1973 оны дөрвөн сарын 18.
Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг
Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна.
Өөр бусад гариг дээрхи амьдрал
Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ?
Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг.
Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм.
Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг.
Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад тохиромжгүй тэд ярьдаг. Гэвч тэдний нотолдог ганц зүйл нь бидний мэдэх амьдралын хэлбэр маягт тэр нь тохиромжгүй гэдэг нотолгоо.
Шрила Прабхупада: Ведэд амьд оршнол нь материаллаг илрэлээс огтын хамааралгүй гэж өгүүлсэн байдаг. Түүнийг шатааж, зүсэж, хатааж, норгож болохгүй. Энэ тухай Бхагавад-гитад авч үзсэн.
Доктор Сингх: Эрдэмтэд, манай гариг дээрхи амьдралын тухай мэдлэгийг бусад гариг дээрхи амьдрал дээр хэрэглэж болох ёстой гэж тооцдог.
Шрила Прабхупада: Тиймээ. Тэд юуны түрүүнд л өөрсдийн тухай боддог. Тэд өөрсдийн амьдарч байгаа нөхцөл байдлаас ургуулан маш нарийхан, давчуу хүрээнд сэтгэцгээдэг. Үүнийг бид “эрхэм доктор Мэлхийн гүн ухаан” гэж нэрлэдэг./Инээлдэв/
Нэгэн худагт мэлхийхэн амьдардаг байлаа. Нэгэн удаа найзаасаа Атлантын далайн тухай сонсоод тэрээр асуусан нь:
– Атлантын далай гэж юу вэ?
– Энэ бол асар том усан сан, – гэж найз нь хариулж.
– Асар том оо? Тэр чинь миний худгаас хоёр дахин том уу?
– Өө үгүй дээ. Бүр хавьгүй илүү, – гэж нөхөр нь хариу өгүүлэв.
– Тэгээд хэд дахин том гэж? Арав дахин том уу?
Ингэж мэлхий өөрийн тооцооллоо үргэлжлүүлсэн. Гэвч хэрэв ийм байдлаар үйлдвэл далай нь ямархан аугаа гэдгийг ойлгоно гэж найдаж болох уу? Бидний боломж, туршлага, сэтгэх чадвар хязгаарлагдмал. Эрдэмтдийн бүхий л эргэцүүлэл эцсийн дүндээ мэлхийн гүн ухаанаас өөр юунд ч хүргэхгүй.
Карандхара: Тэд “шинжлэх ухааны шударга байдал” гэж нэрлэгдэх тэр зүйлээ маш их үнэлдэг. Энэ нь тэд зөвхөн өөрсдийн шууд туршлага дээр тулгуурлаж чадна гэсэн үг л дээ.
Шрила Прабхупада: Та өөрийн туршлагын талаар ярьж болно. Харин би өөрийнхийгөө. Гэвч юуны төлөө би таны туршлага дээр үндэслэн тооцох гэж? Хэрэв та тэнэг бол таныхаар бол би тэнэг болж хувирах ёстой юу? Та мэлхий бол хэрэв би халим бол яах вэ? Юуны тулд бүх зүйлийг таны худгийн масштабаар хэмжих ёстой гэж? Танд өөрийн гэсэн шинжлэх ухааны танин мэдэхүйн арга байна, харин надад өөрийн гэсэн.
Доктор Сингх: Сарны гадарга дээрээс ус олоогүй учраас эрдэмтэд тэнд амьдрал байхгүй гэсэн дүгнэлт хийсэн.
Шрила Прабхупада: Тэд Сарны бүх гадаргууг хараагүй. Жишээ нь, нааш аль нэг гаригаас хэн нэг нь нисч ирлээ гэж бодъё. Тэгээд Аравын элсэн цөлд газардаад, буцсан байг. Тэрээр бүх Дэлхийн байгалийн тухай бүрэн төсөөлөлтэй болж чадах уу? Түүний мэдлэг бүрэн бус болно.
Карандхара: Тэдэнд ус илрүүлдэг багаж бий л дээ. Тэд, түүнийгээ Сарны тойрог зам дээр тавиад, тэнд ус байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд тийм ч учраас мэдээж тэнд амьдрал байхгүй гэж ярьцгаадаг.
Шрила Прабхупада: Тэр ч байтугай тэнд Наран дээрхи шиг ус байхгүй байлаа ч ялгаагүй тэнд амьд оршнолууд бий. Огтхон ч усгүй мэт санагддаг элсэн цөлд кактус яаж ургадаг юм бэ?
Карандхара: Тэрээр түүнийг агаар мандлаас авдаг.
Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад гэвэл агаар мандалд амьдралыг тэтгэх бүхий л шаардлагатай элементүүд бий: шороо, ус, гал, агаар, огторгуй. Эдгээр элементүүд нь ямар ч материаллаг объектод оршин байдаг. Жишээ нь, хэдийгээр та харахгүй байгаа ч миний биенд ус бий. Энэ дулаан хаанаас гараад байна ? Та гал харахгүй байна. Миний биен дотор гал ноцож буйг та харж чадах уу? Тэгвэл хаанаас дулаан гарна вэ? Үүнд хэрхэн хариулах вэ?
Харьцангуй байдал ба мэдлэг
Шрила Прабхупада: Бүх амьд оршнолууд нь хооллох, унтах, үржих, өөрийгөө хамгаалах гэсэн үйлийн дөрвөн үндсэн хэлбэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах оюун ухаантай. Энэ дөрвөн зарчим нь атомд ч буй. Хүн арай жаахан илүүтэй оюун ухаантайгаараа л бусдаас ялгарна. Тэрээр түүнийхээ тусламжтайгаар Бурханыг таньж чадна. Энэ бол цорын ганц ялгаа юм. Ахара-нидра-бхайа-маитхунам ча саманйам этат пашубхир наранам /Хиопадеша/. Хоол, нойр, бэлгийн амьдрал, өөрийгөө хамгаалахуйг хаа сайгүй харж болно. Модод хэрхэн ургасныг та нар харсан. Яран дээгүүр холтос шууд ургаагүй. Тэр түүнийг тойрч ургасан байна. (Шрила Прабхупада холтос хэрхэн түүн дээгүүр биш ярыг тойрч ургасныг заан дохив). Мод: “Хэрэв энэ чиглэлд ургавал би саадтай тулгарна, тиймээс би өөр зам сонгоё” гэж ухамсарлан боджээ. Гэвч модны нүд хаана байна вэ? Тэр хэрхэн яаж хардаг хэрэг вэ? Тэр оюун ухаантай юм. Энэ оюун ухаан нь биднийх шиг хэмжэнд хөгжөөгүй ч энэ бол оюун ухаан. Жаахан хүүхдэд ч оюун ухаан бий. Түүний оюун ухаан эцгийнх шигээ тийм хөгжилтэй биш л дээ. Тодорхой хугацааны дараа жаалхүү насанд хүрсэн хүний биеийг олж авах ба тэр цагт түүний оюун ухаан бүрэн дүүрэн хөгжиж, илэрч мэдэгдэх болно.
Д-р Сингх: Энэ тохиолдолд оюун ухаан нь харьцангуй гэсэн ойлголт болно.
Шрила Прабхупада: Тиймээ. Бүх зүйл харьцангуй. Та өөрийн гэсэн биетэй, өөрийн гэсэн амьдрах хугацаатай, харин шоргоолж өөрийн гэсэн. Бид ч, шоргоолж ч зуун жил амьдрах ба энэ “зуун жилийн” үргэлжлэх хугацаа бидний бие махбодиос хамаардаг. Тэр ч байтугай энэ орчлонгийн хамгийн урт нас заяагдсан амьд бодгаль Брахма ч зуун жил амьдардаг. Бидэнд шоргоолж хэдхэн өдөр амьдарч байгаа мэт санагддаг. Үүнтэй адилаар агаар мандал нь дэлхийнхээс өөр бусад гаригуудад эдгээр гаригс дээрхи нөхцөлд тохирсон амьдралын хэлбэрүүд бий. Гэвч эрдэмтэд бүгдийг Дэлхийн харьцангуй нөхцлийн үүднээс харахыг оролдож байна. Энэ бол дэмий зүйл. Тэд яах гэж ийм зүйл хийнэ вэ? Хэрэв бүх сансрын илрэл нь харьцангуйн хуулинд захирагддаг юм бол эрдэмтэд манай гариг дээрхи нөхцөл нь бусад гариг дээрхи амьдралын нөхцөлтэй тохирох ёстой гэж хэрхэн баталж чадаж байна вэ? ….
8 600 000 000 жил үргэлжлэх өдөр
…Д-р Сингх: Энэ ертөнц дээрхи бараг хүн бүр өөрсдийн оршин буй нөхцөл байдлаас ургуулан бүх зүйлийг хардагт л зовлон байгаа юм. Гэтэл харин энэ нь огт дэмий зүйл.
Шавь: Өөрийн тосгоноо хэзээ ч орхиж үзээгүй хүн ертөнц тосгоных нь хил хязгаараар дуусна л гэж бодно.
Шрила Прабхупада: Тиймээ. Мэлхий бүх зүйлд өөрийнхөө худгийн хэмжээсээр ханддаг. Далай гэдэг аугаа ч тэр мэлхий түүний аугаа хэмжээг өөрийн хэмжээсээр л хэмжинэ. Бурхан мөн аугаа ч бид Түүний аугаа байдлыг бидний өөрсдийн харьцангуй аугаа байдлаар л хэмжихийг оролдоно. Шөнө төрөөд, өсөөд, үр удмаа үлдээгээд, үүр цайхаас өмнө үхдэг шавьжнууд ч байдаг. Тэд хэзээ ч өглөөг хардаггүй. Ийм учраас хэрэв тэд өглөө гэж ерөөсөө байдаггүй гэж тооцвол энэ нь дэмий яриа болно биз. Түүн шиг бид судар шастираас Брахмын нас нь бидний сая сая жилээр хэмжигддэг гэдгийг олж мэдээд үүнд итгэдэггүй. Бид: “Яаж ийм юм байж болох вэ дээ?” гэж ярьцгаана. Гэвч Бхагавад-гитад/8.17/: сахасра-йуга-парйантам ахар йад брахмано видух– “Дөрвөн тэрбум гурван зуун сая жил нь Брахмын арван хоёр цагтай тэнцмүй” гэж өгүүлсэн байдаг. Тэр ч байтугай энэтхэгийн нэртэй улс төрийн зүтгэлтэн, “Гита”-гийн аугаа мэдлэгтэн үүнийг зөвшөөрч чадааггүй. Тэрээр, энэ бол бодож олсон зүйл гэж хэлсэн. Ямархан үл бүтэх амьтан байна! Чингэвч түүнийг нилээд зэгсэн сайн эрдэмтэн гэж тооцоцгоодог. Проблем үүнд л байгаа юм. Үл бүтэх этгээд, тэнэгүүдийг эрдэмтэн, судлаач, гүн ухаантан хэмээн хүлээж авдаг. Ийм учраас л бүх дэлхий ертөнц буруу замаар явж байгаа юм.
Үгийн тайлбар: Брахма-Орчлонгийн хамгийн анхдагч бодгаль, энэ орчлонг бүтээгч сахиулсан тэнгэр
“Life comes from life”номоос орчуулан сийрүүлсэн:
Балабхадра дас