1973 оны дөрвөн сарын 19.
Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Үеэ өнгөрөөсөн дарвины онол Шрила Прабхупада: Материаллаг ертөнц нь саттва, ража, тамас(буяны, шуналын, мунхгийн) хэмээх гурван чанарын хослол юм. Тэдгээр нь хаа сайгүй илэрдэг. Энэ чанарууд нь янз бүрийн харьцаа хэмжээтэйгээр амьдралын бүх хэлбэрүүдэд байдаг. Жишээ нь, нэг мод гайхамшигтай амттай үр жимсийг өгч байхад харин өөр бусад мод зөвхөн түлээ болгон хэрэглэхэд л тохирно. Энэ нь тэд байгалийн янз бүрийн чанартай холбоотойн үр дүн. Амьтан адгууснуудад ч энэ гурван чанар угаас байдаг. Үнээ буяны гунын нөлөөнд, арслан шуналын, мич мунхгийн гунын нөлөөнд оршино. Дарвиныхаар бол түүний эцэг нь сармагчин байж таарч байгаа юм. (Инээлдэв.) Түүний онол огт дэмий зүйл. Д-р Сингх: Зарим нэг амьд бодгаль нь оршихуйн төлөө тэмцлийн дүнд сөнөж мөхдөг хэмээн Дарвин өгүүлсэн. Амьдарч чадах нь үлдээд, эс чадах нь сөнөдөг. Тийнхүү тэрээр амьд үлдэх хийгээд сөнөж мөхөх нь гар гараасаа хөтлөлцөн явдаг гэж баталсан. Шрила Прабхупада: Хэн ч сөнөөгүй. Мичнүүд сөнөж устаагүй. Дарвины дээд өвөг болсон мичнүүд бүгд л оршин байгаа. Карандхара: Дарвин байгалийн шалгарлын онолыг дэвшүүлсэн. Гэвч шалгарал гэдэг нь сонголт гэсэн үг л дээ. Тэгвэл хэнийг сонгоод байгаа хэрэг вэ? Шрила Прабхупада: Бодгалийг сонгох ёстой. Нэгийг нь амьдрахыг, нэгийг нь сөнөж мөхөхийг хэн зөвшөөрсөн бэ? Тийм зөвшөөрлийг олгох эрх мэдэлтэй, оюун ухаантай ямар нэг бодгаль байх ёстойёо доо. Энэ бол бидний нэг дэхь баталгаа. Энэ бодгалийн хэн болохыг Бхагавад-гитад тайлбарласан. Кришна: майадхйакшена пракритих– “Байгаль нь Миний дээд хяналтан доор ажилладаг”/Б.-г.9.10/ хэмээн өгүүлсэн. Д-р Сингх: Түүнээс гадна, Дарвин, олон янзын амьд бодгалиуд нь нэгэн зэрэг үүсэн бий болоогүй ба тэд аажмаар хувьсан хөгжсөн гэж өгүүлсэн байдаг. Шрила Прабхупада: Тэгвэл тэрээр хэрхэн яаж хувислын процесс эхэлснийг тайлбарладаг вэ? Карандхара: Орчин үеийн дарвины онолыг баримтлагчид, анхны амьд организм нь химийн бодисуудын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон гэж баталцгаадаг. Шрила Прабхупада: Харин би тэдэнд хандаж: “Хэрэв амьдрал химийн бодисуудаас үүссэн юм бол, та бүгдийн шинжлэх ухаан хөгжлийн тийм өндөр түвшинд хүрсэн юм бол, чухам яагаад та нар өөрсдийн лабораторитоо биохимийн аргаар амьдралыг бий болгож үл чадна вэ? ” гэж хэлмээр байна.
