Ведийн зурхайд энэрэн хайрлах сэтгэлийг удирддаг гариг нь Сар, дурлан хайрлах сэтгэлийг удирддаг гариг нь Сугар байдаг. Тиймээс ч Сар нь эхийн хайрыг, хүний дотоод нинжин сэтгэлийн гол бэлэгдэл гариг байдаг бол Сугар нь амраг хайр, романтик харилцааны гол гариг байдаг. Түүнчлэн Сар нь санаа сэтгэлийн амгалан байдал, ухааны эрүүл саруул байдлыг хариуцдаг. Хэрвээ Сар хүний төөрөг зурхай дээр сөрөг байрласан байх аваас тухайн хүн амгалан тайван бус, сэтгэл санаа тогтворгүй, энэрэх нигүүлсэх сэтгэл төдийлөн сайн бус байдаг. Хэрвээ Сар тухайн хүний төөргийн карт дээр маш сөрөг байрласан байх аваас амьдралын тодорхой мөчлөгт сэтгэл санааны хүнд цохилт авах, галзуурах, ухаан солиорох, эрүүл бус сэтгэлгээтэй болох гэх мэт байдал ажиглагдана. Сар нь мөн нийгэм, олон нийттэй харилцах байдал, нийтэч байдал гэх мэтийг удирддаг гариг ба хэрэв хүний төөргийн карт дээр Сар сул байрласан байх аваас тухайн хүн төдийлөн нийтэч бус, зожиг, ганцаардмал мөн чанартай байдаг.
Сарны энэ мэтчилэн сөрөг нөлөөг арилгах, саармагжуулах ведийн зурхайн уламжлалт олон арга байдаг ч Монгол ардын уламжлалд Сарны энэ сөрөг нөлөөг бууруулах бас бус арга байдаг ажээ. Жишээ нь уйлаад унтахгүй байгаа хүүхдийн цээжин дээр элдсэн хурганы арьс тавимагц тайвшраад унтаад өгдөг тухай олон жилийн өмнө ээж маань ярьж байсан. Мөн монголчууд эртнээс хурган дотортой дээл өмсдөг байсан нь Сарны сөрөг нөлөөг засахад багагүй хэмжээний эерэг нөлөөтэй байсан нь ойлгомжтой юм. Үүнийг зурхайн ухаан талаас нь тайлбарлавал хурга бол амьтны нялх төл учраас түүнд хайрын эрчим энерги бүрэн шингэсэн байж таарна. Түүний ээжийгээ хайрлах, ээж нь түүнийг хайрлах хайрууд. Эх, үрийн хайр нь Сарны эрчим. Хурга голчлон цагаан өнгөтэй байдаг нь түүнд цагаан өнгийг удирддаг өөрөө цагаан өнгө бүхий Сарны эрчим бүрэн шингэсэн байж таарна гэсэн үг. Түүнчлэн хурга нь эхийн хайр шингэсэн ангир уургаа хөхөж байсан учраас түүнд хайрын эрчим илүү ихээр шингэсэн байсан гэсэн үг. Сүүг мөн Сар удирддаг. Энэ бүх хайрын, амар тайвны эрчим энерги нь түүнд, тухайлбал түүний арьсанд шингэсэн байдаг нь ойлгомжтой. Тиймээс ч уйлж буй буюу амгалан тайван бус байгаа хүүхдийн цээжин дээр Сарны хүчирхэг эрчим шингэсэн хурганы арьсыг тависнаар хүүхэд тайван амгалан болж унтдаг домтой байжээ. Гэхдээ хамгийн гол нь хурганы арьс нь цас, зуд, элдэв гай гамшгаас болж эндэж осолдсоноос үүссэн байх ёстой болохоос санаатайгаар хөнөөх байдлаар гарган авсан байж болохгүй гэдгийг та бүхэн хэлүүлэх юун билээ.
Сарны сөрөг нөлөөг бууруулах өөр нэгэн энгийн арга нь сүү хөөрүүлж, самрах. Сүү нь Сарны эрчмийг бүрэн шингээсэн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд сүүг ном сударт “шингэн хайр”, “шингэн дхарма” гэхмэтчилэн нэрлэсэн байдгаас ямар чухал хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь ойлгогдоно. Эрт дээр үеэс монголчууд тогоо дүүрэн сүү хөөрүүлж, хөөрснийх нь дараа өрөм загсаахын тулд том зэс эсвэл гуулин шанагаар бараг тоонондоо тултал хөөсрүүлэн самардаг байсан нь тухайн сүү самарч буй эмэгтэйчүүдийн Сарны сөрөг нөлөөг бууруулах маш хүчтэй заслын аргачлал болдог байжээ. Далайн ус дөлгөөн байхдаа бага эрчим энерги үүсгэдэг, давалгаалахдаа маш хүчтэй эрчим энерги үүсгэдэг шиг тогоо дүүрэн сүүний тэрхүү самрах үед үүсч бий болох давалгаалсан Сарны эрчим ямаршуу нэмэгдэх вэ гэдгийг төсөөлж болох бизээ.
Түүнчлэн нэмж хэлэхэд Сарны эрчмийг эерэгжүүлдэг өөр нэг заслын арга нь Нар жаргаж орой үдэш болсны дараа халуун бүлээн сүү уух явдал байдаг. Ялангуяа үхрийн сүү. Сүү нь бүхэлдээ Сарны эрчим шингэсэн хүнсний бүтээгдэхүүн юм. Үхэр нь өөрөө Сар болон Сугар гаригийн аль алиных нь нөлөөнд байдаг амьтан бөгөөд сүү нь тиймээс төдийчинээ Сарны эрчмийг хүчтэй шингээнэ гэсэн үг юм. Өдрийн цагт газар дэлхийд Нарны эрчим ноёлож байдаг бол шөнийн цагаар Сарны эрчим ноёлож байдаг. Тиймээс Сарны сөрөг нөлөөг бууруулж, эрчмийг хүчтэй болгохын тулд шөнө оройн цагаар халуун сүүг тогтмол уух нь шилдэг арга засал болдог. Сүүндээ бага зэрэг шар тос хийх нь Сарны нөлөөг илүү нэмэгдүүлж өгдөг. Шар тосыг Бархасвадь гариг удирддаг ба Бархасвадь нь Сарны үндсэн орд болох Мэлхийн ордод хамгийн их хүчээ авдаг. Түүнчлэн уураг сүү нь Сарны болон Бархасвадийн аль алиных нь эрчмийг хүчтэй нэмэгдүүлэх мөн чанартай хүнсний бүтээгдэхүүн мөн юм.
Өөр нэг арга нь нялх төлийн майлах дуу, мөн хурга, ишгээ эрэн майлж байгаа эх хонь ямаадын жинхэнэ хайрын дуу нь дээр өгүүлэгдсэнээр, хүний сэтгэл санааны эмгэгийг эмчлэх бүрэн боломжтой гэдэг нь ойлгогдохоор байна. Ганц эсвэл тав арван хонь ямаа биш, тавь жар, зуу зуун эхээ хайсан нялх хурга ишигний, хурга ишгээ хайсан эх хонь ямаадын майлах дууны нийлбэр дуу авиа нь хайрын ямар их эрчим энергийг өөртөө шингэсэн байх нь ойлгомжтой. Тиймээс ч ийм дуу авианы ачаар Сарны эрчим дутагдсанаас үүдэлтэй сэтгэл санааны эмгэгүүд, галзуурах, солиорох гэх мэт өвчнүүдийг эмчилж болохоос гадна Сарны бүх төрлийн сөрөг нөлөөг саармагжуулах зурхайн шилдэг засал болох боломжтой ажээ.
Бэлтгэсэн: Балабхадра дас