Нэгэн удаа Бурхан Кришнагийн эцэг Нанда Махараджа өөрийн ах Упанандаас Говардхан толгой хэрхэн ариун Вриндаваны газар шороон дээр илрэн заларсан тухай асуусан байна. Упананда яг энэ асуултыг Пандавуудын эцэг Панду хаан өөрийн өвөг эцэг Бхишмад тавьж байсан тухай хариулсан ба Бхишма “Гарга-самхитагаас” дараахь түүхийг ярьж өгсөн байдаг.
Нэгэн удаа Голока Вриндаван дээр Бурхан Кришна Шримати Радхаранид, Өөрсдийн тоглоом наадмаа материйн ертөнцөд илрүүлэн харуулах цаг болсон ба иймээс Түүнийг даруй Дэлхий гариг дээр төрөх хэрэгтэй тухай хэлсэн байдаг. Үүнд нь Радхарани, Өөрийн хайрт Враджа-дхама, Ямнуа, Говардхан толгойгүйгээр Тэрээр тэнд аз жаргалтай байж чадахгүй хэмээн хариулжээ. Харин Кришна Тэрээр үүнд санаа зовох зүйлгүй ба учир нь Түүнтэй хамт Враджа дхама, Ямуна, Говардхан толгой бүгд хамт буун залрах болно хэмээн Радхад итгүүлэн ятгасан байна.
Энэ үйл явдлаас нилээд өмнө аугаа уул Дроначалын гэргий Салмали-двипын газар шорооноо Говардхан хэмээх хүүг төрүүлж өгчээ. Говардханыг төрөх үед тэнгэрт бүх сахиулсан тэнгэрүүд илрэн тодорч, цэцгийн хур оруулав. Мөн Гималай, Сүмэр тэргүүтэй аугаа уулс хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхээр ирцгээсэн байлаа. Тэд Говардханыг тойрон алхаад(парикрама буюу гороо хийн) түүнийг өөрсдийн хаан хэмээн зарлан тунхаглажээ. Тэд түүнд зориулан түүнийг Голока Вриндаванаас буун ирсэн “Враджийн үнэт эрдэнэн титэм” хэмээн нэрлэж, гайхамшигтай сайхан залбирлыг өргөцөөв.
Үүнээс хэдэн жилийн дараагаар Сатья галвын яг эхэнд аугаа их мэргэн Пуластья-муни Салмали-двипад хүрэлцэн иржээ. Үнэхээр тансаг цэцэгсээр чимэглэгдсэн, горхи булгаар, гоё сайхан агуйдаар гоёсон, уянгат дуут шувууд нь жиргэн байх, ногоон ургамлаар битүү бүрхсэн аугаа Говардхан толгойг хараад их гэгээнтэн энэ толгой ангижрал гэгээрлийг хайрлах чадвартайг мэдэрсэн байна. Ингээд тэрээр тэр даруй Дроначалагийнд айлчлан очжээ. Дроначала ч түүнд мөргөл хүндэтгэлээ илэрхийлээд түүнд хэрхэн үйлчлэн зүтгэх вэ хэмээн гэгээнтнээс асуув. Пуластья-муни бүхий л ариун гэгээн газруудаар аялсныхаа дараагаар Каши тийш(Бенарес) буцаж яваагаа өгүүлээд хэдийгээр Ганга мөрөн Кашигаар дамжин өнгөрдөг ч тэнд сайхан уул толгод алга юм хэмээн хэлсэн байна. Дараа нь тэрээр Дроначалагаас Говардханыг түүнтэй хамт явуулахыг хүсчээ. Тэрээр түүний орой дээр тэвчил наминчлалыг үйлдэж байхыг хүссэн байна.
