Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хагаст тохиодог Амалаки экадашийн талаар Таны айлдахыг сонслоо. Одоо Та Чайтра (3-4) сарын харанхуй хоёр долоо хоногийн экадашийн тухай, юу гэж нэрлэдэг? болон түүнийг баримталснаар ямар ач тус, үр дүнд хүрдэг талаар айлдаж соёрхоно уу.
Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын шилдэг нь минь ээ, бүх нийтийн ач тус, сайн сайхны төлөө Би Папамочани гэж нэрлэгддэг энэхүү экадашийн яруу алдрын талаар чамд баяртайгаар тодорхойлон айлдъя. Энэ экадашийн түүхийг Мандхата хаанд нэгэн удаа Ломаша Риши өгүүлсэн билээ.
Мандхата хаан мэргэнд хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, бүх хүмүүсийн сайн сайхан, болоод ач тусын төлөө Чайтра сарын харанхуй хагаст тохиодог экадашийг нэрлэж, түүнийг яаж баримталдаг талаар тайлбарлаж өгнө үү. Мөн тэрчлэн энэхүү экадашийг баримталсны ач тусыг тодорхойлон өгүүлнэ үү.” гэж хэлсэн.
Ломаша Риши хариулсан нь: Чайтра сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Папамочани экадаши гэж нэрлэдэг бөгөөд итгэл дүүрэн байх чин бишрэлтэнгүүдэд хий үзэгдэл болоод шулмууд (демонууд)-ын зүгээс үзүүлэх үйлдэл нөлөөлөлд саад тотгор хийдэг. Энэ экадаши нь мөн амьдралын найман төгс төгөлдрийг хүртээн соёрхож, бүхий л хүслийг биелүүлж, хүний амьдралыг бүх нүглийн үр дагавраас нь ангижруулж, хүнийг ач тустай, сайн үйлд батжуулан бэхжүүлдэг.
Энэ экадашийн түүхийг болон гандхарвануудын (тэнгэрийн орны хөгжимчид) ахлагч Читраратхын тухай хүүрнэлийг сонсоно уу. Нэгэн хавар, Читраратха тэнгэрийн орны бүжигчдийн хамтаар ойд зугаацан баясахаар ирсэн. Ургамал ногоо ид цэцэглэдэг цаг болж байлаа. Тэнд мөн тэдэнтэй өөр бусад гандхарванууд болон киннарууд нэгдэн нийлсэн. Тэдэнтэй, ойгоор зугаацаж явсан тэнгэрийн хаан Индра бурхан хүртэл хамт байлаа. Тэд бүгд л үүнээс илүү сайхан цэцэрлэгт хүрээлэн байхгүй гэдгийг мэдэрч шагшин байлаа. Тэнд мөн, тэвчил наманчлал үйлдэж байсан цөөнгүй тооны гэгээнтэн мэргэд байсан. Хагас бурхдууд ялангуяа Чайтра болон Вайшакха саруудад тэнгэрийн орны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацан явж цэнгэх их дуртай байдаг.
Тэр ойд аугаа гэгээн Медхави амьдардаг байсан бөгөөд үзэсгэлэнт хөөрхөн бүжигчин охин тэнгэрүүд түүнийг уруу татахыг үргэлж оролддог байв. Манжугхоша нэртэй нэгэн үзэсгэлэт хөөрхөн охин тэнгэр аугаа мэргэний анхаарлыг хэрхэн яаж татах вэ гэж олон янзын төлөвлөгөө боловсруулсан. Гэсэн ч түүнийг хүндэтгэх үүднээс болон олон жилийн туршид тэвчил наманчлал үйлдсэний үр дүнд хүртсэн хүч чадлаас нь айгаад тэр түүнд ойртож төвдөхгүй байлаа. Иймээс тэр өөрийн асар саравчаа гэгээнтэнгээс 2 милийн зайтай газарт босгон, хэнгэрэгээ дэлдэн тоглож, уян нялуунаар дуулж эхэлсэн.
Хайрын бурхан хүртэл түүнийг хараад, түүний дуулахыг сонсоод, түүний түрхсэн зандан модны тосон оо энгэсэгний анхилуун үнэрийг мэдрээд догдолж байлаа. Тэрээр өөрийнхөө Шива бурхантай холбогдсон бүтэл муутай явдлын талаар санаад Медхавийг уруу татан хариугаа авахаар шийдсэн1.
Манжугхошагийн нум мэт хөмсөг, хөвч мэт нүд, сум мэт харц, бай мэт хөхийг ашиглан хайрын бурхан Медхавийн дурыг татан, сахил санваарыг нь алдуулан гажуудуулж, трансын байдлаас нь гаргахаар түүнд ойртон дөхөж байлаа. Хайрын бурхан ийнхүү Манжугхошаг туслагчаа болгон ашигласан.
Хүчирхэг, дур булаам хийгээд залуухан гэгээнийг хараад Манжугхоша хүсэл тачаалдаа шатаж эхэлсэн. Үзэсгэлэн төгөлдөр, оюунлаг, эрдэм мэдлэгт нэвтэрхий түүнд брахманы цагаан зангиа болон санньясийн ариун бэрээ нь улам чимэг оруулсан байлаа. Чьявана Ришигийн ашрамд суугаа түүнээс Манжугхоша нүдээ ч салгаж чадалгүйгээр ойртон дөхлөө. Тэрээр дур булаам сайхнаар дуулж байхад түүний бүс болон шагайндаа зүүсэн жижиг хонхнууд хийгээд гартаа зүүсэн бугуйвчууд нь хөгжмийн шагшин гайхмаар аялгууг эгшиглүүлж байлаа.
Манжугхоша Медхавид алгуурхнаар дөхөж очлоо. Түүний алхаа гишгээ, талимаарсан харц нь Медхавийн анхаарлыг татсан. Манжугхоша гунхалзаж нахилзан байж хэнгэрэгээ тавиад мэргэнийг тэврэн авав. Түүний гар нь аврага том модыг ороон ургасан ороонги ургамалтай адилтгахуйц харагдаж байв. Дур булаагдан татагдсан Медхави бясалгалаа зогсоож орхин түүнтэй зугаацахаар шийдсэн. Тэр даруйдаа л зүрхний хийгээд ухааны нь цэвэр ариун байдал түүнийг орхин алга боллоо. Өдрийг шөнөөс ялгахаа больсноор тэр Манжугхошатай аль болох удаан хугацааны туршид таашаал ханамж эдлэхийн төлөө бүхнийг хийхэд бэлэн болсон байлаа2.
Манжугхоша өөрийн зорилгодоо хүрсэн хийгээд залуу иогчийн ариун гэгээн байдлыг үнэхээрийн ганхуулсан байна гэдгээ хараад түүнийг орхин, гэр лүүгээ буцахаар шийдсэн. Тэрээр: “ Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг гэртээ буцаж харихыг та болгоох ажаам уу.” гэж хэлэхэд Медхави: “Ай үзэсгэлэн гоо минь ээ, чи дөнгөж үзэгдээд л явах гэж үү, ядаж маргааш болтол надтай хамт байгаа ч дээ.” хэмээн хариулсан. Мэргэний ид шидийн хүчнээс айсаар Манжугхоша Медхавитай 57 жил 9 сар 7 хоногийг хамт өнгөрүүлсэн болов ч Медхавийн хувьд энэ бүх цаг хугацаа ганцхан хором мэт санагдсан. Тэрээр мэргэнээс дахин явуулахыг гуйхад Медхави: “Хайрт минь ээ, энэ шөнийг надтай хамт өнгөрөөгөө ч, тэгээд маргааш өглөө явж болно шүү дээ. Ядаж, намайг өглөөний зан үйлээ үйлдэх хүртэл, ариун гэгээн гаятри мантрагаа уншиж дуусах үе хүртэл энд байгаа ч дээ.” гэж хариу гуйсан. Манжугхоша инээсэн царай гаргахыг оролдонгоо: “Та өглөөний зан үйл болон уншлагаа хэзээ нэг үйлдэх юм бэ? Намайг өршөөн соёрхож, надтай хамт өнгөрүүлсэн цаг хугацаанд болсон бүхнээ бодоод нэг үзээ ч.” гэж хэлэв.
