдэг.”

            Кришнад татагдах гопи нарын дурлан татагдлыг сэтгэлийн дотносол буюу мэдрэхүйн дур, хүслээр дуудагдан төрсөн аяндаа өөрөө ундран гардаг хайрын ангилалд хамааруулж болно. Гопи нар бол залуухан  бүсгүйчүүд болон охид, харин Кришна бол хөвгүүн. Эхлээд харахад, гопи нар Кришнад тачаангуйн дур хүслээр татагдаж байна гэж санагдаж байж болох. Өөр нэг жишээ— Камса хаан Кришнагаас айснаасаа болоод Түүнийг тухай боддог буюу Түүнд татагддаг. Камса хааныг охин дүүгийнхээ хүү Кришнагийн гарт хөнөөгдөнө хэмээн урьдаас зөгнөн хэлсэн учраас тэрээр Түүнээс үргэлж айж байсан. Мөн Шишупала цаг үргэлжид Кришнад атаархдаг байлаа. Харин Кришнатай ураг төрлийн холбоотой Йаду удмынхан Түүнийг өөрийн гэр бүлийн нэгэн гишүүнээ гэж үзэж байв. Энэ бүх тохиолдлуудад Кришнад татагдах чин бишрэлтэнгүүдийн цаанаасаа аяндаа өөрөө төрөн гарч байгаа дурлан татагдал нь янз бүрийн ангилалд хамаарагдаж байгаа боловч тэд бүгдээрээ амьдралын  хүссэн нэг ижил зорилгодоо хүрсэн.

            Кришнад татагдах гопи нарын дурлан татагдал болон Түүнд татагдах Йаду удмынхны дурлан татагдал нь рагануга буюу цаанаасаа аяндаа өөрөө төрөн гарах дурлан татагдлын ангилалд хамаарагддаг. Харин Кришнад татагдах Камсагийн (айснаасаа болоод) болон Шишупалагийн (атаарахснаасаа болоод) татагдан байгаа байдал нь сөрөг хандлагатай байгаа учраас тэдний татагдлыг чин бишрэлийн үйлчлэл зүтгэж гэж үзэж болохгүй. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж үйлчлэл зүтгэлийн обьектдоо зөвхөн эерэг хандлагатайгаар үйлчлэн зүтгэхийг хэлдэг. Иймээс Шрила Рупа Госвамигийн батлан өгүүлж байгаачлан, тэдний татагдаж байгаа байдлыг чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж нэрлэж болохгүй. Тэрээр цааш  Кришнад хандах Йадугийнхны хандлага  харьцааг задлан шинжилж байна: “Харьцаа найрамдал нөхөрлөл дээр үндэслэгдэж байгаа тийм тохиолдолд  түүнийг цаанаасаа аяндаа өөрөө төрөн гардаг хайрд хамааруулж болно, харин зохицуулах зарчмууд дээр тулгуурласан байх аваас  түүнийг тийн хамааруулж болохгүй.” Харьцаа цаанаасаа  аяндаа өөрөө төрөн гарч байгаа хайрын зарчмууд дээр бий болж байгаа зөвхөн тийм  тохиолдолд түүнийг цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн ангилалд хамааруулж болно.

            Гопи нар болон Камса нэгэн ижил зорилгод хүрсэн гэж батлан өгүүлж байгаад ямар учир утга агуулагдаж байгааг бүрэн ойлгохгүй байж болно. Иймээс үүнийг тайлбарлан тодорхой болгох ёстой. Кришнад хандах Камса болон Шишупала нарын хандлага харьцаа нь Түүнд хандах гопи нарын хандлага харьцаанаас ялгаатай. Аль аль тохиолдолд нь төвлөрлийн буюу  туйлын цэг нь Бурханы Дээд Бодьгал болж байгаа бөгөөд энэ бүх чин бишрэлтэнгүүд бүгдээрээ  бурханлаг ертөнцөд дээшлэн хүрсэн, хэдий тийм боловч энэ хоёр ангиллын сүнснүүдийн хооронд ялгаа байдаг. Үнэмлэхүй Үнэн бол ганц, гэхдээ Тэр Өөрийгөө бодьгал бус Брахман, Параматма (Дээд Сүнс) болон Бхагаван (Бурханы Дээд Бодьгал) байдлаар илрүүлж тодруулдаг гэж Шримад Бхагаватамын нэгдүгээр дуулалд өгүүлдэг. Бурханлаг ялгаатай байдлууд буюу олон янз байдлын эх булаг энд эхэлдэг. Брахман, Параматма болон Бхагаван нь нэгэн утгатай буюу тэр л Үнэмлэхүй Үнэн хэдий ч Камса болон Шишупала шиг тийм чин бишрэлтэнгүүд зөвхөн Брахманы туяанд л хүрдэг. Параматма эсвэл Бхагаваныг  тэд ухаарах чадваргүй. Гопи нар болон тэдний хоорондхи ялгаа үүнд оршдог.

            Нар болон нарны гэрлийг зүйрлэл болгон авч болно: Нарны гэрэл буюу цацраг туяан дотор оршин байна гэдэг нь наран дээр байна гэсэн үг биш. Нарны температур нь нарны гэрлийн температураас ялгаатай. Нарны туяан дундуур тийрэлтэт онгоц эсвэл сансрын хөлгөөр хөндлөн туулна гэдэг бол наран дээр байна гэсэн үг биш. Нарны гэрэл болон нар хоёр нь үнэн хэрэгтээ нэг ижил, хэдий тийм боловч тэд ялгаатай. Нар бол эрчмийн эх булаг, харин нарны гэрэл бол эрчим. Яг үүн лугаа, Үнэмлэхүй Үнэн болон Үнэмлэхүй Үнэний биеийн туяа нь нэгэн зэрэг ижил хийгээд өөр хоорондоо ялгаатай. Камса болон Шишупала нар Үнэмлэхүй Үнэнд хүрсэн, гэхдээ бурханлаг орон Голока Вриндаванад орохыг тэдэнд зөвшөөрөөгүй. Бурханд татагдаж байгаагийнхаа хүчээр имперсоналистууд болон Бурханы дайснууд Түүний оронд орох эрхийг авдаг, гэхдээ Ваикунтха-гийн гаригууд болон Бүхний Дээд Бурханы Өөрийн нь залран байдаг Голока Вриндаванад орж очихыг тэдэнд зөвшөөрдөггүй. Хаант улсын хилийг нэвтрэн орох  явдал нэг хэрэг, харин хааны ордонд орох явдал бол өөр хэрэг.

            Шрила Рупа Госвами энд имперсоналистууд болон персоналистуудын зорьдог зүйлсийн ялгааг тодорхойлох оролдлогыг хийж байна. Ер нь бол  имперсоналистууд болон Бурханы Дээд Бодьгалтай дайсагнасан байдлаар харьцагчид нь бурханлаг төгс төгөлдөрт хүрснээрээ  бодьгал бус Брахманд л ордог. Бурханы эвлэршгүй дайснууд болон имперсоналистуудад зөвхөн л  бодьгал бус туяа брахмаджйоти-д орохыг зөвшөөрдөг учраас имперсоналист-философичид нь тодорхой утгаараа бол Бурханы дайсантай ойролцоо юм. Энэ нь тэд нэг ангилалд хамаарагддаг гэсэн үг. Үнэндээ бол имперсоналистууд Бурханд дайсагнасан байдлаар ханддаг, Бурхан бол хэмжээлшгүй их баялаг болон хязгааргүй их хүч чадалтай гэдгийг тэд хүлцэн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийгөө Бурхантай нэг түвшинд тавихыг үргэлж оролддог. Бурханд атаархах болон Түүнд дайсагнах тэдний хандлага үүгээр илэрдэг. Имперсоналистууд бол Бурханыг муучлагчид гэж Шри Чаитанйа Махапрабху нэрлэсэн. Гэхдээ Бурхан бол Өөрийн дайснууддаа хүртэл бурханлаг оронд хүрч очих болон Үнэмлэхүйн ялгарал үгүй (Түүнээс ялгаагүй) туяа— брахмаджйоти-доо байх зөвшөөрлийг болгоон соёрхдог тийм л өршөөнгүй, нигүүлсэнгүй.

            Зарим тохиолдолд имперсоналистууд бурханлаг хөгжил дэвшил аажим аажмаар гаргах явцдаа Бурхан бол Бодьгал гэдэг ойлголт төсөөлөлд хүрдэг. Бхагавад Гита-д үүнийг баталдаг: “Олон олон төрөлт болон үхлийн дараагаар мэдлэгийг үнэхээрийн хүртсэн тэр Надад өөрийгөө даатгадаг.” Бурханд өөрийгөө даатгаснаар ийм имперсоналист Ваикунтха-локууд  (бурханлаг гаригууд) дээр дээшлэн хүрч очдог ба тэнд, Бурханд өөрийгөө даатгасан сүнс мөн болсны хувьд Түүний биетэй адил биеийг авдаг.

            Брахма-пурана-д ийн өгүүлдэг: “Материаллаг бузраас ариусан ангижралд хүрэгчид, мөн Бурханы Дээд Бодьгалд хөнөөгдсөн демонууд бодьгал бус Брахманы ахуйд уусан  бурханлаг тэнгэр брахмаджйоти-д ордог.” Энэхүү бурханлаг тэнгэр бол материаллаг тэнгэрийн хүрээ хязгаарын чанадад, алсад оршдог. Материаллаг тэнгэрийн  хүрээ хязгаарын чанадад өөр, мөнхийн тэнгэр оршдог гэж Бхагавад Гита-д өгүүлдэг. Кришнагийн дайснууд болон имперсоналистуудад Брахманы туяанд орохыг заримдаа зөвшөөрдөг, харин чин бишрэлтэнгүүд зам мөрөө эцэст нь хүртэл туулан бурханлаг гаригууд дээр дээшлэн хүрдэг. Цэвэр ариун чин бишрэлтэнгүүд Бурханы Дээд Бодьгалыг хайрлах цаанаасаа өөрөө аяндаа ундран гарах хайрыг өөртөө хөгжүүлсэн байдаг болохоор бурханлаг гаригуудад хүрч очдог бөгөөд тэндээ Бурханы Дээд Бодьгалтай харьцан бурханлаг баяр жаргалаар цэнгэн жаргадаг.

            Шримад Бхагаватамын аравдугаар дууллын (87.23)-д биелсэн Ведүүд Бурханд ийн ханддаг: “Хайрт Бурхан минь ээ, Таны тодорхой нэг газар залран байдаг төлөвийг бясалгаснаараа йогчид бодьгал бус брахмаджйоти-д нэгдэн  бурханлаг төгс төгөлдөрт хүрдэг. Таныг өөрийн дайснаа хэмээн үзэгч нь бясалгалгүйгээр мөн ийм төгс төгөлдөрт хүрдэг. Гопи нар Таны могой лугаа мутарт тэврүүлснээрээ хийгээд Таныг хүсэх хүсэл тачаалыг агуулан байснаараа мөн л тэр төгс төгөлдөрт хүрдэг. Ведийн мэдлэгийн янз бүрийн салбаруудыг хариуцдаг сахиулсан тэнгэрүүд бидний хувьд гэвэл үргэлжид, гопи нарын зам мөрийг, мөн тийм төгс төгөлдөр байдалд хүрэх итгэл найдлагыг өвөрлөн дагадаг.” “Мөн л тэр, мөн тийм төгс төгөлдөр”-ийн тухай яриа гарах үед бид нар болон нарны гэрэлтэй жишээг  үргэлж санаж байх нь чухал. Имперсоналистууд нь нарны гэрэл  лугаа брахмаджйоти-д л шингэн ордог бол Бурханы Дээд Бодьгалтай хайрын харьцаанд оршигчид нь Түүний дээдийн дээд орон Голока Вриндаванад хүрч очдог.

            Гопи нарын “хүсэл тачаал”-д материаллаг хуял тачаалын аливаа хэлбэртэй холбоотой зүйл огт байхгүй, түүнтэй ямар ч хамаагүй. Энэхүү  “тачаалт хүсэл” бол чин бишрэлтэнгүүдийн Кришнатай холбогдсон харьцааны онцгой хэлбэр юм гэж Шрила Рупа Госвами тайлбарлаж байна. Төгс төгөлдөрт хүрсэн чин бишрэлтэн бүр Бурханыг хүсэх цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах дур хүслийг амталж эдэлдэг. Ийм сэтгэл, мэдрэмжийг заримдаа  чин бишрэлтэнгийн “хүсэл тачаал” гэж нэрлэдэг. Энэ бол Бурханд тодорхой шинж чанартайгаар  чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх гэсэн тэсэхийн аргагүй оргилсон хүсэл юм. Ийм хүсэл нь Бурханыг таашаан ханамж эдлэх гэсэн далд хүслийг  цаанаа агуулж байгаа мэт харагдаж байж болох ч үнэндээ бол Бурханд тодорхой хэлбэрээр үйлчлэн зүтгэх гэсэн чин бишрэлтэнгийн эрмэлзэл. Жишээ нь, чин бишрэлтэн Бурханы Бодьгалтай Түүний найз малчин хөвгүүдийн нэг байдлаар харьцахыг хүсэж байж болно. Тэр Бурханд үнээдээ бэлчээрт  хариулахад нь  туслах хэлбэрээр Түүнд үйлчлэн зүтгэхийг эрмэлзэх болно. Энд, цаанаа Бурханы хүрээлэлд таашаал ханамж эдлэх гэсэн далд хүсэл агуулагдаж байна гэж харагдаж байж болох. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол трансцендент үнээдийг хариулан Түүнд туслах болон үйлчлэн зүтгэх гэсэн цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарч байгаа хайрын илрэл тодрол.

