11р боть, 15р бүлэг 2011 оны 4 сарын 7 Өвлийн ихэнхи цаг хугацааг би мантра унших, судар шастир судлахад зориулан Вриндаванд өнгөрөөв. Дараа нь хаврын эхээр Дурбанд болох Ратха-ятра баярыг оролцуулан хэд хэдэн номлолын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Африкийг зорилоо. Би мөн өөрийн Өдрийн тэмдэглэлд шинэ бүлэг нэмэхсэн гэж ч бодож байлаа. Вриндаванд би нэг газраа л байсан болохоор номондоо шинэ бүлэг бий болгочих материал надад багахан байсан юм. Хэд хэдэн бишрэлтэн над руу захидал бичиж бичин туурвих ажлаа зогсоогоо юу хэмээн асууж билээ. “Бичиж туурвих нь надад хэдий таалагддаг гэлээ ч ямар нэг сонирхолтой зүйл тохиолдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээн би хариулдаг байв. Энэтхэгийг орхин одоод тун ч удаагүй байтал сонин учралтай учрах учралыг удаан хүлээх шаардлага гарсангүй. Йоханснесбургт буугаад Дурбан хүрэхээр дараагийн онгоцонд суулаа. Онгоцонд суусан зорчигчдын олон төрөл анги надад их сэтгэгдэл төрүүлэв. “Мусульманууд, энэтхэгчүүд, христ шүтлэгтнүүд, иудеи нар гээд л африкчуудын, европчуудын, хятдуудын үр удмууд байна даа. Бүгд энд байна. Алаг солонгын өнгөтэй ард түмний оронд эргэн ирсэндээ баяртай байна” – хэмээн би өөрийн суудлыг зүглэн алхаж явахдаа бодож амжив. Цаг агаар Өмнөд Африкт дөрөвдүгээр сард байдаг шигээ ердийнхөөрөө л тун ч сайхан байлаа. Бид эрэг дагуух аятай таатай нислэгийн замд тухтай жаргалтай явлаа. Гэвч Дурбанаас умар зүгт хориод километр орчимд шинэ нисэх буудал дээгүүр эргэлт хийсний дараахнаар салхины хүчит урсгал манай онгоцыг сэгсчиж эхлэв. “Өө! Энэ ч муу шинж тэмдэг шүү” –гэж би дотроо бодлоо. “Тэд мөн л түгшиж” – хэмээн би бодлоо. Хэдэн секунд өнгөрсний дараагаар бид буухаар оролдож эхлэлээ. Хэдийчинээ доошлоно, төдийчинээ салхи хүчтэй болж байв. Гэнэтхэн онгоц маш хүчтэй доргин чичирлээ. Би ч эрхиэ шүүрэн аваад мантрагаа уншиж эхлэв. Эхлээд зөөлхөн, чимээгүйхэн уншиж байсан бол сүүлдээ салхи хүчтэй болох тусам чанга, улам чанга уншиж эхлэв. Гэнэтхэн миний хажууд сууж байсан эрэгтэй надтай ярьж гарав. -Та үнэхээр залбирал таныг аврана гэж бодож байна уу? – хэмээн тэр асууж байна. Би түүн рүү эргэж харлаа. -Тиймээ, ноёнтон. Тэгж бодож байна – хэмээн би хариуллаа. Тэрээр хамраа бага зэрэг шантайлгав. -Хмм, Өөрөөр хэлбэл тэр дээр, хаа нэгэнтээ, тэнгэрт Бурхан таныг сонсож байгаа байх нь ээ, дээ, тийм үү? – Яг тийм. – гэж би хариуллаа. -Тэр таныг хэзээ нэгэнтээ аварч байсан хэрэг үү? – гэж тэр асууж байна. -Олон удаа. Амазонкын шугуйд хоёр удаа, Сараевод нэг удаа, Польшийн гудамжинд хэд хэдэн удаа, ер нь цааш нь хэлвэл олон бий дээ, – гэж би хариуллаа. -Яасан их