Энэ тухай дөнгөж сонсуут Дроначалыг асар их уй гуниг эзэмдэн авсан ба нүднээс нь нулимс урсав. Учир нь тэрээр өөрийн хайртаа хүүгээсээ хагацан салахыг огтоос хүссэнгүй. Гэвч даяанч түүнд уурлан хилэгнэж түүний эцгийг харааж магад хэмээн бодож Говардхан Пуластья мунигаас тэрээр түүнийг хэрхэн Каши хүртэл авч явахыг асуув. Тэр түүнийг баруун гар дээрээ өргөж авч явна гэж хариулжээ. Тэгэхэд нь Говардхан хэрвээ нэг нөхцлийг гэгээнтэн биелүүлэх аваас түүнтэй явахыг зөвшөөрөв. Тэр нь хэрэв гэгээнтэн явах замдаа хаа нэгэнтээ түүнийг газарт буулгах аваас тэрээр тэнд үүрд үлдэх болно гэсэн байна. Пуластья муни ч үүнийг нь зөвшөөрсөн бөгөөд Говардхан уулыг баруун гар дээрээ өргөөд замдаа гарчээ.
Дээд тааллын дагуу Каши хүрэх зам зуурт Пуластья муни Враджийн дээгүүр нисэн өнгөрч явав. Энэ үед Говардхан урьд нь тэрээр энд байсан болохоор тэрээр энэ ариун газарт үлдэх ёстой хэмээн бодсон байна. Өөрийн ид шидийн хүчээр Говардхан Пуластья мунийг бие засах хэрэгтэй болгов. Бүхнийг таг мартан ариун гэгээнтэн толгойг газарт буулгаад хажуу тийш харайв. Буцаж ирээд тэрээр Говардхан уулыг газраас өргөж даасангүй. Хамаг хүчээ шавхан хоёр гараараа өргөсөн боловч тэр түүнийг газраас хөндийрүүлж ч чадсангүй.
Маш ихээр уурлан хилэгнэж Пуластья муни Говардханыг өдөрт нэг гичийн үрийн дайтай газарт шигдэж байг хэмээн хараасан байна. Говардхан уул анх Враджад ирэхэд буюу Сатья галвын эхэнд түүний урт 8 йоджан(64 миль), өргөн нь 5 йоджан(40 миль), өндөр нь 2 йоджан(16 миль) байсан байна. Энэ Кали галвын төгсгөл гэхэд Говардхан уул бүрмөсөн алга болно гэж ярьдаг.
Говардхан уулын үүслийн тухай энэ гайхалтай түүхийг яриад Упаананда Нанда Махараджид, Дэлхий дээр Говардхан уул, Ямуна мөрөн илрэн заларсан цаг дор Кали галав Дэлхий дээр бүрэн эрх нөлөөгөө эрхшээж чадахгүй гэж хэлэв. Мөн Упаананда, Говардхан толгойн үүслийн тухай энэ түүхийг сонссон хэн бүхэн өөрийн бүхий л нүгэл хилэнцээсээ ангижирна хэмээн өгүүлжээ.
Говардханыг тойрон алхах Гороо буюу Парикрама
Матхураас баруун зүгт 2 йоджаны зайд Говардхан толгой орших ба тэрээр хамгийн ариун дагшин газар юм. Энэ толгойг тойрон гороолон алхах хэн бүхэн хэзээ ч энэ түр зуурын ертөнцөд дахин үл төрмой.
Вараха-Пурана
Индра-ягьяг үйлдэхийг зогсоосны дараа Кришна Вриндаваны оршин суугчдыг Говардхан толгойд мөргөж байхыг зөвлөсөн бөгөөд тэд ч үүнийг хийсэн юм. Аннакута ёслол буюу Говардханд хоол хүнс өргөх ёслолын дараагаар враджийн оршин суугчид Говардхан уулыг гороолон тойрсон байдаг. Энэ үеэс эхлэн өнөөг хүртэл энэ парикрама үргэлжилж байгаа ба Бурхан Кришнагийн бишрэлтэн нар үргэлжлүүлэн парикрамаг үйлдсээр байна.
Парикрамын замын үргэлжлэх урт 14 миль орчим буюу 23 км ба түүнийг түргэн алхвал 5-6 цагийн дотор туулах боломжтой байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн Говардхан парикрамыг үйлдэхээр Энэтхэгийг зорин очдог. Гаура пурнима, Пурушоттама маса, Говардхан пуджа гэх мэт таатай цаг мөчүүдэд ариун толгойг тойрон алхах мөргөлчдийн тоо 500 000 орчим болдог.
Бэлтгэсэн: Балабхадра дас