Мэдрэхүйн дур хүсэл буюу сэтгэлийн дотносол.

 

            Бурханд үйлчлэн зүтгэх гэсэн ийм халуун хүсэл нь трансцендент нутаг орон Враджагийн оршин суугчдад, ялангуяа гопи нарт бүр илүү их хүчтэйгээр илэрдэг. Кришнаг хайрладаг гопи нарын хайр нь, заримдаа бидний хязгаарлагдмал ойлголт төсөөлөлд “хүсэл тачаал” гэж ойлгогдохоор тийм эрхэм дээд.

            Шри Чаитанйа-чаритамрита-гийн туурвигч Кавираджа Кришнадас хүсэл тачаал болон үйлчлэн зүтгэх гэсэн эрмэлзэл хоёрын хоорондхи ялгааг ийн тайлбарласан: ““Тачаал” гэдэг бол өөрийн мэдрэхүйд үйлчлэн зүтгэх буюу тэдгээрт  таашаал ханамж эдлүүлэх гэсэн хүслийг, харин “трансцендент хүсэл“ бол Бурханы мэдрэхүйд үйлчлэн зүтгэх гэсэн эрмэлзэл юм.” Амрагийн холбоотой хүн  амрагийнхаа мэдрэхүйд  таашаал ханамж эдлүүлэхийг эрмэлзэх явдал материаллаг ертөнцөд огт байдаггүй. Үнэн хэрэгтээ, материаллаг ертөнц дэх хэн бүр  өөрийнхөө мэдрэхүйг л ханамжтай болгохыг гол төлөв хүсдэг. Харин гопи нарт Бурханы мэдрэхүйг ханамжтай болгох буюу Түүнийг цэнгүүлэхээс өөр хүсэл гэж байгаагүй, материаллаг ертөнцөд  энэ талын жишээ гэж байдаггүй. Иймээс цэцэд мэргэд Кришнаг хайрлах  гопи нарын эктазын хайрыг заримдаа материаллаг хүсэл тачаалтай ижилсүүлэн тодорхойлон өгүүлдэг, гэхдээ үүнийг үгчлэн ойлгохын хэрэггүй гэдэг нь мэдээжийн зүйл билээ. Энэ бол тэдний трансцендент төлөв байдлыг ойлгуулах болон тодорхойлон өгүүлэх гэсэн оролдлого болохоос өөр юу ч биш.

            Уддхавагийн түвшингийн аугаа чин бишрэлтэнгүүд Бурхантай маш ойр дотны найз нөхөрлөлийн  харьцаанд байдаг, гэхдээ тэд мөн гопи  нарын үлгэр жишээг дагахыг эрмэлздэг. Эндээс харахад Кришнаг хайрладаг  гопи нарын хайр бол материаллаг хүсэл тачаалтай ямар ч холбоогүй гэдэг нь илт байна. Тийм биш байх аваас Уддхава тэдний үлгэр жишээг дагахыг яалаа гэж эрмэлзэх билээ? Энэ талын өөр нэг жишээ бол Бурхан Чаитанйа Өөрөө юм. Ертөнцөөс огоорохуйн амьдралын хэвшилд  орсны буюу саннйаси болсныхоо дараа Тэрээр эмэгтэйчүүдтэй харьцахгүй байх сахилаа баримтлах дээр маш хатуу чанд байсан хэдий ч Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх тал дээр гопи нарын сонгосон аргаас илүү дээр арга зам гэж байхгүй хэмээн сургаж номлосон. Тэгэхлээр Шри Чаитанйа Махапрабху хүртэл Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх гопи нарын сонгосон хэлбэрийг магтан өргөмжилсөн байна. Ганц энэ баримт л гопи нарын Кришнад татагдах дур хүсэл буюу дотносол эхлээд харахад материаллаг хүсэл тачаал мэт санагдаж байж болох ч түүнтэй адил ижил зүйл огт байхгүй, ямар ч хамаагүй гэдгийг нотлож байна. Трансцендент түвшинд хүрээгүй байгаа хүний хувьд гопи нар болон Кришнагийн хоорондын харьцааг ойлгоход маш хэцүү бэрх. Мөн энэхүү харьцаа охид хөвгүүдийн эгэл жирийн харьцааг санагдуулам байгаа болохоор материаллаг ертөнцийн ердийн тачаангуйн харьцаа хэмээн буруу ташаагаар хүлээн авах тохиолдол цөөнгүй гардаг. Харамсалтай нь гопи нар болон Кришнагийн хоорондын хайрын харьцааны трансцендент мөн чанарыг ойлгож чаддаггүй  хүмүүс  энэ харьцаа нь материаллаг ертөнц дэх амраг хайрын харьцаанаас юугаараа ч ялгаагүй  гэдэг нь мэдээжийн хэрэг хэмээн үздэг бөгөөд иймээс заримдаа ичгүүр сонжуургүй, ёс зүйгүй зургуудыг “орчин үе”-ийн хэв маягаар зурцгаадаг.

            Нөгөө талаас, экстазын хайр нь бадраад Кришнаг  мөн л хүсэж байсан бөгтөр бүсгүй Кубджагийн мэдрэмжийг номч мэргэд “бараг хүсэл тачаал” гэж нэрлэдэг. Кришнаг хүсэх түүний дур хүсэл нь бараг л материаллаг шинжтэй байсан, иймээс түүний хайрыг гопи нарын хайртай харьцуулж болохгүй. Кришнад татагдах түүнийг хайрын харьцааг кама-прайа буюу “бараг л Кришнаг хайрладаг гопи нарын хайр шиг” гэж нэрлэдэг.

АРВАНЗУРГААДУГААР БҮЛЭГ

Цаанаасаа аяндаа төрөн гарах чин бишрэлийг

тодорхойлон өгүүлэхүйн үргэлжлэл

 

Ураг төрлийн холбоо.

 

            Нанда Махараджа болон Йашода шиг Вриндаванагийн тийм оршин суугчдын Кришнатай холбогдсон харьцаанд Бурханы Дээд Бодьгалтай эцэг эхийн харьцаагаар холбогдон харьцах төгс төгөлдөр трансцендент үзэл, санааг салган харж чаддаг байх нь чухал. Үнэндээ бол хэн ч Кришнагийн эцэг эсвэл эх байж чадахгүй, гэхдээ чин бишрэлтэн Түүнд хандах ийм трансцендент сэтгэл мэдрэмжтэй байх аваас  үүнийг Кришнаг эцэг эхийн хайраар хайрлах хайр гэж нэрлэдэг. Вришни-гийнхэн (Кришнагийн Дварака дахь төрөл төрөгсөд) Түүнд мөн ийм сэтгэл мэдрэмжээр ханддаг. Тэгэхлээр Вришнигийн удамд хамаарагддаг Дваракагийн оршин суугчид ч, мөн Вриндаванагийн оршин суугчид ч Кришнаг эцэг эхийн харьцаан дахь цаанаасаа өөрөө аяндаа төрөн гардаг хайраар хайрладаг байна.

            Вришнигийнхэн болон Вриндаванагийн оршин суугчдад илрэн байгаа Кришнаг хайрлах цаанаасаа өөрөө аяндаа төрөн гардаг хайр тэдэнд мөнхөд амьдардаг. Энэхүү хайрын талаар зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хэлэлцэх шаардлага байхгүй. Учир нь юу вэ гэвэл, энэхүү хайр нь илүү өндөр түвшинд өөрөө хөгжих ёстой.

Цаанаасаа өөрөө аяндаа төрөн гардаг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн

түвшинд хэн хүрдэг вэ?

 

            Вришни нар болон Вриндаванагийн оршин суугчид зэрэг Бурханы мөнхийн чин бишрэлтэнгүүдийн зам мөрийг даган замнах хүсэлтэй хүнийг рагануга-чин бишрэлтэн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тэрээр эдгээр чин бишрэлтэнгүүдийн төгс төгөлдөр байдалд хүрэхийг чармайдаг гэсэн утгатай юм. Рагануга-ын ангилалд хамаарагддаг чин бишрэлтэнгүүд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг маш хатуу чандаар даган баримталдаггүй, гэхдээ тэдэнд Нанда эсвэл Йашода шиг  тийм мөнхийн чин бишрэлтэнгүүдэд татагдах дурлан татагдал болон тэдний үлгэр жишээг дагах хүсэл нь цаанаасаа аяндаа төрөн гардаг. Хэн нэгэн тодорхой чин бишрэлтэн лугаа болох эрмэлзэл хүнд аажмаар хөгждөг, ийм хандлагыг рагануга гэж нэрлэдэг.

            Гэхдээ Враджа (Вриндавана)-гийн оршин суугчдын зам мөрийг даган замнах гэсэн ийм хүсэл чармайлт материаллаг бузраасаа ариуссан байгаа зөвхөн тэр цагт л бий болдог гэдгийг үргэлж  санаж байх нь чухал. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг даган баримталснаараа хүн анартха-нивритти түвшинд хүрдэг бөгөөд энэ үг нь “бүхий л хэлбэрийн материаллаг бузраас ариусахуй” гэсэн утгатай. Анартха буюу муу дадал зуршлаасаа салж ангижраагүй байж ийм чин бишрэлт хайрыг дуурайхыг оролдож байгаа хүн заримдаа тааралддаг. Чин бишрэлтэн гэгдэгч нэгэн хүн өөрийгөө Нанда болон Йашода эсвэл гопи нарыг даган баримтлагч хэмээн өргөмжилж байсан боловч үүнийхээ зэрэгцээ материаллаг секст татагдах ой гутам жигшүүртэй дурлан татагдал нь хэвээр байсаар байгаа нь тодорхой харагдсан тийм тохиолдол гарч байсан. “Бурханлаг хайр”-ын иймэрхүү илрэлүүд бол зөвхөн дуураймал зүйл болохоос өөр юу ч биш, иймээс тэдгээр нь  ямар ч үнэ цэнэгүй. Гопи нарын хайрын зарчмуудад татагдах цаанаасаа аяндаа өөрөө   гарах дурлан татагдал  үнэхээрийн төрж, бий болж байгаа хүний зан төлөвт материаллаг бузрын өчүүхэн төдий ч гэсэн ул мөр үлддэггүй.

            Иймээс шаструудын  болон бурханлаг номын багшийн заасан чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг нарийн чанд даган баримтлахаас эхлэх хэрэгтэй. Материаллаг бузраас  бүрэн салж ангижирсан цагтаа л  чин бишрэлтэн Вриндаванагийн оршин суугчдын зам мөрийг даган замнахыг үнэхээрийн эрмэлзэж болох билээ.

            Рупа Госвами ийн хэлж байна: “Материаллаг бузраасаа үнэхээрийн ариуссан хүн л Вриндаванагийн хэн нэгэн мөнхийн чин бишрэлтэнг, Кришнаг түүн лугаа хайрлахаар, байнгад санаж бодож чаддаг. Ийм чадварыг өөртөө хөгжүүлснээрээ тийм хүн бодолдоо ч атугай гэсэн Вриндаванад үргэлжид амьдрах болно.” Энэ нь, хэрвээ боломжтой байх аваас чин бишрэлтэн Враджабхуми, Вриндаванад очих хийгээд тэндээ Бурханы чин бишрэлийн албанд Враджагийн бурханлаг орон, Враджа-дхама дахь чин бишрэлтэнгүүдийн үлгэр жишээг даган байнгад үйлчлэн зүтгэх ёстой гэсэн үг. Гэхдээ Вриндаванад биечлэн ийн байх боломжгүй байх аваас чин бишрэлтэн өөр ямар ч нутаг  оронд, хаана ч байлаа гэсэн тэндхийн амьдралыг бясалгаж болно. Хүн хаана ч байлаа гэсэн Враджа-дхама дахь амьдралын тухай хийгээд Бурханд үйлчлэн зүтгэх үйлчлэл зүтгэлээрээ өөрийн сонгосон чин бишрэлтэнгийн зам мөрийг яаж даган баримтлах талаар үргэлж бодож байх ёстой.

            Кришнагийн ухамсрыг өөртөө үнэхээрийн хөгжүүлсэн хийгээд чин бишрэлийн алба үйлэнд байнгад үйлчлэн зүтгэдэг хүн энэ байдлаа  төгс төгөлдөрт хүрсэн байлаа ч гэсэн үзүүлж харуулах гэхийн хэрэггүй. Энэ нь, материаллаг бие махбодидоо хэвээр оршин байгаа цагтаа хүн шинээр эхэлж байгаа чин бишрэлтэн лугаа үргэлж урагш үргэлжлүүлэн хийж үйлдэж, зүтгэж байх хэрэгтэй гэсэн үг. Цэвэр ариун чин бишрэлтэн хүртэл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүхий л зарчмуудыг даган баримталж байх ёстой. Харин Бурхантай холбогдсон жинхэнэ харьцаагаа ухаарсан цагтаа л зохицуулалт бүхий  үйлчлэл зүтгэлийнхээ үүргүүдийг үргэлжлүүлэн биелүүлэхийнхээ зэрэгцээгээр Бурханы ойрын хүрээллийн тодорхой нэгэн бараа бологч чин бишрэлтэнг  удирдагчаа болгон сонгож  Бурханы тухай үргэлжид бодож эхлэх болон энэхүү чин бишрэлтэнгийн үлгэр жишээг даган трансцендент сэтгэлийн хөдлөлүүдийг өөртөө хөгжүүлж болно.

            Энэ бүгдийг анхааралдаа аван сиддха-пранали гэгдэгчидтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Сиддха-пранали бол  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өөрийн гэсэн хэлбэрийг санаанаасаа бодож олсон тийм ч хүндэтгүүштэй бус хүмүүсийн сонгосон зам мөр юм. Тэдний бодлоор бол, Бурханы ойр дотны бараа бологчдын тоонд орохын тулд өөрийгөө ийм бараа бологч буюу дагалдагч гэж санаандаа төсөөлөн бодох нь л хангалттай ажээ. Гэхдээ ийм зан байдал нь зохицуулах зарчмуудтай үндсээрээ таарч тохирдоггүй, зөрчилддөг. Сиддха-пранали зам мөрийг хуурмаг вайшнавуудын сектүүдийн нэг болох  пракрита-сахаджийа нар даган замнадаг. Рупа Госвамигийн бодол санаагаар бол иймэрхүү үйлдлүүд нь жинхэнэ  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөр дээрх саад тотгор болохоос өөр юу ч биш.

            Кришнаг хайрлах цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах хайрыг өөртөө хөгжүүлсний дараа ч гэсэн зохицуулах зарчмуудыг орхихгүй байхыг эх сурвалж ачарйа нар зөвлөсөн гэдгийг Шри Рупа Госвами хэлж байна. Урьд өмнө тодорхойлон өгүүлсэнчлэн, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн есөн хэлбэр байдаг бөгөөд жам ёсны байдлаараа дурлаж, сонирхон байгаа чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн тэр л төрлөө онцгойлон дадуулж хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Жишээ нь, хэн нэгэн нь сонсохыг илүүд үзэн сонирхон байж болох, өөр нэгэнд дуулах болон ариун гэгээн нэрийг давтан унших  таалагдаж байж болох, харин гуравдахь нэгэн нь сүмд үйлчлэн зүтгэх онцгой дур сонирхолтой байж болох. Энэ гурвын эсвэл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үлдсэн бусад зургаан аргуудын (санаж дурсах, сүмд залсан Шүтээнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх,  залбирал өргөх, ямар нэгэн алба үйлийг хийж биелүүлэх, Бурхантай найз нөхөрлөлийн харьцаатай байх эсвэл өөрт байгаа бүхнээ  Бурханд өргөл болгон өргөх) аль нэгийг нь бүрнээ нухацтайгаар биелүүлж байх ёстой. Ийнхүү өөр өөрийн дур сонирхолд таарч нийцсэн байдлаар хийж үйлдэхийг зөвлөдөг.

Амрагийн хайр.

 

            Вриндаванагийн гопи нар болон Дваракагийн хатдын үлгэр жишээний дагуух чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг амраг хайрын чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж нэрлэдэг. Амраг хайрын чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг шууд амраг хайрын болон шууд бус амраг хайрын  гэсэн хоёр ангилалд хувааж болдог. Аль ч тохиолдол нь байсан гэсэн чин бишрэлтэн Голока Вриндаванад яг тийм үйлчлэл зүтгэлээр үйлчлэн зүтгэж байгаа тодорхой нэгэн гопи-гийн зам мөрийг даган баримтлах ёстой. Бурханы Дээд Бодьгалд амрагийн хайраар шууд татагдах татагдлыг  санскрит хэл дээр кели гэж нэрлэдэг. Кели гэдэг нь  Бурханы Дээд Бодьгалтай шууд холбогдох гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн, Дээд Бодьгалтай шууд холбогдон харьцахыг хүсдэггүй тийм чин бишрэлтэнгүүд байдаг бөгөөд тэд  Бурханы гопи нартай харьцдаг амраг хайрын харьцаагаар цэнгэн жаргахыг илүү эрхэмлэдэг. Ийм чин бишрэлтэнгүүд Бурхан болон гопи нарын хоорондын харьцааны талаар зүгээр л сонссоноороо  ханамж, цэнгэл баяслыг авч байдаг.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг даган баримталдаг, онцгойлон сүмд залсан Радха болон Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг зөвхөн тийм л чин бишрэлтэнгүүд  амраг хайрын энэ түвшинд хүрдэг.  Ийм чин бишрэлтэнгүүдэд сүмд залсан Шүтээнийг хайрлах цаанаасаа аяндаа өөрөө төрөн гарах хайр аажмаар хөгждөг бөгөөд Бурханы гопи нартай  харьцдаг хайрын харьцааны талаар сонссоноороо тэд энэхүү цэнгээн наадамд дурлан татагдаж байгаагаа аажим аажмаар мэдэрч эхэлдэг. Энэхүү аяндаа цаанаасаа өөрөө төрөн гарч байгаа дурлан татагдал нь маш гүн гүнзгий болж байгаа цагтаа чин бишрэлтэн дээр дурьдсан хоёр ангиллын нэгэнд хамаарагддаг.

            Кришнаг хайрлах амрагийн хайрыг зөвхөн эмэгтэйчүүд л өөртөө хөгжүүлж чаддаг юм биш. Материаллаг бие махбодь бол бурханлаг хайранд  ямар ч хамаагүй. Эмэгтэйчүүд Кришнатай найз нөхөрлөлийн харьцаагаар харьцах дур сонирхлыг хөгжүүлж болно, мөн эрэгтэйчүүд Вриндаванад гопи байх хүслийг өөртөө хөгжүүлж болно. Эрэгтэй дүртэй, биетэй чин бишрэлтэнгүүд гопи болохыг хэрхэн хүсдэг талын нэгэн жишээг Падма-пурана-д өгүүлдэг. Нэгэн цагт Дандакаранйа-д олон мэргэд амьдардаг байсан. Рамачандара Бурханы эцэг Түүнийг 14 жилийн хугацаагаар ойд цөлсөн бөгөөд Дандакаранйа бол энэ үедээ  Түүний амьдарч байсан ойн нэр юм. Тэр цагт Рамачандра Бурханы гоо үзэсгэлэнд дур булаагдан сэтгэл татагдсан олон мэргэд тэнд амьдарч байсан бөгөөд Бурханыг тэврэхийн тулд эмэгтэйчүүд болохыг хүсцгээж байв. Хожим нь Кришнаг Голока Вриндаванад илэрч тодрох цагт эдгээр мэргэд тэнд Кришнагийн найз охидууд, гопи нар болон төрцгөөсөн бөгөөд бурханлаг амьдралын төгс төгөлдөрт ийн хүрцгээсэн.

            Дандакаранйа-гийн мэргэдийг түүхийг дараахь байдлаар тайлбарлаж болно. Рамачандра Бурханыг Дандакаранйа-д амьдарч байх үед тэнд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ үйлчлэн зүтгэж байсан  мэргэд Түүний гоо сайханд дур булаагдан сэтгэл татагдсан бөгөөд тэд шууд л  Кришнатай  амрагийн харьцаагаар цэнгэн жаргадаг гопи нарын талаар бодож санасан. Дандакаранйа-гийн мэргэд Кришна ч, мөн Рамачандра ч Бүхний Дээд Бурхан гэдгийг сайн мэдэж байсан хэдий ч  Бурхантай  гопи нар лугаа амрагийн тийм харьцаатай байхыг хүссэн. Рамачандра бол үлгэр жишээ хаан гэдгийг тэд мэдэж байлаа, иймээс Тэрээр нэгээс илүү эхнэртэй байж болохгүй. Харин Бурханы Бодьгалын бүрэн  илрэл тодрол Кришна тэдний бүхий л хүслийг Вриндаванад биелүүлж чадах болой. Үүнээс гадна тэд, Бурхан Кришнагийн гадаад дүр төрх Бурхан Рамачандрагийнхаас бүр илүү дур булааж сэтгэл татам гэдэг дүгнэлтэнд хүрсэн бөгөөд иймээс  дараагийн амьдралдаа гопи болон төрж Кришнатай харьцах боломжийг болгоон соёрхохыг Түүнээс залбиран гуйсан. Рамачандра Бурхан тэдэнд хариу өгөөгүй, Түүний ийн дуугүй байгаа нь Тэрээр мэргэдийн залбиран гуйсныг болгоон хүлээж авсан гэдгийн нотолгоо. Ийнхүү Рамачандра Бурхан ирээдүйн амьдралдаа Бурхан Кришнатай харьцах адислалыг тэдэнд хүртээсэн болно. Үр дүнд нь тэд Гокулагийн гопи нарын хэвлийгээс охид нь болон төрцгөөсөн бөгөөд тэр үед Гокула, Вриндаванад залран байсан Бурхан Кришнагийн хүрээлэлд цэнгэн жаргах хүслээ  биелүүлж чадсан. Тэд Бурхан Кришнатай амрагийн хайраа солилцох трансцендент хүслийг өөртөө хөгжүүлснээр зөвхөн хүний амьдралын хэлбэрт л боломжтой байдаг дээдийн дээд төгс төгөлдөрт ийнхүү хүрцгээсэн.

            Амрагийн харьцааны эхнэр нөхөр хоёрын хоорондын харьцаа болон амрагуудын хоорондын харьцаа гэсэн хоёр төрөл байдаг. Эхнэр хүн эр нөхрөө хайрладаг шиг тийм байдлаар Кришнаг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэгч нь  Дваракад  очин Бурханы эхнэрүүдийн буюу хатдын нэг болдог. Амраг бүсгүй нь амраг залуугаа хайрладаг шиг байдлаар Кришнаг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэгч нь гопи нартай нэгдэн нийлж Кришнатай хайрын харьцаагаар цэнгэн жаргахаар Голока Вриндаванад хүрдэг. Гэхдээ, гопи нарын, мөн Дваракагийн хатдын амрагийн хайр нь зөвхөн эмэгтэйчүүдэд төдийгүй, мөн Дандакаранйагийн мэргэдийн жишээ харуулж байгаачлан эрэгтэйчүүдэд ч хөгжиж болдог гэдгийг санах хэрэгтэй. Амрагийн хайрыг хүсдэг, гэхдээ гопи нарын зам мөрөөр замнадаггүйчүүд Дваракад Бурхантай харьцах боломжийг л хүртдэг.

            Маха-курма-пурана-д ийн өгүүлдэг: “Галын бурхадын хөвгүүд аугаа мэргэд Кришнатай амрагийн  харьцаанд орохыг хүсэн бүхий л зохицуулах зарчим, сахилаа нарийн чанд даган баримталсан. Иймээс тэд дараагийн амьдралдаа оршин байгаа бүгдийн эх булаг, Ваасудева эсвэл Кришна гэж нэрлэгддэг— Бурхантай харьцах боломжийг хүртсэн бөгөөд тэд бүгдээрээ Түүний эхнэрүүд болцгоосон.”

Эцэг эхийн болон найз нөхөрлөлийн харьцаа.

 

            Кришнад эцэг эх эсвэл найз нөхөр байдлаар  дурлан татагддаг чин бишрэлтэнгүүд Нанда Махараджагийн эсвэл Субалагийн зам мөрийг дагах ёстой. Нанда Махараджа бол Кришнагийн өргөсөн эцэг, харин Субала бол  Враджабхуми дахь Түүний хамгийн ойр дотны найз.

            Бурханы эцэг эсвэл найз нь байх сэтгэлийг буюу дур хүслийг хөгжүүлэх  хоёр арга байдаг. Нэг бол өөрөө Бурханы эцэг болох, байхыг чармайх, эсвэл Кришнагийн эцэг байх тухай мөрөөдлийг  агуулж санагалзан Нанда Махараджагийн замаар замнаж болно. Дээрх хоёр аргын эхнийхийг буюу шууд Кришнагийн эцэг болохыг оролдохыг зөвлөдөггүй. Энэ чиглэлд гаргаж байгаа хүчин чармайлт нь майавадигийн философоор (имперсонализмаар) хордогдож мэднэ. Майавадууд, монистууд нь өөрсдийгөө Кришнагаас ялгаагүй гэж боддог, иймээс чин бишрэлтэн өөрийгөө Кришнагийн эцэг буюу Нанда Махараджа болсон байна хэмээн бодох аваас энэ нь түүний эцгийн хайр майавадигийн философоор  хордогдсон байна гэсэн үг. Майавадигийн философийн тулган хүлээлгэдэг бодол санааны хэлбэр нь алдастай бөгөөд алдас хийгч нь Бурханы оронд орж очих болон Түүнтэй харьцах боломжоо алддаг.

            Пандавчуудын нийслэл Хастинапура хотод амьдардаг байсан нэгэн хөгшний талаар Сканда-пурана-д өгүүлдэг. Тэрээр Кришнаг өөрийнхөө хайртай хүү нь болоосой, байгаасай хэмээн мөрөөддөг байсан. Нарада Муни энэхүү настай хүнд Нанда Махараджагийн зам мөрөөр замнахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр түүний мөрөөдөл нь биелсэн.

            Бурханы тухай өөрийн эр нөхөр, найз, эцэг эсвэл сайн сайхныг хүсэгч байдлаар байнгад боддог хүн бусад бүх хүмүүсийн хувьд бишрэл хүндэтгэлийн нь обьект болдог гэж  Нарайана-вйуха-става-залбиралд өгүүлдэг. Кришнаг хайрлах цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах ийм хайр зөвхөн Кришнагийн эсвэл Түүний цэвэр ариун чин бишрэлтэнгийн онцгой өршөөл нигүүлслийн ачаар л хөгждөг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн энэхүү зам мөрийг заримдаа пушти-марга гэж нэрлэдэг. Пушти гэж  “хооллох, тэжээх”, харин марга гэж “зам мөр” гэсэн утгатай үгс. Чин бишрэлийн сэтгэл мэдрэмж ямар нэгэн хэмжээгээр хөгжих аваас  энэ нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг тэжээн тэтгэх гайхалтай орчин нөхцөл болдог бөгөөд түүнийг дээдийн дээд түвшинд дээшлүүлэн хүргэдэг. Иймээс л энэ  үйл явцыг пушти-марга гэж нэрлэдэг. Энэ зам мөрөөр Вишнусвамигийн үндэслэсэн вишнузмын сургууль— Валлабха-сампрадайа-д хамаарагддаг чин бишрэлтэнгүүд замнадаг.  Гуджарат-ын чин бишрэлтэнгүүдийн Бала-Кришна (хүүхэд ахуй үеийн Кришна)-д бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг байдал нь мөн пушти-марга-д хамаарагддаг.