Ирээдүйд… Карандхара: Тэд, ирээдүйд амьдралыг бий болгоно гэж ярьдаг. Шрила Прабхупада: Хэдий хир хурдан бэ? Ийм эгзэгтэй асуудал үүсмэгц тэд: “Бид үүнийг ирээдүйд л хийчихнэ” хэмээн хариулдаг. Яагаад ирээдүйд гэж? Энэ бол дэмий яриа. “Хэдий сайхан байлаа ч ирээдүйд бүү итгэ”. Хэрэв тэд тийм амжилтанд хүрсэн юм бол одоо л амьдралыг хэрхэн химийн бодисуудаас гаргаж авсныгаа бидэнд үзүүлэх ёстой. Эс тэгвээс тэдний хөгжил дэвшил гэж чухам юу юм бэ? Тэд зүгээр л дэмий зүйлийг ярьцгааж буй хэрэг. Карандхара: Тэд, амьдралыг бий болгохын яг босгон дээр байна даа гэж баталцгаадаг. Шрила Прабхупада: Энэ бол мөн л нөгөөх “Ирээдүйд” гэдгийг арай өөр үгээр хэлж байгаа хэлбэр. Эрдэмтэд амьдрал хэрхэн үүссэнийг ойлгодоггүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэд, амьдрал нь химийн гарал үүсэлтэй гэдгийг нотолно хэмээн баталцгаадаг ч энэ нь дараа төлнө хэмээн чек бичиж өгч байгаатай яг адил. Жишээ нь, би танд арван мянган долларын чек өгөөд, энэ мөнгийг та ирээдүйд авч болно гэж хэлжээ. Харин одоо бол миний дансанд юу ч байхгүй. Ийм чек нь хир их ач холбогдолтой вэ? Эрдэмтэд өөрсдийн шинжлэх ухаанаа тэнгэрт гартал магтацгаадаг ч практик дээр ямар нэг зүйлийг үзүүлэх болоход тэд үүнийг ирээдүйд л хийчихнэ хэмээн итгүүлж үнэмшүүлдэг. Жишээлэхэд би өөрийгөө саятан гэж батлалаа гэж бодъё. Гэвч харин та надаас жаахан мөнгө гуйвал би: “За. Би одоо танд маш их хэмжээний мөнгөний чек бичээд өгье. Түүгээр та ирээдүйд их мөнгө авч болно. Та үүнийг зохицуулчих уу?” гэж хариулж. Хэрэв та эрүүл ухаантай л бол: “Үгүй та надад ядаж таван доллар бэлнээр өгөөч. Би гартаа жаахныг барьж үзмээр байна” гэж хариулах бизээ. Үүн шиг эрдэмтэд: өөрийн лабораторидоо биохимийн тусламжтайгаар өчүүхэн өвсийг ч бүтээчихэж чадахгүй. Гэвч амьдрал химийн бодисуудаас үүссэн гэж тунхаглаад байдаг. Ямархан дэмий яриа вэ! Үүнд эргэлзэх хүн байна гэж үү? Карандхара: Амьдралын үүсэл нь химийн хуулиар тайлбарлагддаг гэж тэд өгүүлцгээдэг. Шрила Прабхупада: Хуулийн тухай яривал түүнийг бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэдгийг бид анхаарах ёстой. Хэдий шинжлэх ухааны хөгжил дэвшил гэж нэрлэж байгаа ч эрдэмтэд лабораторитоо өвсийг ч бүтээчихэж чадахгүй. Тэгэхээр тэд ямар эрдэмтэд болох вэ? Д-р Сингх: Эцсийн дүндээ бүх зүйл материас л үүссэн гэж тэд ярьдаг. Амьд матери нь амьгүй материас үүссэн гэж. Шрила Прабхупада: Тэгвэл энэ амьд матери нь одоо хаанаас үүсээд байгаа хэрэг вэ? Эсвэл эрдэмтэд, амьдрал урьд нь материас үүсч байсан одоо харин үүсэхээ байсан гэж батлаад байна уу? Одоо тэгвэл шоргоолж хаанаас үүсээд байна вэ? Бохир зүйлээс үү?
Дутагдаж буй гинжин хэлхээ Д-р Сингх: Амьдрал хэрхэн материас үүсдэг ба амьд матери нь хэрхэн амьгүйгээс үүсдгийг тайлбарласан хэд хэдэн онол байдаг. Шрила Прабхупада(материалист эрдэмтний дүрд тоглож буй д-р Сингхд хандан): Тийм байг, эрхэм ноёнтон. Тэгвэл яагаад одоо шууд амьдрал материас үүсчихгүй байгаа юм бэ? Үнэн хэрэгтээ энэ эрдэмтнүүд бол луйварчид юм. Тэд яг л хүүхэд мэт, үүнийгээ баталж чадахгүй мөртлөө амьдрал материас үүссэн гэж зүтгээд байдаг. Манай Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь энэ бүх луйварчдын үнэн нүүр царайг илчлэх ёстой. Тэд ердөө л мэхэлж байгаа хэрэг юм. Яагаад тэд амьдралыг шууд одоо бүтээчихгүй байгаа юм бэ? Урьд нь амьдрал материас үүссэн, ирээдүйд энэ зүйл дахин давтагдана гэж тэд ярьцгаадаг. Мөн тэд материас амьдралыг бий болгоно гэж ярьцгаадаг. Энэ ямар хэлбэрийн онол гээч вэ? Тэд амьдрал материас үүссэн гээд аль хэдийнээ тунхаглачихсан. Энэ нь “үүссэн юм” хэмээх өнгөрсөн цагт л хамаараад байна. Тэгвэл яагаад тэд одоо ирээдүйн тухай яриад байгаа билээ? Энэ нь харилцан зөрчилтэй биш байна гэж үү? Өнгөрснийг ирээдүйд хийчихнэ гээд л тэд горьдоод байдаг. Энэ бол хүүхдийн шулганаан. Карандхара: Тэд, амьдрал материас өмнө нь үүсч байсан тэр аргаар ирээдүйд түүнийг бүтээчихнэ гэж баталцгаадаг. Шрила Прабхупада: Ямар дэмий яриа вэ? Хэрэв тэд материас амьдрал үүссэнийг одоо л нотолж чадахгүй юм бол өмнө нь амьдрал энэ аргаар үүссэн гэдгийг хаанаас мэдсэн болж байна ? Д-р Сингх: Тэд зүгээр л төсөөлж … Шрила Прабхупада: Төсөөлөхийг хэн ч чадна. Харин гэтэл энэ бол шинжлэх ухаан биш. Төсөөлөхийг хэн дуртай нь хийж чадна: та ч би ч. Гэвч баталгаа хэрэгтэй. Бид амьдрал амьдралаас үүссэн юм гэдгийг баталж чадна. Жишээ нь, эцэг хүн хүүхдийг төрүүлдэг. Эцэг амьд, хүүхэд ч амьд. Гэтэл хүүхдийн эцэг нь үхмэл чулуу юм гэсэн баталгаа хаана байна ? Тэдний баталгаа нь хаана байна? Бид амьдралаас л амьдрал эхлэлээ авдаг гэдгийг хялбархан баталчихаж чадаж байна. Харин амьдралын эх үүсвэр нь Кришна. Үүнийг ч мөн баталж болно. Гэвч хүүхэд чулуунаас төрсөн гэдгийн баталгаа хаана байна? Тэд яагаад ч амьдрал материас үүссэн гэдгийг баталчихаж чадахгүй. Тэд үүнийг ирээдүйд хийнэ гээд л хойш нь тавина.(Инээлдэв) Карандхара: Одоо бол хүчил, аминохүчил зэргийг томъёолж чадна хэмээн эрдэмтэд ярьдаг. Тэдгээр нь ямар нэг байдлаар нэг эст амьд организмтай адил. Эдгээр хүчлүүд нь амьд оршнолуудтай маш адил болохоор тэдэнд амьдралыг бүтээхийн тулд ердөө ямар нэг гинжин хэлхээ дутагдаад байна даа гэж баталцгаадаг. Шрила Прабхупада: Шал дэмий яриа! Дутаад байгаа гинжин хэлхээ. Би тэдний эгц нүүр өөдөөс уриалан дуудмаар байна! (Инээд). Тэдэнд ийм дуудлага л дутагдаад байна. Дутагдаад байгаа гинжин хэлхээ бол тэдний нүүр өөд шидсэн энэ уриа дуудлага юм.
“Life comes from life”номоос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас |