Хэвлэлийн газраас илгээх үг
Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна. Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь ойлгомжтой хэрэг байв. Ийм ч учраас Шрила Прабхупада эх бүтээлээс зөвхөн нэг бүлгийг нь сонгон авч сонсогчдод танилцуулахаар шийдсэн байна. Энэ бүлэг нь Кришнагийн мэндэлсэн Вриндаваны намрын тухай өгүүлсэн тийм бүлэг байлаа. Алс Дорнодод хүмүүс байгалийн тухай өгүүлэмжийг сонсох их дуртай хийгээд тэнд намар бол жилийн хамгийн таатай сайхан үе хэмээн тооцогддогийг Шрила Прабхупада тун ч сайн мэдэж байсан юм. Бурханлаг гүн ухааныг байгалийн үзэгдлийн жишээн дээр тулгуурлан тайлбарлавал Дорнын хүмүүст илүү ойлгомжтой болох билээ. Байгалийн үзэгдэл болгоныг өгүүлэхдээ бидэнд ийм, тийм санаа оноог ойлгоход туслах адилтгал зүйрлэлийг бий болгож болно. Жишээ нь, борооны улирлын үе дэхь намрын бүрхэг шөнө тэнгэрт нэг ч од үзэгддэггүй. Тэгвэл үүнийг материализм хийгээд бурхангүй үзэл нь шөнө яралзтал гэрэлтэх од мичид мэт Бурханы чин бишрэлтэн хийгээд ариун гэгээн судар шаструудын мэргэн цэцэн сургаал номлолоос үүсэн гарах гялбам хурц гэрлийг хэсэгхэн зуур хаан далдалсан орчин үеийн соёл иргэншилтэй зүйрлэж болно. Энэ бүлгийн дөчин найман шүлэг болгонд Шрила Прабхупада тайлбар хийжээ. Шрила Прабхупада, хурлын зохион байгуулагчид эдгээр текст, шүлгүүдэд тохирох зураг зурчихаар дорнын авьяаслаг зураачийг олоосой хэмээн хүсч байлаа. Энэ зорилгын тулд тэрээр онцгой зааврыг өгсөн байдаг. Тэр зааврыг даган зураач нь зураг болгоноороо ноорог зураг гаргаад ирж болох аж. Тайлбар дагалдсан зураг нь хуралд оролцогчдод онцгой сэтгэгдэл төрүүлэх учиртай юм. Шрила Прабхупада түүнчлэн, шүлгийн орчуулга хийгээд зураг, тайлбар сэлтээс тогтох тусгай ном гаргахаар ч тооцоолж байжээ. Харамсалтай нь Шрила Прабхупада хуралд оролцохоор явж чадаагүй юм. “Бхагаватын гэрэл” төсөл тодорхой биш хугацаагаар хойш тавигджээ. Шрила Прабхупада энэ ертөнцийг орхих үед ч “Бхагаватын гэрэл” ном хэвлэгдэн гараагүй л байлаа. Түүнчлэн түүнд орох зураг нь ч бэлэн болоогүй байсан юм. Энэхүү нухацтай төслийг амжилттай өндөрлүүлэх ажил Шрила Прабхупадын номуудыг дэлхий даяар хэвлэн түгээдэг “Бхактиведанта Бук Траст” хэвлэлийн газрын үүрэг болон үлдэв. Ингээд энэ номыг хэвлэх үүрэг Би-Би-Тигийн Гонконгийн салбарт ноогджээ. Учир нь Шрила Прабхупада энэ номоо юуны түрүүнд Алс Дорнодын суугчдад зориулсан байснаас тэр л дээ. Урт удаан хугацааны эрэл хайгуулын дараа бидэнд нэр алдартай уран зураач, хатагтай Ли Юань-шений тусламжийг авах аз тохиосон юм. Түүний боловсорч гүйцсэн авьяас, бичлэгийн нарийн ур дүй Прабхупадын бий болгосон намрын дүрслэлд гайхалтай нэмэлт өгүүлэмж болох боломжийг олгосон билээ. Эргэлзээгүйгээр эдгээр зургууд нь орчин үеийн Хятадын нэр алдартай уран зураач эмэгтэйчүүдийн нэгнийх нь бүтээлийн оргил болсон нь дамжиггүй. Гунби хэлбэрээр зурсан түүний зургууд болон намрын тухай яруу тунгалаг өгүүлэмжүүд ба Шрила Прабхупадын тайлбар зэрэг нь дэлхийн эртний хоёр иргэншил болох энэтхэг, хятадын соёлын гайхамшигтай хослолыг бүрдүүлсэн билээ. Ингээд одоо бхагаватын хурц тунгалаг, амь өгөх гэрэл туяа бүхий л дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлэх болно.
1р шүлэг Аянгын догшин нүргээн, цахилгааны хурцхан гялбаан дагуулсан хар үүлс нь тэнгэрт яг л амь өгөх итгэл найдварын бэлэгдэл мэт үүсэн бий болдог. Бараан хөх өнгийн үүлсэд хучигдсан тэнгэр нь өөрт таараагүй хувцсыг өмссөн нэгэн мэт санагдмуй. Харин аянга хийгээд цахилгаан нь шинэ амьдралд хүрэх итгэл найдварын туяа мэт буюу.
