Ведийн нийгэмд, мах идэгчдэд нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Та яг л солонгосчууд шиг нохойн мах идэж болно. Гэвч жам ёсоороо үхээгүй л бол үхрийн махыг бүү идэгтүн. Бид “үхрийн махыг огт бүү ид” гэж хэлээгүй. Хэрэв та үнэхээр л үхрийн маханд дуртай бол түүнийг үхсэнийх нь дараа ид. Ялгаагүй л түүнийг ямар нэг амьтан иднэ шүү дээ. Ихэвчлэн үхрийн цогцсыг таснууд иддэг. Гэвч яагаад зөвхөн тас бүргэдүүд идэг гэж? Яагаад түүнийг тас бүргэдүүдээс ялгаа бага орчин үеийн “соёл иргэншилт” хүмүүст өгч болохгүй гэж?
… Хэрэв хүмүүс бидний зөвлөгөөг дагаж эхлэвэл дэлхий ертөнцөд бүх зүйлс эмх цэгцтэй болох болно. Харин түгшүүр, эмх замбараагүй байдал ноёлож байдаг нийгмийг дөрөвдүгээр зэрэглэлийн хүмүүс толгойлж байвал ямар сайн зүйлийг хүлээж болох вэ?
Олонхи нь, миний ийн нээлттэйгээр илэн далангүй хэлсэнд уурлах нь тодорхой. Гэвч үнэн чанартаа орчин үеийн бүхий л нийгмийн удирдагчид доод анги давхаргад хамаардаг гэдэг нь үнэн…
Гэвч хүний амьдрал нь тодорхой зохицуулах зарчмуудад захирагдаж байх ёстой… Зохицуулах зарчмууд үгүй аваас хүмүүс адгуусны түвшин хүртэл уруудан доошлох болно. Тэдний амьдрал бүх талаараа адгуусныхтай адил болно.
Ургамал, амьтан адгуусны хэлбэрт олон сая жилийг амьдарч өнгөрөөгөөд эцэст нь арай гэж хүний биеийг хүлээн авсан мөнхийн сүнс нь йогт хандах боломжийг олж авдаг. Харин йог гэдэг нь өөртөө хатуу хорио цээр тавихыг хэлдэг. Индрийах самямах буюу бид мэдрэхүйнүүдээ хазаарлан барих ёстой. Үүнд л жинхэнэ йогийн системийн амь сүнс оршино. Гэвч өнөөдөр йогоор хичээллээж байгаа хэмээн тооцогч ихэнхи хүмүүс үүнийг маш буруугаар хийж буй. Тэд яг л амьтан адгуус мэт өөрсдийн мэдрэхүйгээ хянаж чаддаггүй. Хүн тул тэд илүү хөгжингүй оюун ухаантай. Тиймээс л мэдрэхүйгээ удирдаж сурах хэрэгтэй юм. Тэр цагт л тэдний амьдралыг хүний хэмээн нэрлэж болно.
Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада
“Өөрийн дотоод руу аялахуй” ишлэл -29
Орчуулж бэлдсэн: Балабхадра дас