АРВАНДОЛООДУГААР БҮЛЭГ

Экстазын хайр

 

            Зохицуулалт бүхий чин бишрэлийн алба үйлэнд үйлчлэн зүтгэснээрээ хүн материаллаг байгалийн гунуудын нөлөөний чанадад гарч трансцендент түвшинд дээшлэн хүрдэг. Тэр цагт түүний  зүрх нь гэгээрч нар лугаа болдог. Нар бол бүхий л гаригуудын системээс хавьгүй дээш оршдог бөгөөд түүнийг ямар ч үүл хаах чадваргүй. Иймээс чин бишрэлтэн нар лугаа цэвэр ариун болсон цагт түүний цэвэр ариун зүрх  нарны гэрлээс илүү гайхамшигтай сайхан экстазын хайрыг цацруулж эхэлдэг. Зөвхөн тэгж байгаа цагт л Кришнад татагдах түүний дурлан татагдал төгс төгөлдөрт  хүрдэг. Энэ түвшинд, экстазын хайранд автан байгаа чин бишрэлтэнд Бурханд үйлчлэн зүтгэх юунд ч давагдашгүй хүсэл цаанаасаа аяндаа өөрөө төрөн гардаг. Энэ бол уттама-адхикари буюу төгс төгөлдөр чин бишрэлийн түвшин. Ийм чин бишрэлтэнд материаллаг дурлан татагдлууд нөлөөлөн төвөг яршиг болж сэтгэл санаагий нь зовоохоо больдог бөгөөд тэрээр Радха болон Кришнад үйлчлэн зүтгэхэд өөрийгөө бүхэлд нь зориулдаг.

            Өмнөх бүлгүүдэд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн шинж тэмдгүүдийг болон экстазын цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах хайрын түвшинд аажмаар дээшлэн хүрэхийн тулд одоогийн мэдрэхүйгээ ашиглан чин бишрэлийн  албанд яаж үйлчлэн зүтгэхийг тодорхойлон өгүүлсэн билээ. Мөн зохицуулах зарчмуудын дагуу үйлчлэн зүтгэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэл болон цаанаасаа өөрөө аяндаа төрөн гардаг хайраар үйлчлэн зүтгэх чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэсэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хоёр төрлийг хэлэлцсэн билээ. Зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэл нь үйлдэл гүйцэтгэл болон үр дүн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн үр дүнгийн хэсгийг  бхава буюу экстаз гэж нэрлэдэг. Тантра-гуудад үүнтэй холбогдуулан өгүүлсэнчлэн, экстаз бол Бурханыг хайрлах цэвэр ариун хайрын эхний шинж тэмдэг. Энэ үе шатанд хүн заримдаа чичирч дагждаг эсвэл нүднээс нь нулимс урсан гардаг. Энэ шинжүүд нь үргэлж биш, харин хааяа гэнэт, тохиолдлын байдалтайгаар илэрдэг. Дурваса Муни Амбариша хааныг хүнд байдалд оруулахад тэрээр  Бурханы тухай бодож эхэлсэн бөгөөд тэр даруйдаа  түүний бие махбодид өөрчлөлтүүд гарсан, нүднээс нь нулимс урссан. Энэ бол экстазын шинж тэмдгүүд. Тэдгээр нь  чин бишрэлтэнгийн бие чичрэх, нүднээс нь нулимс бөмбөрөн урсах зэргээр илрэн гардаг. Гадна нь илрэн тодорч байгаа эдгээр шинж тэмдгүүд нь ухаанд хадгалагдсан хэвээр байдаг бөгөөд ийн үргэлжилж байх экстазыг самадхи гэж нэрлэдэг. Энэ үе шатанд амсаж эдэлж байгаа баяр жаргал нь чин бишрэлтэнгийн хувьд Кришнатай харьцах түүний хайрын харьцааны цаашдын түлхэц болж урам өгдөг.

            Экстазын үе шатанд нэг бол цэвэр ариун чин бишрэлтэнтэй байнгад харьцсанаар эсвэл Кришнагийн эсвэл Кришнагийн цэвэр ариун чин бишрэлтэнгийн онцгой өршөөл нигүүлслээр гэсэн хоёр замаар хүрч болдог. Ер нь бол цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцсаны ачаар л амьдралын экстазын түвшинд дээшлэн хүрдэг. Зөвхөн маш ховор тохиолдолд л Кришнагийн эсвэл Түүний  чин бишрэлтэнгийн өршөөл нигүүлслээр энэ үе шатанд хүрдэг. Өөрөөр хэлбэл, экстазын үе шатанд гарцаагүй хүрэхийн тулд  чин бишрэлтэнгүүдийн хүрээлэлд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүх зарчмуудыг маш нарийн чанд даган баримтлах хэрэгтэй. Онцлог тохиолдлуудад энэ нь Кришнагийн онцгой өршөөл нигүүлслээр болж явагддаг нь эргэлзээгүй хэрэг. Хэдийгээр бид ийм өршөөл нигүүлсэлд үргэлжид найдан байх хэрэгтэй ч түүнийг хүлээн гараа хумхиад зүгээр суугаад байж болохгүй. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх өөрт оноогдсон үүргүүдээ  ямар ч тохиолдолд үл хайхарч болохгүй. Жишээ нь, сургуульд  яваагүй болон их сургуульд суралцаагүй хүн аугаа эрдэмтэн болдог хийгээд алдартай их сургуулиуд түүнд хүндэт цол хэргэмээ олгох явдал заримдаа гардаг. Гэхдээ энэ нь  сургууль номоо хаяж орхиод ямар нэгэн их сургууль бидэнд хүндэт цолоо олгохыг хүлээн суух хэрэгтэй гэсэн үг биш. Үүн лугаа, бид чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүх зохицуулах зарчмуудыг нарийн чанд, нягт нямбайгаар даган баримтлах хийгээд мөн үүнийхээ зэрэгцээ Кришнагийн эсвэл Түүний чин бишрэлтэнгийн адислалд найдах ёстой.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг биелүүлснээр экстазын хайрын трансцендент үе шатанд яаж хүрч болдог талын жишээ бол  Шримад Бхагаватамд өгүүлсэн байдаг Нарадагийн амьдралын түүх. Тэнд, Нарад өмнөх амьдралдаа экстазын хайранд яаж хүрсэн тухайгаа шавь Вйасадева-даа өгүүлдэг. Тэрээр аугаа чин бишрэлтэнгүүдэд үйлчлэн зүтгэсэн хийгээд тэдний ярих болон  дуулахыг сонсож байсан. Кришнагийн өрнүүлсэн цэнгээн наадмын талаархи яриа болон дууг цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн амнаас сонсох боломжтой байсан болохоор тэрээр ийн сонсоход маш ихээр дурлан татагдсан. Кришнагийн тухай сонсох гэсэн халуун хүсэл нь Түүнийг хайрлах экстазын хайр болон хөгжсөн. Экстазын хайр бол  Кришнаг хайрлах цэвэр ариун хайрын өмнөх үе шат бөгөөд үүнийг Нарада дараагийн шүлэгт нь, аугаа чин бишрэлтэнгүүдийн яриаг сонссоноороо тэр Бурханыг хайрлах хайрыг өөртөө аажмаар хөгжүүлсэн гэж өгүүлэн баталдаг. Нарада үүнийг Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (5.28)-д ийн тодорхойлон өгүүлдэг: “Намрын борооны улирлын туршид би цаг хугацааг аугаа  мэргэдийн хүрээлэлд өнгөрүүлснээс эхэлсэн. Харе Кришна мантра-г яаж дуулж байгааг би өглөө бүр, орой бүр сонсож байсан бөгөөд зүрх маань аажмаар ариуссан. Тэднийг маш  их анхааралтайгаар сонсдог болмогцоо л би материаллаг харанхуй мунхагийн болон хүсэл тачаалын гунуудын нөлөөллөөс салан ангижирсан бөгөөд Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд батжин бэхжсэн.”

            Энэ бол, цэвэр ариун чин бишрэлтэнтэй зүгээр л харьцсанаар экстазын хайрын түвшинд яаж хүрч болдгийн бодит жишээ. Энэ л учраас Харе Кришна мантра-г өглөө болон оройд дуулдаг болон давтан уншдаг цэвэр ариун чин бишрэлтэнтэй байнгад харьцаж байх нь тийм чухал байдаг. Энэ нь  зүрхээ ариусгах болон Кришнаг хайрлах экстазын хайрыг өөртөө хөгжүүлэх боломжийг хүнд өгдөг.

            Үүнийг мөн Шримад Бхагаватамын гуравдугаар дууллын (15.25)-д батлан өгүүлдэг. Тэнд Бурхан Капила ийн айлддаг: “Хайрт ээж минь ээ, цэвэр ариун чин бишрэлтэнтэй үнэхээрийн харьцаж байгаа цагт хүн Надад чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхийн цэвэр ариун эрчмийн үзүүлэх үйлдэл нөлөөллийг өөр дээрээ амталж эдэлж чаддаг.” Өөрөөр хэлбэл, цэвэр ариун чин бишрэлтэнгийн үг нь түүнийг сонсож байгаа хүний зүрхэнд нөлөөлөх чадвартай. Сонсох болон давтан хэлэх буюу  уншихын нууц нь юунд оршдог вэ? Мэргэжлийн уран гоё илтгэгчид, яригчид нь сонсогчдынхоо зүрхэнд трансцендент экстазыг оруулж, төрүүлэх чадваргүй. Харин Бурханд үйлчлэн зүтгэдэг, өөрийгөө ухаарсан хүн яриаг нь сонсож байгаа хүмүүсийнхээ бурханлаг амьдралд тэмүүлэх эрмэлзлийг нь сэрээх чадвартай. Иймээс хольцоогүй, цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн хүрээллийг  эрж хайх нь ийн чухал бөгөөд тэдэнтэй харьцах үйл явцдаа шинээр эхэлж байгаа чин бишрэлтэн Бурханы Дээд Бодьгалд татагдах дурлан татагдал, Түүнийг хайрлах хайр болон Түүнийг бишрэх чин бишрэлийг өөртөө хөгжүүлж чадах нь гарцаагүй.

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зам мөрд орж байгаа эмэгтэйн талаар Падма-пуранад өгүүлдэг. Экстазын үе шатанд хүрэхээр тэр эмэгтэй Бурханы өршөөл нигүүлслийг гуйж дуудан бүхий л шөнийн туршид бүжиглэдэг.

Гэхдээ урьд өмнө нь чин бишрэлийн алба үйлэнд огт үйлчлэн зүтгэж байгаагүй хүнд Бурхан Кришнаг бишрэх  чин бишрэл гэнэт хөгждөг явдал заримдаа гардаг. Чин бишрэл ийнхүү гэнэт хөгжиж байгааг Кришнагийн эсвэл Түүний чин бишрэлтэнгийн онцгой өршөөл нигүүлслийн илрэл тодрол гэж үзэх хэрэгтэй.  Кришнагийн учир шалтгаангүй өршөөл нигүүлслээр хүнд ийнхүү гэнэт хөгжиж байгаа экстазын сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хөгжил гурван хэлбэртэй байж болдог: Өршөөл нигүүлсэл бол хүнд үг айлдвараас, харцнаас болон сайн сайхан, ач тусыг хүссэн ерөөлөөс бууж ирдэг.

Үг экстазын хайрыг хүнд яаж хөгжүүлдэг талын жишээ Нарадийа-пурана-д байдаг. Бурхан Кришна Нарадад ийн айлддаг: “Ай брахмануудын  шилдэг нь минь ээ, Надад үйлчлэн зүтгэх бүхий л талаараа ээнэгтэй өлзийтэй болон трансцендент баяр жаргалаар дүүрэн хольцоогүй цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг өөртөө хөжүүлэхийг Би чамд хүсэж байна.”

Харц Кришнаг хайрлах экстазын хайр хүнд хөгжихийн учир шалтгаан яаж болдог талаар Сканда-пурана-д ийн өгүүлдэг: “Джангала мужийн оршин суугчид Бурханы Бодьгал Кришнаг харах үедээ Түүнийг хайрлах хайранд харцаа Түүнээс холдуулан салгаж чадахааргүй болтол тэгж автсан.”

Сайн сайхныг хүссэн ерөөлийн  тухайд гэвэл Шрила Вйасадевад хандсан Нарадагийн үгийг Шука-самхита-д өгүүлдэг: “Бурханы Бодьгалын аугаа чин бишрэлтэн— хүү чамд байна, мөн тэрээр чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг заавал даган баримтлахын хэрэггүй гэдгийг би харж байна. Тэгсэн тэгээгүй тэрээр  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд зориулсан олон олон амьдралынх нь дараагаар л хүнд хөгжин бий болдог тийм олон шинж чанаруудыг угийн агуулан байгааг  би мэдэж байна.”