тэнэглэл вэ! Танд зүгээр л аз таарч байж. Бурхан гэдэг чинь зүгээр л төсөөлөл, таны бодол эргэцүүллийн үр дүн, – хэмээн тэр эсэргүүцлээ. Бид ч газарт улам ойртсоор, салхины урсгал ч онгоцыг сэгсэрсээр, зорчигчдын зарим нь суудалдаа хөшсөн мэт шигдсэн харагдана. Гэнэт салхины догшин урсгал онгоцыг маань аймшигтай хүчтэйгээр доргион цохилоо. -Харе Кришна! – хэмээн би хашгирч орхив. -Иисус минь! –гэж цаад эгнээнээс нэг эр хашгирч байна. -Аллах Акбар! – хэмээн миний ард нэг эмэгтэй хашгирлаа. -Ээ Бурхан минь! Бүхнийг чадагч Бурхан минь! – гэж онгоцны хойд хэсэгт байгаа хүмүүс хашгирч байв. -Хараал идсэн өлөгчний хүү! – хэмээн миний хажууд сууж байсан нөгөө эрэгтэй хашгираад араас нь бөөн хараал урсгалаа. Нисэгч онгоцоо огцом огцомхон дээш нь, хажуу тийш нь залж байлаа. Хэдэн хором өнгөрсний дараагаар бид аль хэдийнээ салхины дээд талд гарсан байв. Зэрэгцэн суугч маань хүндээр санаа алдаж байна. -Дээсэн дөрөөн дээр дэнжигнэлээ дээ, – хэмээн тэр өгүүлэв. Би хариуд нь инээмсэглэв. -Тиймээ. Аз хийморийн бурхан биднийг аварлаа даа, – гэж би хэллээ. -Их инээдтэй байна, – гэж тэрээр егөөтэйхөн хариулав. Бид газардах боломж хайн нисэх онгоцны буудлын дээгүүр эргэлдэж байхуйд мөнөөхь эрэгтэй дахиад л над руу эргэлээ. -Залбирал биш, харин шинжлэх ухаан, анагаах ухаан хүмүүсийг өвчин зовлонгоос, шаналал зүдгүүрээс нь авардаг юм, – гэж тэр өгүүлэв. -Гэвч эцсийн эцэст бүгд л үхдэг. Шинжлэх ухаан энэ процессыг жаахан л уртасгаж чадна. Харин бурханлаг ертөнцөд буцан эргэсэн цагт бид энэ зовлонгуудаас нэгмөсөн ангижирч чадна- хэмээн би хариу хэллээ. -Хайран ч хүч чадал, – гэж мөнөөхь эрэгтэй бувтнаж байна. Биднийг буухаар эргэлт хиймэгц салхи дахиад л бидэн рүү довтолсон бөгөөд онгоц маань бас дахин хүчтэй чичрэн донслов. Би ч дотроо нисэгч хэтэрхий аз сорьсон үйлдэл хийгээд байгаа юм биш байгаа даа хэмээн бодлоо. Буух талбарын бетон тавцан хүрэхэд нэг метр гучин сантиметр орчим зайтай байх үед гэнэтхэн салхины аймшигтай хүчтэй урсгал онгоцыг маань хайр найргүй нүдсэн бөгөөд хүмүүсийн хашгираан шуугиан дахин хүчтэй оволзож ирлээ. -Харе Кришна! – хэмээн би дахиад л хашгирав. Нисэгч онгоцоо дахиад л дээш хөөргөлөө. Би зэрэгцэн суугч руугаа харлаа. Түүний хамаг хүч чадал нь үнс адил хийсэн алга болжээ. Тэр яг л хий үзэгдэл мэт сүүмийсэн цагаан амьтан болсон байв. Тэр гараараа миний гараас зуурсан байлаа. -Танд бөөлжихөд өгдөг ….. нөгөө уут байна уу?