Гэгээнтэн, Манжугхошатай хамт өнгөрүүлсэн он жилүүдийнхээ талаар эргэн бодсоноо дараа нь маш их гайхснаа: “Нээрээ би чамтай 57 жил гаруйн хугацааг хамт өнгөрүүлсэн байна шүү дээ.” гэж хэлэв Түүний нүд улаанаар эргэлдэн түүнээс зэрэг зэрэг цахилгаан цахиж аянга ниргэх шиг болов. Одоо л тэр Манжугхошаг биелсэн үхэл хийгээд бурханлаг амьдралыг нь хөнөөн сүйтгэгч байдлаар харан: ”Ай хууран мэхлэгч, чи миний хамаг хүч чармайлтаа зориулсан тэвчил наманчлалын минь бүх үр дүнг юу ч үгүй шатаан үнс нурам болголоо. Ай хахир хатуу чулуун зүрхэт, унаж доройтсон нүгэлтэн минь, чи нүглээс өөр юу ч үл мэддэг юм байна. Чамд бузар, муу хувь тавилан учраг. Хууран мэхлэгч минь, би чамайг хорон муу санаатай пишача бол гэж харааж байна.” гэж хэлэв. Уур хилэндээ багтран салганан чичрэх тэр Манжугхошаг харааж байсан ч Манжугхоша хүлцэнгүйгээр: “Ай брахмануудын шилдэг нь минь ээ, намайг өршөөн соёрхож хараалаа буцааж хайрлана уу. Цэвэр чин бишрэлтэнтэй харьцсаны ач тус нь тэр дороо ирдэг, харин түүний хараал нь долоо хоногийн дараагаар биелдэг гэж ярьдаг билээ. Би тантай хамт 57 жилийн туршид хамт байсан шүү дээ. Ай эзэн минь ээ, надад өршөөл нигүүлслээ хайрлаач дээ.” гэж залбиран гуйв.
Медхави Муни: “Ай номхон даруу царайлагч минь ээ, Чи намайг юуг хий гэж? Чи миний бүхий л тэвчил наманчлалыг юу ч үгүй болтол бусниулан сүйрүүлсэн. Чи энэ нүглийг үйлдсэн ч гэсэн би чамд, миний уур хилэнт хараалаас хэрхэн яаж аврагдан ангижирч болохыг хэлж өгье. Чайтра сарын харанхуй хагаст, бүхий л нүглийг зайлуулан арилгах, бүгдэд тустай экадаши тохиодог бөгөөд энэ экадашийг Папамочани гэж нэрлэдэг. Ай үзэсгэлэн гоо минь ээ, энэ ариун гэгээн өдөр мацаг барих хэн бүхэн ямар ч демоны дүр, төрөлд төрөхөөс аврагдан чөлөөлөгддөг.
Энэ үгийн хэлээд гэгээнтэн эцгийнхээ ашрам тийш явсан. Гэртээ орж ирж буй хүүгээ хараад Чьявана Муни: “Ай хүү минь ээ, зохисгүй авирлаж, ёс бус үйл үйлдсэнээр чи өөрийн сахил санваар хийгээд тэвчил наманчлалын ач тусыг үгүй хийж, үрэн таран болголоо доо.” гэж халаглан хэлэв. Медхави эцгээсээ: “Ай эцэг минь ээ, Манжугхоша бүжигчинтэй харьцсанаар эдлэх ёстой болсон дур гутан жигшим, булай муухай нүглийг би өөрөөсөө хэрхэн яаж арилган зайлуулж болохыг надад нээн хүртээж соёрхоно уу.” хэмээн гуйлаа. Хариуд нь, Чьявана Муни: “Ай хайрт хүү минь ээ, чи Чайтра сарын харанхуй хагаст болох Папамочани экадашид мацаг барих хэрэгтэй. Тэр бүх нүглийг, хичнээн аймшигтай байсан ч ялгаагүй бүгдийг нь устган үгүй болгодог.” гэж хэлсэн.