Кришнаг хайрлах экстазын хайрын талаар Шримад Бхагаватамын долоодугаар дууллын (4.36)-д өгүүлдэг. Тэнд Нарада Йудхиштхира хаанд хандан ийн өгүүлдэг: “Хайрт хаан минь ээ, Прахладагийн зан төлөвийг тодорхойлон өгүүлэх нь маш хүнд бэрх. Тэрээр Кришнад татагдах төрөлхийн дурлан татагдалтай. Би түүний зан төлөвийн талаар юу ч хэллээ гэсэн тэр бүгд ердөө л үг байх болно. Түүний жинхэнэ зан төлөвийг тодорхойлон өгүүлэх нь боломжгүй.” Ийн хэлснээрээ Нарада Прахладагийн экстазын хайрын жам ёсны хөгжил нь Бурхан Кришнагийн өршөөл нигүүлслээр дуудагдсан, өдөөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Кришнад татагдах төрөлхийн дурлан татагдлаа Прахлада үндсэндээ гагцхүү Нарадагийн өршөөл нигүүлслээр л хөгжүүлсэн. Прахлада Махараджаг эхийнхээ хэвлийд байх үед Нарада ээжид нь,  мөн үүний зэрэгцээ түүний хэвлийд байгаа хүүхэд ач тусыг нь бас хүртээсэй гэж хүсэн чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эрдэм ухааныг номлосон.

Бурханы ойрын хүрээлэлд багтан ордог аугаа чин бишрэлтэн Нарада Прахлада Махараджад сайн сайхныг хүссэн болохоор түүнд эрхэм дээд чин бишрэлтэнгийн бүхий л шинж чанарууд хөгжсөн. Үүнийг төрөлхийн дурлан татагдал гэж нэрлэдэг. Энэ нь Бурханы Бодьгалын онцгой өршөөл нигүүлсэл эсвэл Нарада лугаа тийм аугаа чин бишрэлтэнгүүдийн онцгой өршөөл нигүүлслээр бий болдог.

Нарадад хандсан Парвата Мунигийн үгийг Сканда-пурана-д өгүүлдэг: “Хайрт Нарада минь ээ, та бол бүхий л ариун гэгээн хүмүүсээс хамгийн аугаа нь, хамгийн алдар цуутай нь. Тэр бүү хэл, доод гарал язгууртай хүн— анчин хүртэл Бурхан Кришнагийн аугаа чин бишрэлтэн болон хувирахад сайн сайхныг хүссэн таны  хүсэл ерөөл ганцаараа хангалттай байсан билээ.”

Кришнаг хайрлах экстазын хайр таван хэлбэрээр илэрч тодорч болдог бөгөөд тэдгээрийг Шрила Рупа Госвами хойно тодорхойлон өгүүлж байна.

АРВАННАЙМДУГААР БҮЛЭГ

Экстазын хайрын үе шатанд хүрсэн хүний шинж чанарууд

 

            Рупа Госвами цааш, Кришнаг хайрлах экстазын хайрыг өөртөө хөгжүүлсэн хүний ялгарах онцгой шинж тэмдгүүдийг  тодорхойлон өгүүлж байна. Эдгээр шинж тэмдгүүд нь:

1)     Тэрээр бүхий л цагаа Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд  зориулахыг  эрмэлздэг. Юу ч хийлгүй зүгээр байх дургүй. Бүтэн хоногийн туршид өөр юунд ч сатааралгүйгээр, үргэлжид л үйлчлэн зүтгэж байхыг хүсдэг.

2)      Тэрээр үргэлжид санаа зовиургүй тайван  хийгээд төлөв түвшин.

3)     Тэр материаллаг ертөнцийн ямар ч  өгөөш, хахуул болон дур татаж хорхой хүргэх зүйлд  татагддаггүй.

4)     Тэрээр хийж үйлдсэн үйл ажиллагааныхаа  хариуд шагнал болгон материаллаг нэр алдар эсвэл хүндэтгэлийг хүлээдэггүй.

5)     Кришна өршөөл нигүүлслээ өөрт нь хүртээнэ гэдэгт  тэр огтхон ч эргэлздэггүй.

6)     Бурханд итгэлтэй хийгээд үнэнчээр зүтгэх хүсэлд  үргэлж шатаж байдаг.

7)     Тэрээр Бурханы ариун гэгээн нэрийг магтан дуулах маш дуртай.

8)     Тэрээр Бурханы трансцендент шинж чанаруудыг тодорхойлон өгүүлэхийг үргэлжид чармайдаг.

9)     Бурхан цэнгээн наадмаа өрнүүлэн байсан Матхура, Вриндавана эсвэл Дварака зэрэг нутаг оронд амьдрахдаа тэрээр баяр хөөртэй, аз жаргалтай байдаг.

Цаг хугацааг ашиглах.

 

            Кришнаг хайрлах трансцендент хайрыг өөртөө хөгжүүлсэн цэвэр ариун чин бишрэлтэн үг яриагаа Бурханд залбирал өргөхөд үргэлжид ашигладаг. Түүний ухаан нь Кришнагийн тухай бодолд байнгад автаастай, харин бие махбодиороо нэг бол Бурханы мурти-гийн өмнө мөргөдөг эсвэл өөр ямар нэгэн үйлчлэл зүтгэлд зүтгэж байдаг. Энэхүү экстазын үйл ажиллагаанд зүтгэж байхдаа тэрээр заримдаа уйлдаг. Ийнхүү амьдралаа бүхэлд нь Бурханд үйлчлэн зүтгэхэд зориулснаар тэр өөр ямар нэгэн үйл хийж үйлдэхэд  агшин зуурын төдий хугацааг ч хий дэмий алддаггүй.

Санаа зовиургүй тайван хийгээд төлөв түвшин.

 

            Ямар ч таагүй болон түгшүүртэй зовиуртай байдлын үед тэнцвэртэй байдлаа үл алдах хүнийг санаа зовиургүй тайван, төлөв түвшин гэж нэрлэдэг. Ийм санаа зовиургүй тайван түвшин байдлын жишээг Парикшит хааны талаар өгүүлдэг Шримад Бхагаватамын нэгдүгээр дууллын (19.15)-д олж үзэж болно. Үхлийн цаг нь ирсэн түүнийг хүрээлэн байгаа мэргэдэд хандан тэрээр ийн өгүүлдэг: “Эрхэм брахманууд  минь ээ, та бүхэн намайг өөрийнхөө дуулгавартай албат гэж үргэлж  үзэж байгаарай. Би Ганга-ын эрэг дээр зөвхөн, зүрх болон сүнсээ Бурханы бадамлянхуа өлмийд зориулах гэж л ирсэн юм. Иймээс Ганга ээжийг надад мөн ханамжтай байлгах тийм адислалыг надад хүртээгээч гэж та бүхнээс гуйж байна. Брахманы хүүгийн хараал надад хүрсэн байлаа ч би үүнд санаа зовохгүй байна. Та бүхнээс миний гуйх цорын ганц зүйл бол миний амьдралын сүүлчийн агшинд та бүхэн Вишнугийн ариун гэгээн нэрийг давтан уншиж болгоогооч гэх явдал, тэгснээрээ би Түүний трансцендент шинж чанаруудыг ойлгон таньж мэдэж чадах билээ.”

            Махараджа Парикшит ийм л байсан, тэрээр амьдралынхаа сүүлчийн агшинд хүртэл тайван амгалан байдлаа хэвээр хадгалан байгаа нь санаа зовиургүй тайван байхын жишээ. Энэ бол Кришнаг хайрлах экстазын хайрыг өөртөө хөгжүүлсэн чин бишрэлтэнгийн нэг шинж чанар.

Огоорохуй.

 

            Мэдрэхүйнүүд байнгад л таашаал ханамж эдлэхийг шаарддаг, гэхдээ чин бишрэлтэн Кришнаг хайрлах трансцендент хайрыг өөртөө хөгжүүлэх аваас түүний мэдрэхүйнүүд цаашдаа материаллаг хүслүүдэд татагдахаа больдог. Ухааны ийм төлөв байдлыг огоорохуй гэж нэрлэдэг. Энэ шинж чанар Бхаратагийн хааны зан төлөвт бүрэн хэмжээгээр илэрсэн байсан. Шримад Бхагаватамын тавдугаар дууллын (14.43)-д ийн өгүүлдэг: “Бхаратагийн хаан, Кришнагийн бадамлянхуа өлмийн сайханд бүр залуу үедээ л, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, улс гүрэн болон бусад зүйлс нь бүгд л хүрч шүргэхийн аргагүй ялгадас мэт санагдах болж улмаар тэдгээрт татагдах аливаа дурлан татагдлаа алдан гээхээр тэгж дур булаагдан сэтгэл татагдсан.”

 Огоорохуй гэж юу болохыг энэ жишээн дээрээс ойлгож болно. Бхаратагийн эзэн хаанд материаллаг ертөнцөд таашаал ханамж эдэлж болох бүх зүйлс байсан, гэвч тэрээр тэр бүгдээс татгалзсан. Тэгэхлээр огоорохуй гэж материаллаг дурлан татагдал, хорхойслоос зохиомол  байдлаар хол байх, холдохыг хэлдэггүй байна. Огоорсон гэж  материаллаг дур булаагдал, хорхойсолд  анхаарлаа хандуулдаггүй хийгээд тэр бүү хэл материаллаг дурлан татагдлын обьектууд байж байхад хүртэл тэдгээрт хамаагүй, сонирхолгүй хандаж байгаа хүнийг хэлдэг. Шинээр эхэлж байгаа чин бишрэлтэн дур булаагдал, хорхойслын аливаа торноос зайлсхийхийг чармайх ёстой гэдэг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жинхэнэ боловсорч гүйцсэн чин бишрэлтэн бол тэдгээрт ердөө л анхаарлаа тоож хандуулдаггүй. Энэ бол огоорохуйн жинхэнэ шалгуур.

Бардам зангаас ангид байх (хүлцэнгүй байх).

 

            Өөрийн хүрсэн хөгжил дэвшил, ололт амжилтаараа, тэр бүү хэл өөрийгөө бүрэн ухаарсан сүнсний бүхий л шинж чанаруудыг өөртөө хөгжүүлсэн байсан ч түүгээрээ үл бардамнах тийм чин бишрэлтэнг хүлцэнгүй байна гэж нэрлэдэг. Падма-пурана-д  Бхагиратха хааны талаар өгүүлдэг. Тэрээр дэлхийн бусад бүх хаадыг захирдаг байсан хэдий ч Бурханыг хайрлах экстазын —ядуу хувраг болж дайснуудынхаа болон хүрч шүргэхийн аргагүйчүүдийн  гэр орноос хүртэл өглөг гуйх байдалд орохуйц хүртлээ— тийм хайрыг өөртөө хөгжүүлсэн. Тэрээр тэдний өмнө хүндэтгэлтэйгээр мөргөх хүртлээ тийм даруу хүлцэнгүй болсон байсан.

            Энэтхэгийн түүхэнд үүнтэй төстэй олон жишээ байдаг. Тун саяхан 200 орчим жилийн өмнө, Калькуттагийн бараг бүх газар нутгийг өмчилдөг байсан буюу маш их том хэмжээний газрын эзэн Лал Бабу нэртэй хүн вайшнава болж Вриндаванад суурьшсан. Тэрээр мөн л айлаас айлд, тэр бүү хэл  өөрт нь таагүй муугаар хандагчдын гэрт хүртэл очиж өглөг өгөхийг гуйдаг байсан. Өглөг гуйхаар явж байгаа хүн очсон айлынхаа хүмүүсээс доромжлол басамжлалыг сонсоход бэлэн байх ёстой. Энэ бол бүрнээ  ердийн, хэвийн л зүйл. Чин бишрэлтэнгүүд ийм басамжлал доромжлолыг Кришнагийн нэрийн төлөөнөө тэвчих хэрэгтэй. Жинхэнэ чин бишрэлтэн бол Кришнад ямар ч байдлаар үйлчлэн зүтгэхдээ сэжиглэж дургүйцэх ёсгүй, ийн зүтгэж байгаадаа дур гутаж болохгүй.

Аугаа итгэл найдвар.

 

            Бурханы Дээд Бодьгалын  адислалд хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэх итгэлийг санскрит хэл дээр аша-бандха гэж нэрлэдэг. Аша-бандха нь хүн цаг үргэлжид: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн тогтоосон зохицуулах зарчмуудыг даган баримтлахаар өөрийн хүч чадал хүрэх бүгдийг хийж байгаа болохоор  би буцаад гэр лүүгээ, Бурханы зүгт эргэж харина гэдэгтээ итгэлтэй байна.” гэж боддогоор илэрдэг.

Энэхүү итгэл найдвар Рупа Госвамигийн нэгэн залбиралд хурц тодоор илэрхийлэгддэг. Тэрээр ийн залбирдаг: “Надад Кришнаг хайрлах хайр ч алга, тэр бүү хэл Түүнийг хайрлах хайраа хөгжүүлэх үйл— Кришнагийн тухай яриа хүүрнэлийг сонсоход болон Түүнийг магтан алдаршуулахад ч хүртэл татагдах дурлан татагдал байхгүй байна. Кришнагийн тухай байнгад  бодоход болон Түүний бадамлянхуа өлмийг зүрхэндээ  байрлуулахад тусалдаг бхакти-йогын арга надаас мөн л маш холд байна. Философийн мэдлэг болон буянт үйлийн тухайд гэвэл миний хувьд тэдгээрийг хийж үйлдэх ямар ч боломжгүй гэдгийг би харж байна. Тэгээд бас, би өндөр дээд гарал язгуур бүхий гэр бүлд төрөөгүй билээ. Иймээс ай Гопиджана-валлабха (Гопи нарын амраг хайрт хийгээд хамгаалагч, Кришна) минь ээ, Танд л залбирахаас өөр ямар ч зам надад алга. Миний хүсэж байгаа болон найдан байгаа цорын ганц зүйл бол Таны бадамлянхуа өлмийд ямар ч үнээр хамаагүй ойртох явдал. Би өөрийгөө амьдралын энэхүү трансцендент зорилгод ойртон дөхөхөд ч хүртэл таарч тохирохгүй, зохистой биш гэж үзэж байгаа учраас энэхүү найдвар горьдлого маань намайг зовоож байна.” Энэ нь аша-бандха-гаар  зэвсэглэсэн байгаа хүн Бурханы бадамлянхуа өлмийд ойртон дөхнө гэдэгтээ, тэр бүү хэл ямар ч горьдлогогүй болсон мэт санагдаж байсан ч үргэжлүүлэн найдсаар итгэсээр байх ёстой гэсэн утгыг илэрхийлж байна.

Амжилтанд хүрэхийг хүсэх.

 

            Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ амжилтанд хүрэх гэсэн хүсэлд маш хүчтэйгээр автан байгаа хүний энэхүү халуун хүслийг самуткантха буюу  дийлдэшгүй, мохошгүй хүсэл гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ энэхүү хүсэл бол Кришнагийн ухамсарт амжилтанд хүрэхийн төлөө төлөх хэрэгтэй үнэ. Бүх зүйл үнэтэй байдаг бөгөөд хүн ямар нэгэн юмыг авах, эзэмшихийнхээ өмнө үнийг нь төлөх ёстой. Хамгийн үнэтэй зүйл Кришнагийн ухамсартай болохын тулд хүн энэхүү хичээл чармайлтандаа амжилт гаргах гэсэн жинхэнэ, хүчтэй хүслийг хөгжүүлэх хэрэгтэй гэж Ведийн бүтээлүүдэд өгүүлдэг. Ийм давагдашгүй, дийлдэшгүй хүслийг Билвамангала Тхакур  Кришна-карнамрита номондоо маш сайхнаар илэрхийлэн гаргасан: “Биеийн нь гоо үзэсгэлэн бүхий л орчлонгийн дурыг татаж сэтгэлийг булаадаг, хар хөмсгөн хөвөө бүхий  мэлмий нь бадамлянхуан дэлбээг санагдуулам хийгээд Тэрээр чин бишрэлтэнгүүддээ хайр дүүрэн харцаа илгээх учраас байнгад ийш тийш хөдлөн тусаж байх Вриндаванагийн хөвгүүнийг харахыг би тэсэж ядан хүлээж байна. Түүний мэлмий нь үргэлжид чийглэгдсэн байх бөгөөд уруул нь балын өнгөтэй болой. Түүний уруулуудаас нь  хүн галзуурсан  заанаас илүү ихээр ухаан самуурам дуу авиа нисэн гардаг билээ. Вриндаванад Түүнийг харахыг ай ямар их хүсэж байнаа би!”

Бурханы ариун гэгээн нэрийг давтан уншихад дурлан татагдах.

 

            Радхарани Кришнагийн нэрийг яаж давтан хэлж байсныг мөн тэрхүү ном Кришна-карнамрита-д өгүүлдэг. Радхаранигийн найз охидын нэг ийн хэлдэг: “Ай Шри Говинда минь ээ, Вришабхану хааны охин— энэ бүсгүй одоо нулимсаа урсган байна, мөн Таны ариун гэгээн нэрийг: “Кришна! Кришна!” гэж бачимдаж мэгдсэн байдалтайгаар давтан хэлж байна.”

Бурханы трансцендент шинж чанаруудыг тодорхойлон өгүүлэхийг хүсэх.

 

            Бурханыг магтан алдаршуулахад дурлан татагдахыг Кришна-карнамрита-д мөн тодорхойлон өгүүлдэг: “Үгээр хэлж илэрхийлэхийн аргагүй баяр жаргалыг хүртээдэг хийгээд хорвоо дээрх хэн бүгдээс илүү хөдөлгөөнтэй дүрсгүй Кришнагийн төлөө би юу хийх вэ? Кришнагийн гайхамшигтай үйлүүдийн тухай бодох бодол нь өөрөө зүрхэнд минь няцаагдашгүй дурлан татагдлыг авчирдаг бөгөөд юу хийх ёстойгоо би өөрөө ч мэдэхгүй байна!”

Кришнагийн цэнгээн наадмаа өрнүүлсэн газар оронд амьдрах хүсэлтэй байх.

 

            Рупа Госвамигийн Падйавали гэдэг номонд Вриндаванагийн талаар ийн өгүүлдэг: “Энд Нанда Махараджагийн хүү малчдын хаан эцэгтэйгээ хамт амьдарч байсан.  Энэ нутаг оронд л Бурхан, Шакатасура демоны нуугдсан байсан тэргийг хэмхэлсэн билээ. Материаллаг оршихуйн зангилааг тас татах чадвартай Дамодараг мөн энд л Йашода ээж уясан.”

            Бурхан Кришнагийн цэвэр ариун чин бишрэлтэнгүүд Матхура эсвэл Вриндаванагийн дүүрэгт амьдран Кришнагийн цэнгээн наадмууд болж өрнөсөн бүхий л газар орнуудаар явдаг. Энэ л ариун дагшин газар орнуудад Кришна хүүхэд ахуй үеийнхээ цэнгээн наадмуудыг малчин хөвгүүд болон Йашода ээжийн хамтаар илрүүлж тодруулсан,  өрнүүлсэн билээ. Бурхан Кришнагийн чин бишрэлтэнгүүд энэ бүх газар орнуудаар явах заншлыг өнөө хүртэл даган баримталдаг бөгөөд Матхура эсвэл Вриндаванад ирж байгаа хэн бүр үргэлж трансцендент цэнгэл жаргалыг амталж эдэлдэг. Үнэхээр, Вриндаванад ирж байгаа хэн бүр энэхүү нутаг оронд тийм олон гайхамшигтай сайхан үйлүүдийг өрнүүлсэн Кришнагаас салж холдсон байгаагаа тэр даруйдаа л мэдэрдэг.

            Кришнагийн үйлүүдийг ой санамжиндаа байнгад дурсан бодохыг Кришнад дурлан татагдах гэж нэрлэдэг. Гэхдээ өөрсдийн чин бишрэлийн үйлчлэл зүтгэл гэж нэрлэгддэг үйлүүдийнхээ тусламжтайгаар эцэстээ Бүхний Дээд Бурханы ахуйд уусан нэгдэхийг хүсдэг имперсоналистууд болон ид шидийн йогчид гэж мөн байдаг. Заримдаа тэд Кришнагийн цэнгээн наадмаа өрнүүлсэн ариун дагшин  газар оронд ирсэн цэвэр ариун чин бишрэлтэнгийн амталж эдэлж байгаа сэтгэлийн хөдлөлийг дуурайхыг оролддог. Гэхдээ тэд ердөө л аврагдлыг эрж хайж явдаг, иймээс тэдний хийж байгаа бүхнийг дурлан татагдал гэж үзэх хэрэггүй.

            Кришнагийн цэвэр ариун ухамсар дахь дурлан татагдал бол маш ховор, тэр бүү хэл ангижирсан олон сүнснүүд хүртэл хүрэхийн аргагүй байдаг учир цэвэр ариун чин бишрэлтэнд байгаа тийм дурлан татагдал нь хөдөлмөрийнхөө үр дүнг таашаан ханамж эдлэхийн төлөөнөө  ажиллаж байгаа хүмүүс (карми) болон эмпирик-философичдын зүрхэнд хэзээ ч бүрэн хэмжээгээр хөгждөггүй гэж Рупа Госвами хэлж байна. Материаллаг бузраас бүрнээ ариуссан зөвхөн тийм түвшинд л чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хүрч болдог гэж Бхагавад Гита-д батлан өгүүлдэг. Зөвхөн ангижралд хүрэх болон бодьгал бус брахмаджйоти-д нэгдэхийг л зорилгоо болгосон хүн Кришнад татагдах дурлан татагдлыг өөртөө хөгжүүлэх чадваргүй. Энэхүү дурлан татагдлыг Кришна маш чандаар хамгаалдаг бөгөөд түүнийг зөвхөн Өөрийн цэвэр ариун чин бишрэлтэндээ л хүртээдэг. Кришнад татагдах ийм дурлан татагдалд зүрх нь кармын үйл болон түүний үр дагавраар бузартагсад, мөн философийн цэцэрхийлэлд төөрөлдөгсөд бүү хэл жирийн чин бишрэлтэн хүртэл хүршгүй, ойртох аргагүй.

Кришнагийн ашта-калика-лила-г өөртөө төсөөлөн боддог хуурамч чин бишрэлтэнгүүд олон байдаг. Заримдаа тэд, Кришна хүүхдийн дүртэйгээр өөрсөдтэй нь ярилцаж байна гэх юм уу, эсвэл Кришна Радхарани нар хамт өөрсөд дээр нь ирээд ярилцаж байгаа хуурмаг дүр байдал гаргах зэргээр Тэднийг дуурайхыг оролддог. Имперсоналистуудыг иймэрхүү жүжиг тавихад чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн эрдэм ухааны мэдлэг туршлагагүй гэнэн хүмүүс энэхүү гох дэгээнд орчихож мэдэх юм. Харин туршлагатай чин бишрэлтэн тэдний энэхүү инээд хүргэм дуураймал юмыг харах аваас энэ бүхэн бол хууран мэхлэл байна гэдгийг шууд ойлгодог. Ийм хууран мэхлэгч Кришнад дурлан татагдаж байна гэж хэн нэгэнд харагдаж байж болох ч чин бишрэлтэн түүний энэхүү хуурмаг дуураймал дурлан татагдлыг жинхэнэтэй нь хэзээ ч хольж хутгахгүй. Гэхдээ ийм дурлан татагдал нь  эцэстээ  жинхэнэ цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд дээшлэн хүрч чадна гэсэн горьдлого найдварыг тэдгээр хуурамч зан гаргагчдад  өгдөг гэдгийг тэмдэглэн хэлэх нь хэрэгтэй.

 Дуураймал дурлан татагдал нь тусгал болон пара (трансцендент) гэсэн хоёр төрөл байдаг. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг баримталдаггүй хийгээд жинхэнэ бурханлаг номын багшийн удирдлагыг хүлээн аваагүй байгаа хүн дуураймал  дурлан татагдлыг харуулж гаргаж байх аваас  түүний энэхүү дурлан татагдлыг тусгал дурлан татагдал гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ  материаллаг таашаал ханамжинд эсвэл ангижралд хүрэхэд дурлан татагддаг хүнд  Бурханы ариун гэгээн нэрийг магтан дуулдаг цэвэр ариун чин бишрэлтэнтэй  учран золгох зол завшаан тохиох явдал байдаг. Бурханы өршөөл нигүүлслээр ийм хүн ариун гэгээн нэрийг мөн магтан дуулж давтан уншиж эхэлж байж болох. Тэгж  байгаа цагт, цэвэр ариун чин бишрэлтэнтэй зүгээр л харьцсаны ачаар тэрхүү чин бишрэлтэнгийн зүрхнээс гийх сарны гэмээр гэрэл түүний дотоодод тольдон тусдаг бөгөөд цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн нөлөөллөөр тэрээр сониуч зангаар нь өдөөгдөн гарсан дурлан татагдалтай төстэй  ямар нэгэн байдлыг үзүүлж байж болох. Гэхдээ ийм дурлан татагдал нь маш өнгөц, хэврэг байдаг. Ийм тусгал дурлан татагдлыг илрүүлж тодруулах нь бүхий л материаллаг зовлон зүдгүүрээс салан хагацахад хүргэж байгаа тийм тохиолдолд энэхүү дурлан татагдлыг трансцендент (пара) гэж нэрлэдэг.

            Тусгал эсвэл пара-дурлан татагдал нь цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцах үйл явцад эсвэл Вриндавана эсвэл Матхура зэрэг ариун дагшин газар орнуудад очих үед хөгждөг. Кришнад татагдах ийм дурлан татагдал эгэл жирийн хүнд хөгжих хийгээд түүнд цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн хүрээлэлд  чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх зол завшаан тохиох аваас тэрээр цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд  мөн хүрэх боломжийг хүртдэг. Иймд трансцендент дурлан татагдал нь,   цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцсаныхаа ачаар тийм дурлан татагдлыг илрүүлж тодруулан үзүүлж харуулж байгаа  тийм эгэл жирийн хүнийг хүртэл төгс төгөлдөрийн үе шатанд дээшлүүлэн хүргэх тийм хүчирхэг байна. Гэхдээ Кришнад татагдах ийм дурлан татагдал нь  цэвэр ариун чин бишрэлтэнтэй биечлэн харьцах өршөөл нигүүлсэлгүй хүнд бол огт хөгждөггүй.

            Цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцсанаар Кришнад татагдах дурлан татагдал өдөөгддөг бол, мөн цэвэр  ариун чин бишрэлтэнгийн бадамлянхуа өлмийд алдас хийх аваас хорогдон багасдаг. Тодорхой өгүүлбээс, цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцсанаар  Кришнад татагдах дурлан татагдал өдөөгдөн хөгждөг, харин цэвэр ариун чин бишрэлтэнгийн бадамлянхуа өлмийд алдас хийх аваас тусгал эсвэл трансцендент дурлан татагдал алга болж мэднэ. Энэ үйл явц нь алга болж бүр харагдахаа болих хүртлээ аажмаар багасдаг тэргэл сарны  хорогдлыг санагдуулам. Иймээс цэвэр ариун чин бишрэлтэнгүүдтэй харьцахдаа тэдний бадамлянхуа өлмийд ямар нэгэн алдас хийхээс зайлсхийхийг хичээн маш анхааралтай байх хэрэгтэй.

            Цэвэр ариун чин бишрэлтэнгийн бадамлянхуа өлмийд хийж байгаа алдас нь хүнд хөнгөнөөсөө хамаараад хоёр төрлийн дурлан татагдалд  нөлөөллөө янз бүрийн байдлаар учруулдаг. Алдас маш ноцтой байх аваас дурлан татагдал бараг юу ч үгүй болно. Харин тийм ч хүнд бус байх аваас дурлан татагдал сулран хоёр эсвэл гуравдугаар ангиллын дурлан татагдал болж хувирна.

            Чин бишрэлтэн ангижралын эсвэл брахмаджйоти-гийн ахуйд уусах гэсэн үзэлд татагдаж эхлэх аваас  тэрээр экстазын түвшингээсээ тусгал эсвэл пара-дурлан татагдлын, эсвэл  аханграхопасана-гийн түвшинд аажмаар доошлон унадаг. Аханграхопасана нь өөрийгөө Бүхний Дээдтэй адилтган үзсэнээр бурханлаг танин мэдэхүйн үйл явцыг эхэлж байгаа амьд оршнолд  хамааралтай үг. Энэ тал дээр “монизм” гэсэн тусгай хэллэг, нэр томъёо байдаг. Монистууд  өөрсдийгөө Бүхний Дээд  Бурхантай нэг, адил гэж хэмээн үздэг. Тэд өөрсдийнхөө болон Бүхний Дээд Бурханы  хоорондхи ялгааг хардаггүй болохоор өөрсдөдөө бишрэл хүндэтгэлээ илэрхийлснээрээ дээдийн дээд Бүрэн Бүтэнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байна гэж үздэг.

            Заримдаа шинээр эхлэгч нь дээдийн дээд Бүрэн Бүтэнтэй нэгдэн нэг болчихсон байна гэсэн бодол сэтгэлд автан ихээхэн урам зоригтойгоор дуулж бүжиглэх нь харагддаг. Монизмын үзэл бодол нь цэвэр ариун трансцендент чин бишрэлийн үйлчлэл зүтгэлтэй ямар ч хамаагүй. Нөгөө талаас, хүн зохицуулах зарчмуудыг даган баримтлалгүйгээр чин бишрэлийн маш өндөр түвшинд хүрсэн байх нь харагдах аваас тэрээр чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн энэхүү түвшинд өнгөрсөн амьдралдаа хүрсэн байсан гэж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн шалтгаанаар түүний бурханлаг хөгжил дэвшил нь түр зууртаа зогссон байж, магадгүй энэ нь тэрээр чин бишрэлтэнгийн бадамлянхуа өлмийд алдас хийснээс болсон байж болно. Тэгээд одоо тэр зам мөрөө үргэлжлүүлэх дараагийн оролдлого чармайлтаа хийж эхэлж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд,   чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн тогтвортой хөгжил дэвшилтэнд зөвхөн цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцсанаар л хүрч болдог.

            Хэрвээ хүн  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ аажмаар сайжран дэвжих чадвартай байх аваас үүнийг Кришнагийн учир шалтгаангүй өршөөл нигүүлсэл гэж үзэх хэрэгтэй. Материаллаг таашаал ханамж эдлэхэд дурлан татагдахаас бүрнээ салан ангижирсан хийгээд цэвэр ариун экстазын чин бишрэлийг өөртөө хөгжүүлсэн хүн амьдралынхаа  ямар нэгэн үед тохиолдлоор бүдрэх хийгээд чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарим зарчмуудыг зөрчиж байсан ч түүнийг муучлах хэрэггүй. Үүнийг Бхагавад Гита-д баталдаг бөгөөд  тэнд өгүүлсэнчлэн, Бүхний Дээд Бурханд хэлбэрэлт гуйвалтгүйгээр итгэдэг хийгээд Түүнд чин үнэнч  хүн цэвэр ариун чин бишрэлтэнгийн өв тэгш  байдалд таарч нийцээгүй шинж чанаруудыг заримдаа тохиолдлоор  гаргасан байсан ч түүнийг тэртэй тэргүй цэвэр ариун гэж үзэх ёстой. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд, мөн Бурхан Кришнад, бас бурханлаг номын багшдаа итгэж байгаа хэлбэрэлт гуйвалтгүй итгэл нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэл дэх түүний үйл ажиллагааг маш өндөр түвшинд  дээшлүүлж босгоно.

            Нрисимха-пурана-д ийн өгүүлдэг: “Бие махбодь болон ухаанаа Бүхний Дээд Бурханы албанд бүхэлд нь зориулж хамруулан зүтгүүлж байгаа хүн энэ явцдаа ямар нэгэн зохисгүй үйлдэл хийж үйлдчих аваас  түүний хэлбэрэлт гуйвалтгүй чин бишрэлийн хүчний нөлөөллөөр энэхүү буруушаам зэмтэй үйлдэл нь маш хурдан хугацаанд юу ч үгүй алга болох нь эргэлзээгүй хэрэг.” Үүнийг заримдаа тэргэл саран дээр цэцэг өвчний  ул мөр, сорви мэт харагддаг толботой зүйрлүүлж үздэг. Гэхдээ эдгээр толбонууд нь тэргэл сарны туяаг бүрхэн хааж чаддаггүй. Үүн лугаа, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд бүрнээ автан байгаа хүний  их бус алдааг тооцон үзээд байхын хэрэггүй. Кришнад татагдах дурлан татагдал бол трансцендент баяр жаргал. Трансцендент баяр жаргалын зах хязгааргүй далайн дунд материаллаг гэм дутагдлын маш өчүүхэн толбо харагдахгүйгээр алга болно.

АРВАНЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Бурханыг хайрлах цэвэр ариун хайр бүхий

чин бишрэлийн үйлчлэл зүтгэл

 

            Кришнаг, Түүнтэй холбогдсон харьцааныхаа хэлбэрт хайрлах гэсэн хүсэл нь гүнзгийрсэн  чин бишрэлтэнгийн мэдрэмжийг Бурханыг хайрлах цэвэр ариун хайр гэж нэрлэдэг. Эхлээд чин бишрэлтэн бурханлаг номын багшийнхаа өөрт нь  зааж зааварласан чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудын дагуу хийж үйлддэг. Энэхүү үйлийн явцад материаллаг бузраасаа бүрэн ариуссан цагт чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх амт болон дурлан татагдал түүнд хөгждөг. Цаг хугацааны явцад энэ амт болон дурлан татагдал нь гүнзгийрсээр хайр болж хувирдаг. Үнэн хэрэгтээ, “хайр” гэдэг үгийг зөвхөн Бурханы Бодьгалтай тогтоосон харьцааг илэрхийлэхэд л хэрэглэж болно. Материаллаг ертөнц дэх харьцаанд энэ үгийг хэрэглэх нь огтын оновчгүй юм. Материаллаг ертөнцөд хайр гэж нэрлэгддэг тэр зүйл бол  шунал тачаал болохоос өөр юу ч биш. Хайр болон шунал тачаал гэдэг хоёр ойлголтын хооронд эрс тэс ялгаа байдаг, тэд хоорондоо алт төмөр хоёр мэт тийм  ялгаатай. Нарада-панчаратра-д тодорхой өгүүлсэнчлэн, Бхишма, Прахлада, Уддхава болон Нарада зэрэг аугаа эх сурвалжууд Бурханыг хайрлах цэвэр ариун хайр гэж хүний  шунал тачаал нь Бүхний Дээд тийш бүрнээ шилжсэн,  садан төрлийн дотнослын тухай ойлголт төсөөлөл нь мөн л зөвхөн Бүхний Дээдтэй холбогдсон тийм төлөв байдлыг нэрлэдэг.

            Аугаа эх сурвалжууд, тухайлбал Бхишма, Бурханыг хайрлах хайр бол  өөр хэн нэгнийг хайрлах хайр гэгдэгчээсээ бүрэн татгалзах явдал юм гэж тайлбарлаж байна. Бхишмагийн хэлж байгаагийн дагуу бол: Хайр бол мэдрэхүйгээ нэг л бодьгал дээр төвлөрүүлэх болон үлдсэн бусад бүгдэд татагдах дурлан татагдлаа орхин гээх явдал юм. Бурханы Дээд Бодьгал хоёр шалтгаанаар ийм цэвэр ариун хайрын обьект болдог. Энэ хоёр шалтгаан нь: нэг бол экстазын догдлол эсвэл Бурханы Дээд Бодьгалын Өөрийн нь учир шалтгаангүй өршөөл нигүүлсэл.

Экстаз.

 

            Ариун гэгээн бичээсүүд болон жинхэнэ бурханлаг номын багшийн зааж тогтоосон чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн заавар журмууд болон хорио цээрүүдийг биелүүлэх явдал нь Бурханыг хайрлах экстазын хайрыг төрүүлэх хүчирхэг арга юм. Зохицуулалт бүхий чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн явцад төрдөг энэхүү экстазын хайрыг Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (2.40)-д дараахь байдлаар тодорхойлон өгүүлдэг: “Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг даган баримталснаар чин бишрэлтэн өөрийн төрөлхийн Кришнагийн ухамсраа хөгжүүлдэг бөгөөд энэ явцад зүрх нь уяран зөөлрөх цагт тэрээр галзуу хүн лугаа дуулж, бүжиглэж эхэлдэг. Бурханы ариун гэгээн нэрийг давтан уншиж байх үедээ  тэрээр заримдаа уйлдаг, дэмийрч эхэлдэг, уйлдаг, ойр  орчин тойрныхноо үл анхааран ухаан солиотой амьтан лугаа бүжиглэдэг.”

            Цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах хайрын дурлан татагдлаар төрдөг экстазын хайрыг Падма-пурана-д тодорхойлон өгүүлдэг. Гоо үзэсгэлэнтэйгээрээ нэр цууд гарсан Чандраканти бүсгүй Кришнаг эр нөхрөө болгон авахаар цэвэр ариун байдлаа хатуу чандаар хадгалан байлаа. Тэр бүсгүй Бурханы трансцендент дүрийг байнгад бясалгах хийгээд Түүний алдар цууг тасралтгүйгээр магтан дуулж байв. Тэрээр өөр  хэнтэй ч гэрлэхийг хүсэхгүй байв. Зөвхөн Кришнаг л эр нөхрөө болгоно гэж тэрээр хатуу  шийдсэн байлаа.

Бурханы онцгой өршөөл нигүүлсэл.

 

            Чин бишрэлтэн экстазын хайрын төлөв байдалд цаг үргэлжид автан Бурхантай байнгад харьцаж байх аваас түүнийг энэхүү байр байдалд буюу түвшинд, түүнд онцгой өршөөл нигүүлслээ хүртээж байгаа Бурхан Өөрөө  дээшлүүлэн хүргэсэн гэж ойлгох хэрэгтэй. Ийм онцгой өршөөл нигүүлслийн жишээг Шримад Бхагаватамын арваннэгдүгээр дууллын (12.7)-д өгүүлдэг. Тэнд Кришна Уддхавад ийн айлддаг: “Вриндаванагийн гопи нар Надад хүрэх буюу Надтай учрахын тулд Ведийг үзэж судалж байгаагүй. Тэд хэзээ ч ариун дагшин газар орнуудаар эргэл мөргөл хийж байгаагүй, зохицуулах зарчмуудыг даган баримталж байгаагүй, мөн тэвчил хатамжлал ч хийж үйлдэж байгаагүй. Зөвхөн Надтай харьцаж байсан нь л тэднийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн дээдийн дээд төгс төгөлдөрт дээшлүүлэн хүргэсэн юм.”

            Чин бишрэлтэн Кришнагийн тухай байнгад бодох хийгээд Түүний алдар цууг үргэлжид  хайрын экстазтайгаар магтан дуулж байх аваас тэрээр ямар ч нөхцөл байдалд оршин байсан гэсэн Бурхан Кришнагийн онцгой өршөөл нигүүлслээр, юугаар ч бузартаагүй  чин бишрэлийн хайрын дээдийн дээд төгс төгөлдөрт заавал хүрнэ гэдэг нь Падма-пурана дахь Чандракантигийн болон Шримад Бхагаватамын гопи нарын жишээнээс харагдаж байна. Үүнийг Шримад Бхагаватамд ийн батлан өгүүлдэг: “Хүн Хари, Бүхний Дээд Бурханд  бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирлаа өргөн, Түүнийг хайрлан байх аваас энэ нь  тэрээр хэдийнээ байж болох бүхий л тэвчил хатамжлал болон наманчлалыг хийж үйлдсэн хийгээд өөрийгөө ухаарахуйн бусад бүх аргуудыг дадуулж хэрэгжүүлсэн гэдгийн нотолгоо гэрчилгээ. Нөгөө  талаас, байж болох бүхий л тэвчил хатамжлал болон наманчлалыг хийж үйлдэх хийгээд ид шидийн йогын бүхий л дасгалуудыг биелүүлэн байсан ч хүн өөртөө Хари-г хайрлах хайрыг хөгжүүлээгүй байх аваас энэ бүхэн бол цаг хугацаагаа хий дэмий хоосон үрж байгаа хэрэг гэж үзэх хэрэгтэй. Кришнаг өөрийнхөө гадна ч тэр, мөн дотоодод ч тэр харж байгаа хүнийг бол өөрийгөө ухаарахын төлөө хийж үйлддэг бүхий л тэвчил хатамжлал болон наманчлалыг туулж даван гарсан гэж үзэх хэрэгтэй. Харин бүхий л тэвчил хатамжлал болон наманчлалыг хийж үйлдсэнийхээ ч дараа гэсэн Кришнаг гаднаа ч, дотооддоо ч харах чадвартай болоогүй байх аваас түүний бүх хичээл чармайлт шал дэмий хоосон, ямар ч ач тусгүй өнгөрсөн хэрэг.”