- хэмээн чичирсэн хоолойгоор өгүүлж байна. Би халааснаасаа уут гарган түүнд өгөв. Тэр түүнийг өмнөө бариад таг дуугүй сандалдаа шигдэв. “Экипажийн ахлагч байна. Тайван байцгаана уу. Санаа зовсны хэрэггүй. Бид дахин нэг буух оролдлого хийнэ. Хэрэв амжилтгүй болвол бид буцаад Йоханнесбург рүүгээ буцна” – хэмээн чанга яригчаар зарлах нь сонсдлоо. Хүмүүс ч суудал суудалдаа дуугүйхэн шигдэцгээнэ. Арван минут орчмын дараагаар онгоц газардахаар дахин доошиллоо. Нөгөө хөрш эрэгтэйн маань хөлс нь цутгажээ. Тэрээр толгойгоо сэгсрэн духаа арчина. -О кей, – хэмээн тэрээр бууж өгсөн маягтай дуугараад, -Бурханыг юу гэж нэрлэвэл зүгээр вэ? гэв. -Хэн ч гэсэн болно. Түүнд зориулагдсан нэрүүд бүгд туйлын, – гэж би хариулав. -Тийм, тийм, – гэж тэр өгүүлээд, -Гэвч та ямрыг нь зөвлөхөөр байна? Танд нэг бус удаа тусласан гэсэн дээ, -хэмээв. -Өө, энэ бол “Харе Кришна юм” –хэмээн би өгүүллээ. -Зүгээр л “Харе Кришна” юу ? – хэмээн тэр асуув. -Ерөнхийдөө арай урт байдаг л даа. Гэхдээ ердөө гучин хоёр авиатай л, – гэж би дуугарав. -Хурдхан шиг хэлээд өгч болохгүй юу. Бүтнээр нь надад хэлж өгөөч, – гэж тэр өгүүлэв. -Тэгье ээ, Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе… –гээд уншиж өгч байтал, -Хүлээж байгаарай! Би энэ бүгдийг чинь цээжилж амжина гэж бодож байна уу? – хэмээн тэр үг таслав. -Тэгвэл зүгээр л “Харе Кришна” гэж уншиж болно, – хэмээн би өгүүлээд, Тэгээд…, хэмээн намайг үгээ дуусгаж амжаагүй байтал маш хүчтэй салхины урсгал манай онгоцыг цохилоо. -Харе Кришна! – хэмээн нөгөө эрэгтэй муухай хашгирав. Бусад хүмүүс ч мөн хашгирлаа. Гэвч гэнэтхэн бид газардсан бөгөөд бүгд тайвширцгаалаа. Хэдхэн хормын дараагаар бидний онгоц буух талбайн дээгүүр хар хурдаараа өнхөрч байлаа. “Дурбанд тавтай морилно уу. Хүнд хэцүү нислэг болсонд хүлцэл өчиж байна” – хэмээн онгоцны багийн ахлагч чанга яригчаар өгүүлж байна. Би онгоцыг бүрэн зогстол хүлээж байгаад дараа нь хөрш рүүгээ эргэв. -Харж байна уу? Энэ үйлчилж байгаа биз дээ, – хэмээн инээмсэглэн байж би өгүүлэв. Тэр юу ч хариулсангүй, зүгээр л цонх руу ширтэнэ. Би хэдэн секунд хүлээлээ. -Ямар байна? Бурхан гэж хаа нэгтээ байдаг гэдэгт та итгэв үү? – хэмээн би асуув. -Магадгүй л юм, – хэмээн тэр цонх руу харсан чигээрээ дуугарлаа. -Яахав дээ, “магадгүй” гэдэг чинь “үгүй” гэснээс дээр сонсогдож байна, -гэж би хэлэв. -Би энэ талаар нилээд нухацтай бодох болно, – гэж тэр гарах хаалгыг зүглэн алхаж байхдаа надад хэллээ. -Энэ хотод би айлчилж байгаа юм. Хэрвээ ярилцахыг хүсвэл дуртай цагтаа залгаарай, – гэж түүнд хандаж өгүүлэв. -Тэгье. Би залгаж магадгүй шүү. Энэ нислэг үнэндээ их сэтгэлд үлдэм боллоо шүү, – тэр хариуллаа. Би түүний мөрөн дээр гараа тавиад -Нуувч нүхэнд(окоп) бурхангүй үзэлтнүүд байдаггүй юм гэж цэргүүд ярьдгийг санаж яваарай, – гээд би түүн рүү нүд ирмэлээ.
номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас |