Нэгэн бүсгүй, ламтныг өвчтэй хэвтэж буй эцгийнхээ эрүүл мэндийн төлөө залбирахаар очихыг гуйжээ. Хуврага ч өвчтөний өрөөнд ормогцоо орны өмнө сандал тавьсан байхыг хараад түүнийг ирнэ хэмээн бэлдэж дээ хэмээн санав.
-Та намайг хүлээж байгаа юу? – хэмээн хуврага асуулаа.
-Үгүй ээ, та хэн бэ? – хэмээн өвчтөн эргүүлэн асуув.
-Би лам хүн. Охин тань намайг таны эрүүл мэндийн төлөө залбирч өгөөч хэмээн урьсан юм. Таны орны дэргэд хоосон сандал байхыг хараад таныг, намайг ирнэ гэж мэдэж байжээ хэмээн санасан юм.
-Аа, тэр сандал уу? … хэмээн өвчтөн өгүүлснээ дуугаа намсган, -Би энэ тухай өөр хэнд ч хэлж ярьж байгаагүй… Бүхий л ухамсарт амьдралынхаа турш би сүм хийдэд очоод, тэндээс, үргэлж залбирч байх хэрэгтэй, залбирал нь хүнд олон зүйлийг өгдөг, зүрх сэтгэлий дулаацуулдаг гэх мэт зүйлсийг байнга л сонсдог байлаа. Гэсэн ч залбирлууд миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг байсан юм…
Дараа нь би бүр огт залбирахаа больсон. Хэдэн жилийн өмнө миний нэг сайн найз маань надад, залбирал бол зүгээр л Бурхантай ярьж буй харилцан яриа шүү дээ гэсэн. Тэр надад зөвлөхдөө, намайг нэг сандал дээр суугаад, нөгөө сандал дээр Иисус Христийг сууж байна гэж төсөөл гэж хэлсэн юм. Нээрэн ч Иисус Христ хэлэхдээ: “Галав эрин дуусан дуустал би өдөр бүр тантай хамт байх болно” гэж хэлсэн байдаг шүү дээ. .. Би үүнийг туршиж үзлээ. Надад энэ нь их таалагдсан бөгөөд өдөр бүр би бүтэн хоёр цаг энэ үйлдлийг хийдэг байлаа. Гагцхүү энэ байдлаа охиндоо харуулахгүйг хичээдэг юм. Эс тэгвэл тэр маань намайг галзуурсан гэж бодно шүү дээ.
Хуврага өвчтөний хэлж ярьсан зүйлд ихэд талархаж, Бурхантай ярилцдаг тэр яриагаа таслахгүй байхыг зөвлөөд, түүний төлөө залбирч, түүнийг адислаад явж одлоо. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа охин дахин түүн дээр ирээд, эцэг нь нас нөгчсөн тухай хэлэв. Хуврага түүнээс:
-Тэр хэрхэн одов ? – хэмээн асуухад, охин:
-Хоёр цагийн үед эцэг минь намайг дуудаад, -Надад маш их хайртай гэж хэлээд намайг үнссэн. Үүний дараахан би дэлгүүр орохоор гарсан юм. Эргээд ирэхэд минь эцэг маань амьсгал хураасан байсан. Гэхдээ түүний үхэл надад тун ч хачин санагдсан. Сүүлчийнхээ мөчид тэрээр хамаг л хүчэээ шавхан дэрнээсээ өндийж, орныхоо дэргэд байсан сандал руу зүтгээд түүнийг толгойгоороо дэрлэсэн байсан. Яг тийм байдалтай өнгөрсөн байсан. Энэ нь ямар учиртай вэ? Та юу гэж бодож байна? – хэмээн асуухуйд хуврага нулимсаа арчин:
-Бурхан минь хүн бүгд л тэгж буцдаг болоосой. Тэр сандал хоосон байгаагүй юм, – хэмээн хариулжээ.
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас