Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 5
Users Today : 15
Users Yesterday : 49
Total Users : 12895
Views Today : 29
Views Yesterday : 89

(Болсон үйл явдлаас сэдэвлэв)

Зуны нар эгц дээрээс

Зулай төөнөн халуу шатаана

Зусландаа буусан айлуудын гэр

Зурсан юм шиг жигд ярайна

Суунаглах утаа айлын гэрээс

Шугамдсан юм шиг дээш зурайна

Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр

“Дээрэмчин” элээ хааяа эргэнэ

Захын гэрээс жаахан борхүү

Сав бариад усанд харайлаа

Жаахан толгойн энгэрээс урсах

Сайхан булаг дээр яаран очлоо

Хэдэн зууны түүх хүүрнэх

Хиргүй булаг жирэлзэн байлаа

Хэтдээ магадгүй нуур ч болох

Хэмжишгүй ихээр ундарч байлаа

Энэ булаг догшин нэртэй ч

Энэ хавьдаа л арвин устай

Эмээ, өвөөгийн захиас ихтэйг

Эрхбиш анхаарч явбаас зохилтой

Тунгалаг урсах булгийн эхнээс

Том шанагаар утгаж эхлэлээ

Тун удалгүй сав нь дүүрээд

Дуслаар ч биш бялхаж асгалаа

Гэтэл юу вэ усан дээгүүр

Хэдэн цагаа хөвж харагдлаа

Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй

Шалавхан шүүрээд гарсан байлаа

Гэмтэй жаал саваа анзааралгүй

Гэрийн зүг хазайсхийн алхана

Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны

Гэнэгүй шинж энэ үү гэлтэй

Булгийн эзэн нь ногоон дээлтэй

Буруу гартаа шүрэн эрхитэй

Гоёл чимгийг чамгүй зүүсэн

Гоо зүстэй бүсгүй байлаа

Баруун нүдэнд нь сүү дусчээ

Баахан анивчаад нухлаж үзвээ

Байн байсаар уур нь оволзож

Балмад хөвгүүнийг харааж эхлэв

Дөчин өдөр, дөчин шөнө

Түймэр мэт халуурах болтугай

Түүний хойно эдгэх боловч

Төрсөн нүд нь сохрох болтугай

Ийм хараалыг эрсхэн урсгаад

Эргэж одов орд гэртээ

Эзэн тэнгэрийн гэсгээл нэгэнтээ

Ниргэж түүн дээр бууна л байх даа

Харьсан шөнөө хөөрхий борхүү

Халуурч хонов үг сүггүй

Айсан ээж нь өөрийн мэддэг

Аргаа хэрэглээд тус болдоггүй

Сумын төвөөс эмч ирэв

Суганд нь шил, цээжинд нь чагнуур

Сууж үзээд, босч чагнаад

Шууд баахан эм бичив

Бүлээрсэн хүү эм танг

Бүүр түүрхэн уумар аядана

Бүтэн гурав хоноод байхад

Түрхэн боловч халуун нь буусангүй

Аав, ээж нь арга хэлэлцэв

Айлын хүмүүстэй зөвлөж ярилцав

Айхтар өвчний уг нь болвоос

Ад лусын гаралтайг магадлав

Удаан сууж хоорондоо ярилцаад

Уншлагатай лам залахаар болов

Уулын аманд даяанчлан суудаг

Унзад гэлэнг урихаар явав

Хадаг барьж, барьц амлаж

Хаалга орчим нь мөргөхөө алдаж

Хамаг учраа айлтган байж

Халзан ламыг гэртээ урив

Хоолны үнэр хан хийв

Хонх, дамар дан хийв

Хүжний утаа сэн хийв

Хүмүүсийн чих сэртэс хийв

Бүтэн өдөр хөлсөө арчин

Бүдүүн ламтан ном уншив

Бүрхэг тэнгэр хэрвээ байсан бол

Цэлмэг ч болчихоор дуугаа барав

Халуурч хэвтээ хүү рүүгээ

Хааяахан ээж нь горьдон харна

Хамаг биеийг нь хүлсэн олс

Тасрах юм шиг дотроо санана

Гэтэл харин хүүгийн халуун

Хэвэндээ байсаар заримдаа дэмийрсээр

Хирэндээ хичээсэн бүх арга

Хийссэн мэт нэмэр болсонгүй

2

Жаахан борхүү хөөрхөн дүүтэй

Салаа гэзэгтэй, торомгор нүдтэй

Ахынхаа араас сүүдэр шиг дагадаг

Адтай сэргэлэн охин байлаа

Урьд нь бол ахынхаа хамт

Урт шилбүүр унан давхиж

Урд, хойно нь салахгүй дагадаг

Угийн золбоотой охин байлаа

Харин одоо ах нь өвдөөд

Хамт тоглох чадалгүй болохоор

Хажуу айлын охин Дулмаатай

Харуй бүрий болтол тоглоно

Нэгэн удаа булгийн эхэнд

Нээсэн авдар шиг цохион дэргэд

Хоёр охин тоглож байв

Хоол унд бэлдэж байв

Голын гүний цагаан чулуудаар

Хонин сүргээ хийсэн байлаа

Гойд чамин улаан чулуудаар

Ямаан сүргээ хийсэн байлаа

Арын уулан алаг чулуудаар

Адуун сүргээ хийсэн байлаа

Өмнө толгойн өөхөн чулуудаар

Үхэр сүргээ хийсэн байлаа

Эрэлд явахдаа аавын авчирсан

Элгэн улаан соньхон чулуудаар

Тэнэгэр говийн чимэг болсон

Тэмээн сүргээ хийсэн байлаа

Үзэмж төгөлдөр чулууд

Үхрийн хэдэн аргал

Өнгийн олон шил

Өвс ногоо, цэцэгнүүд

Хушны хэдэн боргоцой

Хоёр гурван тошлой

Тосны ганц савхан

Тоотой хэдэн ааруулхан гээд

Хоёр хүүхдийн тоглоомонд

Хосгүйрхэх юм байсангүй ч

Хорвоогийн гэгээн амьдралыг

Төлөөлөх бүхэн байсан юм

Хоёр хүүхэд хачин эвтэй

Холоос харвал айл аятай

Хотын гийчнээ дайлж тоглоно

Хонь үхрээ сааж тоглоно

Хавь орчноо ч анзаарах сөхөөгүй

Халуун нартайг ч анхаарах чөлөөгүй

Хачин гоё тоглож байлаа

Харсан хэн ч бахадмаар байлаа

Гэв гэнэтхэн нэгэн хоолой

Гэр орныг нь магтаж гарав

Хичнээн гоё, өчнөөн сайхныг нь

Хэлэх үгээ олохгүй шагшрав

“Ямар гоёхон тоглодог хүүхдүүд вэ?

Яасан ч олон малтай юм бэ ?

Ямар эвтэй тоглодог хүүхдүүд вэ?

Яасан ганган гэртэй юм бэ ?”

Гэнэтийн дуунд цочиж гайхсан

Гэнэн жаахан хоёр охины

Гэзэг үс нь босох шиг болов

Хэлэх үг нь гацах шиг болов

Арай ядан сэхээ ороод

Арагшаа, урагшаа баахан хараачлаад

Хачин сонин дууны эзний

Харагдах барааг олж чадсангүй

“Өвдөж байгаа ах чинь мөдхөн

 Өндийж босоод дэгдэж одно

 Өргөс аваад хаясан дайтай

 Өмнөх бүхнээ мартах болно

 Та хоёр том болоод

Тавилан заяа чинь тэгш яваг

Тал дүүрэн адуу малтай

Таваг сав нь хоол ундтай

Өвдөж хавдах зовлон үгүй

Өлсөж гундах шаналан үгүй

Үр хүүхдээр өнөр баян

Өргөн түмний хүндлэл арвин

Сайн сайхан явах болтугай

Санасан бүхэн чинь бүтэх болтугай”

Ийн ерөөгөөд нөгөө хоолой

Инээд алдан одох шиг болов

Ийм хачинтай учирсан хоёр

Илбэдүүлсэн мэт ангайж хоцров

Яаран сандран гэртээ иртэл

Ядарч хэвтсэн ах нь алга

Ямаа, хонио нааш нь эргүүлэхээр

“Ягаан морио” унаад оджээ

Байдаг аргаа барж дууссан

Бялхдаг нулимсаа нэрж дууссан

Хөөрхий ээж туйлын баяртай

Хөөрүүлж суув дүүрэн сүүгээ

Цөм л аргаа цөмж дууссан

Шөнийн нойроо цөлж туусан

Зайлуул аав нь гэгээн баяртай

Цайгаа уугаад мишээн суув

Сүү, цагаа, цус, тос

Шүлс, цэр, яс, үс

Бузар бүхнийг цээрлэн байж

Булаг шанданд ойртуулдаггүй учиртай

Дээр эртийн мэргэн сургаалыг

Дээдэлж явбал угаас зохилтой

Тэртээ тэргүй батлагдаад ирснийг

Дэмий хоосон шалгаад яалтай

Балабхадра дас

2014-05 сар

(Болсон үйл явдлаас сэдэвлэв) Зуны нар эгц дээрээс Зулай төөнөн халуу шатаана Зусландаа буусан айлуудын гэр Зурсан юм шиг жигд ярайна Суунаглах утаа айлын гэрээс Шугамдсан юм шиг дээш зурайна Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр “Дээрэмчин” элээ хааяа эргэнэ Захын гэрээс жаахан борхүү Сав бариад усанд харайлаа Жаахан толгойн энгэрээс урсах Сайхан булаг дээр яаран очлоо Хэдэн зууны түүх хүүрнэх Хиргүй булаг жирэлзэн байлаа Хэтдээ магадгүй нуур ч болох Хэмжишгүй ихээр ундарч байлаа Энэ булаг догшин нэртэй ч Энэ хавьдаа л арвин устай Эмээ, өвөөгийн захиас ихтэйг Эрхбиш анхаарч явбаас зохилтой Тунгалаг урсах булгийн эхнээс Том шанагаар утгаж эхлэлээ Тун удалгүй сав нь дүүрээд Дуслаар ч биш бялхаж асгалаа Гэтэл юу вэ усан дээгүүр Хэдэн цагаа хөвж харагдлаа Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй Шалавхан шүүрээд гарсан байлаа Гэмтэй жаал саваа анзааралгүй Гэрийн зүг хазайсхийн алхана Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны Гэнэгүй шинж энэ үү гэлтэй Булгийн эзэн нь ногоон дээлтэй Буруу гартаа шүрэн эрхитэй Гоёл чимгийг чамгүй зүүсэн Гоо зүстэй бүсгүй байлаа Баруун нүдэнд нь сүү дусчээ Баахан анивчаад нухлаж үзвээ Байн байсаар уур нь оволзож Балмад хөвгүүнийг харааж эхлэв Дөчин өдөр, дөчин шөнө Түймэр мэт халуурах болтугай Түүний хойно эдгэх боловч Төрсөн нүд нь сохрох болтугай Ийм хараалыг эрсхэн урсгаад Эргэж одов орд гэртээ Эзэн тэнгэрийн гэсгээл нэгэнтээ Ниргэж түүн дээр бууна л байх даа Харьсан шөнөө хөөрхий борхүү Халуурч хонов үг сүггүй Айсан ээж нь өөрийн мэддэг Аргаа хэрэглээд тус болдоггүй Сумын төвөөс эмч ирэв Суганд нь шил, цээжинд нь чагнуур Сууж үзээд, босч чагнаад Шууд баахан эм бичив Бүлээрсэн хүү эм танг Бүүр түүрхэн уумар аядана Бүтэн гурав хоноод байхад Түрхэн боловч халуун нь буусангүй Аав, ээж нь арга хэлэлцэв Айлын хүмүүстэй зөвлөж ярилцав Айхтар өвчний уг нь болвоос Ад лусын гаралтайг магадлав Удаан сууж хоорондоо ярилцаад Уншлагатай лам залахаар болов Уулын аманд даяанчлан суудаг Унзад гэлэнг урихаар явав Хадаг барьж, барьц амлаж Хаалга орчим нь мөргөхөө алдаж Хамаг учраа айлтган байж Халзан ламыг гэртээ урив Хоолны үнэр хан хийв Хонх, дамар дан хийв Хүжний утаа сэн хийв Хүмүүсийн чих сэртэс хийв Бүтэн өдөр хөлсөө арчин Бүдүүн ламтан ном уншив Бүрхэг тэнгэр хэрвээ байсан бол Цэлмэг ч болчихоор дуугаа барав Халуурч хэвтээ хүү рүүгээ Хааяахан ээж нь горьдон харна Хамаг биеийг нь хүлсэн олс Тасрах юм шиг дотроо санана Гэтэл харин хүүгийн халуун Хэвэндээ байсаар заримдаа дэмийрсээр Хирэндээ хичээсэн бүх арга Хийссэн мэт нэмэр болсонгүй 2 Жаахан борхүү хөөрхөн дүүтэй Салаа гэзэгтэй, торомгор нүдтэй Ахынхаа араас сүүдэр шиг дагадаг Адтай сэргэлэн охин байлаа Урьд нь бол ахынхаа хамт Урт шилбүүр унан давхиж Урд, хойно нь салахгүй дагадаг Угийн золбоотой охин байлаа Харин одоо ах нь өвдөөд Хамт тоглох чадалгүй болохоор Хажуу айлын охин Дулмаатай Харуй бүрий болтол тоглоно Нэгэн удаа булгийн эхэнд Нээсэн авдар шиг цохион дэргэд Хоёр охин тоглож байв Хоол унд бэлдэж байв Голын гүний цагаан чулуудаар Хонин сүргээ хийсэн байлаа Гойд чамин улаан чулуудаар Ямаан сүргээ хийсэн байлаа Арын уулан алаг чулуудаар Адуун сүргээ хийсэн байлаа Өмнө толгойн өөхөн чулуудаар Үхэр сүргээ хийсэн байлаа Эрэлд явахдаа аавын авчирсан Элгэн улаан соньхон чулуудаар Тэнэгэр говийн чимэг
Scroll to Top