Медхави, эцгийнхээ зөвлөсний дагуу Папамочани экадашид мацаг барьлаа. Ингэснээр түүний бүх нүгэл устан үгүй болж, тэр өөрийн урьдын гавья зүтгэлээ дахин хүртлээ. Мөн, Манжугхоша энэхүү мацгийг барьж пишача болох хараалаас аврагдсан. Тэрээр тэнгэрийн хүрээлэлдээ очиж өөрийн урьдын байр сууриа дахин эзэлсэн.
Ломаши Риши цааш нь үргэлжлүүлэн өгүүлсэн нь: Тэгэхлээр, ай хаан минь ээ, Папамочани экадашид мацаг барьсны аугаа ач тус нь түүнийг итгэл, чин бишрэлтэйгээр баригчийн бүхий л нүглийг устган үгүй болгодогт оршдог юм.
Шри Кришна төгсгөлд нь: “Ай Юдхиштхира хаан минь ээ, Папамочани экадашийн тухай сонсож байгаа, эсвэл уншиж байгаа хэн бүхэн мянган үхрээр өргөл өргөснөөр хүртэх ач тустай дүйхүүц тийм үр дүнд хүрдэг. Энэхүү экадаши нь мөн брахманыг хөнөөсөн, үр хөврөлийг аборт хийн устгасан, согтууруулах ундаа хэрэглэсэн болон гуру-гийн ор дэвсгэрийг бузарласны нүглийг арилган зайлуулдаг. Надад маш эрхэм байдаг хийгээд алдаршуулбал зохилтой Папамочани экадашийн энэхүү ариун гэгээн өдрийг зөв баримталснаар ийм хэмжээлшгүй их ач тусыг хүртдэг болой.” гэж айлдсан.
Папамочани буюу Чайтра-Кришна экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.
Тайлбар:
1.Пражапати Дакшийн үйлдсэн тахилга өргөлийн үед өөрийн хайртай эхнэр Ситагаа алдсаны дараагаар Шива бурхан тахилгын газар орныг юу ч үгүй болтол сүйтгэсэн. Дараа нь Шива өөрийн хадам эцэг Дакшид ямааны толгой хүртээн түүнд амьдралыг нь эргүүлэн өгөөд 60 жилийн турш бясалгалд автан умбасан. Брахма бурхан Шивагийн бясалгалыг зогсоон болиулахаар Камадева (хайрын бурхан)-г илгээсэн. Кама өөрийн сумуудаа (дуу авиа, амт, хүртэхүй, үнэр, хэлбэр дүрс) ашиглан Шива руу дайран довтолж түүнийг трансын байдлаас нь гаргасан. Гэвч Шива, өөрийн нь тайван байдлыг нь алдагдууллаа гэж маш ихээр уурлан хилэгнэж Камаг өөрийн гурав дахь мэлмийгээрээ хоромхон зуурт л үнс болгон хувиргасан.
- Эмэгтэй хүнтэй харьцах нь маш хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд ингэснээр эрчүүд бүхнийг, цаг хугацаа, алдагдаж буй эрч хүч, хөрөнгө зоорь, тэр ч бүү хэл өөрийнхөө тухай ч мардтаг. Нити шастирт өгүүлсэнчлэн: “стриия чаритрам пурушасья бхабьям дайво вижанати кито манушьяхбуюу хувь заяагаар нь тодорхойлогдсон байдаг хүний ирээдүйг таньж мэдэж болдоггүйтэй адил эмэгтэйчүүдийн зан байдлыг хагас бурхад хүртэл урьдчилан таньж мэдэж чаддаггүй.” Ягьявалки Муни: “Бурханлаг амьдрал тийш тэмүүлэн байгаа брахмачари нь эмэгтэйчүүдтэй харьцах бүхий л холбоогоо таслан зогсоож, орхих ёстой. Тэр түүний тухай бодох ёсгүй, түүнийг харах ёсгүй, хүнгүй зэлүүд газар түүнтэй ярих ёсгүй, түүнээс алба зүтгэл авах ёсгүй, түүнтэй бэлгийн харьцаанд орох ёсгүй.” гэж сургасан байдаг.