Төгсгөлгүй уудам цэлмэг тэнгэрийг Туйлын Үнэнтэй зүйрлэдэг. Амьд бодгаль болгон материаллаг гурван гунатай харгалзсан нэгэн үнэн юм. Бараан хөх үүл хил хязгааргүй тэнгэрийн өчүүхэн хэсгийг хучихад үүнийг мунхгийн харанхуй нь амьд бодгалийн санаа бодлыг бүрхэн харанхуйлаад тэрээр өөрийн жинхэнэ мөн чанараа мартсан байгаатай зүйрлэж болох юм. Амьд бодгаль нь жинхэнэдээ яг л үүлгүй цэлмэг тэнгэр мэт билээ. Гэвч тэрээр энэ материаллаг ертөнцөд цэнгэн жаргахаар тэмүүлж байдаг. Тиймээс ч түүнийг мунхгийн харанхуйн хар үүл бүрхэн хучдаг. Тамас гэж нэрлэгдэх харанхуй мунхгийн нөлөөгөөр амьд бодгаль нь өөрийгөө Дээд Бүрэн Бүтнээс ялгаатай мэтээр төсөөлж, өөрөө цэв цэлмэг тэнгэр мэт цэвэр тунгалаг гэдгээ таг мартана. Энэхүү марталтаас түүний бодгаль мөн чанарынх нь хөрс суурь болсон хуурмаг би гэгч зүйл үүсэн бий болдог. Тэгээд л мунхгаар хучигдсан амьд бодгаль нь хамтдаа эсвэл ганцаараа яг л аянгын нүргээ шигээр: “Би бол ийм”, “Би бол тийм”, “Энэ бол манайх”, “Энэ бол минийх” хэмээх үгүүдийг урсгаж эхлэдэг. Иймэрхүү эгоизмыг ражас гэж нэрлэх агаад энэ нь мунхгийн гунаг ноёлоход шаардагдах бүтээлч хүчний эхлэлийг өгнө. Цахилгаан цахих нь зурсхийн сэтгэл дотор төрөх итгэл найдварын оч мэт юм. Энэ нь сүнсийг мэдлэг ухааны зам мөр дээр гаргаж ирэх чадалтай агаад иймээс ч цахилгааныг энд саттва-гуна буюу буяны гунатай зүйрлэсэн байна. Хаа сайгүй орших Туйлын Үнэнтэй (Брахман) зүйрлэдэг төгсгөлгүй уудам тэнгэр нь үүлээр хучигдсан тэр хэсгээсээ ялгарах зүйлгүй. Гэвч энэхэн үес тэнгэр бүхэлдээ хийгээд түүний тэрхэн хэсэг хоёр нь нэг адил биш. Аянга, цахилгаан дагалдах үүлс нь хязгааргүй уудам тэнгэрийг бүрэн хучин бүрхэж чадахгүй. Үүн шиг Туйлын Үнэн нь нэгэн цаг мөчид амьд бодгалийн илрэлтэй нэгдмэл адил ба мөн ялгаатай. Амьд бодгаль нь Туйлын Үнэний ердөө өчүүхэн жаахан хэсэг нь бөгөөд ийм ч учраас тодорхой нөхцөл байдал дунд тэрээр мунхгийн харанхуйн бүрхүүлд хучигдаж болдог. Гүн ухаантнуудын хоёр анги байдаг: монист ба дуалист гэсэн. Монистуудын үзлээр бол Туйлын Үнэн ба амьд бодгаль хоёр нь нэгдмэл, харин дуалистуудын үзлээр бол сүнс хийгээд Туйлын Үнэн хоёр нь нэг нэгнээсээ ялгаатай. Үнэнийг харах энэхүү хоёр үзэл бодлоос гадна ачинтья-бхедабхеда-таттва буюу нэгэн цаг мөчид нэгдмэл ба ялгаатайн сургаал нэртэй гүн ухааны үзэл номлол байдаг. Энэ номлол сургаалыг Бурхан Шри Чаитанья Махапрабху “Веданта-сутрыг” тайлбарлаж байх үедээ нээн хүртээсэн билээ. “Веданта” нь өөрөө зөвхөн гүн ухааны үзэл санааг илэрхийлэх хэрэгсэл байсан. Ийм ч учраас тэр өөрөө дангаараа ямар нэг гүн ухаантнуудын ангид хамаарч чаддаггүй. Туйлын Үнэнийг үнэхээр танин ойлгохыг хүсч байгаа хэнийг ч гэсэн ведантист гэж нэрлэнэ. Мэдлэгийн ямар ч салбар ведийн эрдэм ухааны аль нэг хэсэг нь байх агаад веданта нь бүхий л мэдлэг дээр тулгуурласан эцсийн дүгнэлт юм. Гүн ухааныг бүхий л эрдэм ухааны эрдэм ухаан гэж үздэг ба харин “Веданта” нь бүхий л гүн ухааны ноён оргил юм. Орчуулсан: Балабхадра дас |