            Бурханы учир шалтгаангүй өршөөл нигүүлслээр төрөн бий болж байгаа Кришнад татагдах цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах дурлан татагдал нь Бурханы аугааг гүнээ бишрэн шүтэх бишрэл болон Кришнад татагдах ямар ч гадаад учир шалтгаанаар өдөөгдөлгүйгээр өөрөө л аяндаа үүсэн бий болох дурлан татагдал гэсэн хоёр хэлбэрээр илэрч тодорч байж болно. Нарада-панчаратра-д өгүүлсэнчлэн, Бурханы аугааг гүнээ бишрэн шүтэж байгаа байдал нь Бурханд татагдах хүчтэй дурлан татагдал болон Түүнийг хайрлах хэлбэрэлт гуйвалтгүй хайр болж хувирсан байгаа хүн вайшнавуудын хувьд хүлээн авахуйц байдаг: Бурхан лугаа тийм шинж чанар бүхий биетэй болох, Бурхан лугаа тийм баялагтай болох, Бурхантай нэг гариг дээр амьдрах болон Бурхантай мөнхөд харьцаж байх боломжийг хүртэх гэсэн дөрвөн хэлбэрийн ангижралд хүрэх нь лавтай хэрэг. Вайшнава-ангижрал нь майавади нарын ангижрал— Бурханы туяанд уусах явдлаас үндсээрээ ялгаатай.

            Нарада-панчаратра-д цэвэр ариун, хольцоогүй  чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийг хувийн ашиг хонжоо олох гэсэн ямар ч сэдэл шалтгаангүй үйлчлэл зүтгэл гэж тодорхойлдог. Бурханы анхаарлыг өөртөө татах цорын ганц арга зам бол  Кришнаг хайрлах хайрын төлөв байдалд байнгад орших хийгээд өөрийн бүхий л бодол санаагаа Түүн дээр үргэлжид төвлөрүүлж байх явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурхан Кришнагийн дүрийн талаар байнгад боддог  вайшнаваг цэвэр ариун вайшнава гэж үзэх хэрэгтэй.

            Ер нь бол чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн бүхий л дүрэм журам болон хорио цээрийг нарийн чанд даган баримталснаар Бурханы учир шалтгаангүй өршөөл нигүүлслийг хүртсэн чин бишрэлтэнг Бурханы хосгүй эрхэм дээд аугаа байдал, Түүний трансцендент гоо сайхан болон Түүнд үйлчлэн зүтгэх цаанаасаа өөрөө аяндаа төрөн гарах чин бишрэлийн үйлчлэл зүтгэл татаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зохицуулах зарчмуудыг баримталдаг зөвхөн тийм хүн л Бурханы трансцендент гоо сайхныг бүрэн дүүрэн үнэлэх чадвартай болдог. Гэхдээ ямар ч тохиолдолд чин бишрэлтэн ийм өндөр байр суурийг зөвхөн Бурханы түүнд хүртээж байгаа онцгой өршөөл нигүүлслийн ачаар л эзэлдэг.

Цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцах.

 

            Бурханыг хайрлах хайрыг хөгжүүлэх янз бүрийн аргуудыг энэ хүртэл тайлбарласан. Харин  одоо Шрила Рупа Госвами энэхүү эрхэм дээд байр сууринд хүргэх хамгийн богино зам мөрийг ерөнхий байдлаар тайлбарлан өгүүлж байна. Бурханыг хайрлах экстазын хайр итгэлээс эхэлдэг. Цэвэр ариун чин бишрэлтэнгүүдийн олон нэгдэл болон нийгэмлэгүүд байдаг бөгөөд их бус итгэлийг агуулан байгаа хүн тэдэнтэй харьцаж эхлэх аваас цэвэр ариун чин бишрэлийн үйлчлэл зүтгэлдээ  маш хурднаар сайжран дээшилдэг. Цэвэр ариун чин бишрэлтэнгийн нөлөөлөл нь, бага зэргийн итгэл бүхий хүн түүнтэй харьцаж байгаа цагтаа тухайлбал Бхагавад Гита болон Шримад Бхагаватам зэрэг эх сурвалж бичээсүүдээс Бурханы талаар сонсох боломжийг хүртдэгт илэрдэг. Мөн тэгж байгаа цагт хэн бүрийн зүрхэнд залран байдаг Бурханы өршөөл нигүүлслээр эдгээр эх сурвалж бичээсүүдэд итгэх итгэл түүнд аажмаар хөгждөг. Энэ бол цэвэр ариун чин бишрэлтэнтэй харьцах харьцааны эхний үе шат. Бхакти-даа бага зэрэг хөгжил дэвшил гаргасан хийгээд  боловсорсон байдаг хоёрдугаар үе шатанд тэрээр  цэвэр ариун чин бишрэлтэнг бурханлаг номын багшаа болгон шавь орсноор түүний  удирдлага дор чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн зарчмуудыг даган баримтлах гэсэн хүсэл өөрөө түүнд сэрдэг. Дараагийн үе шатанд чин бишрэлтэн бурханлаг номын багшийнхаа удирдлага дор зохицуулалт бүхий чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэдэг бөгөөд үүний үр дүнд тэрээр үл хүсүүштэй үйл ажиллагаануудыг хийж үйлдэхээ бүрнээ зогсоон больдог. Үл хүсүүштэй үйлээ бүгдийг орхисон цагт түүний итгэл хэлбэрэлт гуйвалтгүй болдог бөгөөд түүнд эхлээд чин бишрэлийн албанд үйлчлэн зүтгэх трансцендент амт, дараа нь дурлан татагдал, тэгээд экстаз хөгждөг, харин сүүлийн үе шатанд нь Бурханыг хайрлах цэвэр ариун хайр хөгждөг. Цэвэр ариун хайр ийм үе шатуудаар хөгждөг.

            Зөвхөн хамгийн их зол завшаан тохиосон хүн л амьдралдаа ийм амжилтанд хүрч чадна. Ведийн бичээсүүдийг онолын хувьд үзэж судалдаг хүн ийм хөгжил яаж болж явагддагийг ойлгохгүй. Иймээс Нарада-панчаратра-д Шива бурхан Парвати-д хандан ийн өгүүлдэг: “Ай эрхэм дээд охин тэнгэр минь ээ, Бурханы Дээд Бодьгалыг хайрлах экстазын хайрыг өөртөө хөгжүүлсэн хийгээд энэхүү хайрынхаа ачаар трансцендент баяр  жаргалд байнгад умбах хүн бие махбодь болон ухаанаас төрөх материаллаг зовлон зүдгүүрийг ч тэр, мөн аз жаргалыг ч тэр мэдэрдэггүй.”

Хайрын анхдагч модны янз бүрийн салаанууд болох хайрын дурлан татагдал болон хайрын харьцаануудын араас хайрын олон янзын илрэл тодролууд дагалддаг. Гэхдээ бид тэдгээрийн талаар энд авч үзэхгүй. Тэдгээр илрэл тодролуудыг Санатана Госвами Бхагаватамрита-даа тодорхойлон өгүүлсэн. Хайрын дурлан татагдал болон хайрын харьцаанууд нь маш эрхэм нандин сэдвүүд, гэсэн ч Санатана Госвами тэдгээрийг ямар ч ёгтлол, далд утгагүйгээр маш дэлгэрэнгүйгээр нээн дэлгэдэг.

            Ийнхүү Шри Рупа Госвами Бхакти-расамрита-синдху-гийнхаа эхний хэсгийг, түүний энэ бүтээл нь трансцендент гоо сайхныг батлан тогтоосон Санатана Госвами болон мөн Шри Гопала Бхатта Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами болон Шри Рагхунатха даса Госвами  нарт трансцендент цэнгэл жаргалыг өгнө гэж найдан өндөрлөж байна. Энд дурьдсанаас үзэхэд, Бхакти-расамрита-синдху бичигдэх тэр үед аугаа Шрила Джива Госвами өөрийгөө хараахан илрүүлж тодруулаагүй байсан байна.

            Ийнхүү, Бхакти-расамрита-синдху-гийн дараагийн хэсгүүдэд агуулагдах Бурханыг хайрлах экстазын хайрын тодорхойлолтуудад таарч нийцэх хүүрнэлүүдийг агуулах эхний хэсэгт Бхактиведантагийн хийсэн хураангуй тайлбар өндөрлөлөө.

Доор PDF файл байдлаар татаж авах хаяг байна. Хэмжээ нь 1,3MB. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн рашаан (Нэгдүгээр хэсэг)   Вриндаванагийн зургаан Госвамид  өргөсөн залбирал нана-шастра-вичаранаика-нипунау сад-дхарма-самстхапакау локанам хита-каринау трибхуване манйау шаранйакарау радха-кришна-падаравинда-бхаджананандена матталикау ванде рупа-санатанау рагху-йугау шри джива гопалакау   “Зургаан Госвами— Шри Санатана Госвами, Шри Рупа Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Рагхунатха даса Госвами, Шри Джива Госвами болон Шри Гопала Бхатта Госвами нарын өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм би. Тэд бүхий л хүмүүсийн сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө шашны  мөнхийн зарчмуудыг тогтоох гэж  бүхий л ариун гэгээн бичээсүүдийг маш нарийн тодорхойгоор судалсан билээ. Энэ учраас тэдний  алдар цуу нь  бүхий л гурван ертөнц даяар түгэн тархсан бөгөөд тэд үргэлжид гопи нарын зан төлөвт автан умбадаг хийгээд Радха болон Кришнагийн трансцендент хайрын албанд үйлчлэн зүтгэж байдаг учраас бид тэднээс аврал ивээлийг эрэх ёстой.” Өмнөх үг               “Чин бишрэлийн рашаан” бол  Шрила Рупа Госвами Прабхупадагийн санскрит хэл дээр  бичсэн Бхакти-расамрита-синдху номын хураангуйлал юм. Шрила Рупа Госвами бол Бурхан Чаитанйа Махапрабхугийн шууд шавь нар болох зургаан Госвами нарыг тэргүүлж байсан. Бурхан Чаитанйатай анх удаагаа уулзах үедээ тэр Бенгалийн мусульманы засгийн газарт сайдын алба хашиж байлаа. Тэр үед түүнийг Дабир Кхас, харин дүүг нь Сакар Маллик гэж нэрлэдэг байв, тэд хоёулаа Набаб Хуссейн Шахын засгийн газарт сайдын өндөр  албан тушаалд ажилладаг байсан. Тэр үед буюу 500 жилийн тэртээ өмнө, хиндугийн нийгэм нь маш хатуу чанд хуулийн дагуу амьдарч байсан ба брахманы кастын хүн мусульманы засгийн газарт алба хаших аваас түүнийг брахмана гэж үзэж, тооцохоо больдог байв. Ах дүү хоёр Дабир Кхас болон Сакар Маллик нар ч гэсэн ийм байдалд орсон байлаа. Тэд сарасвата-брахмана-уудын маш өндөр кастад хамаарагддаг байсан ч Хуссейн Шахын сайдууд болсныхоо улмаас онцгой эрх дархаа алдсан байв. Харин Бурхан Чаитанйагийн өршөөл нигүүлслээр энэхүү эрхэм дээд хүмүүс маань Түүний шавь нар болцгоосон ба зөвхөн брахманы соёлын хүн л эзэлж болдог хамгийн өндөр дээд байр суурь болох госвами-гийн  байр сууринд дээшлэн хүрсэн. Үүнтэй адилаар, Бурхан Чаитанйа мусульманы гэр бүлд төрсөн Харидас Тхакураг мөн шавиа болгож байсан билээ. Түүний өршөөл нигүүлслээр хожим нь тэрээр Бурханы ариун гэгээн нэр: Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-г магтан дуулж давтан уншихын ачарйа болсон.             Бурхан Чаитанйагийн удирдлага болгож байсан зарчим бол өргөн хүрээтэй, нийтлэг буюу универсаль. Түүний дагуу бол Кришнагийн эрдэм ухааныг мэддэг хийгээд  Бурханд үйлчлэн зүтгэдэг хэн бүр брахманы гэр бүлд төрөгсдөөс илүү дээд байр суурийг эзэлдэг. Энэ бол Ведийн бүхий л бүтээлүүдэд, ялангуяа Бхагавад Гита болон Шримад Бхагаватамд хүлээн зөвшөөрөгдсөн ведийн философийн анхдагч зарчим. Бурхан Чаитанйагийн хөдөлгөөний үндэс нь болдог зарчим бол хэн бүрийг сургалтын явцад госвами-гийн эрхэм дээд байр сууринд дээшлүүлэн хүргэхэд оршдог бөгөөд “Чин бишрэлийн рашаан”-д энэхүү зарчмыг номлодог.             Бурхан Чаитанйа ах дүү хоёр буюу Дабир Кхас болон Сакар Маллик нартай  Малдах мужийн Рамакели тосгонд уулзалдсан ба энэхүү уулзалтын дараа  ах дүү хоёр засгийн газрын ажил албанаасаа гаран Бурхан Чаитанйатай нэгдэхээр шийдсэн. Хожим нь Рупа Госвами болсон Дабир Кхас алба хашиж байх хугацаандаа  хурааж хуримтлуулсан  бүх мөнгөө аваад ажлаасаа гарсан. Чаитанйа-чаритамрита-д өгүүлсэн байдагчлан, түүний хуримтлуулсан мөнгө нь хэдэн сая долларын үнэтэй тэнцэхүйц тийм их алтан зоос  байсан бөгөөд том завийг дүүргэж байлаа. Тэрээр мөнгөө хэрхэн хуваасан нь үлгэр жишээ болохуйц маш сургамжтай бөгөөд түүний үлгэр жишээг бүх хүмүүс, ялангуяа чин бишрэлтэнгүүд даган баримтлах ёстой.
Scroll to Top